Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 31

 

 

 Д.Гантогоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа  нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2020/00415 дугаар шийдвэртэй,

            Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчдын байрны 20 тоотод оршин суух, *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Гантогоог албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байх хугацаандаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Гантогоо намайг Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон. Гэтэл *******ар томилогдсон Б.Дүгэржав нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/866 дугаар захирамж гарган Д.Гантогоо намайг Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож, намайг хууль бусаар ажлаас халлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ... тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэжээ. Хуулийн дээрх заалт нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд тодорхой заасан тул ******* Б.Дүгэржав нь Д.Гантогоо намайг ажилд томилсон захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй. Учир нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хууль хэрэглээний алдаатай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заажээ. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар Захирамж хүчингүй болгох тухай , мөн Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Гантогоог албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156, 157 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргалаа, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар: Хариуцагч ******* нь Д.Гантогоог Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн шийдвэр нь Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэж байхдаа эрх хэмжээгээ хэтрүүлж гаргасан тушаал учраас хууль бус, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаар захирлаар томилсон тушаал нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын Төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэснийг зөрчсөн, ******* Б.Дүгэржав 2018 оны 09 дүгээр сарын 21-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн, энэ нэхэмжлэл нь Захиргааны хэргийн маргаан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2020/00415 дугаар шийдвэрээр:” 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж хүчингүй болгох тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Гантогоог албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Д.Гантогоог Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 3 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШЗ2019/00437 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд хэвээр болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 153/ШШ2020/00415 дугаартай шийдвэр нь “шүүх өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн, нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн”-өөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг  зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Гантогоо нь  Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжийг хүчингүй болгуулах  тухай шаардлагыг  *******д холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, Д.Гантогоог албан тушаалаас чөлөөлөх тухай Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр захирамж, Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар  давж заалдах журмаар гомдол гаргасан  байна.

 

Ажил олгогч ******* нь Ховд аймгийн Засаг даргын “Захирамж хүчингүй болгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжаар “Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрд сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Д.Гантогоог  Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлаар томилох тухай аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.

 

Д.Гантогоо нь шүүхэд “Ховд аймгийн Засаг даргын “Захирамж хүчингүй болгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамжийг хэрэгжүүлэхгүй ажил хүлээлцэхгүй байхыг хариуцагчид даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай” хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 437 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л.Чулуунбаатар нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд  шүүх түүний хүсэлтийг хүлээн авч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

 

Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэн боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулсан төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгээр Л.Чулуунбаатар томилогдох болсон тул *******г Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-ийн 104 дүгээр тал/

 

Мөн Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэн Авлигатай тэмцэх газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/1255 тоот албан бичгээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг нь хянагдаж  төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэн аймгийн Боловсрол,соёл,урлагийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 420 тоот албан бичгээр санал нь ирсэн Лхагвасүрэнгийн Чулуунбаатарыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилжээ. /хх-ийн 98 дугаар тал/

 

Ажил олгогчийн хүчингүй болгосон Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай захирамжаар  Монгол улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.2.4 дэх заалтууд Ховд аймгийн Боловсрол соёл,урлагийн газраас зохион байгуулсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ажилтан Д.Гантогоог  Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон байх бөгөөд  ажил олгогч ажилтан нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ  байгуулжээ.

 

  Ажил олгогчийн Д.Гантогоог ажилд томилсон дээрх шийдвэрт сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн түүнийг Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон байна.

 Харин хариуцагч нь сонгон шалгаруулалтгүйгээр Д.Гантогоог ажилд томилсон гэх үндэслэлээр  түүнийг   ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тайлбарынхаа үндэслэлийг   шүүхэд  нотолж чадаагүй  байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь “татгалзлын  үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд  өөрөө гаргаж өгөх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна түүний нэхэмжлэлийн үндэслэлийг татгалзаж буй тайлбар нь нэхэмжлэгчийн анх ажилд томилсон ажил олгогчийн тушаалд заасан үндэслэлээр үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШЗ201900437/ дугаар шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах,хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т  заалтад нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр нь үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар  давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хуульд зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2020/00415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                      С.ӨМИРБЕК

 

Н.ТУЯА