Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/433

 

 

 

  

 

 

   2023             4              20                                       2023/ДШМ/433

 

 

В.Ө, Г.Д, Э.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч В.Ө, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан,

хохирогч З.С,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Ө, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн В.Ө, Г.Д, Э.Э нарт холбогдох 2010018291137 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...н овгийн ....-ын Ө, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ төрсөн, .. настай, э..эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .. дүүргийн .. дүгээр хороо, ............ тоотод оршин суух, /РД: ............/,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/112 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. ... овгийн ..........-гийн Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... дүүргийн .. дугаар хороо, “...” сууц өмчлөгчдийн холбоонд ... ажилтай, ам бүл .., .. хамт ...... аймгийн ..... сумын .. дугаар баг, ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .. дүүргийн .. дугаар хороо, .... дугаар байрны .. тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлга хүлээж байгаагүй, /РД: ............./,

3. .. овгийн ....-ын Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” ХХК-д гэрээт ажилтай, ам бүл .., ....... нарын хамт .. дүүргийн .. дүгээр хороо, .......... тоотод оршиун суух, урьд эрүүгийн хариуцлга хүлээж байгаагүй, /РД: ................./,

Шүүгдэгч В.Ө нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө намайг Л-ын эхнэр З.С зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, миний Нөте-7 маркийн гар утсыг шүүрч аваад зугтаасан гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн,

шүүгдэгч Г.Д нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө В.Ө-ыг Л-ын эхнэр З.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн,

шүүгдэгч Э.Э нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхдөө В.Ө-ыг Л-ын эхнэр З.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: В.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Г.Д, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч В.Ө-ыг хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Д, Э.Э нарыг гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч В.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Э.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, В.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д, Э.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хохирогч З.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-ийн гэмт хэргийн улмаас үйлдэж олсон хөрөнгө орлого болох гутал, телевизер зэргийг улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг Г.Д, Э.Э нарт сануулж, шүүгдэгч В.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, шүүгдэгч Г.Д, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийвэрлэжээ.

Шүүгдэгч В.Ө гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ерөнхий шүүгч ............... нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт  “...Шүүгч, прокурор, мөрдөгч гэмт хэргийг бүрэн гүйцэт, бодитой, нягт нямбай тал бүрээс нь нотлож шалган тогтоосны үндсэн дээр дотоод итгэл үнэмшилээр дүгнэнэ” гэснийг хэрэгжүүлээгүй байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 278 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тогтоох, гэрчүүдээс мэдүүлэг аваагүй байгаа нь нотлох баримт үндэслэлтэй байх зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргасан гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, гэмт хэрэг үйлдэгдсэн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг, туршилт бүрэн гүйцэт хийгээгүй, ойр хавьд байгаа сургууль, цэцэрлэг, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх замын камер тодоос тод байхад камеруудыг шалгаж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт явуулаагүй, хэргийг бүрэн гүйцэт илрүүлж В.Ө миний биед хөнгөн гэмтэл учруулсан, гар утас дээрэмдсэн, амь насанд заналхийлсэн хүнийг олж тогтоогоогүй хэт нэг талыг баримталсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт зохицуулсаны дагуу прокурор эрх, үүргээ хэрэгжүүлж, хянан шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, бүрэн гүйцэт хяналт тавилгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, зорилгыг бүрэн гүйцэт илрүүлэх, олж тогтоох, шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангаагүй байгаа нь доорх баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1, 15.1, 15.2 дугаар зүйлд заасны дагуу дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10630 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1 хх 87-88/ В.Ө миний бие 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хөнгөн гэмтэл гадны нөлөөгөөр авсан болох нь тогтоогддог бөгөөд энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бие даасан гэмт хэрэг юм. Энэ асуудлыг мөрдөгч, прокурор нь огт шалгаагүй, хяналт тавиагүй, шалгах, хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нь ойлгомжгүй байна.

2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн болсон үйл явдлыг өөрсдийн нүдээр харсан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж буй гэрч болох гэмт хэрэг болсон гэх газрын дэргэдэх 52 дугаар сургуулийн жижүүр Сүхбаатар, Б.Наран-Эрхэс, Б.Мөнх-Эрдэнэ, Түвшинжаргал нар нь тухайн өдөр болсон үйл явдлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхөөр мөрдөгч, хяналтын прокурортой биечлэн уулзсан ба дээрх гэрчүүдээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг манай өмгөөлөгч Л.Баярсайхан болон миний бие мөрдөгч, шат шатны прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Гэрчүүдээс мэдүүлэг авалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ санаатайгаар биелүүлээгүй нь В.Ө миний биед хөнгөн гэмтэл учирсан гэх цаг хугацаанд болсон үйл явдлыг шалгаж тогтоохоос зайлсхийснийг харуулж байна.

Мөрдөгч, прокурор нь дээрх гэрчүүдээс мэдүүлэг авч хуульд заасан үүргээ биелүүлсэн бол 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр В.Ө надад хөнгөн гэмтэл хэрхэн учирсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдох ба энэ нь түүнийг цагаатгах талын нотлох баримт болох юм. Мөн Нарантуул худалдааны төвийн буриад гутлын худалдагч Пүрэвсүрэнгээс мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай бөгөөд Г.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө Ө нь Нарантуул захаас надад буриад гутал, телевизор зэргийг авч өгч гэж мэдүүлгээ өөрчлөх болон мөн би тэр худалдагчийг сайн танина гэж мэдүүлэг өгснийг бүрэн гүйцэт тал бүрээс нь нотлож, шалгаж тогтоогоогүй. Энэ асуудлыг заавал тогтоох шаардлагатай бөгөөд энэ ажиллагааг хийлгэх талаар Ө миний бие болон өмгөөлөгч нарын зүгээс мөрдөгч, прокурор нарт удаа дараа хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийг хангаагүй хэт нэг талыг барьж, хэргийн бодит үнэнийг олж тогтоох, бүрэн гүйцэт тогтоох ажиллагааг хийхгүйгээр зөвхөн харилцан эсрэг сонирхол бүхий яллагдагч нарын эргэлзээтэй мэдүүлгүүдийг үндэслэн ял сонсгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Энэ хэргээс Эрүүгийн 2009022371382 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт тусгаарлаж явуулсан боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр  сарын 02-ны өдрийн 2217 дугаар шийдвэрт Ө, Д нарын гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх юм гэж дүгнэн хэргүүдийг нэгтгэн шалгаж шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр нь одоо хүчин төгөлдөр болсон бөгөөд заавал дагаж биелэгдэх шинж чанартай.

Прокурорын яллах дүгнэлтэд З.С нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өглөөний 7 цаг 20 минутаас 7 цаг 40 минутын хугацаанд хаана байсныг мөрдөн шалгаж тогтоогоогүй, бүтэн 2 цагийн дараа буюу 9 цаг 30 минутаас эхлэн маршрутыг оруулсан цаг хугацаа нь эргэлзээтэй байна. Гэмт хэрэг 7 цаг 20 минутаас 7 цаг 40 минутын хооронд болсон гэдгийг оролцогчид мэдүүлсэн. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг санаа зорилготойгоор зөрүүтэй тогтоож, хэргийн бодит байдлыг гэрчлэх гэрчүүдээс мэдүүлэг авахаас зайлсхийсэн байж болзошгүй байна. “Гурван-Од” СӨХ-оос 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу 5 сарын дараа гаргаж өгсөн камерын бичлэгт С 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 41 дүгээр байрны авто машины гараашд гаднаас орж ирж байгаа нь хавтас хэрэгт авагдсан байна. Харин гэрээсээ гарч явсан цаг хугацааны бичлэг байхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэдэн цагт гэрээсээ гарч, ямар маршрутаар яваад гэртээ буцаж ирж байгааг шалган тогтоогоогүй.

Сгийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдолд Ө гэдэг хүнийг огт танихгүй гэсэн байна. Танихгүй гэсэн гомдол дотроо манай нөхрийг гүтгэж, хуулийн байгууллагаар шалгалгуулж, шүүхийн шатанд явж байгаа. Ө удаа дараа утсаар ярьж доромжилдог, мессеж бичиж дарамталдаг, гэрт ирж хаалга үүд нүдэж сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учруулж байгаа, шөнө оройн цагаар ямар ч хамаагүй янз бүрийн дугаараас над руу залгаж амгалан тайван байдлыг алдагдуулдаг, хамт ажиллаж байсан олон хүнийг ажил амьдралгүй болгож байсан гэж маш сайн таньж мэддэг гэдгээ илэрхийлж гомдолдоо худал бичсэнийг мөрдөгч мэдээгүй, прокурор хянаагүй орхисон нь ойлгомжгүй байна. Ө миний биед өс хонзон санадаг сэдэл зорилготойгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, өмч болох гар утсыг дээрэдмсэн, заналхийлсэн үйлдэл гаргасан байж болзошгүй байдлыг шалгаагүй. Гэрч Г.Д, Э.Э нар ямар нөлөөлөлд орж анхны мэдүүлгээсээ буцаж, мэдүүлгээ өөрчилснийг хангалттай шалгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэрчид ... хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаагүй орхисон. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Д хамт явсан, хамт байсан, харсан гэж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн. 2 дахь удаагийн мэдүүлэгт 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зодоон болсон газарт би огт байгаагүй, энэ өдөр хүүгийнхээ гэрээс 11-12 цагийн үед гарсан гэж анхны мэдүүлгээ өөрчилсөн. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3 дахь удаагийн мэдүүлэгтээ 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 9 цагийн үед Ө манайд ирж Өын машинд суугаад манай Орчлон хотхоны хажуугаар явж байхад манай байрны оршин суугч С-г цагаан машинтай хажуугаар өнгөрсөн чинь Ө намайг буулгаад тэр машиныг дагаад явсан гэж эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Д 3 янзаар өгсөн эрс зөрүүтэй мэдүүлэгт хууль сануулсаныг мэдсээр байж дахин дахин яагаад мэдүүлгээ өөрчлөөд байгаа шалтгаан нөхцөл, аль мэдүүлэг үнэн зөв болохыг шалгаж тогтоогоогүй буюу хууль сануулсаны дараа удаа дараа санаатайгаар мэдүүлгээ өөрчилж, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулахад саад учруулж хууль зөрчиж байгаа үйлдэлд хариуцлага тооцоогүй. Огт байгаагүй хүн гэмт хэрэг огт болоогүй гэдгийг яаж шууд мэдээд байгаа юм бэ?

Сгийн оршин суух орон сууцны СӨХ-д Д ажилладаг ба орцонд нь амьдардаг гэдгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрүүдийн өгсөн мэдүүлгүүдэд С өөрөө манай байрны орцны жижүүр Д Ө-тай хийсэн үйлдлүүдийг надад хэлсэн гэж тус тус мэдүүлсэн. С Д нар нэг дор амьдарч байнгын тогтмол харилцаатай байгаа нь Дгийн мэдүүлгээ өөрчлөхөд нөлөөлөөд байж болзошгүй бодит байдал байгааг шалгаагүй.  

2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн С-гийн мэдүүлэгт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Д, С нар уулзсанаа тодорхой мэдүүлсэн байна. Д гуай манай давхарт шал угаагаад зогсож байсан гээд ...намайг хэдэн цагт гэрээс гарсан, хаана хэнтэй орж байгааг Д Ө-д хэлээд байсан юм шиг байгаа юм гэж С мэдүүлсэн. Энэ нь Д, С нар үгсэн хуйвалддаг, Д-г эрхшээлдээ байлгаж, Д-гийн мэдүүлгийг өөртөө ашигтайгаар өөрчлүүлэх С-гийн үйлдэл байж болзошгүйг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөгч шалгаагүй, прокурор хянаагүй байгаа нь уг хэрэгт хэт нэг талыг барьсан, магадгүй ашиг сонирхлын нэгдмэл байдал үүссэн байж болзошгүй байна. Д Ө буриад гутал, телевизор өгсөн учраас мэдүүлгээ өөрчилсөн гэсэн мэдүүлгийн үнэн эсэхийг нь шалгаагүй орхигдуулсан нь мөн мөрдөгчийн дутуу хийсэн үйл ажиллагаанд хяналтын прокурор нь хяналт тавьж чадаагүй. Мөн энэ гутал, телевизорын талаар Ө надаас ерөөсөө тодруулж мэдүүлэг тайлбар аваагүй, авч өгсөн зүйл байхгүй, би мэдүүлэг тайлбараа өгье гээд ч авдаггүй. Шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгахдаа шүүгдэгч Г.Д-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох гутал, телевизор зэргийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ гэсэн байгаа нь гэмт хэрэг үйлдэхэд яг олсон орлогийг юугаар нотлоод ямар байдлаар шалгаж тогтоосныг шүүгч хавтас хэргийн хаана нь байгааг олж хараад байгаа юм бол, арай ганц Д гуайн үгээр шийдэхгүй байлгүй дээ. Миний зүгээс хэргээс олж харахгүй байна, дахин дахин хавтас хэрэгтэйгээ танилцаад ч олж хараагүй, гайхаад барахгүй юм. Миний нүдний хараа муудаж байгаа байх гээд өмгөөлөгчөөсөө хүртэл лавлахад би ч гэсэн олохгүй, харахгүй байна гэсэн.

Өаас буриад гутал авч худал мэдүүлсэн үү, эсхүл худалдаж авсан гутлаа хэлээд байна уу гэдгийг шалгаж тогтоогоогүй. Ө, Д, Б нар Нарантуул худалдааны төвөөс буриад гутлыг бөөны үнээр /50.000 төгрөгөөр/ худалдагч П гэдэг хүнээс худалдаж авахаар очоод Ө, Д нар тус тусын мөнгөө төлж аваад Б-гийн мөнгө хүрээгүй тул гутал авч чадаагүй. Худалдагч П гурван эмэгтэй ирж бөөний үнээр 2 нь буриад гутал аваад нэг нь мөнгө дутлаа гээд аваагүй явсан гэдгийг гэрчлэх хүсэлтээ гаргасан боловч гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Д буриад гутлаас гадна бас телевизор Ө-аас авч мэдүүлгээ өөрчилсөн гэсэн байна. Уг телевизор хэний өмчлөлийн эд хөрөнгө вэ?, Ө-ынх мөн үү? Д-д Ө өгсөн эсэхийг шалгаагүй, прокурор хяналтаа тавиагүй.

2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болсон явдлыг харсан гэрч Эг Өаар дуудуулан мэдүүлэг авахдаа мөрдөгч дарамталсныг гэрчлэх гэрч Мөнх-Эрдэнээс мэдүүлэг аваагүй. Э нь мөрдөгч дарамталсан талаар АТГ-т гомдол гаргаж, өмгөөлөгч Л.Баярсайханыг албан ёсны гэрээ хийж байлцуулан гомдлын дагуу мэдүүлгээ өгсөн нотлох баримтыг судлан шинжлээгүй.

Ө миний бие 2020 онд 16 удаа, 2021 онд 28 удаа, 2022 онд 8 удаа нийт 52 удаа хэргийн үнэн бодит байдлыг тогтоолгохоор холбогдох хүсэлт, гомдлыг шат шатны прокурорт гаргасан нь хавтас хэрэгт авагдсан. Эдгээр 52 удаагийн хүсэлт, гомдлоос нэгийг ч хүлээн авч шалгаагүй, хангахаас татгалзаж, хуулийн үндэслэл дурдалгүйгээр шаардлагагүй гэсэн хариу өгсөн байгаа нь хэт нэг талд үйлчилж байна гэж хардах үндэслэл бий болгож байна.

4 хх 11-13 талд авагдсан зургууд хэний хөл, гар болох нь тодорхойгүй баримт авагдсан байна. Албан тушаалаа ашиглан өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан Ө намайг хүчиндсэн гэмт хэргийг С-гийн нөхөр 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн ба 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр уг гэмт хэргийг давтан үйлдсний улмаас шүүхээс ял авсаныг харахад С нь гэм буруугийн санаатай, урьдаас бэлтгэн Ө намайг зодож, гар утсыг дээрэмдэж, доромжилж, заналхийлсэн байж болзошгүй шалтгаант холбоог хангалттай шалгаагүй.  

Ө намайг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр заналтайгаар зодсоноос 3 сарын дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нөхөр нь шүүхээр орж ял авсан байгааг харгалзан үзэх үндэслэлтэй.

Миний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хавтас хэргийн 87 дугаар хуудаст авагдсан байна. Шинжээчийн дүгнэлтээр: Тархи дориголт, хамрын нурууны цус хуралт, баруун хацрын арьсны зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна.

Миний биед хөнгөн гэмтлийг хэн учруулсан бэ? Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хүнийг шалган тогтоолгүй, ял завшуулсан.

Иймд дээрх шалгагдаагүй, шалгавал зохих үйлдлүүдийг хуульд нийцүүлэн шалгуулах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2217 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу болон шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхийн нөхцөл байдлыг мэдэж буй дээрх гэрчүүдээс хуулийн дагуу гэрчийн мэдүүлэг авахуулах, Ө миний биед хөнгөн гэмтэл хэрхэн учирсан үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитойгоор тогтоолгох, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, Д-д гутал, телевизор өгч мэдүүлгээ өөрчилсөн гэдгийг шалгаж тогтоолгох хүсэлттэй байна. ...” гэв.

Шүүгдэгч В.Ө-ын өмгөөлөгч Л.Баярсайхан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10630 дугаар шинжээчийн дүгнэлтээр /1 хх 87-88/ 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр В.Ө-ын биед хөнгөн гэмтэл гадны нөлөөгөөр үүссэн болох нь тогтоогддог бөгөөд энэ нь дангаараа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бие даасан гэмт хэрэг билээ. Энэ асуудлыг мөрдөгч, прокурор огт шалгаагүй, шалгах сонирхолгүй байсан ба анхан шатны шүүх уг асуудлыг прокурор шалгах нь зүйтэй гэж дүгнэсэн нь маш ойлгомжгүй байна. Энэ гэмтэл учирсан тухай асуудлыг хэргээс тусд нь шалгаж, шийдвэрлэх ямар ч үндэслэлгүй юм.

Учир нь, хэрвээ гэмт хэрэг болсон гэж В.Ө-ын мэдүүлж буй цаг хугацаанд З.С-ийн идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бол хэргийн холбогдогч, хохирогч, зүйлчлэл яаж өөрчлөгдөх нь хэнд ч ойлгомжтой.

Тухайн өдөр болсон үйл явдлыг өөрсдийн нүдээр харсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж буй гэх Б.Н, Б.М, М.Т, Ц.Б, С нар нь өөрсдийн харсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхөөр мөрдөгч, прокурортой биечлэн уулзсан ба дээрх гэрчүүдээс мэдүүлэг авхуулах хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс болон В.Ө өөрөө мөрдөгч болон шат шатны прокурорт удаа дараа гаргасан боловч огт мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлэх сонирхолгүй байсныг харуулж байна.

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан эрхийн дагуу Б.Н, Б.М, М.Т, Ц.Б, Сүхбаатар нараас өөрсдийнх нь зөвшөөрснөөр өөрсдийнх нь харсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тодорхойлолт гаргуулж, нотариатаар батлуулсан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөд анхан шатны шүүх хүлээн авсан мөртлөө түүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил юм.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд камерын бичлэгтэй сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг дурдсан боловч энэ нотлох баримтын агуулга, хэрэгт ямар ач холбогдолтой, хамааралтай эсэх талаар огт дурдаагүй байна. Дурдах ч арга байхгүй юм. Учир нь, энэ гарааш З.С-ийн байрнаас өөр байранд байдаг бөгөөд уг бичлэгээр тэр 09 цаг 34 минут 50 секундэд гарааш руу орж байгаа нь тогтоогдож байгаа юм. Харин В.Ө нь хэрэг 07 цаг 30 минутын үед болсон гэж гомдолдоо дурдсан байдаг. Бүтэн 2 цагийн хугацааны зөрүү гарч байгаа бөгөөд З.С нь гэрээсээ яг хэзээ гарсан, хаагуур явсныг нотлох баримт хэрэгт байдаггүй ба энэ 2 цагийн хугацаа нь хэргийн газраас гарааш дээрээ ирэх хангалттай хугацаа юм. Энэ нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил гэж үзэж байгаа бөгөөд энэ байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Шүүгдэгч Г.Д нь “В.Ө надад худал мэдүүлэг өгөөрэй гээд шан харамжинд нь буриад гутал, зурагт өгсөн” гэж мэдүүлдэг боловч зурагтны эх үүсвэр болон В.Ө-ынх мөн гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй. Харин буриад гутлыг Г.Д өөрийнхөө мөнгөөр авсан гэдгийг гутал зарсан П болон тухайн үед цуг явж байсан Ц.Б нар нь гэрчилж өөрсдийн хүсэлтээр тодорхойлолт бичиж, нотариатаар батлуулж өгснийг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх энэ нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлзэ шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй, зөвхөн харилцан эсрэг сонирхол бүхий шүүгдэгчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болж байна.

Нэгэнт анхан шатны шүүх В.Ө нь Г.Д-д буриад гутал, зурагтыг худал мэдүүлэг өгүүлэхээр өгсөн гэж дүгнэж байгаа бол энэ үйлдэл нь дангаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан бие даасан гэмт хэрэг бөгөөд давхар зүйлчлэгдэх ёстой. Энэ асуудал нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” байдал гэж үзэхээр байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шуүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/1113/2217 дугаар шийтгэх тогтоолтой З.Ө-д холбогдох 2010018231137, 2009022371382 дугаартай хэргүүдийг “...нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх юм..." гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан байдаг ба энэ шийдвэр одоо хүчин төгөлдөр байгаа бөгөөд заавал биелэгдэх шинжтэй.

Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх шийдвэрийн талаар огт тусгагдаагүй бөгөөд уг 2 шүүх нь ижил шатных учир нэг нэгнийхээ шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй гэж ойлгож байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Бидний зүгээс гомдолдоо хэрэгт хийгдэх ёстой дутуу ажиллагаа, авагдах ёстой дутуу нотлох баримтуудыг дурдсан. Гэхдээ хамгийн чухал асуудал нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/1113/2217 дугаар шийтгэх тогтоолтой З.Ө-д холбогдох 2010018231137, 2009022371382 дугаартай хэргүүдийг “нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх юм” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан байдаг ба энэ шийдвэр одоо хүчин төгөлдөр байгаа. Тэгэхэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь адил шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчид ял оногдуулсан нь үндэслэлгүй тул миний үйлчлүүлэгчийн үйлдлүүдийг нэгтгэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үүднээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

Хохирогч З.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч В.Ө нь нэр бүхий хүмүүсээс гэрчээр мэдүүлэг аваагүй, байцаагаагүй талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс эхлэн ярьсан. Шүүгдэгч өмнө нь цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөх үедээ, хохирогчоор мэдүүлэг өгч байх үед энэ талаараа огт мэдүүлж байгаагүй. Д-г авч очиж намайг харж байсан гэрч гэж Д-гаар гэрчийн мэдүүлэг авахуулсан. 2020 оны 12 дугаар сард Э-гаас гэрчийн мэдүүлэг авахуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тодорхой байгаа. Өмгөөлөгчийн хүсэлтэд дурдаж байгаа шүүгдэгчид нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж байна. Тухайн нэгтгэх хүсэлт гаргаж байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг. Өнөөдрийн хэлэлцэж байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг. Дээрх хоёр гэмт хэрэг өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн өөр зүйл, ангитай гэмт хэргүүд. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой талаар хуульд зааж өгсөн учир В.Ө-ын эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн шүүхийн шүүгчийн захирамжийг заавал биелэгдэх ёстой гэж байна. Шүүгчийн захирамж заавал биелэгдэх ёстой гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй. Түүнчлэн энэ гэмт хэрэг нь 2020 онд үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш В.Ө-ын эрх ашгийг бүхий л талаар хангаж ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдгээрийн үйлдсэн хэрэгт тохирч байх тул шүүгдэгч В.Ө болон түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар В.Ө, Г.Д, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч В.Ө, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нарын гаргасан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч В.Ө нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө намайг Л-ын эхнэр З.С зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн миний Нөте-7 маркийн гар утсыг шүүрч аваад зугтаасан гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн,

шүүгдэгч Г.Д нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө В.Ө-ыг Л-ын эхнэр З.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн,

шүүгдэгч Э.Э нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө В.Ө-ыг Л-ын эхнэр З.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Д-ийн гэх гар бичвэр /1 хх 27, 30/,

Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /1 хх 26, 32/,

эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 33/,

Г.Д-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 219-227/,

“Гурван од” сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг /1 хх 35/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 36-45/,

хохирогч З.С-ийн “...Би Ө гэх эмэгтэйг урьд өмнө болон одоо ч харж байгаагүй. Миний сонсож харж байснаар миний нөхөр Л-тай хамт ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сараас ажиллахаа больсон гэж сонссон. В.Ө гэх эмэгтэйгээс болж нөхөр маань Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хилс хэргээр 2 жилийн ял авсан. Ингээд би В.Ө гэх эмэгтэйг манай нөхөртэй хамт ажиллаж байгаад ийм зүйл болсон байна гэдгийг мэдсэн. Тэгтэл 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр В.Ө гэх эмэгтэй З.С гэх эмэгтэй намайг зодсон гэж худал өргөдөл бичиж өгөөд намайг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч хошууч Л.Энхмөрөн над руу “28-63 УНГ автомашины эзэмшигч мөн үү” гэж залгаад “та Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна” гэхээр нь би “яасан, юу болсон юм бол” гээд асуусан чинь “та ирж уулзаад юу болсон талаар асуугаарай” гэж хэлсэн. Миний санаж байгаагаар өдөр цайны цагаар ирж мэдүүлэг өгөхөд “та Ө гэх хүнийг таних уу, та 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө хаана байсан бэ” гэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө хаана хаана байсан талаар мэдүүлэг өгөхөд В.Ө гэх эмэгтэй намайг зодсон гэсэн утгатай өргөдөл өгсөн байсныг мэдсэн. Энэ явдлаас хойш В.Ө гэх эмэгтэй манай гэрийн гадаа ирж байнга намайг хаана байгаа гэрээс гарч байна уу, хаана явж байгааг маань дагаж явдаг байсныг сүүлд би өөрийн амьдардаг Сонгино хайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 47 дугаар байрны орцны жижүүр гэх эмэгтэй намайг гэрээсээ гарах болгонд В.Ө гэх эмэгтэйд хэлдэг байсан гэж манай байрны орцны жижүүр Д гэх эмэгтэй надад хэлсэн. Намайг гэрт байхгүй үед В.Ө манай гэрийн хаалгыг тогшиж янз бүрийн бурхан шашны зан үйлийн эд зүйл тавиад, харааж ерөөгөөд, мэдэхгүй зүйл тавьдаг болсон. Яагаад В.Ө гэх эмэгтэй намайг ингэж хилсээр гүтгэж миний эрх, эрх чөлөөг зөрчөөд цагдаад гомдол гаргаж өгснийг би мэдэхгүй байна. Миний бие болон гэр бүл маань гомдолтой байна. Энэ хүн миний амьдралыг орвонгоор нь эргүүлж байна. Миний амь нас, үр хүүхдэд маань сэтгэл санааны маш дарамтай байна. Би 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хаана байсан, хаагуур явсан талаар мэдүүлэг өгч, хэдэн цагт ажил дээрээ очсон талаар хэлж холбогдох материалыг авсан байх гэж бодож байна. ...” /1 хх 57-59/,

гэрч Г.Д-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө намайг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Толгойтод хүүгийндээ байж байхад Ө над руу 07 цагийн үед залгаад “найз нь хүнтэй уулзах гээд гарах гэж байна, чи хаана байна, ирэх боломж байна уу” гэхээр нь би “Гэрээсээ гарах боломжгүй байна, тэгж байгаад хоёулаа үдээс хойш уулзъя” гэхэд “найз нь нэг юм амжуулах гээд байна тэрийгээ амжуулчихаад чам руу яръя” гэж хэлээд утсаа салгасан. Тэр хооронд би гэрээсээ гараагүй амарч байтал 11-12 цагийн үед байх над руу Ө залгаад “найз нь ажлаа амжуулсан, Хан-Уул дүүрэг дээр явж байна, энд хүрээд ирээч” гэж хэлэхээр нь хүүгийнхээ гэрээс гараад Өтай уулзахад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургууль, 67 дугаар цэцэрлэгийн тэнд завсар байгаа, тэрүүгээр орох үед хар цувтай хүүхэн гарч ирээд намайг бариад, үсдээд авсан, зодсон, бас утас дээрэмдээд аваад явсан гэж хэлээрэй, тэгж мэдүүлгээ өгнө шүү, мэдүүлгээ зөв өгвөл зөв болдог шүү” гэж хэлээд намайг дагуулаад тухайн газар очиж “яг энд шүү, энд болсон шүү” гэж зааж өгөөд, эргээд дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирэхээр нь би “тэгж хэлж болох юм уу, яана аа би хүн гүтгэж байгаа юм биш үү” гэхэд “зүгээрээ зүгээр, айх зүйл байхгүй, чамд ямар ч холбогдол байхгүй, би ардаа том хүнтэй” гээд намайг холдуулахгүй, дагуулаад цагдаагийн өрөөнд ороод, би Өын хэлж зааж өгснөөр мэдүүлэг өгөөд гарсан. Мэдүүлэг өгч байх үедээ “буруу зүйл хийж байх шиг байна даа, үнэн зөвөөр нь хэлдэг юм билүү” гэж бодож байгаад хэлж чадахгүйгээр гарсан. Гарсан хойноо айгаад миний зүрх чичрээд байсан чинь Ө надаас “чи яг юу юу гэж хэлсэн, яг миний хэлснээр хэлж ярьсан уу” гээд асуухаар нь “чиний хэлснээр хэлсэн, харин утсан дээр зугтаасныг анзаарч хараагүй” гэж хэлсэн гэхэд “чи буруу хэлсэн байна, эргээд чи бид хоёр толгойгоо ороох зүйл хийлээ дээ, чи өөрөө арыг нь даагаарай, би бүгдийг нь чам руу бухна шүү, чи л буруу мэдүүлэг өгсөн юм чинь” гээд намайг баахан загнасан. Энэ хооронд над руу Ө утсаар яриад “нөгөө хэрэг чинь шүүх рүү явж байгаа, ямар ч байсан энэ хүүхнийг явуулж л таарна даа” гэж хэлээд байсан. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр над руу Ө залгаад “чи мэдүүлгээ буруу өгсөн байна, утас аваад зугтаасан, дээрэмдсэн гэж хэлэхгүй яасан юм, би харсан гээд хэлэх ёстой байсан, тэр чинь л буруу байхгүй юу, тэгэхээр л чи буруудна, буруу мэдүүлэг өгсөн гэж чам руу чихнэ” гэж яриад байсан. Тэгээд өнөөдөр өөрөө прокурортой уулзахаар надтай хамт ирээд “чи ерөөсөө ороод мэдүүлгээ өөрчилчих, хүнд цохилтод ороод буруу өгсөн юм шиг байна гэж хэлээд, өөрчлөөд өгчих, ингэж мэдүүл” гээд надад хэлээд, “намайг бичээд ав” гэж хэлэхээр нь би ноорог цаасан дээр хэлсэн зүйлийг нь тэмдэглэж бичиж авсан. Цаасан дээр Өвөрхангай аймгаас Гоньд ирээд түүнийг тосож авсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад тосож аваад, би гэртээ, Ө гэр рүүгээ явсан талаар бичүүлсэн. “Өглөө 07 цаг 10 минут өнгөрч байхад утасдаад 52 дугаар сургуулийн тэнд уулзсан гэсэн, тэгээд тэр хүүхэн Өыг барьж аваад манай нөхрийг шоронд явуулах гээ юу гэж үсдэж аваад 2-3 удаа хамраар нь өвдгийг нь мөргүүлсэн, хамраас цус гоожоод хамраа дарж босож ирэхэд халааснаас нь утас нь унаад босоод иртэл нөгөө хүүхэн гараас нь утсыг нь булааж дээрэмдсэн гэж хэлээрэй, би шүүх хуралд оролцож чадахгүй гэж мэдүүлэг өг" гэж хэлээд намайг оруулсан. ...Би 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр такси барьсан чинь Ө надтай тааралдсан. Өөрийгөө Өвөрхангайнх гэж хэлээд би ч бас Өвөрхангай аймгийнх болохоор бид 2 танилцаад, түүнээс хойш хамт таксинд явдаг болсон. Түүнээс өөр ямар ч садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Би З.С-г огт танихгүй. Ө надад хэлж ярьснаар бол энэ хүүхэнтэй нэг дор ажиллаж байсан гэж ярьж байсан. Би тухайн үед их айж, балмагдаад Өын хэлснээр мэдүүлэг өгсөн. Сүүлд харин тэрийгээ бодоод, айгаад, хүнийг ингэж гэмт хэрэгт холбогдуулж болохгүй байх, буруу зүйл хийсэн гэж бодоод болсон зүйлийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч байна. Ө бүгдийг санаанаасаа зохиож, бий болгосон. Би хажууд нь ч байгаагүй. Намайг гуйгаад, загнаад байхаар нь өөрийнх нь хэлснээр мэдүүлэг өгсөн. Ө энэ зүйл бүтчих юм бол гомдоохгүй шүү гэж хэлсэн. Ө таксинд явж байгаад тэр хүн мөнгөө өгөхгүй болохоор нь маргалдаад, түүнээс болж намайг цохиод авсан гэж хэлж байсан. ...” /1 хх 78-79/,

гэрч Э.Э-гийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр худал мэдүүлэг өгсөн байна. Үнэн зөв мэдүүлэг өгөхөөр сайн дураараа дахин ирж байна. 2020 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед найз Мөнх-Эрдэнийн гэрт ороод, найзтайгаа юм яриад сууж байтал түүний хамаатны эгч Ө гаднаас орж ирээд надад “эгчдээ нэг тус болооч, надтай хамт Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод гэрчийн мэдүүлэг өгчихөөч” гэхээр нь ямар учиртай талаар тодруулж асуухад “эгчийг нь хүн зодчихсон юм, заавал хоёр гэрч байх ёстой гээд байгаа болохоор чи очоод гэрчийн мэдүүлэг өгчих” гэж ярьсан. Тэгээд юу болсон талаар асуухад “эгч нь хүнээс юм авах гээд найзтайгаа явж байгаад Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэг, сургууль хоёрын голоор явдаг гудамжинд зодуулсан, эгч нь тухайн газрыг чамд заагаад өгнө, тэгэх замдаа бусад зүйлүүдийн талаар ярьж өгнө” гэхээр нь би зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед Ө эгчийн хамт түүний машинтай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын байрны дунд байрлах сургууль, цэцэрлэгийн голын замын гарааштай газрыг зааж өгөөд цагдаагийн ажилтан дээр ороод ингэж мэдүүлэг өгөөрэй гээд болсон зүйлийнхээ талаар надад ярьж өгсөн. Ярьсан зүйл нь “эгч нь энд найзтайгаа цуг явж байгаад хүнээс юм авах гээд явж байсан чинь араас нэг хүүхэн гүйж ирээд намайг зодоод, араас үсдэж унагаад босоод ирэхэд хэрүүл маргаан болоод үсдэж дарахаар нь явган суутал өвдгөөрөө хамар мөргүүлсэн, хамраас цус гарсан, мөн доошоо сууж байтал гар утас унаад босохдоо гар утсаа бариад бостол нөгөө хүүхэн гараас гар утас дээрэмдээд аваад явсан, манай нөхрийг шоронд хийх гэж байгаа, чаддаг юм бол намайг бас цуг хийгээрэй” гэж ярьсан. Энэ зүйлийн талаар надад цагдаа дээр очтол 2-3 удаа ярьж өгсөөр байгаад би бүгдийг цээжилсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад үдээс хойш ирээд мэдүүлэг өгөөд гарсан. Дараагаар нь 2 хоног өөрөө бодож байгаад би буруу зүйл хийсэн байна гэж ойлгоод хүрч ирж байна. ...Би ийм зүйл болсон талаар мэдэхгүй. Өнөрөө эгч ийм зүйл болсон гээд мэдүүлэг өгчих л гэж гуйсан. Түүнээс би тэр хэрэг гарсан гэх газарт огт байгаагүй. ...” /1 хх 73-74/ гэсэн мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч В.Ө-ыг “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг зохион байгуулсан”, Г.Д, Э.Э нарыг “гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

Шүүгдэгч В.Ө-ыг З.С-г гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг зохион байгуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Г.Д, Э.Э нарыг гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ө-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Э.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэн харгалзсан хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч В.Ө, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нараас “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай хүмүүсийг гэрчээр асуугаагүй, шалгавал зохих ажиллагааг хийгээгүй, удаа дараа хүсэлт гаргахад хангаж шийдвэрлэлгүй, хэт нэг талыг барьсан, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

В.Ө нь бусдад зодуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж. /1 хх 20/ үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүгдэгч В.Ө нь З.С зодсон талаар мэдүүлэг өгч, мөн Г.Д, Э.Э нарыг гуйж З.С өөрийг нь зодож байхыг харсан гэх мэдүүлгийг тус тус өгүүлсэн талаар Г.Д, Э.Э нар В.Ө өөрсдийг нь гуйж, хэрхэн, яаж мэдүүлэг өгөхийн зааж өгсөн талаар тодорхой мэдүүлснээс /1 хх 73-74, 78-79/ гадна В.Ө-ын бусдад зодуулсан гэх /В.Ө-ын өөрийнх нь мэдүүлгээр/ 7 цаг 20 минутаас хойш 2 цаг 30-аад минутын дараа буюу 9 цаг 34 минутын үед З.С нь гарааш руу орж зогсоолоос автомашинаа авч гарч байгаа талаар камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагджээ. /1 хх 36-45/.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч В.Ө болон түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нарын гомдолд заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна.

Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/2217 дугаар шүүгчийн захирамжаар В.Ө-д холбогдох 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гадна “таксины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн Б.М-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба уг хэргийг үндэслэлгүйгээр тусгаарласан, нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх юм гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж Эрүүгийн хуульд заасан байх тул шүүгдэгч В.Ө-ын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэв.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 2009022371382 дугаартай прокурорын “эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоол нь үндэслэл бүхий бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Ө, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч В.Ө-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Ө, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ө-ын цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР