Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/431

 

  

 

 

 

 

     2023           4             20                                        2023/ДШМ/431

 

 

 З.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2209000001732 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн .................-ын М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт .. дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, /РД: ................../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1858 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20/57 дугаар тогтоолоор дуусгавар болсон;

Шүүгдэгч З.М нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” нэртэй дэлгүүрийн агуулахын үүдэнд иргэн Д.Ш-ийн нүүр, толгойн тус газарт гараараа цохин, зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: З.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 138 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-аас 8.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У-т олгож, нэхэмжлэлээс 74.737.460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, З.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие холбогдсон хэргийнхээ гэм бурууг гүнээ ухамсарлаж, харамсаж, гэмшиж байна. Миний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, хохирлоо нөхөн төлсөн. Биеийн байдлын хувьд, 60 настай, чихрийн шижин өвчний 2 дугаар хам шинжтэй, сахар минь маш өндөр байдаг.

Хэдийгээр би эрдэнэт хүний амь насыг хохироож маш хүнд гэмт хэрэг хийсэн боловч биеийн байдал болон эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч З.М-ын өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь хохирогчид хохирол, төлбөрөө төлсөн. Үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч З.М нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” нэртэй дэлгүүрийн агуулахын үүдэнд иргэн Д.Ш-ийн нүүр, толгойн тус газарт гараараа цохиж “тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дух, духны дотор хэсэг, дух чамархайн суурь, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр тал бөмбөлгийн чамархай, уртавтар тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг шингэн цусан хураа, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, булчин, хуйхад цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэвлийн, зүүн өвдөгт цус хуралт” бүхий гэмтэл учруулж амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас барж З.М нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 7/,

мөрдөгчийн илтгэх хуудас /1 хх 10/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 11-13/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /1 хх 16-24/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хх 48 /

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.У-ын “...2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчим цагдаагаас манай эхнэр рүү залгаад Уламбаяр гэх хүнтэй ярья гэж хэлээд ярихад “Танай хадам аав нас барсан байна” гэж хэлсэн. ...” /1 хх 26-27/,

гэрч А.Д-гийн “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Би Эс Эйч” ХХК-ийн агуулахаа хаах гээд гарах гэж байсан чинь манай агуулахын тээврийн хэрэгсэл орж гардаг хаалганы урд цементэн дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Намайг 13 цаг 30 минутын үед гарахад 2 залуутай байсан. Нэг залуу нь өргөөд байх шиг байсан. ...” /1 хх 28-29/,

гэрч Б.С-ын “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд талд зам дагуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Очиж шалгахад 55-60 орчим насны эрэгтэй хүн нас барсан байдалтай байхаар нь 103 дуудаж хэргийн газрын хамгаалалт авч Бэлх-10 мэдэгдэж ажилласан. Тухайн үед биечилсэн сурвалжилга хийж нас барсан этгээдийг хэн болохыг тогтоохоор ажиллах үед Д.Ш гэгч нас барсан болохыг тогтоож, уг гэмт хэргийг үйлдсэн гэх З.М-ыг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон “Түнт-20”-д эрүүлжүүлсэн...” /1 хх 30-31/,

гэрч Ш.Д-ны “...Би 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээсээ уучихаад гараад ирсэн чинь Д.Ш 0.75 литрийн “Хараа” архи өвөртөлсөн явж байсан бөгөөд бид хоёр “Арвин” дэлгүүрийн үүдэнд уусан. Тэгээд дахин урд талын “Билэгт хаан” дэлгүүрийн гадна зогсож байхад дэлгүүрийн эзэн Хүрлээ явж байхаар нь Д.Ш очиж архи зээлчих гээд 0.75 литрийн “Алтансүлд” гэх архи аваад “Арвин” дэлгүүрийн үүдэнд уусан. Архи дуусаж байх үед М хойд талаас ирээд тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Би муудаад байсан бөгөөд дүү хүүхдээ орхиод явсан байсан болохоор гэр рүүгээ ороод буцаж гарч ирээд архи уусан газраа сууж байхад М, Ш нар муудалцаад над руу ирсэн. Тэгж байгаад зууралдсан санагдаад байна. Би салгаад байх шиг байсан. Архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Би дахиад гэр рүү орсон. Ороод хэр удсанаа мэдэхгүй буцаад гараад ирэхэд Ш хажууд байсан. Би тасарсан гэж бодож байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. ...” /1 хх 35-36/,

гэрч Р.О-ийн “...З.М нь миний хүргэн ах, Д.Ш нь манай хэсгийн ахлагчийн нөхөр гэдгээр нь таньдаг. Би өглөө 2 хүүхдээ хүргэж өгчихөөд 09 цаг өнгөрч байхад дэлгүүр дээрээ ирсэн. Удалгүй Д.Ш ах орж ирээд 100 гр “Хараа” нэртэй архи худалдаж авсан. Удалгүй Д орж ирээд 0.5 литрийн “Шүншиг” нэртэй архи худалдаж авсан. ...” /1 хх 41/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2545 дугаар шинжээчийн “...Талийгаач Д.Ш-ийн цогцост тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дух, духны дотор хэсэг, дух чамархайн суурь, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр тал бөмбөлгийн чамархай, уртавтар тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг шингэг цусан хураа, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, булчин, хуйхад цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэвлийн, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины битүү гэмтэл нь мохоор зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цогцост үхэлд хүргэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас барсан. Духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь хуучин, бусад нь шинэ гэмтэл байна. ...” гэсэн дүгнэлт /1 хх 51-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч З.М-ын “...хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч З.М-ын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ын цагдан хоригдсон 66 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

                                          ШҮҮГЧ                                          Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР