| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 1916002940124 |
| Дугаар | 2023/ДШМ/20 |
| Огноо | 2023-05-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/20
Ч.Гүнчиндоржид холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Прокурор Н.Баасанжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр /цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Одбаярын давж заалдах гомдлоор Ч.Гүнчиндоржид холбогдох 1916002940124 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум 10 дугаар баг Ган-Өргөө 22 дугаар байр 11 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бага Хойд овогт Чойжилсүрэнгийн Гүнчиндорж /регистрийн дугаар: ДЙ75062018/
Шүүгдэгч Ч.Гүнчиндорж нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд Завхан аймгийн Цагаанчулуут сум Жавцаг багийн нутаг дэвсгэр “Дугант” гэх газарт бэлчээрт байсан иргэн О.Бүдрагчаагийн 2 тооны адуу, Я.Түмэн-Өлзийгийн 1 тооны адуу буюу нийт 3 тооны адууг 13-77 ГАҮ улсын дугаартай Киа Бонго маркийн машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч Бага хотгойд овогт Чойжилсүрэнгийн Гүнчиндоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гүнчиндоржийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гүнчиндоржоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 9,000,000 /есөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хохирогч нар нь адуугаа Баян-Өлгий аймгаас Завхан аймаг руу тээвэрлэсэн зардал болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Гүнчиндорж болон түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ч.Гүнчиндоржийн тухайд тус 3 тооны адууг хулгайлаагүй, энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэдгээ удаа дараа хэлж мэдүүлдэг бөгөөд миний үйлчлүүлэгчийг гэрч М.Дамыс, Х.Серикхан, Ө.Меней гэх гэрч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргийг үндэслэн түүнийг буруутгадаг. Гэвч 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гэрч М.Дамыс, Ө.Меней нар онлайнаар оролцож хэлмэрчтэй оролцож, шүүхийн зүгээс хууль сануулан мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ө.Меней нь “3-4 тооны адууны дэргэд цэнхэр өнгийн портер л байсан...Дамыс, Серикхан нар харж байсан гэсэн мэдүүлэг би өгөөгүй... би адуу ачсан, түүнийг буулгаж байхыг хараагүй... Дамыс гэдэг хүн харсан гэсэн, цагдаа ирвэл тэгж мэдүүлэг өгөөрэй л гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч М.Дамысын шахалтаар Х.Серикхан бид хоёр тус мэдүүлгийг өгсөн, түүнээс би Ч.Гүнчиндоржийг адуу буулгаж байсныг огт хараагүй юм. М.Дамыс нь тэгж хэлээрэй гэж хэлсэн бид тэрний дагуу гэрчээр мэдүүлэг өгсөн” гэх агуулга бүхий мэдүүлгийг өгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж өгсөн мэдүүлгээсээ буцдаг. Мөн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын албаны утсаар дуудлага өгсөн гэх гэрч М.Дамыс нь ...цагдаагийн байгууллагад би дуудлага өгсөн...адууны зэргийг цагдааг өгсөн... 1799 ГАА гэсэн цэнхэр өнгийн машин байсан...“ гэж мэдүүлсэн. Гэрч Ернарын мэдүүлэг болон мөрдөгч Асалбек нарын тэмдэглэлээр гэрч М.Дамысын цагдаагийн байгууллагад дуудлага өгч, уг дуудлагаар Ч.Гүнчиндоржийн унаж явсан гэх тээврийн хэрэгсэл болон ачиж ирсэн гэх адууг хураан авч үзлэг хийсэн гэсэн хэргийн нөхцөл байдал харагдаж байх боловч эдгээр гэрч М.Дамыс болон мөрдөн шалгах ажиллагааг хийсэн Ернар, Асалбек нарын мэдүүлэг, илтгэх хуудсаар гэрч нар нь өөр хоорондоо үгсэн тохиролцсон байж болзошгүй нөхцөл байдал, тэдгээр гэрч нар нь өөрсдийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй болох нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын “...манайд Ч.Гүнчиндоржид холбогдуулан гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл ирээгүй...” гэх буюу М.Дамыс нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж худал мэдүүлсэн, цагдаа Ернар, Асалбек нар нь мөн ирсэн дуудлага мэдээллийн дагуу шалгасан гэх үйл баримт, мөн гэрч М.Дамыс, Ө.Меней, Х.Серикхан нар нь үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдэг нь няцаагдаж байгааг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй, энэ талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг огт няцаагаагүй. Мөн шүүх хуралдааны явцад Ч.Гүнчиндоржийн унаж явсан гэх тээврийн хэрэгслийг үнэхээр харсан эсэх, таних эсэхийг тодруулж, адил төрлийн автомашинуудаас тань олуулах ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэхэд Ө.Меней, М.Дамыс нар огт танихгүй байсан атлаа шүүгдэгч Ч.Гүнчиндорж болон өмгөөлөгч намайг оролцуулалгүйгээр хийсэн таньж олуулах 3 удаагийн ажиллагаагаар тээврийн хэрэгсэл болоод 3 тооны адууг таниад байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр анхан шатны шүүх нь гэрч Ө.Меней, М.Дамыс, Х.Серикхан нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг нь хуульд заасан журмыг зөрчсөн, өмнөх шүүх хуралдааны явцад мөрдөн шалгах ажиллагааны явцад ийм мэдүүлэг өгөөгүй, хараагүй зүйлээ харсан мэтээр хэлээрэй гэсэн М.Дамыс болон цагдаа Ернар нарын ятгалганд орж мэдүүлсэн гэдгээ тайлбарлаж хэлэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой дурдагдсан, тэдгээр гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэх боломжгүй нөхцөл байдал бүрдсээр байхад таамаглал дэвшүүлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна. Сөн өмгөөлөгч Б.Одбаяр миний шүүх хуралдааны явцад гаргасан Ч.Гүнчиндоржийг цагаатгах үндэслэлийг няцаасан тодорхой үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай бүрэн гүйцэт тогтоогоогүй, гэрч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй, анхан өгсөн мэдүүлгээ дахин мэдүүлэхдээ няцаасан нөхцөл байдал дээр огт логик дүн шинжилгээг хийлгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан, таамаглалд үндэслэн Ч.Гүнчиндоржийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны өгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. ...иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Гүнчиндоржийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Учир нь Ч.Гүнчиндорж нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 13-77 дугаартай ГАҮ улсын дугаартай 4 тооны адууг буулгаж чөдөрлөж байдалтай байгааг нэр бүхий 3-н гэрч харсан. Энэ 3-н гэрч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сум буюу тухайн адуу буулгаж байсан газрын хамар хашааны хүмүүс. М.Дамыс, Х.Серикхан, Ө.Меней гэдэг хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүс нь Ч.Гүнчиндоржийг адуу буулгаж байгааг харсан байдаг. Ямар учиртай адуу буулгаж байгаа нь сэжиг бүхий байсан учир Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт хандсан байдаг юм. Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын ирж шалгахад Ч.Гүнчиндорж нь хажуудаа 4-н тооны адуу чөдөрлөсөн байдалтай. Машиных нь тэвш нь хомоол болсон байдалтай байсан. Цагдаагийн газарт авч очин 4-н тооны адууг нь авч үлдсэн. Тэгээд 4-н тооны адууны эзэмшигч нь хэн байна гэж эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас наад адуу чинь Завхан аймгийн хохирогч О.Бүдрагчаа, Я.Түмэн-Өлзий нарын 3-н тооны адуу байна гэдэг зүйл яригдаж. О.Бүдрагчаа, Я.Түмэн-Өлзий нар алдагдсан адуу нь Баян-Өлгий аймагт очсон байгаа мэдээллийг авч Баян-Өлгий аймагт очиж адуугаа хүлээн авсан. Энэ асуудлыг Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас 1 жил орчим шалгаад Завхан аймгийн цагдаагийн газарт харьяаллаар шилжүүлж ирсэн. Ийм хэргийн нөхцөл байгаа юм. Ч.Гүнчиндоржийн тухайд 3-н тооны адуугаа буцааж өгч хохирогчид олгогдсон байгаа учир энэ хэргийн хувьд хохирол тогтоогдоогүй гэж үзэж байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс 3-н гэрчийг үндэслэлгүй мэдүүлэг өгсөн. 2 нь шүүх хуралдааны явцад мэдүүлгээсээ буцсан гэдэг тайлбарыг хэлж байна. Гэтэл М.Дамыс гэдэг гэрч нь бол тухайн тээврийн хэрэгсэл дээр ямар адуу ямар тамгатай байсныг анхан шатны шүүх хуралдаанаас авхуулж мэдүүлдэг. Энэ хэрэг прокурорт 2 удаа буцсан. Таньж олуулах ажиллагаа 3 удаа хийсэн. Гэрч нараас 3 удаа мэдүүлэг авсан. Аль ч нөхцөл байдалд мэдүүлгээсээ буцахгүйгээр хөтөлбөргүйгээр мэдүүлдэг. Х.Серикхан, Ө.Меней нарын хувьд ч гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч хууль сануулахад 2-лаа дөрвөн тооны адууг ачсан байдалтай буулгаж байсан. Тухайн хүний царай зүс, бие хаа, өндөр нам унаж явсан машины байр байдлаар нь мэдүүлдэг. Таньж олуулах ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс 2 удаа прокурорт буцсан. Таньж олуулах ажиллагааг хуульд заасны дагуу хийж шүүхэд хүргүүлсэн. 2019 онд үйлдэгдсэн хэрэг. 2022 онд шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг санахгүй байгаа байдал боловч цаг хугацааны хувьд хамгийн анх өгсөн мэдүүлгийг ач холбогдолтой гэж үзэж яллах талын нотлох баримт болгож шүүх шийдвэрлэснийг үндэслэгтэй гэж үзэж байна. Мөн хохирогч нар нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр адуугаа үзэхэд байхгүй байсан гэж ярьж байгаа юм. Гэтэл маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт адуунууд нь очсон байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Түүнчлэн Ч.Гүнчиндоржийн дансны хуулга АТМ-н гүйлгээгээг нь харахаар 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт биш Говь-Алтай аймагт байсан байна гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэх юм бол 08 дугаар сарын 23-ны өдөр дээрх адуунуудыг ачиж 08 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт очиж буулгасан. Энэ нөхцөл байдлыг нь 3-н гэрч харсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Иймд гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа юм. Мөн Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан ашигтай хуулийг нь хэрэглэсэн. Мал хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж олон тооны мал гэдгийг 2 буюу түүнээс дээш гэж хүндрүүлсэн. Энэ гэмт хэрэг нь 2019 онд үйлдэгдсэн байсан учир өөрчлөлт орохоос өмнө буюу олон тооны мал хулгайлсан. Машин механизм ашигласан гэж хүндрүүлэхгүйгээр ашигтай хуулийг нь ашиглаж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэх боломжгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэнсэх гэдэг ял яригдаагүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжтой гэвч Өршөөл тухай хуульд мал хулгайлах гэмт хэрэгт нь хорих ял оногдуулчих юм бол хорих ялыг нь зорчих эрх хязгаарлах ялаар сольж оногдуулахаар Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Гэтэл мал хулгайлах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ гэмт хэрэгт заасан тэнсэх ялыг өршөөн хэлтрүүлэхээр заагаагүй. Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солиороо гэсэн болохоос биш мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг хэрэгсэхгүй болгохоор зохицуулалт ороогүй байгаа учир анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хууль болон ашигтай хуулийг нь зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Ч.Гүнчиндоржид холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ч.Гүнчиндорж нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд Завхан аймгийн Цагаанчулуут сум Жавцаг багийн нутаг дэвсгэр “Дугант” гэх газарт бэлчээрт байсан иргэн О.Бүдрагчаагийн 2 тооны адуу, Я.Түмэн-Өлзийгийн 1 тооны адуу буюу нийт 3 тооны адууг 13-77 ГАҮ улсын дугаартай Киа Бонго маркийн машин механизм ашиглан хулгайлжээ.
Энэ үйл баримт нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хохирогч Я.Түмэн-Өлзийн “... Би 88 тоон тамгатай 13 настай хүрэн морио алдсан морио 2019 оны 08 дугаар сарын 15-нд очиж үзэхэд байсан. Тэгээд хэд хоногийн дараа буюу 08 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед унаагаа солих гэж очиход байхгүй байсан... “ гэсэн мэдүүлгээр,
Хохирогч О.Бүдрагчаагийн”...2 адуугаа 2019 оны 08 дугаар сарын эхээр алдсан. Харин алдсан 2 адуугаа 2019 оны 09 дүгээр сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд хамгаалалтад байлгаж байгаад миний 2 тооны адуу болон Түмэн-Өлзийгийн 1 тооны адуу нийт 3 тооны адууг Ернар цагдаа хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
гэрч М.Дамысийн “...Манай гэрийн баруун талд Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Хумар гэдэг хүний гэрийн урд талд дээрээ хашлагатай 13-77 ГАҮ улсын дугаартай портер машин дээрээ 4 адуутай байсан хэсэг хугацааны дараа уг адуунуудыг машинаас жолооч нь ганцаараа буулгаж адуунуудынхаа хөлийг чөдөрлөж уяж дуусаад намайг хараад адуунуудаа үлдээж, машинаараа яваад манай хөрш Аманжаны ахын гэр болох Серикийн гэрийн хажууд очиж зогссон. Тэгээд би уг адуунууд хаанаас ирсэн адууг нь мэдэхээр очиж хараад яваад өгсөн. Намайг явсны дараа ногоон цэнхэр өнгийн 13-77 ГАҮ улсын дугаартай машин дахиж адуунуудын хажууд очиж машинаа тавьж зогссон...Би адуунуудын хажууд очиж харсан ба уг адуунууд нь төлтэй хар хээр морь сар тамгатай чиг харагдсан, хүрэн морь /зээрд/ 88 гэсэн тамгатай, хүрэн алаг морь дугуй хэлбэртэй ба дугуйгийн дээд талд гал тамгатай, хээр морь тамгыг сайн харж чадаагүй... Би тухайн адуунуудын зургийг харвал танина...” гэсэн мэдүүлэг,
гэрч Х.Серикханы “...манай гэрийн хажууд 13-77 ГАҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго маркийн машин 4 адуу буулгаж байсан. 4 адууны нэг нь хүрэн алаг, нэг нь бараан хүрэн гэх үү төлтэй юм шиг харагдсан, нэг нь хар хээр, нэг нь жижгэвтэр улаан хээр морь байсан ба им тамгыг нь очиж хараагүй болно...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ө.Менейгийн “...Тэр хашааны хажуугаар цэнхэр өнгийн Портер маркийн машин 4 тооны адуу ачсан машин зогсож байхыг харсан... Бараан зүстэй адуунууд байсан ба тухайн үед холоос харж байсан учир им, тамгыг нь сайн анзаарч хараагүй... Тухайн Портерийн жолооч нь ганцаараа байсан... Хумар гэх айлын гадаа 13-77 ГАҮ гэх улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинаас өөр машин байсныг хараагүй. ...Харин 2 хүрэн, 1 хээр морьд байсныг тод санаж байна...” гэсэн мэдүүлэг,
Ч.Гүнчиндорж 13-77 ГАҮ Киа дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож явсан мөн машинаас 4 адууг буулгасан болох нь гэрч М.Дамыс, Х.Серикхан нар Ч.Гүнчиндоржийг таньсан тухай тэмдэглэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаярын “...Шүүгдэгч Ч.Гүнчиндорж нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байхад гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Гүнчиндоржийг цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Б.АРИУНБАЯР