Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2025/00013

 

 

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2025/00013

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: В.Б -н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х  аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай, 155/2024/01125/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:Ю.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Гэрч: Б.Ж, Ц.Т нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ю.Б нь урьд Х  аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 8 жилийн хугацаанд жолоочоор ажиллаж байгаад Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт 2022 оны 8 дугаар сард анх яаралтай түргэн тусламжийн жолоочоор түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сард үндсэн орон тоонд томилогдсон. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа буюу мэргэжлийн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт зэргийг мөрдөж ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримталж, байгууллагынхаа зорилго зорилтыг тууштай дэмжин, идэвхи санаачилгатай ажилласаар ирсэн ба тийм ч учраас сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Түүнчлэн хариуцсан ажилдаа чин сэтгэлээс хандаж, ажлын байр, хамт олон болон үйлчлүүлэгч нартай эелдэг зөв зан харилцааг эрхэмлэж, ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, ажил хэрэгч соёлтой хувцаслан, өөрийн хариуцсан албаны тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн, эвдрэлгүй, аюулгүй байх шаардлагад нийцүүлэн, ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн. Тиймээс ч ажил үүрэгтээ тохирсон цалингаа авч явсан гэж бодож байна. Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн эрх бүхий байгууллагуудаас шагнал, урамшуулал ч нэлээдгүй авч байсан болно. Тус шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь миний бие 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хуваарийн дагуу гэртээ амарч байтал ажлаас яаралтай ирэх шаардлагатай байна гээд дуудаад байхаар нь яваад очтол байгууллагын удирдлага болох Г.О  захирал ...чи ажлын цагаар архи уусан байна... иргэнээс Түмэнжаргал даргад гомдол мэдээлэл ирсэн байна... чамд хариуцлага тооцно... гэх утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь ямар шалтгааны улмаас ийнхүү гүтгэлэгт оров гэж бодоод тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Түмэнжаргал руу утсаар холбогдон ...юу болоод байна... гэж асуухад ...юу яриад байгааг чинь ойлгохгүй байна, ямар иргэний гомдол...би тийм юмыг өөрөөс чинь л сонсож байна... гэсэн зүйл ярихаар нь тайвширсан. Гэхдээ О- захиралд намайг ийнхүү хардах шалтаг, шалтгаан байсан байх. Учир нь миний бие 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Цусны хүндэт донор гэдэг эрхэм хүндтэй шагналыг Аймгийн Засаг даргаас хүлээн авсан бөгөөд байгууллага, хамт олны төлөөлөл баяр хүргэж, хүндэтгэл ёслолын хундага тулгацгаасан нь үнэн. Маргааш нь миний амралтын хуваарьт цаг байсан учир ойр дотны хүмүүстэйгээ баяраа тэмдэглэсэн нь үнэн. Хэдий тийм боловч 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн даваа гарагийн өглөө ээлж солилцож, ажил хүлээн авах ёстой гэдгээ ухамсарлаж урьд өдөр нь архи, согтууруулах зүйлийг огт хэрэглээгүй. Гэтэл миний эрүүл мэндийн байдлыг ойлгохыг үл хүсэн, харагдах байдлыг минь гаднаас өнгөц байдлаар дүгнэн согтуурсан хэмээн андуурч, худал үгээр гүтгэн, тулгасанд маш их гомдсон. Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг ямар нэгэн тусгай багаж хэрэгслээр шалгасан зүйл ч үгүй. Тийм мөртлөө намайг ажлаас халж байна гэх утгатай зүйлийг амаараа хэлээд жолооч нарын ахлах албан тушаалтай Ц.Т  нь надаас машины түлхүүр хүлээж авсан. Түүнээс хойш бичгээр гарсан тушаалыг нь хүлээж авсаны дараа гомдлоо гаргана даа гэж бодоод хүлээж байсан. Мөн өнгөрсөн хугацаанд уг асуудлын араас хөөцөлдөөд явах ч боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан юм. Тодруулбал миний эхнэр Д.Т нь 2015 онд шүлсний булчирхайн хорт хавдраар өвчилж эхэлсэн бөгөөд улбаалан 2022 онд уушиг руугаа уг хавдар нь үсэрхийлж, амь нас нь эрсдэл бүхий байдалтайгаар өдөр, хоногийг өнгөрөөж, байнгын эмчилгээ, асаргааны хүн болсон. Миний хувьд эхнэртэйгээ хоёулахнаа амьдардаг тул гэр, эмнэлэг хоёроос өөр зүйлд төвлөрөх ямар ч боломжгүйгээр эхнэрээ асарч байсан шалтгаанаар шүүхэд хандаж чадалгүй өдийг хүрсэн юм. Төрийн байгууллагад олон жил ажиллаж, авсан цалингаараа амьжиргаагаа залгуулж, эхнэрийнхээ эмчилгээний зардлыг олдог намайг ийнхүү үндэслэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласныг хууль бус төдийгүй хүнлэг бус үйлдэл гэж дүгнэж байгаа. Ингээд арга ядаад 2024 оны 9 дүгээр сарын дундуур Х аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очин, бичиг хэргийн ажилтантай уулзан, миний асуудлыг яг ямар байдлаар шийдвэрлэснээ тодорхой хэлээд, тайлбарлаад орхи... та нарт тэгэж ямар ч тушаалгүйгээр хүн халах эрх байхгүй... гэж нэлээд ширүүхэн хэлэхэд ...би шийдвэр гаргадаг хүн нь биш, гэхдээ таныг ажлаас халсан тушаал гарсан байна... гээд надад миний эрхийг зөрчсөн тушаалыг гардуулан өгсөн. Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А\157 дугаартай Ю.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал-д ...ажилдаа согтуу ирсэн, мөн ажлын байран дээр согтуу байсан... гэсэн учир битүүлэг үндэслэлийг зааж өгсөн нь ойлгомжгүй. Би хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр согтуу байсан болоод ийм утга учиргүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Тэгээд ямар шалтгааны улмаас уг шийдвэрээ надад гардуулан өгөлгүй, өдийг хүртэл нуун хадгалсаар ирсэн нь ойлгомжгүй. Намайг ажлаас чөлөөлж байгаа уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагыг тус, тус хангаагүй болно.

Иймд нэгэнт миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор гомдол гаргах хугацааг сэргээж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 6 дугаар сарын 14-нд ажлаасаа буугаад тэр өдөр цусны донорын өдөр болж байсан учир тэнд очиж хүндэт донороор шагнуулсан. Тэр өдөр жаахан байцгааж байгаад явсан. 17-ны өдөр ажилдаа 24 цаг гарч 18-ны өглөө бууж амраад 19-ний өдөр хуралтай гэхээр нь очиход удирдлагын багийнхан бүгд суучихсан ийм асуудал болсон, чамайг согтуу явсан гэж эмчилгээ хийлгэсэн иргэнээс мэдээлэл ирсэн гэхээр нь би тийм зүйл байхгүй, би уугаагүй, харин өмнөх өдөр нь архи уусан гэж хэлсэн. Гэтэл хурлын тэмдэглэл дээр шөнөжингөө уусан гэж бичсэн байсан. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баримт нотолгоогүй намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд би гомдол гаргах хугацаагаа сэргээлгэж, ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна. Гомдол гаргах хугацаагаа хоцроосон нь манай эхнэр хорт хавдартай, байнгын асаргаанд байдаг учраас хоцроосон. Хоёр хүүхэдтэй. Нэг нь Ц суманд, нэг нь айлын хүн болж тусдаа гарсан. Одоо хоёулахнаа байдаг. Хуулийн зөвлөх гэдэг хүн ганц хүнд зөвлөгөө өгөх ёстой юм уу, эмнэлгийн байгууллагад хуулийн зөвлөгөө өгдөг юм уу гэдгийг гайхаж байна. Надад тэр үед нэг ч удаа хуулийн зөвлөгөө өгч байгаагүй. Хоёр жолооч зэрэг халж, шинээр 2 хүн авсан. Нэг жолооч тэтгэвэртээ гарч орон тоо сул гарахад тэр дээр жолооч авч байхгүй яасан юм бэ. Яагаад байж байснаа нэг дор хоёр жолоочийг халж байгаа юм бэ. Би зохион байгуулалттай халсан гэж үзэж байгаа. Нэлээн хоцорч 8, 9 дүгээр сарын үед өгсөн. Тэгээд хурал хийсэн өдрөөрөө он, сараа тавьсан байсан. Ямар нэгэн албан бичгийг хүлээлгэж өгч авахдаа гарын үсэг зурдаг байхад надаар өнөөдрийг хүртэл тушаал өгсөн, авсан гэж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Тэр хурлыг би мэдээгүй. Одоо энд гэрчээр асуугдах гэж байгаа н.Тэгшчулуун, н.Жаргалсайхан хоёр дуудаад удирдлагын хурал болох гэж байгаа гэж хэлсэн. Хурал руу явж байх замдаа ийм асуудал гаргаад н.Б та хоёр ингэсэн байна гэхээр нь тийм зүйл байхгүй гээд орсон. Ороход бүгд цугларчихсан хурал бэлэн болчихсон сууж байсан. Тэгэхэд нөгөө халагдсан жолооч архи уусан байсан гэдгээ хүлээсэн. Нөгөө хүмүүс бүгд ам нэгтэй халъя гэцгээсэн. Тэгээд байж байхад аудитын н.Амарбаясгалан гэдэг эмэгтэй орж ирээд та нар хоёрын хоёр жолоочоо яагаад халах гэж байгаа юм бэ. Зүгээр шийтгэл байж болохгүй юм уу, бүр болохгүй бол цалингүй ажиллуулж болохгүй юм уу гэсэн чинь бид нар олонхоороо шийдчихсэн, чи дут гэж загнаад дуугүй болгосон... Эхнэр маань 2015 онд шүлсний булчирхайн хорт хавдар авхуулсан. Туяа эмчилгээнд орж бие нь 2016, 2017 оны үед гайгүй болсон. 2020 оны үед үзүүлэхэд уушиг руугаа 4, 5 газарт үсэрхийлсэн байна гээд хагалгаа хийхгүйгээр 2, 3-г нь авч бусдыг нь авч болохгүй гээд аваагүй. Тэрнээс хойш одоог хүртэл химийн тариа, туяа эмчилгээ хоёрт ээлжилж орж байгаа. Одоо химийн тарианд орох болгондоо хяналт, шинжилгээнд ордог. Эртээд эмчилгээнд орох гээд шилэн зааланд цахимын цаг авах гэж байгаад унаад 103-т хэвтүүлж ухаан орсон. Тэрнээс хойш бие нь тааруу байгаа. Ажлаас халсан тушаалыг 8 дугаар сарын дундуур 10-дын үед бичиг хэрэг Б-ээс авсан гэв.

Хариуцагч Х аймгийн Нэгдсэн эмнэлэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ю.Б- нь Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй тул доорхи үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Тус эмнэлэгийн Яаралтай түргэн тусламжийн жолооч Ю-ийн Б нь ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтуу байсан нь хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/157 дугаар тушаалаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Нэгдсэн эмнэлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 12,2,3,1, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр заалтын 4.4.2, 4.5, 4.5.3-д заасныг тус тус үндэслэж ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халж шийдэрлэсэн.

Ю.Б- нь ...ажлаас халагдсан тушаалаа авмаар байна гэж удаа дараа нэхсээр байгаад 6 сарын 20-дын үед нарийн бичгийн дарга Д.Б-ээс өөрөө аваад явсан бөгөөд удирдлагын багийн хурал болсноос хойш 1-2 хоногийн дараа гүйцэтгэх удирдлагын багийн жолооч нартай холбоотой хурлын протоколыг уншмаар байна гэж нэхэж орж ирсэн, хэд хоногийн дараа хуулбарлаж авах тухай хүсэлт өгснийг хүлээн авсан, хуулбарлаж өгөх боломжгүй талаар өөрт нь утсаар мэдэгдсэн, ... хурал хийсэн өдрөөр огноолсон байна, тушаал авсан өдрөөр он, сараа засч өгөөрэй гээд Хүний нөөц, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Ж.У-д хэлээд гарсан байна.

Мөн түүнчлэн 2024 оны 7 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхээр Хүний нөөц, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Ж.У-гийн өрөөнд тушаалаа өнгөтөөр канондчихсан нэг хувийг барьчихсан орж ирээд тушаалаа харуулаад би хуулийн хүмүүсээс зөвлөгөө авлаа, таны тушаалыг шүүх, цагдаагаар яваад нэмэргүй юм байна. Маш нарийн гаргасан байна гэж байна. Би одоо нэрээ цэвэрлэж авмаар байна. Одоо хаана ч ажилд орох боломжгүй болгоод хаячихлаа, энэ тушаалыг солиулмаар байна, хуулийн зөвлөхтэй уулзмаар байна гэж Б хэлээд тушаалын канондсон хувиа орхид явсан байна. /хавсаргав/

Ю.Б- нь ажлаас халагдсанаас хойш 10 орчих хоногийн дараа тус эмнэлэгийн жолооч Мөнххүүтэй уулзахдаа тушаалаа аваад шүүхдэх гэсэн чинь ямар ч гаргалгаагүй хийсэн байна, муу сайн пизданууд гэж ярьсан байдаг.

Ю.Б- гомдолдоо .. та нарт тэгж ямар ч тушаалгүйгээр хүн халах эрх байхгүй гэж нарийн бичигт нь хэлэхэд би тушаал гаргадаг хүн биш, гэхдээ таныг ажлаас халсан тушаал гарсан байна. ... гэж миний эрхийг зөрчсөн тушаалыг надад өгсөн гэж бичсэн нь үндэслэлгүй бөгөөд 9 сарын дундуур тушаал авсан гэж байгаа нь гүтгэлэг бөгөөд Нэгдсэн эмнэлэгийн захирал миний бие 2024 оны 7 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 16-ны хооронд ээлжийн амралттай байсан учир энэ гомдол үндэслэлгүй юм. Тэгсэн атлаа Ю.Б- нь гомдол сэргээлгэх хүсэлтдээ ...2024 оны 9 дүгээр сарын дундуур бичиг хэргийн ажилтнаас ажлаас халсан тушаалаа авсан гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тус эмнэлэгийн бичиг хэргийн ажилтан Д.Б- 2024 оны 9 дүгээр сарын 09-нөөс 9 дүгээр сарын 30-ныг дуустал амралттай байсан болно.

Мөн Ю.Б- гомдолдоо ...өнгөрсөн хугацаанд уг асуудлын араас хөөцөлдөх боломжгүй, эхнэр Д.Т нь 2015 онд шүлсний хорт хавдар, 2022 онд уушиг руугаа хавдар үсэрхийлсэн, амь нас нь эрсдэл бүхий байдалтайгаар өдөр, хоногийн өнгөрөөж, байнгын эмчилгээ, асаргааны хүн болсон ба миний хувьд эмнэлэг, гэр хоёроос өөр төвлөрөх боломжгүйгээр эхнэрээ асарч байсан шалтгаанаар шүүхэд хандаж яадалгүй өдий хүрсэн гэж бичсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй байна.

Ю.Б-ийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан тухайгаа бичиж урдирдлагын багийн хурлын тэмдэглэл хуурлаж авах хүсэлтийг гаргаж байсан ажлаас халагдсан тушаалаа 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гардаж авсан нь мөн энэ хүсэлтээр нотлогдож байна.

Ю.Б- нь тус эмнэлэгт Яаралтай тусламж үйлчилгээний тасагт түргэний жолоочоор ажиллаж байхдаа тухайн өдөр ажилдаа согтуу ирсэн, мөн ажлын байранд архи уусан байдлын талаар тасгийн эрхлэгч н.М, арга зүйч Ж нараас удирдлагын багийн хурал дээр ...өглөө ажилдаа ирэхдээ илээн үнэртэж байхаар нь дуудлага гайгүй байгаа болохоор нь хэсэг унтуулчихвал гайгүй болох байх гэж бодоод хэсэг амруулсан, тэгээд гайгүй болох юм байх гэж бодсон чинь орой 17-18 цагийн үед улам их архи үнэртэж согтуурсан байдалтай найгаж явж байсан, өмнө нь 2022, 2023 онд иймэрхүү байдал гаргаж байсан гэж Удирдлагын багийн хуралд Ю.Б-ийн ажилдаа согтуу ирсэн болон ажлын байранд архи нэмж уусан талаар ярьсан нь хурлын тэмдэглэлд байгаа.

Түүнчлэн Ю.Б- нь тус хуралд шөнө нь архи уусан, ажлын байранд согтуу ирсэн, ҮНЭН" гэж хэлсэн учраас түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлана Хөдөлмөрийн гэрээ болон Байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ авна гэж Захирал миний бие тус хуралд өөрт нь хэлж, улмаар ажлаас халсан.

Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, жолооч нар иргэдийн эрүүл, амь насыг аврах онцгой чухал үүрэг гүйцэтгэж явдаг, өвчтөн, эмчлүүлэгчдийг аюулгүй тээвэрлэх онцгой чухал чиг үүргийг жолооч хариуцдаг учраас ажлын байранд төдийгүй ажилдаа ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ч ирсэн тохиолдолд Байгууллагын дотоод журмын 12.2.3-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил-д дараах тохиолдлыг тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба журмын 12.2.3.1-д Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, заасан НОЦТОЙ ЗӨРЧИЛ-д тооцогдож, ажлаас шууд халах үндэслэл болно гэж заасны дагуу ажлаас шууд халсан бөгөөд тушаалыг өөрөө гардан авснаас хойш 3 сар орчим хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Иймд Хөдөлмөрийн хуулийг зөрчиж ... ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор гаргахаар заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан талаархи гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа /30 хоног/ /2024 оны 07 сарын 20-ны өдрөөр/ өнгөрсөн, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нь хуулийн үндэслэлгүй байх тул Ю.Б- нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлээ дээрх хуулийн хугацаанд гаргаагүй /даруй 70 хоног орчмоор/ шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас хариуцагчийн зүгээс гомдол гаргах хугацааг сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч хариу тайлбар бичсэн байгаа. Бүгд хэргийн материалтай танилцсан учир хариу тайлбараа унших шаардлагагүй гэж үзэж, шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Ю.Б-ийн тухайд удирдлагын багийн хурал дээр өөрөө хэлсэн байдаг. Тэр хуралд би өөрөө суусан, тэр талаар тэмдэглэлд тусгасан. Тэр баримт хавтаст хэрэгт авагдсан учир нотлох баримт шинжлэн судлахад уншиж сонсгож болох юм. Энэ хэрэгт архи уусан, уугаагүй гэдэг асуудлыг ярихаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн эсэх талаар яръя. Ю.Б- 3 сар орчмын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шалтгаанаа эхнэр маань хорт хавдартай учраас гэдэг ч өөрөө өвдөөгүй учраас хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Ю.Б- тушаалаа 9 дүгээр сарын дундуур гардаж авсан гэж байгаа боловч хурлын дараа гардаж авсан байдаг. Энэ талаар нарийн бичиг болон бусад хүмүүс нотолж хэлэх байх. Мөн 7 дугаар сарын сүүлээр 8 дугаар сарын эхээр хурал болсноос хойш ирж уулзсан байдаг. Та нар буруу тушаал гаргасан байна, би тушаалаа авсан өдрөөрөө засуулмаар байна гэчихээд өнгөтөөр скайнердсан хувиа өгсөн байдаг. Гэх мэтчилэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн байхад 3 сар хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээн дээр ажлын байранд согтуу ирсэн бол ноцтой зөрчилд тооцно гэсэн заалтыг барьсан. Ю.Б-ийг ажлын байран дээр согтуу ирсэн гэж үзсэн байгаа. Гэрчүүдийн мэдүүлэг болон тухайн өдрийн удирдлагын багийн хурлын тэмдэглэл, хамт ажиллаж байсан хүмүүс мөн тасгийн эрхлэгч нарын тайлбараас үзэхэд Ю.Б- өглөө ирэхдээ гуйвж ирсэн, хэсэг унтуулсан, орой өрөөнд нь ороход архи үнэртэж байсан, ажлын байран дээр согтуу ирсэн гэж хэлдэг. Орой 6 цагийн үед согтуурсан байдал нь гараагүй байсан. Би үүдэнд нь суудаг байсан. Ю.Б- хурлын дараа тушаалаа авъя гэж нэг удаа орж ирэхэд нь гараагүй байна гэж хэлсэн. Дараагийн удаа ирээд тушаалаа нарийн бичгээс аваад явсан. Тэрийгээ хуулбарлаж н.Урангоо дээр ороод би он, сараа засуулмаар байна гэсэн байдаг. Дараа нь бас хурлын тэмдэглэлийг хуулбарлаж авмаар байна гэсэн хүсэлт гаргасан байсан. Тэр дээр нь хурлын тэмдэглэл хуулбарлаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Би 7 дугаар сарын 01-ний өдөр амарсан. Тэр үед би өрөөгүй нарийн бичигтэй хамт сууж байхад Ю.Б- 1 удаа орж ирээд асуусан. Дэд тушаалыг захирал өөрөө хянаад, төлөвлөөд захирлаар баталгаажуулж өгөх учраас би төлөвлөөд захиралд танилцуулж байхад Ю.Б- орж ирсэн. Ю.Б- надтай харьцахгүй байхаар нь би харьцаагүй. Тэгээд н.Буяндэлгэр гараагүй байна гэхэд гараад явсан. Би 7 дугаар сарын ажлаа зохицуулахаад амрах гэж байхдаа асуухад н.Б нь Ю.Б- тушаалаа аваад явсан гэж байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Монголын хуульч, өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.М миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.Б-ийн хуулть ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан учир гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлд зааснаар сэргээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нийцүүлж хүсэл зоригийг нь дэмжиж оролцож байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаж байгаа асуудлууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэхээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал сэргэх боломжтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл тушаалыг хэзээ гардуулж өгсөн юм бэ, тушаалаа энэ хүн гардаж авснаар гомдол гаргах эрх нь нээгдэнэ. Энэ тушаал хэзээ гардагдсан гэдэг нь тодорхойгүй. Үүнийгээ хариуцагч өөрөө нотлох ёстой байсан боловч нотлоогүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд бичмэл нотлох баримт ямар шаардлага хангах ёстойг заасан. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан. 44 дүгээр зүйлийг Улсын дээд шүүх юу гэж тайлбарласан бэ гэхээр тухайн нотлох баримтыг гаргаж өгч байгаа төрийн байгууллага нь өөрөө хэргийн оролцогч мөн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө, эсвэл эхийг гаргаж өгнө гэж заасан. Тэгэхлээр Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан эдгээр нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн гэрч н.Мөнххүү, н.Буяндэлгэр, н.Урангоо, өнөөдрийн шүүх хуралдаанд асуугдсан гэрч Ц.Т, Б.Ж гэсэн 5 хүний мэдүүлэг байгаа. Гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар хэрхэн яаж үнэлэх талаар 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхээс зөвлөмж болгож гаргасан. Энэ зөвлөмжид шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа байцаалт хийж тулгах, албадах, хөтлөн асуух замаар мэдүүлэг авч болохгүй бөгөөд түүнийг аль болох чөлөөтэй ярих боломжоор хангавал зохино гэсэн. Гэтэл хариуцагч байгууллагаас асууж байгаа асуултууд нь /шүүх мэдээж хариуцагч талын асуулгая гэсэн асуултын хүрээнд асуусан байгаа/ хэтэрхий хөтөлсөн, тулгасан асуултуудтай байлаа. Тийм учраас энэ нь хууль зөрчсөн мэдүүлэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрийг тэгж байхад, тэрийг яаж орж ирээд тийм тийм юм үзүүлээд тэгж яасан бэ гэдэг ч юм уу нэг бүрчлэн үгийг нь зааж өгсөн асуулттай гэрчийн мэдүүлэг байсан. Энэ мэдүүлгүүд нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Нөгөө талаас гэрч мэдүүлгийн эх сурвалжаа нэрлэн зааж өгөх ёстой. Мэдүүлэг дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ Дээд шүүхээс юу гэж хэлсэн бэ гэхээр хэдий гэрчийн мэдүүлэг хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байх боловч хэргийн зохигчтой харилцаатай байхыг үгүйсгэхгүй. Хариуцагч Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга н.О-ын удирдлага дор ажилладаг албан хаагч нар бол ажилтан ажил олгогчийн харилцаатай. Энэ тохиолдолд энэ хүмүүс субъектив байдлаар хандах боломжтой учраас шүүхэд гэрчийн мэдүүлэг үнэлэх асуудалд анхааралтай хандах ёстой гэж дээд шүүхийн зөвлөмжид зааж өгсөн. Үүнийг шүүх онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн түрүүн хэлсэнчлэн хөдөлмөрийн дотоод журамдаа хариуцагч байгууллага тодорхой зааж өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч Ю.Б- төрийн үйлчилгээний албан хаагч. Төрийн үйлчилгээний албан хаагчтай холбоотой асуудлыг заавал ёс зүйн хороо, дэд хороогоор оруулж зөрчлийг нь нотолсон байхыг шаардана гээд Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлд зааж өгсөн байгаа. Энэ нөхцөл байдалд дүгнэлт гаргаагүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд асуултад хариулахдаа мэдэж байсан. Мөн хавтаст хэрэгт энэ талаар дүгнэлт гарсан, уг дүгнэлт хүргэгдсэн талаар ямар ч баримт байхгүй. Харин гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулсан гэх баримт гаргаж өгсөн байгаа. Ажлын хэсгийн шийдвэрээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд халдаад байгаа юм уу, удирдлагын багийн хурлын шийдвэрээр халдаад байгаа юм уу, ёс зүйн хорооны хурлын шийдвэрээр халдаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Мөн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсан. Энэ хуульд төрийн албан хаагчийн ёс зүйн дэд хороо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх ёсто, дэд хороо асуудлыг хэрхэн шалгаж шийдвэрлэх ёстой, эндээс дүгнэлт хэрхэн гаргадаг, дүгнэлтээ гомдол гаргагч буюу эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хэд хоногийн дотор хүргүүлэх ёстой гэх мэтчилэн нарийвчлан тусгасан 7 бүлэг, 19 зүйлтэй хууль байна. Энэ хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, энэ хуулийн талаар хөдөлмөрийн дотоод журамдаа оруулаагүй харагдаж байна. Үүнээс юуг хэлэх гээд байна вэ гэхээр хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн эрхийг хүндэтгэн үзэх нь чухал байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн гол зарчим болох хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн зүгээс аливаа байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх, шударга бус байдалтай эвлэрэхгүй байх үндсэн зарчмуудыг хуульчилж өгсөн байгаа. Миний үйлчлүүлэгчийг өмнө нь Зоонозын өвчин судлалын төвд ажиллаж байхдаа архины асуудалтай байсан гэдгээр гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр оруулж ирсэн шигээ энэ угаасаа архи уудаг гэдэг байдлаар хамаатуулж арга хэмжээ авсан нь үндэслэлгүй. Шөнийн 2, 3 цагт уусан хүн өглөө согтуу байж таарна гэдэг таамаг төдий, эсвэл шахаж орж ирсэн гэдэг Б.Тэгшчулууны асуудлаар энэ хүн согтуу байж таарна гэж нотлогдохгүй, хийсвэр, төсөөллийн үйл баримтаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд халдсан нь гомдол гаргах гол нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийн цогцлоон хөгжүүлэхийг эрхэм болгосон. Шүүх шийдвэр гаргахдаа энэ зорилгодоо нийцүүлж гаргаасай гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд өвчтэй эхнэрээ 2015 оноос хойш сүүлийн 9 жилийн турш асарч байгаа. Эхнэр нь 9 жил хүнд өвчинтэйгөө тэмцэж байгаа. Байнгын асаргаа шаардлагатай, бие засахдаа хүртэл хүний тусламж авдаг, хувцсаа өөрөө өмсөж чадахгүй, өөрөө идэж ууж чадахгүй нөхцөл байдалтай байхад ядрахад яр гэгчээр өөрийнх нь эрх зүйн байдал дордчихсон, амь нас нь тэнссэн, өнөөдөр амьдрах уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй эрсдэлтэй, харамсалтай нөхцөл байдалтай байсан учраас энэ асуудлаа хөөцөлдөр боломжгүй байсан гэдгээ өмгөөлөгчдөө учирлаж хэлсэн. Үүнийг шүүх анхаарч үзүүсэй. Мөн эхнэрээ асардаг, асаргаанд байдаг талаар холбогдох баримтыг гаргаж өгсөн. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас сар бүр 300,000 төгрөг авдаг талаар баримт гаргаж өгсөн. Энэ бол сунгагдсан нөхцөл байдал юм. Байнгын асаргаатай хүний асаргааг сунгасан талаарх нотлох баримтыг мөн шүүхэд гаргаж өгсөн байсан. Сая нотлох баримт шинжлэн судлахдаа уг баримтыг шинжлэн судлуулсан. Өмнө ажил хөдөлмөр эрхэлж байхад охин нь тусдаа гараагүй байсан учир эхнэрийг нь асарч байсан гэдэг асуудлыг ярьж байгаа. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хууль ёсыг яаж эрхэмлэн дээдэлж ном журмын дагуу хийх ёстой юм бэ гэж хууль тогтоогчоос дүрэм журмаараа шаардаад байна вэ гэхээр ганц ажилтны эрх ашиг биш гэр бүлийнх нь асуудал яригдаж байгаа. Хүн ажил хөдөлмөр эрхэлж байж амьдралаа залгуулдаг, хоол хүнсээ залгуулдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд жолоочийн ажил хийж хэдэн төгрөгийн цалин авч энэ мөнгөөрөө эхнэрийнхээ хиймийн эмчилгээг хийлгэж, туяа эмчилгээнд хот руу авч явах зардал мөнгийг нь шийддэг байсан боловч энэ нөхцөл байдлаас болж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Бусдаас маш их хэмжээний зээл авч амьдарч байгаа. Шүүх үүнийг түрүүн хэлсэнчлэн Үндсэн хуулийнхаа зорилго зорилтод нийцүүлэн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гомдол гаргах хугацаатай холбоотой асуудал дээр миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн хариуцагч байгууллагаас тушаал шийдвэрээ хэзээ гардуулсан нь тодорхойгүй байгаа. Иргэний хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тоолох гэж заасан. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцох баталгаат хугацааг 30 хоногоор тогтоосон. Ийм бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэсэн байгаа. Гомдлын шаардлагын хариугаа энэ хүн хэзээ авсан юм бэ, холбогдох асуудлаа тодруулмаар байна, тэмдэглэлээ авмаар байна, миний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэдэг байдлаар шаардаад байхад хариуг нь өгөхгүй байгаа. Энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь ч мэдэгдэхгүй. Энэ нөхцөл байдлыг бас анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг хуулиудад юу гэж тайлбарласан байдаг вэ гэхэр Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан гэж тодорхой зааж өгсөн. Томилолтоор гадаад ажилласан, сургалтад хамрагдсан, Улсын дээд шүүхийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөвлөмжөөр хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй эсвэл хүндрэлтэй байсан нөхцөл байдал, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит нөхцөл байдлыг ойлгох нь зүйтэй гэж заасан. Үүнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр Иргэний хуулийн салбар эрх зүй бол татварын эрх зүй, гэр бүлийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй байдаг. Тэгэхлээр энэ зохицуулалтыг шүүх шийдвэр гаргахдаа зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт эхнэрийгээ харсан нөхцөл байдал хамаарч байгаа юм байна. Нөгөө талаас эднийх хэзээ тушаалаа гардуулж өгсөн, гомдлын шаардлагын хариугаа хэзээ авсан гэдгийг нь тодорхойлж чадаагүй тохиолдолд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэх нь ямар байдалтай байх вэ гэж яригдах боломжтой. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд үнэлэлт, дүгнэлт хийх замаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, гомдол гаргах хугацааг нь сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт 1 хуудас, Х аймгийн **** сумын *** багийн засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 9/101 дугаартай албан бичиг 1 хуудас, *** ӨЭМТ-ийн их эмч Г.Г-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт 1 хуудас, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр лавлагаагаар авсан Ю.Б-ийн 2021-2024 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа 1 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захирал Г.О-, Ю.Б- нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 3 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/157 дугаартай тушаалын хуулбар 1 хуудас, өмгөөлөгч Б.М-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт 1 хуудас өмгөөлөгч Б.М-ын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/261 дугаартай нотлох баримт гаргуулах тухай албан бичиг 1 хуудас, Байнгын асаргаа шаардлагатайахмад настан, хөгжилийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур үзүүлэлтээр Д.Тг үнэлсэн үнэлгээ 1 хуудас, Д.Тгийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоосон акт 1 хуудас, Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт маягт бүхий Д.Тд холбогдох тодорхойлолт 1 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/70 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар 1 хуудас, Ю.Б-ийг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шагнаж олгосон Эрүүлийг хамсгаалахын Тэргүүнийн ажилтан хүндэт тэмдэгийн 050170 дугаартай үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Ю.Б-ид Волейболын спортын 2 дугаар зэрэг олгосон 029 дугаартай үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Ю.Б-ийг шагнаж олгосон Онц тээвэрчин тэмдгийн 34374 дугаартай үнэмлэхийн хуулбар Галт сумын 100 жилийн ойн медалийн үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Хүндэт дотор медалийн 0470 дугаартай үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Ю.Б-, Д.Т нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/157 дугаартай Ю.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халах тухай тушаалын хуулбар 1 хуудас, Гэрч асуулгах тухай хүсэлт 1 хуудас, Ц.Т-ийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлт 1 хуудас, Х аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1056 дугаартай албан бичиг 1 хуудас зэргийг,

 

Хариуцагчаас: Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 224 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 549 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах тухай албан бичиг 1 хуудас, хариу тайлбар 3 хуудас, Гүйцэтгэх удирдлагын багийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл 10 хуудас, Хүний нөөц, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Ж.У-гийн тайлбар 2 хуудас, Ю.Б-оос Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захиргаанд гаргасан хүсэлт 1 хуудас, Бичиг хэргийн эрхлэгч Д.Б-ийн Амралтын мэдэгдэл 1 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/157 дугаартай тушаалын хуулбар 1 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 588 дугаартай гэрч асуулгах хүсэлт бүхий албан бичиг 2 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 606 дугаартай нотлох баримт хүргүүлэх тухай бүхий албан бичиг 1 хуудас, хавсралтаар Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/16 дугаартай Дотоод журам батлах тухай тушаал 1 хуудас, тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам 24 хуудас, Албан тушаалын тодорхойлолт 2 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/157 дугаартай Ю.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал 1 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 609 дугаартай албан бичгээр нотлох баримтаар ирүүлсэн Ю.Б-оос Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захиргаанд гаргасан хүсэлт 1 хуудас, Ю.Б-ийн хүсэлт хүлээн авсан тухай бүртгэгдсэн Өргөдөл, хүсэлтийн бүртгэлийн дэвтрийн хуулбар 1 хуудас, гэрч асуулгах тухай хүсэлт 1 хуудас, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтэний ёс зүйн хэсгийн хорооны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай албан бичиг 1 хуудас, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаартай Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай тушаалын хуулбар 9 хуудас зэргийг тус тус ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагаас тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, яаралтай түргэн тусламжийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт, Ю.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ю.Б-ийг ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал зэргийг нотлох баримтын шаардлага хангах гаргуулах, Ц.Т, Г.Д, Д.У нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг, Ц.Т-ээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг,

Хариуцагчийн Ж.У-, Д.Б-, Ж.М, Б.Ж, Ц.Т нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн болно.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ю.Б- тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг авснаас хойш өвчтэй эхнэрээ асарч байсан учраас хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд хандах хугацаагаа хэтрүүлсэн тул гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү, намайг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагаас 2024 оны 6 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг хүртэл Х аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт жолоочийн үүрэг гүйцэтгэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гэнэт удирдлагын баг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хурал хийж ажлаас халсан. Би үүнийг зөвшөөрөхгүй би ажилд гарахынхаа урд өдөр бол архи хэрэглэсэн гэхдээ маргааш нь ажилтай юм чинь гэдгээ ухамсарлаад маргааш нь ажилдаа архи уугаагүй ирсэн. Надтай хамт ажил үүрэг гүйцэтгэсэн хүмүүс архи хэрэглээгүй гэдгийг мэдэж байгаа. Намайг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад хэрэглэсэн гэдэг үндэслэлээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн гэдгээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэжээ.

3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг Ю.Б- нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт жолоочийн үүрэг гүйцэтгэхдээ ажлын байрандаа согтуу ирсэн, ажлын байран дээр согтуу байсан нь хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарах тул ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халж шийдвэрлэсэн. Ажил олгогчийн Ю.Б-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Ю.Б- нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүлээн авчихсан байсан ба үүнээс хойш 3 сарын дараа шүүхэд гомдол гаргасан нь гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Өөрөө өвчлөөгүй учир эхнэрээ асарч байсан гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

Үүнд: Нэхэмжлэгч Ю.Б- нь 2022 оны 8 дугаар сараас эхлэн Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт жолоочоор ажиллаж эхэлсэн, Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/157 дугаар Ю.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, Ю.Б- нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны орчим хүлээн авсан, нэхэмжлэгчийн эхнэр Д.Т нь 2015 оноос шүлсний булчирхайн хорт хавдар өвчнөөр өвдсөн байгаа зэрэг болно.

5. Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил олгогчийн түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчим хүлээн авсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа хүлээн авчихсан байсан гэж маргасан. Харин бусад үйл баримтын талаар маргаагүй болно.

6. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ажил олгогчийн түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар тайлбарлан маргасан. Тодруулбал, ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн гэж намайг худал гүтгэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь байнгын асаргаа сувилгаанд байх шаардлагатай эхнэрээ асардаг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн нь гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлтэй гэж харж байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг хуулиудад юу гэж тайлбарласан байдаг вэ гэхээр Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан гэж тодорхой зааж өгсөн. Томилолтоор гадаад ажилласан, сургалтад хамрагдсан, Улсын дээд шүүхийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөвлөмжөөр хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй эсвэл хүндрэлтэй байсан нөхцөл байдал, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит нөхцөл байдлыг ойлгох нь зүйтэй гэж заасан. Үүнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр Иргэний хуулийн салбар эрх зүй бол татварын эрх зүй, гэр бүлийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй байдаг. Тэгэхлээр энэ зохицуулалтыг шүүх шийдвэр гаргахдаа зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт эхнэрийгээ харсан нөхцөл байдал хамаарч байгаа юм байна.... Нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл тушаалыг хэзээ гардуулж өгсөн юм бэ, тушаалаа энэ хүн гардаж авснаар гомдол гаргах эрх нь нээгдэнэ. Энэ тушаал хэзээ гардагдсан гэдэг нь тодорхойгүй. Үүнийгээ хариуцагч өөрөө нотлох ёстой байсан боловч нотлоогүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд бичмэл нотлох баримт ямар шаардлага хангах ёстойг заасан гэсэн байр суурийг илэрхийлжээ.

8. Шүүх ажил олгогчийн нэхэмжлэгч Ю.Б-той хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг нэхэмжлэгч хэзээ хүлээн авсан эсэх үйл баримтыг дараах байдлаар тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа гомдол гаргах хугацааг сэргээлгэх шаардлага гаргасан нь түүнийн гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэдгээ өөрөө мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзнэ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ю.Б- нь шийдвэрийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хүлээн авчихсан байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар холбогдох баримтгүй байна.

Гэвч 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийн хурлаар Ю.Б-ийн зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн, тус хуралд Ю.Б- өөрөө оролцсон, тухайн үеэс эхлэн өөрийн ажлыг эрхлээгүй, нэхэмжлэгч нь хурлын тэмдэглэлийг хуулбарлан авах талаарх хүсэлтээ Нэгдсэн эмнэлгийн захиргаанд гаргаж үүнийг нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлэсэн зэрэг бодит байдал нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс мэджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн, эслгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргахаар хуульчилсан байна.

Хуулийн эл зохицуулалтаас ...шийдвэрийг хүлээн авсан ...гэсэн ойлголт нь хариуцагчид шийдвэрийг гардуулан өгөх үүргийг бий болгоогүй, нэхэмжлэгч нь хүлээн авсан хугацааг өөрөө нотолж тодорхойлон, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн талаарх гомдлоо гаргах эрхийг нээсэн байна гэж үзэх нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагч шийдвэрийг гардуулан өгөх үүргээ биелүүлээгүй, хэзээ гардуулан өгсөн нь тодорхойгүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх сэргээгдэн шийдвэрлэгдэх үндэслэл болно гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тайлбартаа ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчим бичиг хэрэг Б-ээс авсан гэж тайлбарласан тул түүнийг шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан гэж нь үзлээ.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д ... ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойг 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаж гомдол гаргахаар хуульчилсан байтал нэхэмжлэгч нь шүүхэд гомдлоо 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасныг нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг 24 хоног хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ өвчтэй эхнэрээ асарч байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн учир гомдол гаргах хугацааг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Ю.Б- нь хэрэгт эхнэр Д.Тгийн хорт хавдар өвчнөөр өвчилсөн байгаа, түүнийг асарч байгаатай холбоотой баримт болох Х аймгийн *** сумын *** багийн засаг даргын тодорхойлолт, *** өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт (хх-ийн 5-6 дугаар тал), байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхдийг үнэлэх шалгуур үзүүлэлт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтосон акт, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт (хх-ийн 99-101 дүгээр тал) зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлж, энэ талаар Должинсорогдогоос гэрчийн мэдүүлэг авахуулсан болно.

Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхдийг үнэлэх шалгуур үзүүлэлт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагг тогтосон акт, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт (хх-ийн 99-101 дүгээр тал) баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байгаа тул нотлох баримтаар шүүх үнэлэхгүй.

Х аймгийн М сумын Ү багийн засаг даргын тодорхойлолт, *** өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, гэрч Д-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн эхнэр Д.Т нь 2015 оноос хорт хавдар өвчнөөр өвдсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Харин Д.Тг нөхөр Ю.Б- нь байнга асарч байгаа, асаргаа нь Ю.Б-ид тогтоогдсонтой холбоотой баримтгүй байна.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарт шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.

Тодруулбал гомдол гаргагчид үүссэн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал нь гэнэт үүссэн, өөрөөс нь шалтгаалахгүйгээр бий болсон, тухайн нөхцөл байдлыг богино хугацаанд хэвийн болгох, даван туулах боломжгүй бйдлыг ойлгохоор байтал нэхэмжлэгчийн 2015 оноос хойш хорт хавдар өвчнөөр өвдсөн эхнэрээ байнга асарч байсан гэх үндэслэлийг гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтаан гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч Ю.Б-ийг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

10. Шүүх нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/157 дугаартай тушаалын үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

11. Нэхэмжлэгч Ю.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Б-ийн хариуцагч Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Ю.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА