Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/429

 

 

  2023            4            20                                         2023/ДШМ/429          

  

Б.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч П.Аюушжав, Д.Дарханбаатар,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Эд холбогдох 2206045771442 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хүнд машин механизм түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг, ам бүл *, хамтран амьдрагч болон хүүхдийн хамт Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, *** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Хүннү **** хотхоны **-** тоотод түр оршин сууж байсан гэх, /РД:**00000000/;

 Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ****** хотхоны ** дүгээр байрны ** тоот гэрээсээ 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ц.Бийн өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан түүнийг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт болох түүний зургууд болон бичлэгийг тараахаар сүрдүүлэн Худалдаа хөгжлийн банкны 461024074 тоот дансаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 100.000.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 115.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Эг үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт болох зураг, бичлэг бусад мэдээллийг тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгаас 115.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Бт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э, Ц.Б нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,Тайм скувер хотхоны 509 дүгээр байрны 202 тоот орон сууцыг 2020 оны 6 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаатай хөлслөн хамт амьдарч байсан ба Б.Э нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хохирогч Ц.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц зургууд болон бичлэгийг тараахаар сүрдүүлсэн гэх баримт хавтас хэрэгт байхгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг хэзээ гарсан байдлыг тогтоогоогүй байна.

Харин Б.Э нь хохирогч Ц.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц зургууд болон бичлэгийг тараахаар сүрдүүлсэн гэх үйлдэл нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн нь Б.Эгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 40-41/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 129-162/-ээр нотлогдож байгаа юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ц.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,Тайм скувер хотхоны 509 дүгээр байрны 202 тоот орон сууцыг хөлсөлсөн хөлс, уг орон сууцыг тохижуулах зардлыг болон Б.Эгийн хэрэгцээнд зориулж байнга мөнгө шилжүүлдэг байсан нь тогтоогдож байна. Хэдийгээр Ц.Б нь “...миний өмнө нь явуулж байсан зураг болон бичлэгийг над руу явуулан нөхөр рүү чинь явуулна, найз нөхөд рүү чинь явуулна...” гэж дарамталж 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 100.000.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сард 15.000.000 төгрөг авсан...” гэж мэдүүлдэг боловч Б.Э нь дээрхи мөнгийг авахдаа хэзээ, хэрхэн сүрдүүлсэн гэх баримт хавтас хэрэгт байхгүй юм.

Харин Б.Э нь...Ц.Б намайг БНСУ-д сургуульд суралц, суралцах зардлыг би өгье гээд надад 100.000.000 төгрөг өгсөн. Ц.Б 2022 оны 3 дугаар сард хоёулаа цуг Дубай явъя, чи түрүүлээд очоод байж бай, би араас чинь очино гэхээр нь би хүнээс мөнгө зээлээд Дубайд очсон боловч Ц.Б ирээгүй. Би Монголд ирээд хүнээс 15.000.000 төгрөг зээлээд Дубай явсан. Чи ирсэнгүй, хүнд өртэй болчихлоо гэсэн чинь Ц.Б над руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэж мэдүүлдэг.

Хэдийгээр Б.Э нь Ц.Бээс 100.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг нийт 115.000.000 төгрөг авсан боловч энэ мөнгийг Ц.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц зургууд болон бичлэгийг тараахаар сүрдүүлэн авсан эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар ялтанд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Аюушжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан давж заалдах гомдол, тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөргүй болсон. Нялх хүүхэдтэй гэх хувийн байдлыг минь харгалзан үзэж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү гэж хүсэж байна. Надад итгэх итгэлийг хэзээ ч алдахгүй гэдгийг амлаж байна. Саяхан аав болсон. Хүүхэддээ нэг өдрийн өмнө ч болтугай очиж жам ёсныхоо эрх, үүргийг биелүүлэхийг маш их хүсэж байна.” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос бусдын хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт болох зураг, бичлэг бусад мэдээллийг тараахаар сүрдүүлж, эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, үргэлжилсэн үйлдлээр 115.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хан-Ул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, дээрх зүйлчлэлийн дагуу гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Э нь Ц.Бтэй тодорхой хугацаанд дотно харьцаатай, хамтран амьдарч байсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан байдаг. Б.Э, Ц.Б нар нь 2021 оны 6 сараас хойш хамтран амьдрахаа больж, 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр эхний 100.000.000 төгрөгийг дансаар авсан байдаг. 100.000.000 төгрөгийг сүрдүүлж авсан гэх нотлох баримт нь Ц.Бийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдолдоо хавсаргасан 2 амлалт бичиг байгаа. Гараар бичсэн амлалт бичгийг шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрийнхөө гараар бичсэн, өөрийнх нь гарын үсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин компьютероор бичсэн амлалт бичгийг нотлох баримтаас хасуулах тухай өмгөөлөгч Д.Дарханбаатарын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байгаа. Уг амлалт бичигт ...дахин сүрдүүлэхгүй, мөнгөн нэхэхгүй... гэсэн байдаг. Гэтэл тэр даруй 9 дүгээр сарын 9-ний өдөр 100.000.000 төгрөг авсан нөхцөл байдал байдаг. 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ц.Бээс “pls, pls устгаарай гэсэн утгатайгаар 15.000.000 төгрөгийг мөн Б.Эгийн данс руу шилжүүлсэн байдаг. Энэ талаар хохирогчийн удаа дараагийн мэдүүлгээр ...дарамталж, сүрдүүлээд байсан учраас би 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн... гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Дубай явахаар тохирсон, уулзсан. Уулзах гэсний улмаас гарсан өр, авлагын асуудлыг 6 сард авсан гэдэг. Энэ нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддоггүй. Хэрэв өр авлагыг өгсөн бол хохирогч Ц.Бээс “pls, pls устгаарайгэсэн утгатайгаар уг мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр өөрийнх нь ойр дотны хүүхдүүдийнх нь сурдаг сургуулийнх нь нэрээр цахим хаяг нээж, мессеж бичих нөхцөл байдлууд хэрэгт авагдсан байгаа. Гар утсанд нь үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр Ц.Бтэй дотно харилцаанд байсан үеүүдийнхээ зураг, бичлэгүүдийг хадгалсан байдаг. Тус зураг, бичлэгүүдийг цахим хаягтаа нийтэлж, найз нөхөд рүү нь хандсан нөхцөл байдал тодорхой хэрэгт авагдсан байгаа. ...2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс өмнө зураг, бичлэгүүдийг нь тараасан гэх баримт байхгүй, ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэж өмгөөлөгч Д.Дарханбаатар санал гаргаж байна. Гэтэл энэ асуудлын талаар хохирогч Ц.Бээс ...зураг, бичлэг ирэхэд нь би устгаад байсан. Учир нь, би тухайн үед нөхөртэйгээ эвлэрээд хамтын амьдралаа эхлүүлсэн байсан учраас мессеж, зураг, бичлэгүүдийг устгасан... гэдэг. 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр бичиж өгсөн амлалт бичгийн гол агуулга нь 115.000.000 төгрөгийг сүрдүүлж авсныг хангалттай нотлож байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Б.Эд 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон гэж үзэж байна. Хохирол төлбөрийн 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримттай, 5.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж байна. 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн баримт тодорхойгүй. Хохирогч хэдий 100.000.000 төгрөгөөсөө татгалзаж байгаа ч үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 101 дүгээр байрны 14в тоот гэрээсээ 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ц.Бээс эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт болох түүний зургууд болон бичлэгийг тараахаар сүрдүүлэн Худалдаа хөгжлийн банкны 461024074 тоот дансаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 100.000.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 115.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Б.Э өөр фэйсбүүк хаяг нээгээд миний өмнө явуулж байсан зураг болон бичлэгийг над руу явуулан “нөхөр рүү чинь явуулна, найз нөхөд рүү чинь явуулна, гэр бүлийг чинь салгана, үгүй бол надад 250 сая төгрөг өг” гэх мэтээр дарамталж эхэлсэн. Би нэр хүндээ бодоод Б.Этай уулзаж ярилцаад учраа олсон гэж бодсон. Тэгтэл удалгүй 2021 оны 9 дүгээр сард “Bold Tuvshin гэх хаягнаас дахиж дарамталж мөнгө нэхэхээр нь би 9 удаагийн гүйлгээгээр 225.400.000 төгрөг шилжүүлсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Б.Э нь “миний амьдрал ахуй хэцүү болсон, би одоо Солонгос руу яваад дахиж холбогдохгүй, дахиж мөнгө нэхэхгүй” гэхээр нь өөрөөр нь амлалт бичиг хийлгэж авсан. Хэсэг хугацаанд холбогдохгүй байж байгаад 2022 оны 6 дугаар сард дахиж холбогдон мөнгө нэхэж эхэлсэн. Би хариу өгөхгүй болохоор танихгүй дугаараас “2 цагийн дотор мөнгө шилжүүлэхгүй бол нөхөр рүү чинь зураг, бичлэг явууллаа шүү” гэх мэтээр дахиж дарамтлаад байхаар нь би 15.000.000 төгрөгийг “pls pls ustgaarai гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд одоо дахиад 50.000.000 төгрөг нэхээд заналхийлээд байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Мөн миний утас болон цахим хаягууд руу нэвтрэх гэж оролдого хийж ойр дотны найзууд руу намайг доромжилсон үг өгүүлбэртэй зурвас явуулж, миний хүүхдүүдийн сурдаг сургуулийг мэдэн Orchlon Ulaanbaatar гэх нэртэй хаягаар заналхийлж миний нэр хүндэд халдаж байгаад маш их гомдолтой байна. Манай хүүхдүүдийн сурдаг сургуулийг мэднэ шүү гэсэн утгатай ийм хаяг нээсэн гэж бодож байна. ...” /1хх 24/,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...би айдастай байна. Энэ асуудал дээрээ хариуцлага хүлээсэн ч дахиж намайг дарамтлахвий гэхээс айж байна. Би Б.Атай хамт байх хугацаанд өгсөн мөнгөө нэхэмжлэхгүй, харин сүүлд миний зураг, бичлэгээр намайг дарамталж надаас авсан 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр шилжүүлсэн 100.000.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 15.000.000 төгрөг, нийт 115.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 27/,

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Би Б.Атай уулздаг байсан цаг хугацаанд гэртээ байхгүй үед болон тусдаа байгаа үедээ намайг санаад хармаар байна, ганц удаа зургаа өгөөч, бичлэг хийе гэх мэтээр яриад надтай фэйсбүүк болон инстеграмм хаягаар харьцаж байхдаа video call хийж, миний бичлэгийг хадгалаад авсан байсан. ...Сүүлд миний зураг бичлэгийг бусад руу явууллаа гэж сүрдүүлсэн байгаа. Хэрэгт гэрчээр өгсөн найз Дэлгэрмаа, Болортуяа нарт би болсон үйл явдлыг хэлж байсан. Тэгтэл Болортуяа руу Б.А миний зургийг явуулсан байсан. ...” /1хх 239/,

гэрч Б.Бийн “...Ц.Б гэх эмэгтэйтэй танилцаад хувийн фитнессийн багшаар нь ажиллаж байгаа. ...Ц.Бийн утсанд зурвас ирэхээр гар нь салгалаад, сандраад дасгалаа хийж чадахгүй байгаад байхаар нь юу болсон талаар асуухад “нэг хүн намайг дарамтлаад мөнгө нэхээд байдаг юм” гэхээр нь би тайвшруулаад “хууль хяналтын байгууллагаар нь шалгуулвал яадаг юм” гэж аргаддаг байсан. Тэгтэл миний инстеграмм хаягт 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “Yanhan_Bayrttsets гэх нэртэй Ц.Бийн цээж нүцгэн зургийг профайл дээрээ тавьсан хуурамч хаягнаас найзын хүсэлт явуулсан. Тэгэхээр нь би тэр дор нь блок хийгээд Ц.Бт хэлтэл “манай өөр найзууд руу ийм хүсэлт ирээд байна, зарим руу нь танай найз Ц.Б чинь нөхрөөсөө гадуур залуу банди нартай явалдаад байна, тэрийг нь болиулаач” гэх мэтээр чат бичээд байна гэж хэлж байсан. ...” /1хх 32/,

гэрч Д.Дийн “...миний “Damdinbazar Delgermaa” гэх инстеграмм хаяг руу “Mandhais гэх танихгүй хаягнаас “танай найз Ц.Б чинь гэр бүл үймүүлээд, олон банди нартай явалдаад байна, тэр найздаа хэлээчээ” гэсэн утгатай зурвас ирсэн. Тэгэхээр нь би “чи бодитой юм яриарай, үндэслэл, нотолгоотой юм ярихгүй бол болохгүй шүү” гэж бичээд өөрийн найз Ц.Бийн 88883892 дугаарын утас руу залгаж ийм зурвас ирээд байна гэж хэлсэн. Тэгтэл манай найз Ц.Б нь “харин ийм хуурамч хаягнаас миний ойр дотно хүмүүс болон над руу ийм юм бичээд мөнгө нэхээд байна, дарамтлаад байгаа юм, наад хаягаа блок хийчих” гэхээр нь би шууд “Mandhais” нэртэй хаягийг блок хийсэн. ...” /1хх 36/,

шүүгдэгч Б.Эгийн “...надад байсан зураг, бичлэгийг бусад руу явуулна гэж хэлээд заналхийсэн нь үнэн, миний гар утсанд бичлэг, зурганд үзлэг хийж, чат бичиж байсан зүйлүүдийг өмнөх шалгаж байсан мөрдөгч утсан дээр үзлэг хийсэн байгаа. Би маш их гэмшиж байна. ... Ц.Б бид хоёр танилцаад 4 жилийн хугацаанд холбоотой, хамт амьдарч байгаад хайртай болсон байна. Энэ хугацаанд маргалдаж муудалцах үед мөнгөний хэрэг гараад мөнгө асууж дээрх өгсөн мэдүүлэгтэй холбоотой асуудлаар чат, зураг, бичлэг зэрэг зүйлүүдийг явуулна гэсэн утгатай зүйл бичиж байсан нь үнэн. ...” /1хх 84/ гэсэн мэдүүлгүүд,

утсаар харилцан зурвас илгээсэн баримт /1хх 9/, амлалт бичиг гэсэн гарчиг бүхий бичмэл баримт /1хх 15/, Худалдаа хөгжлийн банкны 461024074 тоот дансны хуулга /1хх 101/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 121-128, 129-162/, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх 184/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар “...гэмт хэрэг хэзээ гарсан байдлыг тогтоогоогүй, ... дээрхи мөнгийг авахдаа хэзээ хэрхэн сүрдүүлсэн гэх баримт хавтас хэрэгт байхгүй, ... 115.000.000 төгрөгийг Ц.Бийн эрх, хууль ёсны сонирхолд нь хохирол учруулж болохуйц зураг, бичлэг тараахаар сүрдүүлэн авсан эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон хүний тухайн үйлдэл (эс үйлдэхүй)-ийн талаар шалгахдаа заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Шүүгдэгч Б.Э нь “...надад байсан зураг, бичлэгийг бусад руу явуулна гэж хэлээд заналхийсэн нь үнэн...” гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр хохирогчийг хэрхэн сүрдүүлж, заналхийлсэн тухай хохирогч Ц.Б, гэрч Б.Б, Д.Д нарын өгсөн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн бичсэн амлалт бичиг зэрэг нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйл баримтыг сэргээн тогтоожээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эг Ц.Бийн хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт болох зураг, бичлэг, бусад мэдээллийг тараахаар сүрдүүлж, түүнээс эд хөрөнгө буюу мөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчоос 115.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Эгийн хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Бээс эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэн, нийт 115.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 115.000.000 төгрөгийн хохирлоос 15.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө төлсөн, хохирогч Ц.Б 100.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилснээсээ татгалзаж, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн нөхцөл байдал, түүнчлэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эд оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас нэг жилийг хасч, түүнд хоёр жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаардаггүй бөгөөд шүүгдэгч Б.Эгийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нөхцлийг хангахгүй гэж үзнэ.

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Эгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

          Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Ц.Бийг Ц.Баярцэнгэл гэж буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа болохыг тэмдэглэж, цаашид анхаарч ажиллахыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Э нь хохирогч Ц.Бт 15.000.000 төгрөг төлсөн болохыг дурдусугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР