Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 514

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Г.Б/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

хохирогч А.Ундрал, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Харчин овгийн Галсайханы Баасанжавд холбогдох эрүүгийн 1711001500052 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овгийн Галсайханы Баасанжав, 1991 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 8-р баг Бүрэнбүст 5-р хороолол, 11-р байр 126 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ91120602.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сет бааранд А.Ундралыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэхэд би 2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө би хүүхдийнхээ эцэгтэй Сет бааранд хамт явж байсан. Тухайн үед хохирогч болох эмэгтэй манай нөхөр Давхарбаяртай бүжиглэж байхдаа сээтгэнээд байсан. Би хоёр удаа дундуур нь орж холдуулсан боловч тоогоогүй. Би Давхарбаярт мөн боль гэж хэлсэн. Хохирогч эмэгтэй тухайн үед найз нартайгаа олуулаа байсан. Миний биед мөн гэмтэл учирсан. Би Шүүх эмнэлэгт үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Гэхдээ хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харамсаж байгаа...” гэв.

Хохирогч А.Ундрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шөнийн 3-аас 4 цагийн үед энэ хэрэг болсон. Би Баасанжав гэх хүнийг тухайн үед л харсан. Тэр өдөр би машинтай байсан учраас архи дарс уугаагүй, эрүүл байсан. Баасанжав бол нилээд их согтолттой байсан. Миний хувьд баар саванд орж эр хүн рүү сээтгэнэх шалтгаан байхгүй. Намайг болиулсан гэж яриад байгааг ойлгохгүй байна, тийм зүйл болоогүй. Гэнэт л араас үсдэж дараад маажсан. Би бүүр шооконд орсон. Энэ эмэгтэй мөрдөн байцаалтанд өгсөн нэг мэдүүлэг дээрээ хүнтэй андуурсан гэж ярьсан байсан. Тэр нь л үнэн байх. Би гоо сайхан ч ажилтай, энэ ажилдаа удаан ажиллаж байна. Нэр хүндтэй компаний нүүр царай болдог. Шүүгдэгч надаас уучлалт гуйгаагүй. Би ажилд яваагүй 5 хоногийн цалин  болон олох байсан орлогоо, нүүрний сорви арилгах эмчилгээний зардал 3.813.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч А.Ундрал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 23 цаг өнгөрч байхад менежер Батцэцэгийн төрсөн өдрийг тэмдэглэхээ ажлынхаа хамт олонтой Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Peace tower төвийн 17 давхарт байрлах Сет бааранд орсон. Тэндээ бүгдээрээ баяраа тэмдэглээд бүжиглэж байсаар 6 дугаар сарын 24-ний 04 цаг болсон. Ингээд 04 цагийн үед намайг ажлын хамт олонтой тойрог болоод бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед гэнэт миний ар талаас үл таних эмэгтэй үсдээд дарсан. Би түүний гарыг тавиулах гээд гартай нь ноцолдсон боловч үснээс зуурч барьчхаад огт тавихгүй байсан. Намайг үсдэж байхдаа нөгөө гараараа нүүр ам маажиж, цохиод өшигчөөд байсан. Хүмүүс түүнийг надаас салгах гээд байсан боловч салж өгөхгүй нилээн удаан зуурсан. Ингэж байгаад арай гэж нөгөө танихгүй эмэгтэйг надаас салгаад аваад явсан. Тухайн үед би үсдүүлж байхад их л удаан зодуулсан юм шиг санагдаж байсан боловч сүүлд бичлэг үзэж байхад 1 минут гаран миний үснээс зуурч, цохиж зодсон байна лээ. Би зүгээр байж байгаад зодуулчихсан учраас уур хүрээд нөгөө хүүхэн рүү ойртох гэсэн боловч хамгаалагч огт ойртуулаагүй. Цагдаа иртэл танихгүй хүүхэн бид хоёрыг 2 талд байлгаж байгаад өгөөд явуулсан…” гэжээ /хх-20-21/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8289 дүгээр дүгнэлтэд: 

“1. А.Ундралын биед тархи доргилт, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт, баруун нүдний доод булан, хамрын нуруу, зүүн дээд зовхи, хацар, зүүн нүдний гадна, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-55-57/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сет бааранд А.Ундралыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Баасанжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд түүнд хуульд заасан торгох ял шийтгэх боломжтой гэж дүгнэв.

Дээрх ял шийтгэлийг оногдуулахдаа торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 Хохирогч нь А.Ундрал нь “...Би 3.813.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт 513.000 төгрөгийн буюу ажилгүй байсан 5 хоногийн цалин, зөвлөгөө авсан 10.000 төгрөгийн, шүүх эмнэлэгт үзүүлсэн 3000 төгрөгийн баримт авагдсан байх тул баримтаар тогтоогдож буюу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчид олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баасанжавын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 13 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, түүнд оногдуулах ялаас 195.000 төгрөгийг хасч тооцон, торгох ялын хэмжээг 555.000 төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овгийн Галсайханы Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баасанжавыг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Г.Баасанжавын цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасч, нийт 555.000 /таван тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Баасанжаваас 513.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ундралд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН