| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 2239002930318 |
| Дугаар | 2023/ДШМ/14 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ДШМ/14
2023 04 04 2023/ДШМ/14
Л.Г, Ц.Т, Б.Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх, шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор Д.Ч,
Шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ю.Б,
Хохирогч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Бын давж заалдах гомдлоор Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2239002930318 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг "Өрөлтийн энгэр" гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Т.Чын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Эын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Ч, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Гийн хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Чт 2.120.000 төгрөг, Ж.Эд 570.000 төгрөг, нийт 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Б.Д нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг "Өрөлтийн энгэр" гэх газарт Л.Г, Ц.Т нартай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Т.Чын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Эын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Ч, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Гийн хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг "Өрөлтийн энгэр" гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Гийн хонин сүргэнд нийлүүлж, Ж.Эын хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Чт 2.120.000 төгрөг, Ж.Эд 570.000 төгрөг, нийт 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чээс шүүгдэгч Л.Г, Ц.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Шүүгдэгч Багимад овогт Лхамгомбын Г, Хөвгүүд овогт Цэгмидийн Т, Боржигон овогт Балдангийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
“Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Т нарт тус бүр 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Дд 1 /нэг/ сарын хугацаагаар тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь буруу байна. Харин яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.
2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/128 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэж, буруу тайлбарласан гэж үзэж байна. Тус захирамжаар тухайн үед 8 ишигний маргаан байхад гэрч Ж.Э 3 тооны хонь алдсан би хохирогч гэж шүүх хуралдаанд оролцсоноос болж шүүх нөхөж хийх боломжгүй ажиллагаа хийх болсон тул хэргийг прокурорт буцаасан. Гэтэл жилийн дараа хэрэг шүүхэд дахин ирэхдээ 56 тооны бог малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж хүндрүүлж орж ирсэн. Мөн мөрдөн байцаагч шүүгдэгч Л.Ггийн өөрийн эзэмшлийн 62 тооны мал алдсанг огт шалгаагүй. Хэсгийн төлөөлөгч Р.Ггийн Ц.Тийн гэрт ирж 48 тооны хонь, ямаа, хурга, ишиг дээрэмдэн авч явсан талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Л.Ггийн 62 тооны бог алдсан талаар эцэслэн шалгаагүй. Хэрэг прокурорт буцсанаас хойш хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг он сар өдөртэй нь засварласан зэрэг маш их алдаа дутагдалтай үйл баримтуудаар хүнийг шүүж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэв.
Хохирогч Ж.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн малаа тоолоход миний малаас 66 тооны бог мал дутуу байсан. 48 тооны малыг Ггаас авсан. 8 тооны малыг Ононгийн хойд энгэрээс олсон. Үлдсэн 10 тооны малыг прокурор Ч, О нар надад таны хохирлыг бүрэн барагдуулж өгнө. Та хохирол барагдуулсан гэж гарын үсэг зур гээд зуруулж нотариатаар баталгаажуулж авсан. Би хуулийн хүмүүс үнэн зөвөөр нь ярьж байна гэж итгэн гарын үсгээ зурсан. Гэтэл одоо
болтол О надад хохирол төлөөгүй, надад төлөх ёстой гэж шүүхийн шийдвэр
ч гараагүй байна. Миний 10 тооны хонь, ямаа өсөж үржээд 30 болсон байх ёстой. Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нь хавтаст хэрэгт Чаас 10 хонь, ямааг авсан талаар мэдүүлэг өгсөн, нотариатаар баталгаажуулж хохиролгүй гэж
илэрхийлсэн тайлбарыг өгсөн хэдий ч хохирол төлбөрөө аваагүй байгаа гэдгийг нэмж хэлмээр байна” гэв.
Шүүгдэгч Л.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Э гуай 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манайд ирэхдээ би Чын хурга ишигтэй нийлүүлж хонь, ямаагаа харж байгаа. Тэгсэн Чын хурга, ишиг алга болчихлоо гэж ирсэн. Тэгэхэд нь би та малаа тоолсон уу гэж асуухад, 4-5 хүн тоолсон эгчийнх нь хонь, ямаа бол алга болоогүй байна. Харин Чын хурга ишиг л алга болчихлоо гэж хэлсэн. Манай малд үзэж харъя гэхэд нь би зөвшөөрсөн боловч манай нөхөр, ээж хоёр хүнээс олон тооны янз бүрийн эм, будагтай хонь, ямаа авсан учраас ялгуулахгүй, хүмүүсийг нь дуудна. Хадлан бордооны цаг эхэлчихсэн учраас хүмүүс нь ирэх боломжгүй байна. Бид хүмүүсийг нь ирэх тул та нарын хурга ишгийг ийш тийш нь болгохгүй, машинаа хөдөлгөхгүй гэж хэлсэн. Гэтэл Э гуай хүүхдүүдтэйгээ манай хашаанд орж энэ ч миний хурга, энэ ч ишиг гээд бүгдийн аваад явсан. Тэгэхэд нь би хүнээс авсан малаа тоолоход 61 хонь, ямаа дутсан. Би шууд Г цагдаад очиж би малтай болох гээд хүн хүний мал харж байгаа. Хэнээс хэдэн мал авсан, өөрийн үндсэн мал хэд байна тоол гэж хэлсэн. Э гуайн хурга, ишгийг зөвхөн будсан байсан уу? манай хурга ишиг бас будсан байсан уу гэдгийг бүгдийг мэдэж байсан. Тэгэхэд би одоохон очлоо та хашаатай байлгаж байгаарай гэж хэлээд ирээгүй.
2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Э гуай манайд ирэхэд та дахиад манай малд шалга гэхэд байхгүй, бид сайн харсан гэж хэлж байсан. Мөн Э гуайн Гомбо гэж яриад байгаа хүн бол түүний хүү юм. Энэ хүмүүс эцэг, эх, үрээрээ бие биедээ гэрч болж байна. Би анх 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 61 тооны малаа алдсан өргөдлөө өгсөн. Харин Э гуай 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өргөдлөө өгсөн.
2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ч танай хонь тасраад явж байх шиг байна гэхэд нь манай тавдугаар ангийн хүү харчихаад ирсэн. Тэгэхэд Э тэр малыг өөрийн малдаа нийлүүлсэн. Үүнийг би энэ хэрэгт хамааралтай гэж үзэж байна. Хуулийн байгууллагынхан ажлаа тухайн үед сайн хийсэн бол өнөөдөр би ч хохирогч байх ёстой байсан. Миний өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлээгүй, хэрнээ надаас сүүлд өгсөн хонь ямааны асуудлыг шалгаж шийдвэрлээд байгаад гомдолтой байна” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хохирогч Ж.Эын 10 тооны хонь ямааг алдсан талаар шалгуулахаар анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан тул прокуророос зохих ажиллагааг хийж хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Шүүгдэгч нарыг яллагдагчаар татахын өмнө хохирогч Э нь 10 тооны малаа авсан гэх мэдүүлгээ өгсөн байдаг.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч нарыг цагаатгах нотлох хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны
шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Бын
гаргасан давж заалдах гомдлоор Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чээс шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 200 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.
Шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.
Хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Ж.Э, Т.Ч нарын тодорхой тооны хонь, хурга ишиг өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран шүүгдэгч Ц.Тийн хонинд нийлсэн гэх үйл баримт үүссэн байхыг үгүйсгэхгүй боловч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь тухайн малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу 48-21 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн
“Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Гийн хонин сүрэгт нийлүүлсэн идэвхтэй үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн “..Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар ...ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малыг ...орон нутгийн захиргааны буюу
цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд
байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” байдаг.
Шүүх шүүгдэгч нарыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үүргээ биелүүлсэн эсэхийг анхаарч үзэлгүйгээр “...гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж
авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжин ирсний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрсөн... мөн яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хулгайлсан, хулгайлахаар ямар идэвхитэй үйлдэл хийсэн талаар баримт хэргийн материалд авагдаагүй, мал хулгайлах болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна...” гэж өрөөсгөл дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасан шийдвэр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно..
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.
Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээх учиртай.
Иймд тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.