| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2024/0040/З |
| Дугаар | 123/ШШ2024/0048 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 123/ШШ2024/0048
Хариуцагч, прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын дүгнэлттэй, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Отгонтуяад холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.Отгонтуяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.Отгонтуяа миний бие Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албанд Эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажилладаг. 0012658 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Оюунгэрэлийн үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, заалтыг бичихдээ бичиглэлийн алдаа гаргаж бичсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно. Тухайн захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж хариу тайлбар гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос, Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Отгонтуяа нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0012658 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар тус шүүхэд прокурорын дүгнэлт бичиж ирүүлсэн байна.
Хариуцагч Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Отгонтуяа нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0012658 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Оюунгэрэлд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2 гэж бичжээ.
Хариуцагч Б.Отгонтуяа нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн, энэ нь бусад этгээдийн эрх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн гомдолтой Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0012658 дугаартай шийтгэлийн хуудсанд 6 дугаар зүйлийн 6.6.2 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулах гэж өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Отгонтуяа хүлээн зөвшөөрснийг баталж, гаалийн улсын байцаагч Б.Отгонтуяад холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн болон бусад оролцогчид шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН