Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

    2023            4            20                                         2023/ДШМ/430          

  

Г.Э, Б.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оргилбаяр,

шүүгдэгч Г.Э, Б.О нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Гэрэл-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Э, Б.О нарт холбогдох 2009025671529 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.Э, **** оны * дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн ** дугаар дамжааны оюутан, ам бүл *, эх, эгчийн хамт Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, / РД:**00000000/;

2. Б.О, ***** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл **, эцэг, эх, эгч, хүргэн дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Морин ** дүгээр гудамжны *** тоотод түр оршин сууж байсан, /РД:**00000000/;

Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.М нартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар хохирогч Б.Тгийн толгойн тус газар бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...Зүүн талын чамархай яс суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн шугаман, дагз яс, дагзны том нүхний баруун тал руу үргэлжилсэн шугаман, зүүн талын дух ясны дотор ялтас болон зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хоншоорын урд, гадна хана дайрч этмойд хөндийг хөндлөн дайрч баруун талын суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хоёр талын хоншоорын хөндий, этмойд хөндий, суурийн хөндийд цус хуралдалт, зүүн хөмсөг, зулайн хуйхны язарсан шарх, баруун хөмсөгний зулгарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,

мөн согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.М нартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар хохирогч Б.Гын дагз хэсэгт бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...дагз ясны ил хугарал, хатуу хальс дээрх цус хуралт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,

мөн согтуугаар Б.Отэй бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.М нартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар хохирогч Ц.Мгийн толгойн тус газарт бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...Суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.О нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.М нартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар Г.Этай бүлэглэн хохирогч Ц.Мгийн толгойн тус газарт бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...Суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч Г.Эын бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжээс бүлэглэж үйлдсэн гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Эыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Эт оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Э нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Гэрэл-Очир нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 152 дугаар шийтгэх тоггоолын зарим хэсгийг буюу Г.Эт 6 жил 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт, зүйлчлэлийг зөв тогтоосон бөгөөд бидний үйлчлүүлэгч Г.Эын хувьд ч гэм буруугийн талаар огт маргадаггүй буюу мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчдын эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулж, ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлдэг.

Харин анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу гэж үзэж байгаа бөгөөд бидний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаар огт маргаан байхгүй, бусдад төлөх төлбөргүй буюу учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдаг.

Болсон хэрэг явдал хийгээд бидний үйлчлүүлэгчийн гэмшсэн, хохирлоо сайн дураар төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад хамаарна гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуульд зааснаас доогуур ял оногдуулах хэм хэмжээний үндсэн гол шалгуур бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх” гэсэн хуулийн шаардлага байдаг. Үүнийг миний үйлчлүүлэгч бүрэн хангасан гэж үзэж байна.

Мөн бидний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их хурлаас 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан /...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл.../ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заасан бөгөөд түүнд оногдуулсан хорих ялаас хоёр жилийн хугацааг хасахгүйгээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ... Г.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь өршөөл, уучлалд хамрагдаж байгаагүй.

Иймд Г.Эын өмгөөлөгчдийн хувьд, нэгдүгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг шүүх хэрэглэж, хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжтой байсан боловч түүнийг хэрэглээгүй нь буруу, хоёрдугаарт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хоёр жилийн хугацааг оногдуулсан ялаас хасах байсан боловч үүнийг хэрэглээгүй нь буруу гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. ...” гэв.

Прокурор А.Оргилбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналд хариу тайлбар хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан. Шүүгдэгч Г.Эт анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тухайн ялаас нь багасгаж буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байдаг хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг харгалзан үзнэ гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.М нартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар хохирогч Б.Т, Б.Г, Ц.М нарын толгойн тус газар нь бейсболын цохиураар тус тус цохиж, тэдний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Өын “...сүүлд нь бейсболын цохиур машинаас авч манай найзуудыг цохисон намхан залууг Г.Э гэдгийг цагдаа дээр ирээд нэрийг мэддэг болсон. ...Би араас нь гүйх гэхэд Г.Э Б.Тгийн машины араас бейсболын цохиур бариад намайг цохих гэсэн. Би гараараа цохиурыг нь хаагаад тэр хэдийн араас гүйсэн. ...Тэгсэн чинь Г.Э араас гартаа бейсболын цохиур барьж ирээд эхлээд Б.Гын толгойны дагз хэсэгт нэг удаа цохиод дараа нь Мөнхжинг газар хэвтчихсэн байхад нь нүүрнийх нь зүүн тал руу нь бейсболын цохиураараа нэг удаа цохьсон. Б.Тг газар уначихсан байхад нь толгойны зүүн хэсэгт нь нэг удаа цохьсон. Г.Э гартаа барьсан цохиураараа манай найзуудын толгойг цохиход так гэх чимээ хүртэл гарч байсан. ...Эргээд харахад Б.Т, Мөнхжин, Б.Г гурав зам дээр газарт хэвтчихсэн, Мөнхжин, Б.Г хоёр өндийхтэйгөө, Б.Т болохоор таг ухаангүй байсан. ...” /1хх 137-138/,

гэрч Б.Уын “...Зодооны үеэр зурган дээр 3 дугаар барьсан намхан залуу жижиг жийп машины араас бейсболын цохиур барьж ирээд эхлээд жийп машины хар өнгийн богино куртиктэй туранхай залуугийн толгойг бейсболын цохиураараа цохисон. Дараа нь цаашаагаа яваад жийнсэн өмдтэй /сүүлд нь их цус алдаад байсан залуу/ залуугийн толгойг бас цохисон. ...Нарийн төмөр барьсан зурган дээр 84 дугаартай залуу барьж явсан төмрөөрөө хүн цохихыг бол хараагүй. Тэр хэдийн зодоон маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд приус машин хөдөлж ирээд машиндаа найзуудыгаа аваад суулгаад зугтаагаад явсан. Зодоон дууссаны дараа жижиг жийп машины 4 залуугийн нэг залуу нь эрүүл шахуу “одоо яанаа” гээд нөгөө гурван залуу нь зам дээр зодуулаад тэрийгээд хэвтчихсэн байсан. Газарт хэвтэж байсан залуугийн жинсэн өмдтэй, бор өнгийн куртиктэй /эхлээд нүдний шилтэй байж байгаад зодооны дараа нүдний шилгүй болчихсон/ залуугийн толгойноос их хэмжээний цус гарч байсан. Туранхай биетэй, хар өнгийн куртиктэй, шар царайтай залуу нь эхлээд хэвтэж байгаад дараа нь босож ирсэн. Нөгөө хоёр нь бол босож ирээгүй, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэр үеэр замаар явж өнгөрч явсан “Камри” маркийн машинтай залуу ирээд дуудлага өгч байх шиг байсан. Жийп машины эрүүл шахуу байсан залуу зам дээр хэвтэж байсан хоёр найзыгаа замаас холдуулж хашлага түшүүлсэн. Тэр эрүүл шахуу залуу нь над дээр ирээд “ахаа та манай найзуудыг гэмтэл хүргээд өгөөч” гэхээр нь би тэр залууд “цагдаа дуудчихсан байгаа юм чинь хэрэггүй” гэж хэлсэн. ...Миний ойлгосноор жийптэй залуучууд нилээд согтолттой, бейсболын цохиур гаргаж ирж хэрүүл маргаан болж байгаад цохиураа приүс машинтай залуучуудад алдчих шиг болсон...” /1хх 46-47/,

гэрч М.Хийн “...Би хэсэг ажиллаж байгаад буцаад хашаа руугаа орох гээд хашааны зүүн хойд булангаа тойроод ирэхэд замын наад талын эгнээний гол хэсэгт нэг залуу газарт уначихсан, шар өнгийн сагсан бөмбөгийн өмсгөлтэй өндөр залуу, бараан өнгийн хувцастай залуу хоёр дээрээс өшиглөөд дэвсэж байсан. Шөнө байсан болохоор биеийнх нь аль хэсэгт өшиглөж байгаа нь харагдахгүй байсан. Тэр газарт уначихсан зодуулж байсан залуугийн цаад хэсэгт манай хашаа талын замын хашлагатай ойролцоо газарт хэвтэж байсан. Тэгээд газарт нэг залууг унагаагаад дээрээс өшиглөж дэвсэж байсан хоёр залуу бас нэг залуутайгаа хамт “Приус 30” машиндаа очоод суухыг нь харахад шар өнгийн сагсан бөмбөгийн өмсгөлтэй залуу гартаа бейсболын цохиур барьчихсан сууж байсан. Нөгөө хэдийг нь бол сайн анзаарч хараагүй. Тэгээд ямар ч байсан тэр гурван залуу очиж сууж байгаад ухарч байсан. Тэд нарыг машиндаа сууж байх үед нь зодуулаад газарт хэвтэж байсан гурван залуугийн нэг найз нь “туслаарай” гээд орилоод, газар уначихсан байсан залуучуудаа нэрээр нь босооч гээд сэгсэрэхэд замын урд хэсэгт байсан хоёр залуу нь лав сэрэхгүй байсан. Тэр үед нь би тэр хоёрыг ухаангүй байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд орилж байх үед замын хойд хэсэгт сүүлд өшиглүүлж дэвсүүлж байсан залуу нь босож ирээд замын цаад /зүүн хэсэг рүү/ ямар ч хөдөлгөөнгүй, гүн шоконд орсон байдалтай алхаж байгаад замын гол хэсэгт ухаан алдаад унасан. Тэгээд дахиж тэр залуу хөдлөхгүй байсан. Тэр үеэр орилоод найзуудыгаа дуудаад байсан залуу нь түргэн дуудаад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд талын уулзвар дээр гээд хаягаа хэлж өгөөд байсан. Тэгээд би ажилтай байсан болохоор ороод явсан...” /1хх 49-50/,

хохирогч Ч.Б.Гын “...Би гүйж очоод хар өнгийн куртиктэй залууг түлхэж газар унагаахад миний араас толгой руу хүчтэй цохисон. Би тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Миний араас цохисон болохоор намайг хэн цохисныг мэдэхгүй байна...” /1хх 98-99, 131, 247/,

хохирогч Б.Тгийн “...Би айлгаад явуулчихъя гэж хэлээд өөрийнхөө машины араас бейсболын цохиур гаргаж ирсэн. Тэгээд “Приус 30” авто машины жолооч нь намайг нилээд хэл амаар доромжлоод байсан. Би цохиураа гүйж байхдаа газар руу шидсэн. Тэгээд бид нар буцаад машиндаа суусан. Тэрнээс хойш болсон явдлыг санахгүй байна. Миний санаж байгаагаар миний толгойны зүүн талаас нилээд цус гарч байсан. Тэрнээс хойш санахгүй байна..." /1хх 101-102/,

хохирогч Ц.Мгийн “...Б.Т ах бид хоёр машинаасаа бейсболын цохиур авснаа санаж байна. ...Тэгээд Б.Т ах машинаасаа буугаад “Приус 30” машины залуучуудын нэг залуугийнх нь араас хөөсөн. Тэгээд би Б.Т ахын араас гүйсэн. ...Миний санаж байгаагаар намайг нүдний шилтэй Түвшинбаяртай зууралдаж нэгнийхээ дээр, доор нь гарах гээд ноцолдож байх үед миний нүүрний зүүн талаас юмаар хүчтэй цохиж намайг газарт унагаасан. ...” /1хх 105-106, 128/,

гэрч Ч.Бын“...Б.Т Б.Отэй зууралдсан байдалтай унаж босч байгаад миний хөлийг хоёр гараараа тэвэрч аваад тавихгүй байсан. Тэр үед Г.Э бэйсболын цохиур барьж ирээд Б.Тгийн толгой хэсэгт нь нэг удаа цохиход намайг тавихгүй байсан Б.Тгийн гар тавигдсан. ...Б.Тг Г.Э бейсболын цохиураар цохихыг харсан. Мөнхжин, Б.Г хоёрыг хараагүй. ...” /1хх 242/,

гэрч Б.Тын “...Г.Э хар пальто өмссөн залуугийн нүүр рүү цохиураар нэг удаа цохисон. ...Бид нар зодооны дараа Спортын төв ордны гадна машинаа тавиад салж явцгаасан ба би Г.Этай хамт явсан. Тэгэхэд Г.Э бейсболын цохиуртай бидэн рүү дайрсан хар пальтотой залуу болон жижиг биетэй, нүдний шилтэй залууг цохиураар цохисон гэж ярьсан. ...Би тэр хэдийн араас гүйж очоод Мөнхжинтэй зууралдаад газар уначихсан байхад Г.Э бейсболын цохиур барьж ирээд Мөнхжингийн толгой хэсэгт нь 1-2 удаа нүүр, хамар хэсгийг хавсраад так хийтэл, дуу гартал цохьсон. Мөнхжин бейсболын цохиураар Г.Эт цохиулаад хойшоо гэдэргээ ухаан алдаад унасан. ...” /1хх 26-27, 244-245/,

шинжээч эмч Ц.Б.Гын “...Ч.Б.Гын биед учирсан гэмтэл нь нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн. Энэ нь мохоо зүйлийн буюу бейсболын цохиураар үүсгэгдэж болно...” /2хх 3/,

шинжээч эмч Н.Эийн “...11413 тоот дүгнэлтийн 1 дэх хэсэгт тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хязгаарлагдмал бус гадаргуугаар нэг удаагийн хүчтэй ..үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлийг бейсболын цохиураар үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин Б.Тгийн биед тогтоогдсон дүгнэлтийн 1 дэх хэсэгт заагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гавал тархинд учирсан гэмтлүүд нь гавлын ясны баруун, зүүн аль алиныг нь хамарсан ба гавлын зүүн талд нь үйлчилсэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл, толгойн зүүн талд үндсэн нуг үйлчилж тархины гавлын тал тал тийш хугарлууд үргэлжилсэн байна...” /2хх 5/,

Б.Оийн яллагдагчаар өгсөн “...Б.Т бид хоёр дээр, доороо гараад ноцолдож байх үед Г.Э гартаа бейсболын цохиур барьж ирээд хохирогч Б.Тгийн толгойд нэг удаа цохьсон. Хохирогч Б.Т бид хоёр ноцолдоод би яг дээр нь гарчихсан байхад Г.Э ирээд Б.Тгийн толгойд цохьсон юм. ...” /1хх 233-234/,

шүүгдэгч Г.Эын “...би найзуудыгаа салгаж, хамгаалах гээд Хариер машины арын багажнаас бейсболын цохиур аваад хохирогч Б.Т, М, Б.Г гурвыг нэг нэг удаа толгой хэсэгт нь цохьсон. Б.Тг Б.Отэй зууралдаад газарт хэвтсэн байдалтай байхад нь толгой хэсэгт нь нэг удаа бейсболын цохиураар цохьсон. Тухайн үед намайг хохирогч нарыг бейсболын цохиураар цохиход дахиж босч ирээгүй учраас найзуудыгаа аваад Б.Оийн машинд суугаад явсан. ...” /1хх 220/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 11413 дугаартай шинжээчийн “...Ц.Мгийн биед суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... /1хх 58/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 11411 дугаартай шинжээчийн “Б.Тгийн биед зүүн талын чамархай яс суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн шугаман, дагз яс, дагзны том нүхний баруун тал руу үргэлжилсэн шугаман, зүүн талын дух ясны дотор ялтас болон зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хоншоорын урд, гадна хана дайрч этмойд хөндийг хөндлөн дайрч баруун талын суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хоёр талын хоншоорын хөндий, этмойд хөндий, суурийн хөндийд цус хуралдалт, зүүн хөмсөг, зулайн хуйхны язарсан шарх, баруун хөмсөгний зулгарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 64/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12181 дугаартай шинжээчийн “Ч.Б.Год дагз ясны ил хугарал, хатуу хальс дээрхи цус хуралт тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 67/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаартай “...Г.Э нь удамшлын болон олдмол сэтгэцийн өвчтэй гэх баримт үгүй байна. ...одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. ...хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. ...хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан гэх баримт үгүй байна. ...өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна. ...” /1хх 93/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 5-14/, илтгэх хуудас /1хх 15/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх 30, 32, 34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 39-45/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 51-54/, цагдаагийн байгууллагын 102 утсанд дуудлага мэдээлэл өгсөн лавлагаа /1хх 114-115/, Б.Тгийн эмчилгээний зардлын талаарх баримтууд /1хх 140-175, 2хх 90-100/, Ц.Мгийн эмчилгээний зардлын талаарх баримтууд /1хх 177-190/, Ч.Б.Гын эмчилгээний зардлын талаарх баримтууд /1хх 194-202, 2хх 102-104/, хохирлын төлбөр хүлээлгэн өгсөн баримт /1хх 203-204, 205/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Г.Эыг хоёр түүнээс олон хүнийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, Б.Оийг Г.Этай бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Б.Оий үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Г.Эт холбогдох хэргээс түүнийг Б.Отэй бүлэглэн үйлдсэн гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгож, Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоон, түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ, Эрүүгийн хууль, түүнд тусгагдсан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй буюу бейсболын цохиураар цохьсон үйлдлийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж олон хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан буюу тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинжүүдийн нэгэн адил гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээнд нөлөөлдөг бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийн талаарх ойлголтыг тодорхойлжээ.

Гадаад хэлбэрийн хувьд бейсболын цохиур нь хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулж болох эд зүйлийн шинжийг илэрхийлж байгаа боловч уг эд зүйл, хэрэгслийг урьдчилан төлөвлөж, тусгайлан олж авч бэлтгэсэн, засаж тохируулсан, хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах зорилгоор авч явсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Э нь гэмт санаагаа хэрэгжүүлсэн үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор бейсболын цохиурыг зориуд урьдаас төлөвлөж, тусгайлан олж авч бэлтгээгүй байх бөгөөд бусадтай маргаан өрнүүлж, улмаар бусдыг зодох явцдаа, тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын цаг мөчид "бейсболын цохиур" ашиглан бусдад хүнд гэмтэл учруулсан түүний үйлдэл уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй гэж үзэв.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн арга гэдэг нь тухайн этгээдээс өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр байдаг бөгөөд энэ нь гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх гол шалгуур болно.

Тухайн гэмт хэргийн тухайд шүүгдэгч Г.Эын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд хохирогч нарын биед хүнд хохирол санаатай учруулахдаа тухайн бейсболын цохиурыг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирогч нартай маргалдаж муудалцах явцад уг бейсболын цохиурыг олж авсан үйл баримт тогтоогдож байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Гэрэл-Очир нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг ... хэрэглээгүй нь буруу, ...2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хоёр жилийн хугацааг оногдуулсан ялаас хасах байсан боловч үүнийг хэрэглээгүй нь буруу ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүгдэгч Г.Эын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:” гээд 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Г.Эын үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаа хамаарч байна.

Шүүгдэгч Г.Эын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан ялаас өршөөн хасах үндэслэлд хамаарагдаж байх тул энэ талаарх өөрчлөлтийг магадлалд оруулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Гэрэл-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “2021 оны өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хоёр жилийн хугацааг оногдуулсан ялаас хасах байсан боловч үүнийг хэрэглээгүй” гэсэн хэсгийг хүлээн авч, харин “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг ... хэрэглээгүй нь буруу” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Эын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Г.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн,

мөн тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Шүүгдэгч Б.Гын Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Б.Гын Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Эыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Эыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Эт оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугайгэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Эт оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугайгэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Гэрэл-Очир нарын давж заалдах гомдлын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР