Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

 

 

 

 

 

    2023      04          21                                           2023/ДШМ/16

 

 

Б.А, Л.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Н.А /цахимаар/,

Шүүгдэгч Л.Ө /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Өын давж заалдах гомдлоор Б.А, Л.Ө нарт холбогдох эрүүгийн 2240000240066 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 18-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 501 тоотод оршин суух Б.Аийн байшинд сэм орж “Самсунг А52” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Л.Ө нь уг гар утсыг хулгайлан авчирсан болохыг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.А нь Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, Л.Ө-ын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Б.А-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Л.Ө-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Ө-ыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Б.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх ...миний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан үзээгүй... Миний бие мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн үеэс өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй. Надад бусдад төлөх төлбөр тогтоогдоогүй бөгөөд би бусдад төлөх төлбөргүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байна. Би 65 настай, эмчийн хяналтад байдаг. Хот суурин газар явж эмчилгээ, сувилгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс 8 сарын хугацаагаар Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь миний хувийн байдалд нийцэхгүй байна. Мөн тухайн орон нутагт оношлогдох боломжгүй болсон. Улаанбаатар хот руу зорчих зайлшгүй шаардлага гарвал шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Ө нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг нь харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийг яагаад хэрэглэх боломжгүй талаар огт дүгнэлт хийгээгүй. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн. Хувийн байдлын хувьд 65 настай, байнгын эмчийн хяналтад байдаг. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд
-энэ хуулийг хэрэглэнэ гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө-ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Л.Ө нь уг хулгайлсан гар утсыг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Аийн ...Би гэрээс гарахдаа гар утсаа ширээн дээрээ тавиад орхисон ба хальт харахад 50 орчим насны эмэгтэй хүн хашааны үүдээр гараад явчихсан Тэр эмэгтэйг явснаас хойш гар утсаа хайсан боловч олдоогүй. Гэнэт нэг эмэгтэй явж байсныг санаад хяналтын камерыг шүүж үзэхэд манай хашаанд явж байсан эмэгтэйтэй дэлгүүрийн үүдэнд эргэлдэж байгаад манай хашаа руу чиглээд явсан бичлэг байсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

гэрч Б.Хонгорын ...Би Б.Ад та утсыг нь гаргаж өгөхгүй бол хулгайн хэрэгт орно гэхэд "Би авчихсан юмаа Өлзий эгчид өгөөд архи авсан" гэж хэлсэн. Харин Ө гар утсыг гаргаж өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

гэрч Ө.Отгонбаярын ...Намайг Улаанбаатар хотод байхад манай ээж Л.Ө 3 ширхэг гар утас ажиллаж байна уу үгүй юу гэдгийг үзээд  өг гэж явуулсан. Тэр дотор А52 маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Л.Өын “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлын тухайд

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ



тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь Л.Өын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.

Л.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “...би Ааас гар утас аваагүй...” гэж /1-р хх-ийн 12 дугаар хуудас/ мэдүүлэг өгсөн атлаа гэрч Ө.Отгонбаярын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "...2022 оны 04 сарын сүүлээр манай ээж Л.Ө 3 ширхэг гар утас шуудангаар явуулсан... Би тэр 3 утсанд өөрийн 80408609 дугаарын сим картыг хийгээд ажиллаж байна уу гэдгийг  шалгахад  бүгд ажиллаж байсан. Ээжийн над руу явуулсан 3 утасны 1 нь Самсунг А52 маркийн гар утас байсан..." гэх /1-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/ мэдүүлэг өгсний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас олсон эд зүйл, түүний үнийг төлөөгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон бүсэд зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх, түүнчлэн байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсгийн 154.1.9 дэх заалтад заасны дагуу Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргах боломжтой тул дээрх үндэслэлээр шүүгдэгчийг ялаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгч Л.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай,

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

  

                    ШҮҮГЧИД                                                  Б.ДЭНСМАА

 

                                                                 Д.ГАНЗОРИГ