Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 872

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч, хохирогч Б.Э,

шүүгдэгч, хохирогч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э, Ж.Г нарт холбогдох эрүүгийн 1706029330375 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-42 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Б.Э,

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 9 дүгээр гудамжны 8 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Ж.Г

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г, Б.Э нар нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны 9-8 тоотын гадна кабелийн ухсан нүхээ булсангүй гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдан харилцан зодолдож Ж.Г нь Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, Б.Э нь Ж.Г-н эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Г-н: “...2017 оны 09 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны 9-8 тоот хашааны гадна талд кабелийн утасны нүх ухчихсан байсан. Тэгээд 3 залуу тэр нүхийг булж байхаар нь би “хашаа руугаа юм оруулах гэж байна, хамгийн түрүүнд манай хашааны гаднах нүхийг булаад өг” гэхэд нэг залуу над руу хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр хамтдаа булж байхад цаанаас нэг залуу “наадахаа битгий бул” гэхээр нь би тэр залуу руу явж очоод “та нар хашааны урд талын нүх булаадах, би юм оруулна” гэж шаардлага тавьсан. Тэгэхэд тэр залуу “болоогүй байна бид нар 2 талаас нь булж байна” гэсэн. Тэгэхээр нь би “та нар айлын хашааны урд талын нүхийг хамгийн түрүүнд нь булах ёстой биз дээ” гэж хэлсэн. Тэгээд тэрэн дээрээс болж маргалдсан. Тэгээд тэр залуу над руу “чи тэгвэл өөрөө булчихгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би жаахан уурлаад тэр залуу руу” энэ чинь та нарын ажил биз дээ” гээд би тэр залууд салаавч өгсөн. Тэгээд би тэр залуутай заамдалцаад, цохилцож зодолдоогүй салаад буцаад хашааныхаа үүдэнд очсон. Тэгээд тэндээс дахин маргалдсан, миний дээд уруул хавдсан, шүднээс цус гарсан байсан, бусдаар гэмтэл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-н: “...Би 2017 оны 09 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт шинээр баригдсан 126 дугаар сургуулийн цахилгааны кабелийн утсыг булах ажлыг хийж байсан юм. Уг цахилгааны утсыг сургуулийн баруун талаар 400 гаруй метр газраар булж явуулж байсан ба айлуудын үүд гудамжаар явуулж байсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед ухсан байсан нүхийг айлууд үүднийхээ хэсгийг булчихсан бид дахин гараар ухаж кабелийн утсыг газарт булаад, захаас нь нүхийг шороогоор булаад явж байсан юм. Гэтэл тухайн хэсгийн нэг айлын хүн “манай хаалганы хэсгийг булалгүй албаар үлдээж байна” гэхэд нь бид нар захаас нь булаад явж байна гэхэд уурлаж манай ажилтан Батнямын ам руу салаавч гаргаад, нүүр лүү нь нулимаад байсан ба Батням тэр 2 барилцаад авахаар нь би очтол нөгөө уурлаад байсан залуу миний хамар руу гараараа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад, миний хамаг хувцас хунар цус болсон. Би салгаад байж байтал тэр залуугийн эхнэр бид нар луу газар ухсан нүхний чулууг шидээд байсан. Тэгээд цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Ингээд би одоо боль гэхэд тэр залуу зөвшөөрөөд болих гэтэл тэр залуугийн эхнэр өргөдөл бичиж өгөхөөр нь би мөн адил өргөдөл өгсөн юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Шаравнямбуугийн: “...2017 оны 09 сарын 23-ны өдөр Э, Батням нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт кабелийн утас тог татах ажил хийж байхад нэг хашаанаас танихгүй эрэгтэй хүн гарч ирээд “хашааны үүдэнд байгаа нүхийг бул” гээд байсан. Тэгээд Батням очоод булж байхад тэр эрэгтэй над руу гүйж ирээд намайг заамдаад, миний нүүр лүү нулимахаар нь би тэр залууг цохиогүй түлхээд цааш нь явуулсан. Тэгэхээр нь буцаад Батням дээр очоод бас муудалцаад Батнямын ам руу салаавч өгөөд, нүүр лүү нь нулимахад Батням тэр 2 заамдалцаад авсан. Тэгээд Энх-Амгалан очоод салгах гэхэд тэр залуу Э-н хамар луу нь цохичихсон. Би энэ гурвыг салгасан чинь нэг эмэгтэй гарч ирээд чулуу шидээд байсан. Тэгээд би тэр эмэгтэйгийн 2 гарнаас нь бариад чулууг нь тавиулчихаад, буцаад нөгөө 3 дээр очсон. Тэгээд тэр 3-ыг салгаж холдуулаад хэрүүл болоод цагдаа ирсэн. Тэр эмэгтэй чулуу шидээд л байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Сүрэнцэцэгийн: “...Би гэртээ очтол манай нөхөр нэг үл таних залуутай хэрэлдээд бие бие рүүгээ чанга чанга дуугараад байж байсан. Тэгээд Г тэр залуутай барилцаж аваад зууралдсан. Би хэн хэнийгээ яаж цохисныг хараагүй. Тэгээд би очоод салгах гэсэн чинь дийлээгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн шинжээчийн №12134 тоот:

  1. Ж.Г-н биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 24-ний өдрийн шинжээчийн №12138 тоот:

  1. Э-н биед тархи доргилт, хамар ясны хугарал тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэсэн дүгнэлт /хх-32/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх:

Б.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/,

Ж.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ж.Г: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Э: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж тус тус мэдүүлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Г, Б.Э нар нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны 9-8 тоотын гадна кабелийн ухсан нүхээ булсангүй гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдан харилцан зодолдож Ж.Г нь Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, Б.Э-н нь Ж.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Г-н: “...Тэгэхээр нь би жоохон уурлаад тэр залуу руу “энэ чинь та нарын ажил биз дээ” гээд би тэр залууд салаавч өгсөн. Тэгээд би тэр залуутай заамдалцаад, цохилцож зодолдоогүй салаад буцаад хашааныхаа үүдэнд очсон. Тэгээд тэндээс дахин маргалдсан, миний дээд уруул хавдсан, шүднээс цус гарсан байсан, бусдаар гэмтэл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-н: “...Манай ажилтан Батнямын ам руу салаавч гаргаад нүүр лүү нь нулимаад байсан ба Батням тэр 2 барилцаад авахаар нь би очтол нөгөө уурлаад байсан залуу миний хамар руу гараараа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад миний хамаг хувцас хунар цус болоод, би салгаад байж байтал тэр залуугийн эхнэр бид нар луу газар ухсан нүхний чулууг шидээд байсан. Тэгээд цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Шаравнямбуугийн: “...Тэгэхээр нь буцаад Батням дээр очоод бас муудалцаад Батнямын ам руу салаавч өгөөд нүүр лүү нь нулимахад Батням тэр 2 заамдалцаад авсан. Тэгээд Э очоод салгах гэхэд тэр залуу Э-н хамар луу нь цохичихсон. Би энэ гурвыг салгасан чинь нэг эмэгтэй гарч ирээд чулуу шидээд байсан....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Сүрэнцэцэгийн: “...Би гэртээ очтол манай нөхөр нэг үл таних залуутай хэрэлдээд бие бие рүүгээ чанга чанга дуугараад байж байсан. Тэгээд Г тэр залуутай барилцаж аваад зууралдсан. Би хэн хэнийгээ яаж цохисныг хараагүй. Тэгээд би очоод салгах гэсэн чинь дийлээгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн шинжээчийн №12134 тоот: Ж.Г-н биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 24-ний өдрийн шинжээчийн №12138 тоот: Э-н биед тархи доргилт, хамар ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэсэн дүгнэлт /хх-32/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Э, Ж.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Ж.Г нарт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Б.Э, Ж.Г нар нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцээгүй, харин  торгох ялыг “тодорхой хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Э, Ж.Г нарт эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Ж.Г нарт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1706029330375 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.Э, Ж.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Ж.Г нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Ж.Г нарт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Б.Э, Ж.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
  5. Б.Э, Ж.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э, Ж.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД