Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00032

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2025/00029/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ээжийгээ хагалгаанд оруулах гээд аваад явсан. Тэр хойгуур надаас сална гээд явсан. Одоо болтол гэртээ ирэхгүй байгаа. Манайх айлын хашаанд байдаг байсан. Тэр үед ямар ч түлээ нүүрсгүй үлдээгээд надаас сална гээд шийдвэрээ гаргаад явсан болохоор гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд өгөх гэтэл хаана байгааг нь мэдэхгүй учраас шүүхэд хүсэлт гаргасан байгаа гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, Дархан сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч ******* нь шүүх хуралдаанд ... надаас сална гээд шийдвэрээ гаргаад явсан болохоор гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд өгөх гэтэл хаана байгааг нь мэдэхгүй байгаа учраас шүүхэд хандах болсон тухай тайлбарыг гаргасан.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь *******д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн засаг даргын 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 1541 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

 

5. Иймд ******* регистрийн дугаартай ******* овогт ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* регистрийн дугаартай ******* овогт ******* эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. *******ийн хаяг болон хаана байгааг нь тодруулсны эцэст хүсэлт гаргагч П.******* утас /******* / болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА