| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01811/И |
| Дугаар | 307/ШШ2025/00066 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 307/ШШ2025/00066
2025 01 08 307/ШШ2025/00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01811/и/
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн*******т холбогдох,
"13,555,000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Хариуцагч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч А.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...******* 2020 оны 11 дугаар сарын 01-ний өдөр Түшиг жем ХХК, живх хүргэлтийн дэлгүүрт худалдааны зөвлөх, кассын ажилд орсон. Ажлын үр дүнг сайн хангалттай гэх үнэлгээгээр тушаал дэвшин менежерийн албан тушаалд очсон. 2023 оны 2 дугаар сард буюу цагаан сарын баяр болж байсан тул бэлгэдлээ бодоод гэр бүлийн хэрэгцээнд байсан приус-11 маркийн тээврийн хэрэгслийг 4,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, тээврийн хэрэгслээ шинэчлэх зорилгоор тус компанийн захирал Б.*******аас зээл олгох талаар хүсэлт гаргахад Б.******* нь зөвшөөрсөн. Миний бие санал болгоод Б.******* нь хүлээн зөвшөөрснөөр амаар хэлцэл хийсэн. Уг хэлцэлдээ миний бие тээврийн хэрэгслээ шинэчлэх зорилгыг агуулж зээлийг хүссэн, зээлийг Б.******* нь олгохдоо ***** ДАА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 14,500,000 төгрөгийн үнэ бүхий машины зээлийг төлж дуустал өөрийн нэр дээрээ байлгана, төлж дууссанаар тээврийн хэрэгслийн эзэмшигч болгохоор тохиролцсон. Би урьдчилгаанд 3,500,000 төгрөгийг хувь хүнд төлөөд машиныг нэрийг Б.*******ын нэр дээр шилжүүлээд, 2023 оны 03 дугаар сараас эхлэн сар болгоны эхний цалингаасаа 573,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, хүүтэй төлөхөөр тохиролцоод 1 жил 6 сарын хугацаанд нийт 10,314,000 төгрөгийг цалингаасаа суутгуулаад явж байсан. 2024 оны 9 дүгээр сард харилцагч Энхрий брэнд ХХК надад манай барааг борлуулах ёстой хэмжээнээс илүү зарж орлого оруулсан гэдэг шалтгаанаар урамшуулал олгосон. Олгосон урамшууллыг Б.******* өөрт хэлэлгүй авлаа гэх шалтгаанаар ажлаас халж, тээврийн хэрэгслийг дайрч зандран түлхүүр булаан авч хураасан. Үлдэгдэл болох 686,000 төгрөгийг төлөөд машинаа авъя гэсэн боловч татгалзсан. Хүүхдүүдээ зөөх, ахуй амьдралд хэрэгцээтэй байгаа тул урьдчилгаа төлбөр 3,500,000 төгрөг, машины зээлд төлсөн 10,314,000 төгрөг нийт 13,814,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас машины торгууль 210,000 төгрөг, замын хураамж 4000 төгрөг, татвар 45,000 төгрөг нийт 259,000 төгрөгийг хасаж, 13,555,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан 13,814,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.******* нь машинаа сайжруулах зорилгоор өөрийн приус 11 маркийн авто машиныг 4,500,000 төгрөгөөр худалдан борлуулж одоо надад мөнгө байхгүй би банкны хар данстай та надад банкнаас зээл аваад өгөөч гэж гуйсны үндсэн дээр миний бие нь өөрийн нэр дээр Хас банкнаас Хадгаламж барьцаалсан 11,000,000 төгрөгийн зээл авч машинаа зарах хүн болох Үржинбат******* гэдэг хүний Хаан банкны ****** тоот дансанд 11,020,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингээд Б.******* нь миний шилжүүлж өгсөн мөнгө болон өөрийнхөө урьдчилгааны 3,500,000 төгрөгтэй нийлүүлж 14,500,000 төгрөгөөр зүс таних хүнээс 3 жил гаран унасан хуучин машин болох Приус 30 маркийн авто машиныг авч унасан. Нэгэнт би өөрийн нэр дээр банкнаас хүүтэй зээл авсан учраас приус 30 маркийн автомашиныг Б.*******тай тохиролцсоны үндсэн дээр автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан.
Б.******* нь уг авто машиныг 1 жил 6 сар унаж байх үедээ ажлын байран дээрээ алдаа дутагдал гаргаж хариуцагч байгууллагын урамшууллын бараа бүтээгдэхүүнийг олон сар худалдан борлуулж хувьдаа төлбөрийг нь авч байсан нь баригдаж гэнэтийн тооллого хийж 2024 оны сарын 13-ны өдөр ажлаасаа гарсан. Ингээд Б.*******т учир байдлыг тайлбарлан ойлгуулж, түүнд хэдэн төгрөгийн өр төлбөр гарахыг мэдэхгүй тооллогын эцсийн хариу гартал машиныг нь авч хэрвээ өр төлбөртэй гарах юм бол өрөө төлөөд үлдсэн банкны зээлээ төлөөд авто машинаа өөрийн нэр дээрээ шилжүүлж авч болно гэж хэлсэн. Тэгээд машиныг нь 2024 оны сарын 13-ны өдөр өөрийн хашаандаа байрлуулж тавиад одоог хүртэл хадгалж байгаа. Гэтэл Б.******* нь урьдчилгаанд өгсөн 3,500,000 төгрөг миний банкнаас зээлж авч өгсөн. 11,000,000 төгрөгийг надаас буцааж авна гэсэн шаардлага гаргаж байна. Би Б.*******ийн зээлд төлөх төлбөр одоогийн байдлаар 3,228,951.61 төгрөг байгаа тул энийг төлөх ёстой. Тийм учраас энэ мөнгийг би хариуцах ямар ч үндэслэл байхгүй болно.
Байгууллагад төлөх өр төлбөр, зээлд төлөх өр төлбөрийг дуусгасны дараа Б.*******т машиныг нь хүлээлгэж өгөөд бичиг баримтыг нь өөрийнх нь нэр дээр болгож өгнө. Машин нь манай хашаанд 2 сар хадгалагдсан боловч Б.******* нь чамаас банкны машины буцааж авахгүй хүний 2 сар унасан машинаар яах юм гэсэн. Приус 30 маркийн машиныг Б.*******аас өмнө 3 жил гаран өөр хүн унасан дээр нь Б.******* нь өөрөө 1 жил 6 сар унасан хуучин машиныг би анхны үнэ болох 14,500,000 төгрөг төлж яагаад авах ёстой гэж энэ шударга ёсонд нийцэхгүй байна... гэжээ.
3. Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.******* манай компанид ажиллаж байсан нь үнэн. Сайн ажиллаж байсан гээд шилдэг ажилтнаар хүртэл шалгаруулж байсан. Нэхэмжлэл дээрээ хэлсэн байдаг. Энхрий брэнд надад орлого оруулсан гээд урамшуулал олгосон гэж хэлдэг. Энэ болохоор 1 компани биш 3 компани байгаа юмаа. Энэ хүн маш их хэмжээний урамшуулал гэж бараа өгдөг тэрийг бид нарт хэлэлгүйгээр зарж борлуулж, завшиж авсан. Бид холбогдох материалуудыг бүрдүүлээд цагдаагийн байгууллагад өгсөн одоо шалгагдаад явж байгаа. Бид нар одоо болтол Б.*******ийг халаагүй байгаа. Машины урьдчилгаа болгож 3,500,000 төгрөгийг өгсөн гэдгийг би мэдэхгүй. Ямар ч байсан Хас банкнаас хадгаламж барьцаалсан зээл 11 сая төгрөгийг би өөрийн нэр дээр 24 сарын хугацаатай зээлийг авч өгөөд машины төлбөр гэж шилжүүлсэн. Тэр мөнгийг надад цалингаасаа хуваан төлье гэж тохирсон. Цалингаасаа сард 573,000 төгрөгийг суутгаад 1 жил 6 сар төлсөн байдаг. Нийт 10,314,000 төгрөг төлсөн нь үнэн. Одоо би Хас банканд 3,228,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа үүнийг Б.******* төлөх ёстой. Миний зүгээс бусад төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримтыг гаргаж өгөх болон мэтгэлцэх зарчмаар шийддэг. Гол нь нэхэмжлэл дээр өөрөө хариуцагчийн үгүйсгээд байгаа шаардлагыг нотлоод өгсөн. 4,500,000 төгрөгөөр тээврийн хэрэгслээ худалдаад мөнгө шилжүүлсэн гэдэг нь ерөөсөө нотлогдоогүй. Хариуцагчийн хариу тайлбар дээр энийг зөвшөөрөхгүй. Тухайн үед авсан машиныхаа үнээр нэхэмжилж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн. Гол асуудал маань Б.******* бид хоёрын хооронд хэлцэл хийгдээд, Хас банкнаас 24 сарын хугацаатай хүүтэйгээ цалингаасаа 573,000 төгрөгийг 3 сараас эхлээд төлж байсан. Нийт 1 жил 6 сарын хугацаанд 10,327,000 төгрөгийг төлсөн. Б.*******ын авсан зээл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас зээлийн үлдэгдэл 3,228,000 төгрөгийг төлүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэл гаргах байсан. Өмгөөлөгчийн зүгээс алдаа гаргасан тал байгаа. Торгууль татварыг зөвшөөрсөн учраас хэлэх зүйл байхгүй. Нэгэнт энэ хүн машинаа буцааж авахгүй гээд нэхэмжилж байгаа учраас нэхэмжилж байгаа үнийн дүнгээс урьдчилгаа 3,500,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 3,228,000 төгрөгийг хасаад төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, **** тоот Хаан банкны дансны хуулга, Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн **** тоот дансны хуулга, цалингийн хүснэгт, зохигчдын харилцсан цахим зурвас, торгуулийн мэдээлэл /нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар/ зэргийг ирүүлсэн байна.
6. Хариуцагчаас автомашины торгуулийн мэдээлэл, Б.*******ын эзэмшлийн хас банкны *****тоот дансны хуулга /нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбарууд/, Дархан зиг ХХК-ийн автомашинд оношилгоо хийсэн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн баримт, Б.*******ын Хас банкны зээлийн дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан 13,555,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нийт 13,814,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагч Б.*******аас тус автомашинд төлсөн татвар, торгууль, хураамж болох 210,000 төгрөг, 4,000 төгрөг, 45,000 төгрөг, нийт 259,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, үлдэх 13,555,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан болно.
2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...Өөрийн машиныг сайжруулах зорилгоор Приус 11 маркийн автомашинаа 4,600,000 төгрөгөөр худалдан, 14,500,000 төгрөгөөр Приус-30 маркийн автомашин худалдан авахаар болж 3,500,000 төгрөгийг урьдчилгаанд өгөөд 11,000,000 төгрөгийг сар бүр цалингаасаа төлөхөөр Б.*******тай тохирсны дагуу түүнээс зээлж авсан. Зээлээ төлж дууссаны дараа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авахаар тохирч, автомашинаа Б.*******ын нэр дээр бүртгүүлсэн. Зээлдээ нийт 10,314,000 төгрөгийг төлсөн байхад автомашиныг мөн хураан авсан. Иймд машины үнийн урьдчилгаанд төлсөн 3,500,000 төгрөг, цалингаасаа төлсөн 10,314,000 төгрөг нийт 13,814,000 төгрөг болж байгаагаас машины татвар, төлбөрийг хасаад үлдэх 13,555,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Б.******* нь манай компанид ажилладаг байсан бөгөөд машин авах зорилгоор зээл хэрэгтэй байна гэхээр нь би 11,000,000 төгрөгийн зээлийг хас банкнаас өөрийн нэр дээр авч машин худалдсан хүн рүү нь шилжүүлсэн. Тэгээд машиныг өөрийн нэр дээр бүртгүүлсэн.Ажил дээрээ зөрчил гаргасан тул өр төлбөртэй нь холбоотойгоор машиныг 2024 оны сарын 13-ны өдөр өөрийн хашаанд байрлуулсан. Түүнд авч өгсөн зээлийн үлдэгдэл 3,228,951.61 төгрөгийг Б.******* төлөх ёстой. Үүнийг хасвал үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарладаг болно.
4. Талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ын компанид ажилладаг байсан бөгөөд автомашин худалдан авах зорилгоор 11,000,000 төгрөгийг иргэн Б.*******аас зээлж авч, машины үнэд төлүүлсэн, энэхүү зээлийн төлбөрөөс сар бүрийн цалингаас 573,000 төгрөгийг төлж, нийт 1 жил 6 сарын хугацаанд 10,314,000 төгрөгийг Б.*******т буцаан төлсөн, Б.******* нь тухайн автомашиныг зээлийн төлбөр бүрэн төлөгдсөний дараа буцаан шилжүүлэхээр өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 2024 оны сарын 13-ны өдөр машиныг биет байдлаар өөрийн эзэмшилдээ авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.*******ийг 14,500,000 төгрөгөөр тухайн автомашиныг худалдан авсан болон урьдчилгаанд 3,500,000 төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй, 3,500,000 төгрөг төлсөн талаар баримт хэрэгт байхгүй, нотлогдохгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч Б.******* нь 2024 оны 11 сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа Б.******* нь машинаа сайжруулах зорилгоор өөрийн Приус-11 машиныг 4,500,000 төгрөгөөр худалдан борлуулж,надад мөнгө байхгүй тул та надад банкнаас зээл аваад өг гэж гуйсны үндсэн дээр 11,020,000 төгрөгийг машинаа зарах хүн болох Үржинбат******* гэдэг хүний данс руу шилжүүлж өгсөн, ингээд миний шилжүүлж өгсөн мөнгө, өөрийнхөө урьдчилгааны 3,500,000 төгрөгтэй нийлүүлж, 14,500,000 төгрөгөөр зүс үл таних хүнээс 3 жил гаран унасан хуучин машин болох Приус-30 маркийн автомашиныг авч унасан... гэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогчид шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбараас өөр тайлбарыг шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагчийн нэхэмжлэлийн хувийг гардан аваад шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг үндэслэн тухайн Приус-30 маркийн автомашиныг 14,500,000 төгрөгөөр худалдан авсан гэж үзэхээр байна.
Мөн тухайн автомашин нь Б.*******ын нэр дээр бүртгэлтэй, түүний эзэмшилд бодитоор шилжсэн байна.
6. Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байгаа бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тухайн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус амаар байгуулжээ.
Зээлийн гэрээний дагуу 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******аас зээлсэн бөгөөд үүнээс 10,314,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэх 686,000 төгрөгийг автомашины үнээс хасаж тооцож нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлсон болох нь тогтоогдож байна. /14.500.000-686.000=13.814.000 шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн/
Хариуцагч нь дээрх зээлийг Б.*******т өөрийн нэрээр банкнаас хүүтэй зээлж өгсөн, одоо үлдэгдэл 3,228,951.61 төгрөгийг Б.******* төлөх ёстой учир нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцно гэж тайлбарлаж байгаа боловч талууд хүү тохиролцоогүй, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй байна. Нөгөө талаас Б.******* нь зээлийн гэрээний үүргийн талаар болон өөрт учирсан хохирлын талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг талууд амаар тохирч, зээлийн төлбөрийг төлөх баталгаа болгож автомашиныг зээлдүүлэгч буюу хариуцагч Б.*******ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлсэн, түүнчлэн Б.******* нь тухайн автомашиныг бодитоор эзэмшилдээ шилжүүлэн авсан бөгөөд талууд энэхүү хэлцлийн хувьд маргаагүй, нэхэмжлэгч нь автомашинаа буцаан шаардаагүй болно.
Харин нэхэмжлэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад түүний 14,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хариуцагч Б.******* мөн өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна.
Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болохоор заасны дагуу үндсэн үүргийг биелүүлснээр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан хэлцэл мөн дуусгавар болох учиртай.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д: Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд энэхүү хэлцэл нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д: Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар буюу автомашины үнийг тооцож шаардах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Б.*******ийн 13,555,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,020 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 225,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 13,555,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,020 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 225,725 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ