Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

     2023      03          29                                           2023/ДШМ/13

 

 

О.Д, О.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Ч,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Бгийн бичсэн эсэргүүцлээр О.Д, О.Н нарт холбогдох эрүүгийн 2239001920267 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Н, 1991 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сум 3 дугаар баг “Оорцог” гэх газар оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

Д, 1993 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сум 3 дугаар баг “Уртын  адаг” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй

Шүүгдэгч О.Н, О.Д нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга 3 дугаар багийн нутаг “Уртын адаг” гэх газраас “Супер Даюун” маркийн мотоцикль ашиглан Ч.Огийн 5 тооны адууг хулгайлж 5180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чээс О.Д, О.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н, Д нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Д, Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Тасран овогт Д-т 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Н-д 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Д-ийн өмчлөлийн “Супер Даюун” маркийн мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Б давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор О.Д, О.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүгдэгч О.Д, О.Н нар нь ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй 5 тооны адууг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ...энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй болно.

Иргэний хуульд заасан дээрх үүргээ биелүүлсний дараа шүүгдэгч О.Д, О.Н нар 5 тооны адууг зарж борлуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдуул мал завшсан гэмт хэргийн шинжийг хангах юм.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Д, О.Н нар нь хуулиар хүлээлгэсэн дээрх үүргээ эс биелүүлж,
мотоцикль ашиглан идэвхитэй үйлдлээр хохирогч Ч.О-ийн эзэмшлийн 5
буюу олон тооны адууг хулгайлж, иргэн С.Бы өвөлжөөнд тууж аваачиж, улмаар махалж борлуулан, түүнд 5180000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчлөлийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.

 

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй
болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Д, О.Н нарт холбогдох хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийн зүйлчлэлийг алдуул мал болгон өөрчилсөн. Шүүгдэгч О.Д, О.Н нар нь 5 тооны адуу болох бусдын эзэмшлийн адууг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллага буюу эрх бүхий байгууллага, багийн Засаг даргад мэдэгдэх үүрэгтэй. Хэргийн нөхцөл байдал болон цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд О.Н, О.Д нар нь тухайн 5 тооны адууг ямар нэгэн Цагдаагийн байгууллага болон нутгийн захиргааны орон нутгийн удирдлага, байгууллагад мэдэгдэхгүйгээр мотоцикль ашиглан тухайн адууг хөөж айлын өвөлжөөн дээр аваачин хашиж улмаар 5 тооны адууг тээврийн хэрэгслээр тээвэрлэн аймгийн төв рүү борлуулан, махалж нийт 5180000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. О.Н, О.Д нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа нь дээрх хууль зүйн үндэслэл болон бусад байдлуудаар тогтоогдож байна. О.Н, О.Д нар нь шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд “манай малд ирж, малтай цуг яваад байсан” гэж хэлж байгаа боловч бүрэн нотлогдож тогтоогдоогүй. Гэрчээр 1, 2 хүн мэдүүлэг өгсөн боловч тухайн малд ирээд удсан эсэх талаар бүрэн нотлогдож тогтоогдоогүй. Иргэдийн хувьд Иргэний хуульд заасны дагуу тухайн малыг мэдсэн даруйдаа Цагдаагийн байгууллага болон орон нутгийн захиргааны удирдлагад “манайд ийм адуу ирээд байна” эсвэл фэйсбүүк болон бусад мэдээллийн хэрэгслээр “ийм адуу манайд ирсэн байна” гэж эрэн сурвалжлах, эзнийг нь олж тогтоох талаар идэвхтэй үйлдэл хийх ёстой. Гэтэл шүүгдэгч нар мотоцикль ашиглан айлын өвөлжөө рүү тууж, хүний машинд ачиж, зарж борлуулж, нууц далд аргаар, шунахайн сэдлээр борлуулсан болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Прокурор Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох байгууллагад мэдэгдсэний дараа нь завшсан бол алдуул малын гэмт хэргийг агуулна гэж тайлбарлаж байна. Дээд шүүх Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн алдуул малыг ашиглахдаа тодорхой орон нутагт буюу Цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дараа завших юм бол энэ нь алдуул малын хэв шинжийг агуулна гэж тайлбарласан.  Хохирогч Хэнтий аймгийн Биндэр суманд  оршин суудаг. О.Д, О.Н нарын оршин суух газраас 50, 60 км-ын зайтай байдаг. Тухайн мал нь 50, 60 км-ын цаана очиж О.Д, О.Н нарын малд нийлсэн. Үүнд О.Д, О.Н нар идэвхтэй үйлдэл хийж ямар нэгэн байдлаар гэрийн гадаа, өөрийн малаа авчраагүй. О.Д, О.Н нарын өмчлөлийн малд 2 сар тухайн мал цуг байсан. Энэ малыг харж байгаад эзэнгүй мал байна гэдэг үндэслэлээр завшсан асуудал байна. Гэрч Энхбаатар, Ууганбаяр, Г нарын мэдүүлэг байдаг. Энхбаатарын мэдүүлэгт 2021 оны 07 дугаар сард О.Дийн адуунд 5 тооны адуу нийлсэн, хамт бэлчээд салахгүй яваад байсан. Эзэн нь ирж адуугаа авахгүй юм гэж хэлж байсан гэх. Ууганбаяр мэдүүлэгтээ намайг адуундаа явж байхад О.Н, О.Д нарын адуунд 5 тооны адуу бэлчиж, хамт гол ус руу явдаг байсан гэх. Г мэдүүлэгтээ адуунд нь 5 тооны адуу цуг байгаад байсан гэх. О.Н, О.Д нар нь хууль зүйн туслалцаа аваагүй үедээ гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ адуу манайд ирээд адууг маань дагаад яваад байсан гэдэг. Прокурор дүгнэлт үйлдэхдээ хохирогч Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас адуугаа алдсан, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын баруун урд зүгээс О.Н, Д нар нь 5 тооны адууг хулгайлсан гэх яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжийг агуулсан, анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлтийг зөв хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Бгийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр О.Д, О.Н нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чээс шүүгдэгч О.Н, О.Д нарыг машин механизм буюу “Супер Даюун” маркийн мотоцикль ашиглан Ч.Огийн олон тооны адууг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-
т зааснаар зүйлчлэн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 212 дугаартай яллах
дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч О.Н, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцлийн тухайд:

Прокурор Т.Б эсэргүүцэлдээ ...Шүүгдэгч О.Д, О.Н нар нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсний дараа 5 тооны адууг зарж борлуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдуул мал завшсан гэмт хэргийн шинжийг хангах юм.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Д, О.Н нар нь хуулиар хүлээлгэсэн дээрх үүргээ эс биелүүлж, мотоцикль ашиглан идэвхитэй үйлдлээр хохирогч Ч.Огийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон байна...гэж үзсэн нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө “...гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжин ирсний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, өөрийн болгосон, захиран зарцуулсан... мөн яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бусдын малыг хулгайлах ямар идэвхитэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдохгүй байна. Харин хохирогчийн адуу, шүүгдэгч нарын адуунд ирж нийлсэн, тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүгдэгч нар  нь дээрх адууг завшиж байгааг нотолсон баримтууд хангалттай цугларсан...” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын бусдын малыг дур мэдэн захиран зарцуулсан үйлдлийг дүгнэхдээ Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх..” үүргээ биелүүлсэн эсэхийг анхаарч үзэлгүйгээр өрөөсгөл дүгнэлт хийж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Н, О.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ