Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0756

 

2017 оны 10 сарын 26 өдөр           Дугаар 221/МА2017/0756                        Улаанбаатар хот       

В.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч В.Б,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, В.Б-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн В.Б-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч В.Б-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан В.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин 5,701,255 /таван сая долоон зуун нэг мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, В.Б-эд олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгосон 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг 3,215,887 /гурван сая хоёр зуун арван таван мянга найман зуун наян долоон/ төгрөгийг нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг зааж  шийдвэрлэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийг үндэслэн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамж гарсан бөгөөд энэхүү шинэчлэн батлагдсан бүтцээр Худалдаа, үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж батлагдсаны дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан үндэслэлээр В.Б-ийг албан тушаалаас нь чөлөөлсөн болно.

Шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх боловч маргаанд хамаарах хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, нэхэмжлэлийн “даалгах шаардлага”-ыг биелэгдэх боломжгүй байдлаар, мөн цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцож шийдвэрлэсэн байх тул тус тус зөвтгөж өөрчлөв.

Нэхэмжлэгч В.Б шүүхэд анх “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ажлаас халагдсан өдрөөс эхлэн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар  төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилжээ.

            Хариуцагч нь “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай” А/486 дугаар захирамж батлагдан гарснаар зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн...” гэж тайлбарлан маргаан бүхий Б/21 дүгээр тушаалаар “бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч В.Б-ийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, шинээр батлагдсан Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд В.Б-ийг томилоогүйг шүүх Төрийн албаны тухай хуулийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчмыг алдагдуулсан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй, хууль бус гэж дүгнэж, маргаан бүхий Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

             Харин анхан шатны шүүх “...уг байгууллагуудын өмнө болон одоогийн бүтэц, орон тоог баталсан дүүргийн Засаг даргын захирамж болон ажлын байрны тодорхойлолтуудаас үзвэл орон тоо нь хэвээр байх бөгөөд байгууллагын нэрэнд “хүнс” гэсэн нэр нэмж орсноор тухайн байгууллагыг өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар В.Б өмнө нь Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байсан байхад түүнийг  “...Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж шийдвэрлэсэн нь буруу байна.  

Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга”-ын болон, “Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга”-ын ажлын байрны тодорхойлолт”-уудыг харьцуулан үзвэл шууд харьяалан удирдах албан хаагчид “хүнс, нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн”, Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн гэж заасан, мөн ажлын байрны зорилгын хүрээг “хүнсний хангамж”, хүнсний болон өргөн хэрэглээний бараа, ... хоол үйлдвэрлэл, ... зэрэг салбарыг хөгжүүлэх, төрийн бодлого, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлэх ...” гэж тодорхойлсноос үзвэл нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байна. 

Хэдийгээр нэхэмжлэгчээс “эгүүлэн тогтоох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч түүний санаа зорилго байгууллагын бүтэц өөрчлөгдсөн ч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул “Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс”-ийн даргын албан тушаалд томилогдох байсан гэх агуулгаар маргасан байна.

Нэгэнт эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын шийдвэрээр тус дүүргийн “Худалдаа, үйлчилгээний хэлтэс” үгүй болсон байх тул нэхэмжлэгчийг тус албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй, харин нэрийн хувьд өөрчлөгдөн байгуулагдсан “Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс”-ийн даргын удирдах албаны чиг үүрэг, ажлын байрны зорилгод өмнө эрхэлж байсан “хүнсний чиглэлийн чиг үүрэг” хэвээр хадгалагдсан болох нь тогтоогдож байх тул  хариуцагчийн нэхэмжлэгчийг “Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга”-ын албан тушаалд томилон ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн түүнд тэтгэлэг олгож ажлаас чөлөөлсөн үйлдэл нь тус тус Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч В.Б-ийг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах  нь зүйтэй гэж үзлээ.   

Маргаан бүхий тушаалд В.Б-д 2.201.589 төгрөг буюу 3 сарын тэтгэлэг олгохоор заасан, хариуцагчаас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “2.201.589 төгрөгийн тэтгэлгийг шилжүүлсэн” гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч шүүх хуралдаанд "ажлаас чөлөөлөгдсөн тэтгэлэг болох 2.201.589 төгрөг дансанд орсон” гэж тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын  хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “В.Б 3.215, 887 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан” гэх 328 дугаар албан бичиг авагдсан байх боловч тус албан бичигт дурдагдсан мөнгийг авсан талаар буюу нэхэмжлэгчийн авсан ажилгүйдлийн тэтгэмжтэй холбогдуулан хариуцагчаас маргаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 3.215.887 төгрөг ...” гэснийг маргаан бүхий тушаалд заасан хэмжээгээр буюу “2.201.823 төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингаас хасч” тооцож олгуулахаар өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс нь Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс болж өөрчлөгдсөн байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт “...эрүүл ахуй” гэсэн нэршил хасагдсанаар орон тоо хасагдсан гэж үзэхгүй” гэж буруу дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зүйл заалтыг зөвтгөсөн, мөн “...эгүүлэн тогтоох” гэснийг “томилохыг даалгасан”, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг маргаан бүхий тушаалд заасан хэмжээгээр хасч тооцож нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасан өөрчлөлтүүдийг тус тус оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан В.Б-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 3.215.887 /гурван сая хоёр зуун арван таван мянга найман зуун наян долоон/ төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцож” гэснийг “2.201.823 төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ