Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 142/Шш2024/01619

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **********-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********

 

Хариуцагч: ************нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 743.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч ******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********,

Хариуцагч ************ /цахимаар/

Иргэдийн төлөөлөгч *********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *********нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 743,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******** сум, Оюут баг 2-24-54 тоот байраас манайх болохоор доод талын 46 тоот байр байгаа. Яг он гарснаас хойш аягүй их ус алдаж байгаа, би танайх эхлээд ус алдаад байна гэж 2-3 удаа орж хэлсэн нэг банди байсан дахиж ус алдвал би та нар өөрсдөө засаж өгнө шүү гэдгээ бас хэлсэн. Тэгээд 3 сард 3-4 хоногийн турш ус алдсан, ус алдаад байна гээд байхад ус алдахгүй байгаа гэж хэлсэн болохоор би ус сувгаас хүн дуудаж үзүүлсэн. Эднийх 54 тоот нь танайх руу ус алдсан байна гэдгийг нь хэлээд та нар өөрсдөө дээшээгээ засвараа хийлгэ гэж хэлсэн. Тэгээд өөрсдөө хохирол учруулсан болохоор янзалж өгнө гэж хэлээд нэлээн удсан болохлоор би 6 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв. 

 

3.Хариуцагч ******** шүүхэд гаргасан тайлбартаа: 2-24-54 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлдэг бөгөөд түрээслэгч ********тэй 2023 оны 08 сарын 31-ний өдөр 1 жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулан түрээсэлсэн болно. Уг орон сууц хөлслөх гэрээний 5-д хөлслөгчийн эрх үүрэг зүйлийн 5.8-д хөлслөгч хөлслөн авсан орон сууцыг гэрээнд заасан нөхцөл зориулалтаар нь ашиглаж,түүний бүрэн бүтэн байдлыг хангаж,сантехник болон цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг байнга шалгаж болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд буруу эзэмшиж ашигласнаас цахилгаан хэрэгсэл асааж мартах,ус гоожуулж орхих,ус алдуулах гэх мэт / хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг хариуцна гэж заасан байгаа тул миний бие хариуцагч биш болно. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Гэрээний эх хувийг хариу тайлбартаа цуг хавсаргав гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай хувьд болохоор энэ түрээслэгч маань 2024 онд 06 сарын хугацаатайгаар гэрээ байгуулаад нотариатаар батлуулсан ийм орон сууц хөлслөх гэрээ байгуулж бол энэ түрээслэгч *******ийг оруулсан. ****** өмнө бас хуучин амьдарч байсан айл нь мөн 06 сард түрээсэлж амьдарсан. Өмнө нь тийм юм яригдаж байгаагүй болохоор сангийн асуудал нь зүгээр гэж бодсон. Сая ******хариуцагч хэлж байна ийм юм болж байна гэдгээ бид хоёрт ерөөсөө хэлж байгаагүй, хэлж байгаагүй учраас бид хоёр мэдэхгүй байсан харин нэхэмжлэгч маань танай энэ дээд айлд ус алдсан учраас ийм байна гэдэг зүйлийг бид хоёрт хэлэхэд бид хоёр манайх түрээсэлдэг энэ түрээсэлж байгаа хүнд нь хэлье гээд ********тэй удаа дараа холбогдож энэ доод айл өргөдөл гомдол гаргаж байна барагдуулж өгнө үү гэсэн мэдээллийг Уранбилигт өгч байсан. ********** энэ асуудлуудаа өмнө нь хэлж байсан бид хоёр тэр асуудлуудыг нь шийдээд өгөх бүрэн боломжтой байсан. Яагаад өгөхгүй энийг манайх хариуцахгүй вэ гэж үзэж байгаа вэ гэхээр орон сууц хөлслөх гэрээний 5.8-д зааснаар хөлслөгч ус алдах энэ асуудлыг хариуцна гэсэн хуулийн заалт байна. Би хүн хариуцлагагүй үйлдэл гаргасныхаа төлөө тухайн хүн нь өөрөө хариуцлагаа үүрэх ёстой гэдэг үүднээс энийг би хариуцах боломжгүй юм байна гэж үзсэн байгаа гэв.

 

5.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 02 дугаар сард манайд ус алдсан гээд дуудлага доод айлаас орж ирсэн. Тэгээд бид нар бол яг хаанаас ус алдаад байгааг өөрсдөө хайгаад олоогүй, би ч бас өөрөө сантехникийн хүн дуудсан, нэхэмжлэгчийн хэлж байгаа 3 удаа хэлсний дараагаар үзэхэд яг хаанаас гарч байгааг мэдэхгүй байсан, сантехникч хүрч ирээд энэ танайд шугам чинь гол гарчихсан байгаа болохоор завсраараа ус гоожоод, алдаад байна гэж хамгийн эхний байцаагч хүрч ирж надад тэгж хэлсэн. Дараа нь байж байхад 03 сарын 15-ны үед түрээсэлсэн байрыг битүү тоосгодсон байсан болохоор хаанаас ус алдаад байгааг мэдэх боломжгүй байсан. Тэгээд байж байсан гэнэтхэн орой 19 цагийн үед хаана юу юм бол гээд би ямартай халуун усныхаа уур гараад крантыг хаагаад үзээд дуудлага өгсөн чинь танайх байрандаа өөрсдөө дураараа засвар хийсэн болохоор усныхаа хоолойг нь цагаан хоолойгоор явуулаад тэр нь дор нь онгойчихсон байна гэсэн. Тэгээд шаардлагын дагуу би тэр тоосгыг онгойлгохоос өөр аргагүй тэгэхгүй бол доошоо тэр айл руу нэлээд ус алдах гээд байсан. Тэгээд манайх 5-6 удаагийн давтамжтай ус сувгаас засварчид ирсэн энэ холбоос шугамаа янзал гээд би ямартай ч түрээсэлсэн хүндээ хэлэхгүйгээр өөрийнхөө боломж бололцоогоороо гээд бүх тэр холбоос жижиг юмнуудыг нь янзлуулсан. Тэгээд байж байсан ус хааж байгаа байрны суурь крант энэ нь бас муудчихсан байна энэ хоёрыгоо солиулчих гээд солиулсан тэгсэн чинь тэр доод нойлийн тэнд хоолойных нь тэнд бас ус алдаад, би тэр доод талын нойлийн хоолойг яагаад ч солиулах надад боломж байхгүй. Ерөнхий жижиг крантнаас ванны өрөө орох бүх зүйлүүдийг нь би солиулсан, би өөрөөсөө шаардагдах хэмжээнийхээ юмнуудыг солиулсан мөртлөө л ус шүүрч алдаад байсан. Би анх байр түрээслэхдээ ******** ахад би эрэгтэй хүнтэй амьдардаг, манай нөхөр байнгын явуулын байдаг, би бас өөрөө эрүүл мэндийн асуудалтай болчихсон байсан болохоор надад сангийн ямар ч асуудал байхгүй биз ямар нэгэн ус гоожихгүй биз гэсэн надад үгүй гэж хэлсэн тухайн үедээ би итгэсэн түрээслэх гэж хичээж байсан болохоор би ерөөсөө тэрийг анзаараагүй байтал төд удахгүй л байнгын ус гоождог би байнгын усаа хаадаг би 2 сар гэртээ усанд ороогүй яагаад гэвэл халуун ус нь бага зэргийн доошоогоо алдаад байсан болохоор би байнгын усныхаа суурь карантыг хааж яваад байсан. Тэгээд халуун усных нь хоолой нь болохгүй юм байна гээд би халуун усаа нээгээгүй хэрвээ энэ манайх орсноос хойшоо тогных нь заалтыг ********* хариуцагч харах юм бол халуун усны крантыг бараг нээгээгүй байгаа. Тийм болохоор би мэдээж доод айлдаа хохирол учруулсан болохоор анх надад байр түрээслэхдээ сангийн ямар нэг асуудал байхгүй юу гэхээр байхгүй гэж хэлсний үндэслэл дээр хоёулаа хамтраад энэ хүний хохирлыг барагдуулах нь зөв гэж бодож байгаа. Би ч бас энэ айлд бараг 200,000-300,000 төгрөг нэмж засварынх нь юмнуудыг хийж өгсөн. Гэхдээ би энийг тэгээгүй гэж хэлэхгүй амьдарч байсан болохоор тодорхой хэмжээний хариуцлага хүлээх үндсэн дээр би энийг ямар нэгэн асуудал болгохгүйгээр******* хариуцагчтай хамтдаа энэ айлд хариу хохирлыг барагдуулж өгнө гэв. 

 

6.Иргэдийн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруутай хариуцагч нь нэхэмжлэгчийн хохирлыг 100% барагдуулах ёстой гэв.

 

5.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *********ын иргэний үнэмлэхийн хуулбар, ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, диспетчерийн 24/032 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэх, фото зураг,

 

Хариуцагчаас: 2023 оны 08 сарын 31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ,

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч **********нь ... хариуцагч ****** нарт холбогдуулан гэм хорын хохирол 743.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай ванны өрөөний таазнаас ус гоожиж эхлэхээр нь 54 тоотын хүнд орж хэлэхэд манайх ус алдаагүй гэсэн хариуг хэлсэн. Тэгэхээр нь ЭУДТС ХК-ын дуудлагын утас руу залгаж ду гэсэн дугаарыг СӨХ-оос авч залгахад манайх түрээслэдэг гэж хэлсэн. Байрны өмчлөгчид танай ванны өрөөнөөс ус алдсанаас болж манай ванны өрөөний тааз, хананы шохой ховхроод, тавилга эвдэрчихлээ гэж хэлэхэд уг хүн танай хохирлыг барагдуулна гэж хэлчихээд байрнаасаа нүүгээд явсан байна. Түрээслэгч байрны эзэн ******** утасдаж мэдэгдсэн боловч үл тоомсорлосон.

Иймд миний хохирол болох 743.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

 

Хариуцагч ******нь2-24-54 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлдэг бөгөөд түрээслэгч *********эй 2023 оны 08 сарын 31-ний өдөр 1 жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулан түрээсэлсэн болно. Уг орон сууц хөлслөх гэрээний 5-д хөлслөгчийн эрх үүрэг зүйлийн 5.8-д хөлслөгч хөлслөн авсан орон сууцыг гэрээнд заасан нөхцөл зориулалтаар нь ашиглаж,түүний бүрэн бүтэн байдлыг хангаж,сантехник болон цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг байнга шалгаж болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд буруу эзэмшиж ашигласнаас цахилгаан хэрэгсэл асааж мартах,ус гоожуулж орхих,ус алдуулах гэх мэт / хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролыг хариуцана гэж заасан байгаа тул миний бие хариуцагч биш болно гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч ******* нь2024 оны 02 дугаар сард манайд ус алдсан гээд дуудлага доод айлаас орж ирсэн. Бид яг хаанаас ус алдаад байгааг хайгаад олоогүй, сантехникч ирээд танай шугам чинь гол гарчихсан байгаа болохоор завсраараа ус гоожоод, алдаад байна гэсэн, түрээсэлсэн байрыг битүү тоосголсон байсан болохоор хаанаас ус алдаад байгааг мэдэх боломжгүй байсан. Дуудлага өгөхөд танайх байрандаа өөрсдөө дураараа засвар хийсэн болохоор усныхаа хоолойг нь цагаан хоолойгоор явуулаад тэр нь дор нь онгойчихсон байна гэсэн. 5-6 удаагийн давтамжтай ус сувгаас засварчид ирсэн энэ холбоос шугамаа янзал гээд би өөрийнхөө боломж бололцоогоороо бүх тэр холбоос жижиг юмнуудыг нь янзлуулсан, ус хааж байгаа байрны суурь крант бас муудчихсан солиул гэсний дагуу солиулсан. Тэгсэн чинь ОО-ын далд нь бас ус алдаад, түүнийг солиулах боломж надад байхгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Орхон аймгийн тойргийн нотариатч *********ийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн 2959 дугаартай орон сууц хөлслөх гэрээний дагуу *******, ********нар нь ********** сумын 2-р баг, Оюут 2 хороолол, 24 байр, 54 тоот орон сууцыг хөлслүүлсэн байна.

Хариуцагч ********** нь анх хариуцагч ********т орон сууц хөлслүүлэхдээ Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Гэтэл хариуцагчид хөлслүүлсэн орон сууцны халуун, хүйтэн ус сантехникийн шугам хоолой нь бүрэн бүтэн биш цуурч хагарсан, завсраар нь ус гоождог, шугам хоолойг наанаас нь тоосго өрж хаасны улмаас ус гоожиж, ус алдаж байгааг мэдэх илрүүлэх боломжгүй, усны суурь крант муудсан, ОО-ын далд хоолойноос ус алддаг байсан байна. Түүнчлэн дуудлагаар ирсэн засварчдын хэлсний дагуу ********** нь холбоос шугамыг сольж янзлуулж холбогдох арга хэмжээг авч байсан байна.

 

Энэ талаар хариуцагч ********** ...Ерөнхий жижиг крантнаас ванны өрөө орох бүх зүйлүүдийг нь би солиулсан, би өөрөөсөө шаардагдах хэмжээнийхээ юмнуудыг солиулсан мөртлөө л ус шүүрч алдаад байсан. Би анх байр түрээслэхдээ ******** ахад манай нөхөр байнгын явуулын байдаг, би өөрөө эрүүл мэндийн асуудалтай болчихсон байсан болохоор сангийн ямар ч асуудал байхгүй биз ямар нэгэн ус гоожихгүй биз гэсэн надад үгүй гэж хэлсэн. Тухайн үед би итгэсэн гэтэл удахгүй л байнгын ус гоождог, би байнгын усаа хаадаг, 2 сар гэртээ усанд ороогүй яагаад гэвэл халуун ус нь бага зэргийн доошоогоо алдаад байсан болохоор би байнгын усныхаа суурь крантыг хааж яваад байсан. Тэгээд халуун усных нь хоолой нь болохгүй юм байна гээд би халуун усаа нээгээгүй хэрвээ энэ манайх орсноос хойшоо усны заалтыг ******** хариуцагч харах юм бол халуун усны крантыг бараг нээгээгүй байгаа гэж тайлбарлаж байна.

Ус алдах үед дуудлагаар очсон ******-ын диспетчерийн 2024 оны 05 сарын 29-ний тодорхойлолтонд 2-р микр 24-р байрны 46 тоот айл 2024 оны 04 сарын 02-ны 16 цаг 30 минутанд ус алдсан гэсэн дуулага ******* дугаараас өгснийг ээлжийн засварчин ************очиж шалгахад 2-24-56 тоот ванны өрөө тосгуурын уян шланкнаас ус алдсан байсныг аваарын хаалтаар хааж усны алдагдлыг зогсоож өгсөн болно. 2-24-46 тоот ванн жижиг өрөөний айлын хана, таазаар ус алдаж хохирсон болно гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж тус тус заажээ.

6.Иймд талууд хариуцагч ******ын 54 тоот орон сууцнаас ус алдаж, нэхэмжлэгчид хохирол учирсан үйл баримтын талаар маргахгүй байх бөгөөд хариуцагч ********ын усныхаа шугам хоолойн бүрэн бүтэн байдлыг хангаагүй гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

7.Харин нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсанд хариуцагч******** гэм буруугүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ********** нарын тайлбараар сангийн ил шугамнаас ус алдаагүй, далд шугамнаас ус алдаж байгаад хариуцагч ********буруугүй байна.

Иймд хариуцагч **********аас гэм хорын хохирол 743,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ********т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч ********аас гэм хорын хохирол 743,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******** олгож, хариуцагч ********т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 22,382 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ