Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 28

 

 

Д.Үлэмжнарангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2020/00389 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3-16 тоотод оршин суух, Т******* нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эко хороололын 1-16 тоотод оршин суух, Баатар овогт *******, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эко хороололын 1-16 тоотод оршин суух, *******/ нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Д.Нямлхагва, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2009 онд Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг Бизнесийн Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2010 онд Ховд Эрдэм дээд сургуулийн дэд захирал Д.Баярмаатай очиж уулзахад нягтлан бодох бүртгэлийн ангид элсэхэд өмнө 4 жилийн бакалаврын зэрэгтэй төгссөн бол эдийн засгийн хичээлийн агуулгыг нөхөж үзэх боломжтой гэж хэлсэн учир би 2010 онд  элсэн орж суралцаад 2011 онд Ховд Эрдэм дээд сургуулийг төгссөн. Ховд Эрдэм дээд сургуульд сурч байх хугацаандаа хичээлдээ сууж байсан. Мөн намайг давхар мэргэжлээ дээшлүүл гээд байхаар нь хот руу явж “Magic Choice” сургалтын төвийн нягтлан бодох бүртгэлийн төвд суралцсан. 2011 оны хавар Ховд Эрдэм дээд сургуулиас дипломоо авсан бөгөөд 2011 оны хавар Ховд Эрдэм дээд сургууль татан буугдсан байсан. Сургуулиа төгсөөд нягтлан бодох мэргэжлээр ажиллах шаардлага гараагүй....2018 оноос эхлэн “Үлэмж кафе” нэртэй кафе байгуулж, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн. 2019 онд өөрийн гэсэн аж ахуй нэгжтэй болсон. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Татварын тухай хуулийг шинэчилсэнтэй холбогдуулан тухайн аж ахуй нэгж бүр нягтлан бодогчтой байх ёстой гэсэн шаардлага тавьсан....Би хот руу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нягтлангийн курсэд хамрагдахаар явсан. Хот руу явахдаа өөрийн диплом одоо надад хэрэг болох юм байна гэж бодоод албан ёсоор мэргэжлийн хяналтын газар очиж хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас уг диплом хуурамч байна гэсэн хариу ирсэн. Би мэргэжлийн хяналтын газраас албан бичгээ аваад Д.Баярмаа захиралтай очиж уулзаад миний 10 жилийн өмнө авсан диплом хуурамч байна. Яагаад хуурамч байгаа юм бэ, одоо надад дипломоороо ажиллах шаардлага гараад байна гэхэд хуурамч байх ёсгүй би шалгуулна гэхээр нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас ирж байгаа бичиг таныг шалгуулахаар өөр байдаг юм уу, ирж байгаа албан бичиг бүгд адилхан байна биз дээ та дахин шалгуулаад хэрэггүй юм биш үү гэж хэлсэн.

Би 2010 онд Д.Баярмаа захиралд өөрийн биеэр ээжтэйгээ хамт сургалтын төлбөрт 1,500,000 төгрөгийг өгсөн. Мөн эх орны хишиг 1072 хувьцаанаас тухайн үеийн оюутны төлбөр буюу 500,000 төгрөгийг өгч байсан. Д.Баярмаа захирал сургалтын төлбөр чинь бүрэн төлөгдсөн. Одоо 500,000 төгрөгийг гаргуулж авахаар өргөдөл бичээд өгчих. Өргөдлөө бичээд өгчих юм бол би 500,000 төгрөгийг чинь бэлнээр гаргаад өгнө гэж хэлээд би өргөдлөө бичиж өгч байсан. 1072 хувьцаанаас 500,000 төгрөг тухайн сургуулийн данс руу орсон байна гэдгийг нь мэдчихээд 2012, 2013 онд Д.Баярмаа захирлын гэрт нь очиж 500,000 төгрөгөө нэхсэн чинь ах, эгч хоёр хоёулаа ажилгүй байна. Боломжтой болохоороо мөнгийг чинь өгье гээд өгөөгүй. Иймд нийт 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Пүрэвдашийн Үлэмжнарангийн нэхэмжлэлд тайлбар гаргах нь Дашцэрэнгийн Нямлхагва миний бие 2000-2011 онд Ховд-Эрдэм ДС-н захирлаар ажиллаж байсан ба тухайн хугацаанд төгсөгчдийн мэдээлэлийг цаасан хэлбэрээр БСШУЯ-ны дээд боловсролын газар, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газаруудад тус тус хүргүүлж байсан болно. Харин БСШУЯ-ны мэдээллийн санд байршуулах, шивэлтийг хийдэггүй байсан тул мэдээллийн санд ямар учраас бүртгэгдээгүй, бичигдээгүй талаар мэдэхгүй байна. Иймд энэ асуудлыг тодруулах талаар оролцъё. Тус Ховд-Эрдэм ДС нь 2011 оны 08-р сард БСШУЯ-ны сайдын шийдвэрээр татан буугдсан тул өнөөдөр надад ямар нэгэн баримт байхгүй ба татан буугдсан үед холбогдох архивыг БСШУЯ, Ховд аймгийн МХГ-т хүргүүлж байсан болно гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2020/00389 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Үлэмжнарангийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Нямлхагва, Д.Баярмаа нарт холбогдох, 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Үлэмжнарангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 /дөчин зургаан мянга есэн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд Эрдэм сургуулиас нягтлан бодогч мэргэжлээр олгосон бакалаврын диплом Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/904 дугаартай албан бичгээр хуурамч болох нь тогтоогдсон. Гэвч шүүхийн шийдвэр мэдээллийн санд бүртгэлгүй байгаа нь дипломыг хуурамч болохыг нотолсон баримт биш гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч миний бие Д.Ням-Лхагва, Д.Баярмаа нараас 2010-2011 онд төлсөн сургалтын төлбөр 2,000,000 төгрөгийг гаргуулан авах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Үлэмжнаран нь Д.Нямлхагва, Д.Баярмаа нарт холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Нямлхагва, Д.Баярмаа нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Нямлхагва миний бие 2000-2011 онд Ховд-Эрдэм дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан ба тухайн хугацаанд төгсөгчдийн мэдээллийг цаасан хэлбэрээр БСШУЯ-ны дээд боловсролын газар, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газруудад тус тус хүргүүлж байсан болно. Харин БСШУЯ-нь мэдээллийн санд байршуулах, шивэлтийг нь хийдэггүй байсан тул мэдээллийн санд ямар учраас бүртгэгдээгүй, бичигдээгүй талаар мэдэхгүй байна” гэжээ.

Шүүх нэхэмжлэгч П.Үлэмжнарангийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчсөн байна.

 Тухайлбал нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэм хорын хохирол гэж тодорхойлсон байхад шүүх хэргийг дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч нь сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх тодруулах байжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн D201105416 дугаартай диплом нь хуурамч байсан гэх, эсхүл Монгол Улсын БСШУЯ-ны мэдээллийн санд бүртгэлгүй байсан гэх үйл баримтуудын аль нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах үндэслэл болсон, мөн сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг хариуцагч нарын учруулсан гэм хорын хохирол гэж үзсэн, эсхүл өөр бусад үндэслэлээр нэхэмжилж байгаа эсэхийг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Нямлхагвагийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байх бөгөөд хариуцагч нар нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Ховд-Эрдэм дээд сургууль нь 2011 оны 8 дугаар сард БСШУЯ-ны сайдын шийдвэрээр татан буугдсан тул өнөөдөр надад ямар нэгэн баримт байхгүй ба татан буугдах үед холбогдох архивыг БСШУЯ, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж байсан” талаараа дурдсан байна. Гэтэл шүүх хариуцагчийн хүсэлтийг “уг баримтыг өөрөө олж авах боломжтойгоос гадна холбогдох байгууллагаас хариуцагчийн хүсэлтэд дурдагдсан баримтыг гарган өгөх боломжгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэсэн дүгнэлт хийж хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан нь үндэслэл муутай болжээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2020/00389 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                             Б.ДАМБА

 

                                                                                                    М.НЯМБАЯР