Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 862

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогч Ц.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 1706017670357 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 6-61 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Б.О

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бат-Эрдэнийг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бат-Эрдэнийн: “...2017 оны 09 сарын 01-ний өдөр найз нарын хамтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шинэ Монгол амралтын газар гэр аваад очиж амарсан. Тэнд бид нар хорхог хийгээд, манай найз нар нэг шил архи хувааж уугаад, би тэр архинаас бараг уугаагүй. Тэгээд тэр амралтын газар байж байгаад Магнай гэх манай найз гэрээс гарч яваад нэг залуутай маргаад байх шиг байсан. Би Магнайг хүнтэй маргаад байгаа талаар найзууддаа хэлсэн. Тэгээд би ч яваад очсон. Магнайг тэр согтуу залуугаас салгах гэтэл тэр өөрийгөө Оогий гэх залуу "та нар намайг барахгүй шүү" гээд тэр хоёр маргаад зууралдаад байсан. Тэгээд намайг тэр хоёрын голоор орж салгаж байтал Оогий гэх залуу газраас чулуу аваад бид нар луу шидээд байсан. Тэгтэл нэг чулуу нь миний толгойд оноод, миний толгойноос цус гараад би ухаан балартсан. Тэгээд эмнэлэг дээр очоод 8 оёо тавиулсан. Оогий гэх залуу чулуу шидэж намайг оносон болохыг тэнд байсан хүмүүс бүгд харсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Уранчимэгийн: “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр найзуудтайгаа “Шинэ Монгол” амралтын газар очсон. Тэгээд бид нар амралтын газар 1 шил архи уусан. Гэрт байж байтал “гадаа хүмүүс муудалцаад байна” гэж Бат-Эрдэнэ орж ирээд хэлэхээр нь бүгд гарсан. Гараад харахад манай найз Энхбаярыг Эрдэнэболд салгаад бариад зогсож байсан. Тэгтэл тэр цаанаас нь маргасан гэх нэг намхан бүдүүн залуу Энхбаярыг зодох гээд дайраад байсан. Тэр үед Бат-Эрдэнэ дайраад байсан намхан ахыг салгаад цаашаа түлхтэл тэр согтуу намхан ах газраас чулуу аваад Бат-Эрдэнийн толгой руу шидээд хагалсан. Тэгээд л бид нар Бат-Эрдэнийг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед тэр намхан согтуу залуу чулуу авч албаар харж байгаад шидсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Солонгын: “....Миний араас гэнэт чулуу нисч ирээд миний баруун далан дээр ирээд оносон. Тэгээд би арагшаагаа хартал гэрээс нэг охин гарч ирээд “та нар манай найзын толгойг хагалчихлаа” гээд хашхираад унасан. Тэгээд би тэр хүмүүсийн гэр лүү нь ороод хартал нэг залуу гэрт доошоо хараад суучихсан толгойноос нь цус гарчихсан байж байхаар нь би “эмнэлэгт авч яв аа” гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Намуунаагийн: “...Бат-Эрдэнэ миний араас ирж салгах гээд байж байтал Энхбаяртай хэрэлдэж байсан тэр согтуу залуу газраас чулуу авч шидэж, Бат-Эрдэнийн толгойн тус газар оносон. Толгойноос нь цус гараад газар унахаар нь Уранчимэг бид хоёр босгож амарч байсан гэрт оруулсан. Тэгтэл нөгөө залуу дахин чулуу аваад гэр лүү шидээд байсан учир амралтын газрын хамгаалагч цагдаа дуудсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбаярын: “...Нэг чулуу шидэхээр нь бултахад гэр оносон ба хэн шидсэнийг хараагүй, нэг харсан чинь найз Бат-Эрдэнэ газар хэвтсэн байсан. ...Бат-Эрдэнийн зүүн хөмсөг дээр нь хагарсан байсан. Даваажаргал, Урнаа нар надтай маргаж байсан залууг чулуу шидэж оносныг харсан байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №11289 тоот:

  1. Ц.Бат-Эрдэнийн биед духанд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэсэн дүгнэлт /хх-30/,

 

Б.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О: “Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэж” мэдүүлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Бат-Эрдэнэ: “Одоо гомдол санал байхгүй” гэж мэдүүлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бат-Эрдэнийг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бат-Эрдэнийн: “...Тэгээд намайг тэр хоёрын голоор орж салгаж байтал Оогий гэх залуу газраас чулуу аваад бид нар луу шидээд байсан. Тэгтэл нэг чулуу нь миний толгойд оноод, миний толгойноос цус гараад би ухаан балартсан. Тэгээд эмнэлэг дээр очоод 8 оёо тавиулсан. Оогий гэх залуу чулуу шидэж намайг оносон болохыг тэнд байсан хүмүүс бүгд харсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Уранчимэгийн: “... Тэр үед Бат-Эрдэнэ дайраад байсан намхан ахыг салгаад цаашаа түлхтэл тэр согтуу намхан ах газраас чулуу аваад Бат-Эрдэнийн толгой руу шидээд хагалсан. Тэгээд л бид нар Бат-Эрдэнийг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед тэр намхан согтуу залуу чулуу авч албаар харж байгаад шидсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Солонгын: “....Миний араас гэнэт чулуу нисч ирээд миний баруун далан дээр ирээд оносон. Тэгээд би арагшаагаа хартал гэрээс нэг охин гарч ирээд “та нар манай найзын толгойг хагалчихлаа” гээд хашхираад унасан. Тэгээд би тэр хүмүүсийн гэр лүү нь ороод хартал нэг залуу гэрт доошоо хараад суучихсан толгойноос нь цус гарчихсан байж байхаар нь би “эмнэлэгт авч яв аа” гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Намуунаагийн: “...Бат-Эрдэнэ миний араас ирж салгах гээд байж байтал Энхбаяртай хэрэлдэж байсан тэр согтуу залуу газраас чулуу авч шидэж, Бат-Эрдэнийн толгойн тус газар оносон. Толгойноос нь цус гараад газар унахаар нь Уранчимэг бид хоёр босгож амарч байсан гэрт оруулсан. Тэгтэл нөгөө залуу дахин чулуу аваад гэр лүү шидээд байсан учир амралтын газрын хамгаалагч цагдаа дуудсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхбаярын: “...Нэг чулуу шидэхээр нь бултахад гэр оносон ба хэн шидсэнийг хараагүй, нэг харсан чинь найз Бат-Эрдэнэ газар хэвтсэн байсан. ...Бат-Эрдэнийн зүүн хөмсөг дээр нь хагарсан байсан. Даваажаргал, Урнаа нар надтай маргаж байсан залууг чулуу шидэж оносныг харсан байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №11289 тоот дүгнэлтэд “...Ц.Бат-Эрдэнийн биед духанд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэжээ. /хх-30/,

 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Б.О нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин  торгох ялыг “1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчээс торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1706017670357 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад 8.000 төгрөг төлөх төлбөртэй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-н 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-с 8000 /найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогч Ц.Бат-Эрдэнэ цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  жич нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД