Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

    2023      04          04                                           2023/ДШМ/15

 

 

Н.Эд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Н.А /цахимаар/,

Шүүгдэгч Н.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Бын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2240000000074 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Бор шороот” гэх газар нутаглах Н.Бийн бэлчээрт байсан 8 тооны үхрийг хулгайлж 6,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 07 дугаар сарын 13-ны шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Хар толгойн гол” гэх газраас иргэн П.Бын 3 тооны эр хонийг мотоцикль ашиглан хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Ааас Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Э нь надаас нэг үхэр авсан. 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Бооёо бид хоёрыг байхад Х.Э надад 3 хонь өгсөн. Ямар учиртай хонь вэ гэж асуухад хоттой хониноосоо авлаа гэж, нэг болохоор хүнээс авах ёстой байсан хонь гэж хэлсэн. Х.Э надад 2 эр ямаа өгөх ёстой байсан. Гарал үүслийн бичиг байхгүй 3 хонь өгөөд сүүлд нь би ийм байдалд хүрчихлээ. Би Х.Эт хулгайн хонь юм биш биз дээ, би шоронд орох болно. Тэр хүн чинь надаас 600.000 төгрөг нэхэмжлээд байна гэж хэлэхэд Х.Эын эхнэр н.Дэлгэр надад 600.000 төгрөг өгсөн. Энэ асуудал чинь шүүх, цагдаа болоод байна, юун хонь вэ гэж ярих гээд залгахад утсаа аваагүй. Эхнэр нь 600.000 төгрөг явуулсан. Би хулгай хийсэн бол өөрөө л хохирлоо төлнө. Энэ хүмүүс миний өмнөөс хохирол төлнө гэж байхгүй. Би айлын малаас хулгай хийсэн гэдгийг тухайн үед мэдээгүй. Залгаад ярих гэтэл өөрсдөө утсаа авахаа больсон... Би тухайн үед Этай нүүрэлдүүлээд өгөөч гэж байцаагчид хэлж байсан... уг хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулмаар байна...” гэв.

Шүүгдэгийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Э нь гэм буруутай үйлдлээ шударгаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү өөрийн бодол зорилго, дүгнэлтдээ тодорхой байр сууриа илэрхийлэх чадвар муу, бичиг үсгийн чадваргүйн улмаас бусдын асуултыг тодорхой хэмжээнд ойлгож хариулахад мөхөс хандаж буруу зөрүү мэдүүлсэн нь шүүхээс өрөөсгөл дүгнэлтийг хийхэд нөлөөлсөн байж болзошгүй. Шүүхээс аливаа гэмт хэргийн бодит үндэслэлтэй уялдуулан хууль хэрэглээг хувь хүний төлөвшил хүмүүжилд тохирсон энэрэнгүй шударга ёсны зарчмын шаардлагаар хандаж чадаагүй хэмээн үзэж байна.

 

 

Өмгөөлөгчийн хувьд Н.Эы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7  дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа бөгөөд шүүхээс түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний хувийн байдлыг харгалзан үзэх нөхцөл байдлыг хөндсөн нь учир дутагдалтай. Хэдийгээр миний үйлчлүүлэгч хэд хэдэн удаагийн шийтгэлтэй нь үнэн боловч ганцхан энэ талын үндэслэлийг хувийн байдалд шууд хамааруулан дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. 

Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаан байхгүй, үйлдэл холбогдол дээр мөн маргаангүй гэдгийг онцгойлон анхаарч өгнө үү.

Мөн уг хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй. Гэмт хэргийн шинж байдал, учирсан хор уршиг, үр дагавар, хохирлын хэмжээ зэргийг харьцуулан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч нарын зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн Н.Эы ахуй амьдралын талаарх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан  ялыг нь хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан уг ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтойг анхаарч үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдолдоо би шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулмаар байна гэж гомдлоо гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт дахин үүнийгээ ярьж байна. Гэхдээ гомдлыг харахад энэ хэрэгт ямар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх гэж байгаа нь тодорхой биш байсан. Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсоход Х.Э надад мал өгсөн, би тэрийг нь хулгайлаагүй гэж ярьж байна. Н.Э энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ямар нөхцөл байдлыг тогтоолгох гэж байгаа юм, хэнийг асуулгах гэж байгаа юм гэдгээ тодорхой хэлдэггүй. Гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад Н.Э бусдын олон тооны малыг өөрийн эзэмшлийн мэт авч хулгай хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Н.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эг анхнаасаа л гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж яриад байгаа боловч Н.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, би огт хулгай хийгээгүй гэдэг байдлаар тайлбараа хэлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд л оногдуулахад л хэрэглэгддэг заалт. Дээрээс нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж энэ хуулийн заалтыг хэрэглэж болно...” гэж заасан. Иймд Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Э нь мотоцикль ашиглан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Н.Бийн 8 тооны үхрийг, 2022 оны 07 дугаар сарын 13-ны шөнө П.Бын 3 тооны эр хонийг хулгайлж бусдад нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй,   нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын тухайд:

Шүүгдэгч Н.Э “...Би мал хулгайлаагүй... уг хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулмаар байна...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч түүний  8 тооны үхэр хулгайлсан үйлдэл нь:

Хохирогч Н.Бийн “...Лхамаа гэх хүн цэнхэр контейнертой өвөлжөөн дээр танай үхрийг Н.Э мотоциклоор тууж авч ирээд хашсан. Би Эыг танай үхрийг туугаад явж байхтай таарсан гэж хэлсэн... Э ирээд би хүнд мөнгөний өртэй болоод тэр өрөндөө өгөх гээд танай үхрийг хулгайлсан юм. Би өөрөө очиж ганцаараа Дархан сумын 3-р баг Хажуу улаан гэх газарт байх уурхайн баруун доор талаас буюу манай гэрээс баруун хойд зүгт 4 км зайд байхад нь шөнөөр туугаад авч ирсэн гэж өөрөө эхнэр бид хоёрт хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/

Гэрч Б.Бийн "...Э хүнд өгөх өрөндөө танай үхрийг өөрөө мотоциклиор туугаад ирсэн гэж Бт хэлсэн. Мөн тэр үхрүүдийг Хажуу улааны уурхайн баруун хойд талаас тууж авч ирсэн гэж хэлсэн. Тэгээд Э Бт бензиний мөнгө өгье гэж яриад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

Гэрч Н.Бгийн "...Э гэх залуу хэдэн үхэр туугаад явж байсан. Би тууж явсан үхэр рүү нь очоод харахад Эы өөрийнх нь үхэр биш байсан. Тэгэхэд Э машины урд ирж зогсоод тэр үхрүүдийг халхалчихаад хонь, мал яриад сандраад байсан... 3 үнээ, 3 бяруу, тугалтай нийт 8 тооны үхэр туугаад явж байсан. Маргааш нь тэр үхрүүдийг Э манай хойд талд байх Ууганаа гэх залуугийн хажуудаа цэнхэр контейнертой айлын өвөлжөөний хашаанд хашчихсан 2 бүдүүн үнээг нь уячихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэргээр,

Мөн П.Бын 3 тооны хонийг хулгайлсан үйлдэл нь:

Хохирогч П.Бын "...Батбаатар ахыг дагуулаад арьс толгой хаясан газар нь очиход манай малын им тэмдэгтэй 3 ширхэг арьс, 2 ширхэг толгой байсан... би 07 сарын 13-ны орой 22 цагт малаа хотлуулаад  Бор-Өндөр сум руу очсон. Маргааш өглөө нь  манай хониноос 3 хонийг Э хүнд зарсан байхыг би мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 113, 155 дугаар хуудас/

Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байх... Э "Хүнд хонь барьж өгөх гэсэн юм уургаа
аваад очоод барилцаад өгөөч" гэсэн.
.. очиход Приус-20 маркийн бараан өнгийн машинтай 1 эмэгтэй хүн байсан. Бэлчиж байгаа хониноос Э өөрөө миний уургаар 3 тооны ноослоогүй эр хонь барьж авсан... Барьсан 3 хониноос өөр ноостой хонь харагдаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/

Гэрч Б.Гийн “...2022 оны 07 дугаар сарын 14-ны өглөө 10 цагт ирж хонио ав би гэртээ байна гэсэн. Очсоны дараагаар хонь чинь тэвээрээгүй байна гэж хэлээд өөр хониор солиод өгье гэж хэлээд солиод өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 дүгээр хуудас/

Гэрч И.Эын “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Эд өөрийн хониноос хар толгойтой, бор нүдэн, хар халзан нийт 3 тооны буруу талын чих сам имтэй хонийг авсан бярууныхаа оронд аваачиж өгсөн. Одоо 2 ямаа өгөх дутуу байгаа. Тэрийг өгөөд бярууны өр цайрна... Харин Э намайг өгсөн гэж хэлсэн хонь нь буруу талын чих сүйх буюу ганзага имтэй 3 тооны хонь байна. Миний өгсөн хонь биш. Би ийм имтэй хонь өгөөгүй. Манай хонь ямар нэгэн будаг өөр нэмж тэмдэглэсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136, 143 дугаар хуудас/ болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 137-140 дүгээр хуудас/,  эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 150-153 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч дээрх 3 тооны хонийг Э гэх хүнээс авсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа боловч тухайн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа ба мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар огт мэдүүлж байгаагүй, шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй байх тул түүний хэргийг дахин шалгуулах тухай агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Шүүгдэгийн өмгөөлөгч Ж.Ж “...Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаан байхгүй, үйлдэл холбогдол дээр мөн маргаангүй гэдгийг онцгойлон анхаарч өгнө үү... Н.Эы ахуй амьдралын талаарх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа ба  анхан шатны шүүх шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Ж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20232/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ж.Ж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эы цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.