Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 142/Шш2024/01637

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********т холбогдох, зээлээр авсан барааны үнэ 1,148,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч ********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 05 сарын 14-ний өдөр 1,100,750 төгрөгийн тооцоог 2024 оны 10 сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийгээгүй учир энэхүү 1,100,750 төгрөгийн тооцоог болон тэмдэгтийн хураамж 48,150 төгрөг нийт 1,148,900 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би энэ хүнд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1,100,750 төгрөгийн бараа өгч, тооцоог 2024 оны 10 сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл 100,000 төгрөг л өгсөн. Зах нь шатсан гэж байгаа нөхцөл байдлыг нь хүлээн зөвшөөрөөд та боломжоороо сар болгон 50,000 төгрөг ч юм уу ирэх тоолондоо бага багаар төлөөч гээд зөндөө удаа энэ хүнээс боломж өгөөд гуйсан. Энэ хүн огт мөнгө хийхгүй, тэрнээс болоод би улирлын бонус гээд цалин авдаг тэрийгээ огт авч чадахгүй байгаа. Учир нь энэ мөнгөнд нь миний цалин барьцаалагдчихаад цалингаа хэдэн сар авч чадахгүй байгаа. Мөнгө төлөөд өгөөч гээд зөндөө удаа хэлсэн огт төлөхгүй байгаа учраас арга бараад шүүхэд өгсөн гэжээ.

 

2.Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэ хүнээс 05 сард бараа авсан. Манай Цах маркет 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шатаад лангуу маань 100 хувь хүнсний лангуу байсан, бүгд шатсан. Тэгээд би лангуугаа ажиллуулж чадах мөнгөгүй болчхоод лангуугаа буцааж өгөөд одоо ажилгүй мөнгө төлж чадахгүй байгаа. Галын дүгнэлт нь гараад хариуцагч нь тодорхой болчихоод байхад шүүх хурлаар орж байж бүх юм шийдэгдэж байж мөнгө өгнө гээд хүлээлттэй байгаа. Би хийх ажилгүй болчихоод юмаа төлж чадахгүй хэцүү байдалд орчихоод байгаа. Тэрнээс би ажлаа хийж байсан бол сар сардаа мөнгө өгөөд явж байсан гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, борлуулалтын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ... 2024 оны 05 сарын 14-ний өдөр 1,100,750 төгрөгийн тооцоог 2024 оны 10 сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийгээгүй учир энэхүү 1,100,750 төгрөгийн тооцоог болон тэмдэгтийн хураамж 48,150 төгрөг нийт 1,148,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч ********* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан үндэслэлдээ: Манай ********2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шатаад лангуу маань 100 хувь хүнсний лангуу байсан, бүгд шатсан. Тэгээд би лангуугаа ажиллуулж чадах мөнгөгүй болчхоод лангуугаа буцааж өгөөд одоо ажилгүй мөнгө төлж чадахгүй байгаа. Галын дүгнэлт нь гараад хариуцагч нь тодорхой болчихоод байхад шүүх хурлаар орж байж бүх юм шийдэгдэж байж мөнгө өгнө гээд хүлээлттэй байгаа. Би хийх ажилгүй болчихоод юмаа төлж чадахгүй хэцүү байдалд орчихоод байгаа. Тэрнээс би ажлаа хийж байсан бол сар сардаа мөнгө өгөөд явж байсан гэв.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч ********* нь зээлээр бараа бүтээгдэхүүн худалдаж авсан үйл баримт тогтоогдсон.

 

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

7.Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 24-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч нь барааны мөнгийг төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

 

9.Иймд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч *****аас барааны үнэ 1,148,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********-д олгож шийдвэрлэв.

 

10.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******аас зээлээр худалдаж авсан барааны үнэ 1,148,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН