Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 863

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогч О.Энхсүрэн,

шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706005840348 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 343 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЦЕ83112271/ А.Д

 

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 343 тоотод хохирогч О.Энхсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Энхсүрэнгийн: “...2017 оны 07 сарын эхээр манай нөхөр А.Д-ы найз Мөнхбат Өмнөговь аймгаас ирээд манайд хэд хоног байсан юм. Тэгээд манай гэрт Энхсүрэн, Мөнхбат бид гурав архи уугаад нилээн согтоод, Мөнхбатыг явсны дараа нөхөр бид хоёр хардах асуудлаас болж маргалдаад нөхөр миний нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад би цагдаад дуудлага өгсөн. Урьд өмнө нь Д надад гар хүрч байгаагүй. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/,

 

Мөрдөн байцаалтад А.Д-ы яллагдагчаар: “...2017 оны 07 сарын 15-ны өдөр манай танил Мөнхбат хөдөөнөөс манай гэрт ирээд эхнэр О.Энхсүрэн бид хэд архи уусан юм. Тэгээд Мөнхбат явахаар болоод би Мөнхбатыг автобусанд суулгаж өгчихөөд гэртээ иртэл эхнэр Энхсүрэн “чи хүүхэнтэй явсан” гээд намайг худлаа хардаж хэл ам хийгээд байхаар нь би эхнэрээ 2 удаа алгадсан. Өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Тухайн үед эхнэр бид хоёр л байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №9090 тоот:

  1. О.Энхсүрэнгийн биед баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, өнгөц шарх тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэсэн дүгнэлт /хх-17/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-ы: “...Би 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээ хоёр алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлээс болж хохирогчид хөнгөн зэргийн хохирол учруулсандаа гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Энхсүрэнгийн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хэвээрээ тул нэмж ярих зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Д нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 343 тоотод хохирогч О.Энхсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №9090 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Д анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Энхсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Д-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 1706005840348 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. А.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д-г 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  1. А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Д-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД