Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2025/00017

 

 

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2025/00017

Х- аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Д.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 (арван хоёр сая) төгрөг гаргуулах тухай, 155/2024/01309/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Н- нь 2024 оны 3 дугаар сард надад ...Та надад 10,000,000 төгрөг зээлээч, би таньд нэг сарын дараа 12,000,000 төгрөг болгоод өгье. Би гадаад явах гэж байгаа юм. Дансны үлдэгдэл их мөнгөтэй байх хэрэгтэй байна. 1 сарын гэхэд болчихно... гэж гуйгаад байсан учир би зөвшөөрч, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус мөнгийг Б.Н-тай хамт АТМ дээр очиж шилжүүлсэн. Гэтэл Б.Н- нь тохирсон хугацаандаа зээлсэн мөнгөө өгөөгүй, мөнгөө авахаар түүнээс шаардахаар маргааш, нөгөөдөр, дараа 7 хоног, машин зараад өгнө, зээл аваад өгнө гэх мэтээр хоног хугацаа хойшлуулж явсаар одоо утсаа ч авахаа больсон.

Иймд Б.Н-аас үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн Д.Ж- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.Ж- би хариуцагч Б.Н-т холбогдуулан үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Н-ын үндсэн зээл 10,000,000 төгрөгийг төлөхийн зөвшөөрсөн талаар шүүхэд ирүүлсэнтэй хариу тайлбар танилцлаа.Иймд нэхэмжлэгч Д.Ж- би нэхэмжлэлийн шаардлагаасаа зээлийн хүү 2,000,000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, хариуцагч Б.Н-ын 10,000,000 төгрөгийг төлнө гэснийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой Н- би иргэн Д-ын Ж-гийн мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна. Тухайн үед би санхүүгийн чадамжтай, бизнесийн орлоготой байсан тул гадаад улс руу барааны судалгаа хийхээр виз мэдүүлэх шаардлагатай байсан бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Д.Ж-тэй уулзаж 10,000,000 (арван сая) төгрөгийг 1 сарын хугацаатай өөрийн дансандаа байршуулж авсан. Би өөрийн санаачилгаар 2,000,000 төгрөгийг нэмж буцаан төлөхөөр төлөвлөсөн байсан ч ажил удааширч, хамтарч бизнест хөрөнгө оруулсан иргэндээ залилуулж, гадагшаа явах боломжгүй болсон. Мөн энэ үед төрсөн дүү маань автын осолд орж өнөөдрийг хүртэл биеийн байдал муу, эмнэлэгээр явах ажил ихтэй, одоогоор өр төлбөрийг барагдуулах чадваргүй байна. Миний санхүүгийн байдал маш хүнд байгаа тул тухайн нэхэмжлэлд тооцогдсон 2,000,000 төгрөгийн хүүг өгөх боломжгүй, харин үндсэн 10,000,000 төгрөгийг өгөх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж- нь хариуцагч Б.Н-т холбогдуулан зээлийн гэрээнийн үүрэгт 12.000.000 (арван хоёр сая) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н- нь нэхэмжлэлийн шаардлага болох 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөс 10,000,000 төгрөгийг өгнө гэснийг нэхэмжлэгч Д.Ж- нь зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 (хоёр сая) төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, зохигч 10,000,000(арван сая) зохигч төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 (хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь) төгрөгнөөс 103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод үлдээж103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын улсын орлогоос буцаан гаргуулж, зохигчид эвлэрсэн үнийн дүнд болох 10,000,000 ( арван сая) төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 878475 (наян долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч Б.Н-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-т холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 (арван хоёр сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 10,000,000 (арван сая)төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 (хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь) төгрөгнөөс 103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод үлдээж103,475 (нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын улсын орлогоос буцаан гаргуулж, зохигчид эвлэрсэн үнийн дүнд болох 10,000,000 ( арван сая) төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 878475 (наян долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч Б.Н-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-долгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА