Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 307/ШШ2025/00068

 

 

2025 01 08 307/ШШ2025/00069

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 135/2024/01770/И

    Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, ********* давхарт байрлах, ******* ББСБ ХХК (РД:******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, *********** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 52,794,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2021 оны 10 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр төлсөнд тооцож, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгох, дагалдах гэрээ болох барьцааны гэрээг дуусгавар болгож барьцааны хөрөнгүүд болох ****** ДАА улсын дугаартай Subaru porester маркийн автомашины, Дархан-Уул аймгийн 15 дугаар багт байрлах 0,8 м.кв гэр бүлийн хэрэгцээний инженерийн шугамтай өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх, илүү төлөгдсөн 11,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэл, А.Тэмүүжин (цахимаар),

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Хариуцагч нарын өмгөөлөгч А.*******, К.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Д.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,794,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ...******* ББСБ ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээгээр Д.*******д 79,500,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Д.******* гэрээ байгуулсан. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд 2024 оны 06 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 49,503,656 төгрөг, хүү 2,717,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 543,557 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 52,794,996 төгрөгийн үүрэг үүсээд байна.

Хариуцагч нараас үүргээ биелүүлэхийг шаардах бүрд зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэж хүсэлт гаргадаг байсан. Зээлдэгч болон хамтран зээлдэгч үүрэг гүйцэтгэгч нар нь ипотекийн гэрээний дагуу:

-Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, их сургуулийн гудамж, тоот хаягт байрлах 797,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалсан.

Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь фидуцийн гэрээний дагуу

-Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 16 дугаар байрны 59 тоот хаягт оршин суух, 2011/2019 онд үйлдвэрлэгдсэн арлын дугаартай Subaru.Forester-S12 суудлын автомашин барьцаалсан.

Иймд хариуцагч нар нь 2024 оны 06 сарын 26-ны өдрийн байдлаар зээл 49,503,656 төгрөг, үндсэн хүү 2,717,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 543,557 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 52,794,996 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлэхгүй тохиолдолд дээр дурдсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү... гэв.

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие ******* ББСБ ХХК-тай 2021 оны 10 сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 79,500,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэйгээр авч 15-03 ДАА улсын дугаартай Lexus-RX350 маркийн автомашиныг худалдан авсан. Дээрх зээлийн гэрээний 3.1.5 бизнесийн зээл, 3.1.6-д G47 бүх төрлийн бүх төрлийн жижиглэн худалдаа гэсэн зориулалтаар олгосон. Машиныг өөрсдийн нэр лүү шилжүүлэн фидуцийн гэрээ хийсэн ч надад фидуцийн гэрээний хувийг өгөөгүй. Уг зээлийн гэрээний барьцаанд фидуцийн гэрээ хийснээс гадна, дараах барьцааны гэрээг хийсэн. Үүнд: 2014 онд үйлдвэрлэсэн 2021 оны 09 сард орж ирсэн 15-03 ДАА улсын дугаартай RX350 маркийн автомашин, 2011 онд үйлдвэрлэсэн ДАА улсын дугаартай Subaru porester маркийн авто машин, Дархан-Уул аймгийн 15 дугаарт багт байрлах 08 м.кв гэр бүлийн хэрэгцээний инженерийн шугамтай өмчлөлийн газар 2 автомашин, 1 газар зэргийг барьцаанд тавьсан.

Миний бие зээлийн гэрээний үүргээ 2022 оны 10 сар хүртэл хэвийн төлж байгаад үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон.

Иймд ******* ББСБ-аас 2023 оны 11 сард удаа дараа над руу залгаж машиныг хурааж зарж борлуулах талаар хэлж мэдэгдсэн учир өрөнд орохоос айж, ******* ББСБ-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Содномпилээс тавьсан 15-03 ДАА улсын дугаартай Lexus-RX350 маркийн автомашиныг хураан авна, үгүй бол зах зээлийн ханшаар худалдан борлуулж, зээлээс хасуулах гэсэн шаардлагын дагуу аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч хэлснийх нь дагуу өргөдөл бичиж, машинаа хүлээлгэн өгсөн болно. Энэ хугацаанаас хойш миний бие фейсбүүкийн RX зарын группүүд болон үнэгүй.мн гэх мэт заруудаар тогтмол зар оруулж авах, үзэх сонирхолтой хүмүүсийг холбож өгч явуулдаг байсан. Гэвч миний машиныг өвөл гадаа ил зогсоолд байрлуулсан. Да хүрээ зах дээр байгаа гэж хэлсэн. Надаас машин хүлээн авахдаа ил задгай гадаа зогсоолд тавьж зогсоолын төлбөр авна гэж хэлээгүй. Би дулаан зогсоолд байрлуулсан гэж бодсон.

Да хүрээ зах дээр миний машиныг борлуулна гэж хэлсэн. Гэтэл хүлээн авсан этгээд очиж үзсэн хүмүүст Наад машины чинь эзэн байхгүй, зарахгүй, наад машин чинь тарчихсан машин ш дээ, наадхаараа яадаг юм гэх мэтчилэн хэлэхээс гадна, өөрөө тухайн газраа 2, 3-н удаагийн тохиолдлоор эзгүй байсан. Угаас миний машиныг тарцан, будаа болцон гэж хэлсэн нь өөрсдөө унаж, хэрэглээд эвдэлсэн байх магадлалтай, надад огт байршлаасаа хөдлөөгүй гэх боловч цахимаар 2 удаа торгуулийн хуудас ирсэн.

Би машинаа тэнд ямар байдалтай байгааг харах, машиныг маань 60 сая төгрөгөөр бэлэн худалдаж авах хүн дагуулаад зарах зорилгоор очиход зарах ямар ч хүсэлгүй мэт зарах гээд байрлуулсан машинуудын ард, мухарт хаагаад тавьчихсан, цасанд даруулсан байдалтай зогсож байсан. Уг ченж гэх хүнээс асуухад өөр зогсоол байхгүй, энд байгаа нь их юм гэж үл тоомсорлосон байдалтай хандаж байсан. Машинаа зарахаар төв салбар луу урьдчилгаа бэлэн хүн явуулахад бас л шалихгүй шалтаг зааж хямдхан үнээр машиныг зарж борлуулсан байсан.

Дарханд зээлийн барьцаанд хураалгасан 2011 онд үйлдвэрлэгдсэн Subaru porester маркийн авто машиныг зогсоолын төлбөр 1,380,000 төгрөг болсон ба өдөр бүр нэмэгдэж байгаа. Өөрсдөө унаж явж торгуулийн төлбөр, байгууллагын хашаан дотор зогсоолд байрлуулсан зогсоолын төлбөр нийт 800,000 төгрөг орчим төгрөг миний зээл дээр нэмж авлага үүсгэсэн байдалтайгаар намайг илтэд хохироож байна.

Зээлийн эргэн төлөлтөд 44,500,000 төгрөг төлж, фидуцийн гэрээтэй машиныг 46,000,000 төгрөгөөр худалдан борлуулж нийт 90,500,000 төгрөгийг зээлийн төлбөрт авсан атлаа ахиад төлбөрийн өр үүсгэж тогтмол дарамт үүсгэж байна.

Хуулийн заалтаар фидуцийн хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ дуусгавар болох ёстой болно. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

3. Хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...зээлийн эргэн төлөлтөд 44,500,000 төгрөг төлж, фидуцийн гэрээтэй машиныг 46,000,000 төгрөгөөр худалдан борлуулж нийт 90,500,000 төгрөг зээлийн төлбөрт авсан. Хуулийн заалтаар фидуцийн хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд зээлийн гэрээ дуусгавар болгох ёстой. Иймд фидуцийн гэрээгээр үүрэг хангагдаж дуусгавар болсон тул дараах шаардлагыг гаргаж байна.

Үүнд: 2021 оны 10 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр төлсөнд тооцож, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох,

Дагалдах гэрээ болох барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг суллуулах үүнд: 09-76 ДАА улсын дугаартай subaru porester маркийн автомашин,

Дархан-Уул аймгийн 15 дугаар багт байрлах 1 газар, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-д хэсэгт Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу илүү төлсөн 11,050,000 төгрөгийг шаардаж байна... гэв.

4. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлд ...Фидуцийн гэрээ нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэрээ юм. Үндсэн үүрэг зөрчигдөөд ирвэл барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулна гэсэн ойлголт. Уг гэрээний 4.3.2-т .. тухайн зээлдэгч нь зээлийн барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ ашиглах бөгөөд анх байсан байдлаар нь хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл тухайн автомашиныг анх авсан байдлаар нь хүлээлгэн өгөөгүй, өөрөөр хэлбэл автомашины өгнө үзэмж гандах, эд анги муудах, анх барьцаанд авч байсан үеийн байдлаас автомашины нөхцөл байдал дордсон байсан учраас бодит үнийн дүнгээр зарж борлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ байдлыг хариуцагч Д.******* өөрөө мэдэж байсан учраас лексус маркийн автомашинаа худалдан борлуулах зарыг тавьж явсан. Хариуцагч нь лексус автомашиныг анх байсан байдлаар нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, машины явах эд ангийг муутгасан, сэв зураас гарсан гэх зэрэг доголдол үүссэн. Үүнийгээ Д.******* хүлээн зөвшөөрч, өөрөө уг автомашинаа 46 сая төгрөгөөр худалдан борлуулъя гэдэг хүсэлтээ бичиж өгсний дагуу худалдаж, зээлийн төлбөрөөс хассан. Энэ нөхцөл байдлыг Д.*******, Д.******* нар мэдэж байгаа. Тэгээд өнөөдөр шүүхийн шатанд өмгөөлөгч авчхаад би одоо хохироод байна гэдэг асуудал яриад байх юм. Хариуцагч нар өөрсдөө зээл, хүүгээ зогсооё гэж гуйсан учраас зээл, хүүгээ зогсоогоод шүүхэд хандсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор ДАА улсын дугаартай Subaru Forester-S12 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын бүртгэлийн №000599180 дугаартай, 4504501137 нэгж талбарын дугаартай, Г-20030004439 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Их сургуулийн 3 дугаар гудамж, 66 а тоот хаягтай, ******* овогт *******ын *******ий өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 27100430006 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, 2021 оны 10 сарын 28-ын өдрийн № дугаартай, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци), барьцаа хөрөнгийн жагсаалт, *******ын ******* зээл, хүүний тооцоо, ******* ББСБ ХХК-ийн 2023 оны 07 сарын 26-ны өдрийн Барьцааны зүйлийг хадгалалт, хамгаалалтад авах тухай баримт, ******* ББСБ-д 2024 оны 04 сарын 26-ны өдөр Д.*******ий гаргасан өргөдөл, ******* ББСБ ХХК-ийн Д.*******, Д.******* нарт хүргүүлсэн шаардах хуудас, 2023 оны 09 сарын 29-ний өдрийн №23/97 дугаартай Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдэх хуудас, 2023 оны 07 сарын 17-ын өдрийн №23/028 дугаартай Барьцаа хөрөнгийг хадгалалт, хамгаалалтад авах тухай мэдэгдэх хуудас, ******* ББСБ ХХК-ийн Зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн Д.*******, Д.******* нарт холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 40,320,996 төгрөгийн шаардлагыг болон барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 12,474,000 төгрөг гаргуулах, автомашиныг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нарын гаргасан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах, дагалдах гэрээнүүдийг дуусгавар болгож, гэрээний зүйл болох автомашин, газрыг чөлөөлүүлэх, илүү төлсөн 11,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлдээ хохиролд илүү төлсөн дүн болох 11,050,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаан дээр тодруулахад үнийн дүнг хасахдаа буруу тооцсон тул 11,000,000 төгрөг гэж тодруулсан болно.

2. Нэхэмжлэгч тал ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч талаас 2024 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан бөгөөд энэ өдрийн байдлаар тооцогдсон зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 52,794,996 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Энэ төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулахаар шаардлага гаргаж байна гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ: ... фидуцийн зүйлийг биет байдлаар нэхэмжлэгч нь шилжүүлэн авсан тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Мөн хэрэгт нэхэмжлэгчийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авагдаагүй тул хүү шаардах эрхгүй, зээлийн гэрээний дагуу төлсөн 44,500,000 төгрөг, фидуцийн гэрээний зүйлийг 46,000,000 төгрөгөөр худалдаж төлбөрт тооцуулсан. Ингээд нийт 90,500,000 төгрөг төлсөн. Иймд гэрээний үүрэг болох 79,500,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзнэ. Харин илүү 11,000,000 төгрөг төлсөн... гэж тайлбарладаг болно.

4. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ... Нэгэнт гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах, дагалдах гэрээнүүдийг дуусгавар болгож, гэрээний зүйл болох автомашин, газрыг чөлөөлүүлэх, илүү төлсөн 11,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... тус байгууллага нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээгээр энэхүү байдал тогтоогдож байгаа. Хариуцагч нарын нөхцөл байдлыг манай зүгээс харж үзэж, гэрээг 2024 оны 06 сарын 26-ны өдөр цуцалж, түүнээс хойш ямар ч хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй зогсоосон. Гэтэл одоо үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

6. Хэрэгт 2021 оны 10 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн баталгаат ипотекийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ тус тус авагдсан бөгөөд зээлийн гэрээгээр 79,500,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай олгохоор талууд тохирсон, гэрээнд зээлдэгчээр Д.*******, хамтран зээлдэгчээр Д.******* гарын үсэг зурсан байна. /хх-ийн 9-16 дугаар хуудас/

2021 оны 10 сарын 28-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээг талууд мөн байгуулан, Д.*******гийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Их сургуулийн 3 дугаар гудамж, тоотод байрлах, *** нэгж талбарын дугаартай, 797,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Мөн өдрийн фидуцийн гэрээгээр 15-03 ДАА улсын дугаартай, Lexus RX-350 маркийн автомашин, 09-76 ДАА улсын дугаартай, Subaru Forester маркийн суудлын автомашиныг тус тус нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлсэн байна. /хх-ийн 6-5 дугаар хуудас/

Гэрээ байгуулсан үндэслэл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

7. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь дээрх гэрээний дагуу 79,500,000 төгрөгийг хүлээн авсан, 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн төлөлтөөр 44,530,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн, 2024 оны 04 сарын 26-ны өдрийн хариуцагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу фидуцийн гэрээний зүйл болох 15-03 ДАА улсын дугаартай, Lexus RX-350 маркийн авто машиныг 46,000,000 төгрөгөөр худалдан зээлийн төлбөрөөс хасаж тооцсон, 2024 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээг нэг талын санаачлагчаар цуцалсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд ******* ББСБ ХХК болон Д.*******, Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Хариуцагчийн өмгөөлөгч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байгаа эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар хуульд нийцэхгүй байна.

******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд тус гэрчилгээгээр үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл гэх хэсэг дээр Зээлийн гэж бичигджээ. /хх-ийн 8 дугаар хуудас/

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно, 11 дүгээр зүйлийн 11.2-т: Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт "Банк бус санхүүгийн байгууллага" болон "ББСБ" гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно гэж тус тус заасан байна.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т: "улсын бүртгэлийн гэрчилгээ" гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг ойлгоно, 10 дугаар зүйлийн 10.4-т: Эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хувьд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ гэж зааснаас үзэхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлийг эрх бүхий төрийн байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, тухайн тэмдэглэл, өөрчлөлтийг хийхээр байна.

Үйл ажиллагааны чиглэлийг эрх бүхий байгууллага бүртгэсэн гэрчилгээг шүүхэд ирүүлсэн байхад тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийг хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээ байна гэж дүгнэв.

8. Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн шаардлагуудыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчээс үндсэн зээлийн үлдэгдэлд 49,503,656 төгрөг, хүү 2,717,783 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 543,557 төгрөг, нийт 52,764,996 төгрөгийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 10 сарын 28-ны өдрийн талуудын байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний зүйл болох 15-03 ДАА улсын дугаартай, Lexus RX-350 маркийн авто машиныг 46,000,000 төгрөгөөр худалдан зээлийн төлбөрөөс хасаж тооцсон, мөн 09-76 ДАА улсын дугаартай, Subaru Forester маркийн суудлын автомашиныг 2023 оны 07 сарын 26-ны өдөр хураан авч, өөрийн эзэмшилд авсан байна. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.

Нэхэмжлэгч тал автомашиныг бодитоор гаргуулан авсан атлаа зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүй, хариуцагч тал бусдад худалдах зөвшөөрөл олгохгүй байгаа тул шүүхэд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд бодитоор авахад ямар нэгэн зөвшөөрөл авах тухай зохицуулалт хуульчлагдаагүй юм.

Иймд нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй бөгөөд энэхүү автомашины үнийг зээлийн гэрээний үүргээс хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Нөгөө талаас хариуцагч тал Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан зохицуулалтыг эд хөрөнгийг бодитоор гаргуулан авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү хуульд зөвхөн фидуцийн гэрээ буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор заасан бөгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй.

Талууд тухайн автомашины үнийн талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй бөгөөд хэрэгт авагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хавсралтаар 09-76 ДАА улсын дугаартай, Subaru Forester маркийн суудлын автомашиныг 12,474,000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож тогтоож, гэрээнд заажээ. /хх-ийн 16 дугаар хуудас/

Иймд энэхүү үнийн дүнгээр гэрээний үүргийг биелүүлсэнд тооцох үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь зээлийн тооцоолол тодорхойгүй, үүрэг гүйцэтгэгч нарт хүргүүлж байсан хэрэгт авагдсан үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн шаардах хуудсны тооцоолол зөрүүтэй байна гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг боловч тооцоог хэрхэн, хэдэн төгрөгөөр зөрүүтэй тооцсон гэж үзэж байгаа талаар тодорхойлоогүй, тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний графикт хугацаа хэтрүүлсэн, үүргээ зөрчсөн байдал хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг 2024 оны 06 сарын 26-ны өдөр буюу гэрээ цуцлах хүртэл тооцож шаардаж байгаа нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Д.*******, Д.******* нараас гэрээний үүрэгт нийт шаардсан 52,764,996 төгрөгөөс автомашины талуудын тохиролцсон үнэ 12,474,000 төгрөгийг хасаж, 40,290,996 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 40,320,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 12,474,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Дээр дурдсан нотариатын зардал 30,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул хангаж шийдвэрлэсэн болно.

9. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заажээ.

Хариуцагч нар нь нийт төлбөр болох 40,320,996 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Д.*******гийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Их сургуулийн 3 дугаар гудамж, тоотод байрлах, 4504501137 нэгж талбарын дугаартай, 797,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ фидуцийн гэрээний зүйл болох нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд байгаа автомашиныг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь тухайн автомашиныг өөрийн эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авснаар тус фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул энэхүү хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай ойлголт байхгүй тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

10. Дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж шийдвэрлэсэн тул хариуцагч нарын гаргасан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах, дагалдах гэрээнүүдийг дуусгавар болгож, гэрээний зүйл болох автомашин, газрыг чөлөөлүүлэх, илүү төлсөн 11,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491,980 төгрөг, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 821,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 429,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 235 дугаар зүйлийн 235.3, 236 дугаар зүйлийн 236.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******, Д.******* нараас нийт 40,320,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 12,474,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах, дагалдах гэрээнүүдийг дуусгавар болгож, гэрээний зүйл болох автомашин, газрыг чөлөөлүүлэх, илүү төлсөн 11,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь нийт 40,320,996 төгрөгийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.*******гийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Их сургуулийн 3 дугаар гудамж, тоотод байрлах, 4504501137 нэгж талбарын дугаартай, 797,0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 09-76 ДАА улсын дугаартай, Subaru Forester маркийн суудлын автомашиныг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491,980 төгрөг, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 821,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Д.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 429,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ОЮУНЦЭЦЭГ