Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 02130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“НЛ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01802 дугаар шийдвэртэй

“НЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ПД” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөр, алдангид 42 157 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул, түүний өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Шижир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЛ” ХХК ачаа тээвэр, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул эрсдэлээс сэргийлж 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “ПД” ХХК-тай хүнд даацын тээврийн хэрэгслийн ХДТХ30С18104242 тоот даатгалын гэрээ байгуулж 725 000 000 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий 10 хүнд даацын тээврийн хэрэгслийг даатгуулсан. Гэрээний 6.2-т зааснаар даатгалын нийт хураамж 2 хувь буюу 14 500 000 төгрөг төлсөн. Уг даатгуулсан 10 тээврийн хэрэгсэл дунд 36-28 ӨМҮ улсын дугаартай автомашины 53-11 ТЧ улсын дугаартай чиргүүл нь 40 000 000 төгрөгийн даатгалын үнэлгээтэй орсон. 36-28 ӨМҮ улсын дугаартай автомашины 53-11 ТЧ улсын дугаартай чиргүүл нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү Hyundai LC-3 маркийн экскаватор тээвэрлэх замдаа чиргүүлийн хөндлөн травис, чиргүүлийн тавцан чиргүүл бүхэлдээ хугарч даатгалын тохиолдол бий болсон. Улмаар учирсан хохирлын үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-иар үнэлүүлэхэд 30 800 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Дээрх нөхцөл байдлыг дурдан даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18/029 дугаартай албан тоотоор “ПД” ХХК-д холбогдох бичиг баримтын хамт шалгуулахаар хүргүүлсэн боловч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/2065 дугаартай албан тоотоор даатгалын гэрээний 7.6, 7.9 дэх заалтуудыг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороо нь хянан үзээд “ПД” ХХК даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байгааг тогтоож, даатгалын нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон. Иймд ХДТХ30С18104242 тоот даатгалын гэрээний 8.1-д зааснаар автомашины техникийн эвдрэл, хохирлын нөхөн төлбөрт 27 450 000 төгрөг, мөн гэрээний 10.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 13 725 000 төгрөг, үнэлгээний зардал 982 400 төгрөг, нийт 42 157 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЛ” ХХК нь “ПД” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний хавсралт 1 дүгээр зүйлд заасны дагуу 10 төрлийн толгой болон чиргүүлийг даатгасан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1- 5.1.6-д заасны дагуу даатгалын эрсдэл үүсэх тохиолдолд нөхөн төлбөр олгохоор тохиролцсон. Мөн уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-7.18 хүртэлх заалтаар даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд буюу нөхөн төлбөр олгохгүй 18 үндэслэл байна. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээний 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр тухайн даатгуулагчид хохирол учрах бол даатгагч хариуцахгүй, харин даатгалын гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхцөлд хамаарч байх юм бол нөхөн төлбөр олгоно гэж анх гэрээ байгуулахдаа талууд хоорондоо тохиролцож, гарын үсэг зурсан. Тухайн тохиолдлыг манай зүгээс даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.6, 7.9-д хамрагдахгүй нөхцөлүүдийг заасан . “НЛ” ХХК-ийн 36-28 ӨМҮ улсын дугаартай автомашины 53-11 ТЧ улсын дугаартай чиргүүлтэй 29 тонн жинтэй Hyundai 2900 LC-3 маркийн экскаватор тээвэрлэж яваад 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт авто чиргүүл хугарч даатгалын тохиолдол гарсан тул нөхөн төлбөр хүсэх албан тоотыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн. Бид уг хүсэлтийг судлаад даатгуулагчийн буруутай зөрчлийн улмаас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгалын тохиолдол бий болсон газар даатгалын ажилтан очиж үзэхэд уг газар борооны усны улмаас хөрсний суулттай, эвдэрч, гуу жалга үүссэн газар байсан. Жалгыг өнгөрөхөөр замаар бус замын хажуугаар гарах оролдлого хийснээр чиргүүл хугарсан нь тухайн үеийн фото зургаар тогтоогдоно. Энэ нь даатгалын гэрээний 7.9-д заасан даатгалд хамаарагдахгүй эрсдэлд хамаарч байна гэж үзсэн учраас даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж татгалзсан. Манай шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар, шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр тухайн тээвэрлэсэн ачаа нь Монгол улсын Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага MNS459852011 стандартад заасан дээд хэмжээг хэтрүүлсэн болохыг тогтоосон. Хэрэгт баримтаар авагдсан Цагдаагийн байгууллагын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22/545 дугаар албан бичигт “НЛ” ХХК-ийн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү Hyundai 2900 маркийн экскаваторыг тээвэрлэхэд ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй байна гэсэн байгаа. Иймд шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгсэл стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдсон. Иймд хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтооглохгүй байх тул “ПД” ХХК-д холбогдох 42 157 400 төгрөг гаргуулах тухай “НЛ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “НЛ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 800 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01062 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах-аар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хугацаагаар хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар хариуцагч “ПД” ХХК-иас 1 600 000 төгрөг гаргуулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, цагдаагийн газраар шалгуулаагүй, шинжээчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч нь тухайн ачааг тээвэрлэхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй” гэж үзэж гэрээний 7.6-д заасны дагуу “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр... стандарт хэмжээнээс ачаа тээвэрлэсэн” бөгөөд даатгалын тохиолдол бий болоогүй байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн. Санхүүгийн зохицуулах хороо даатгалын тохиолдол, талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлийг хянан үзээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “ПД” ХХК-ийг даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байгааг тогтоож, даатгалын гэрээний 5.1-д заасан даатгалын эрсдэл учирсан гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохыг үүрэг болгож, Санхүүгийн зохицуулах хорооны 208 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/4194 дугаар шийдвэрийг “ПД” ХХК-д хүргүүлсэн боловч даатгалын нөхөн төлбөрийг одоог хүртэл барагдуулаагүй байдаг. Мөн Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй ба “ПД” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах асуудлаар гэрээнд заасан даатгалын тохиолдол мөн эсэхийг дахин тогтоолгохоор тус шүүхийн захирамжаар Авто тээврийн Үндэсний төв, Стандарт хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зам, тээврийн хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн яам  зэрэг байгууллагуудаас шинжээчийн дүгнэлт гаргуулахаар албан бичгийг шүүхээс хүргүүлсэн боловч дээрх байгууллагуудаас дүгнэлт гаргах боломжгүй талаар татгалзсан хариуг ирүүлсэн байдаг. Мөн тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2019/10447 дугаар захирамжаар Тээврийн цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч Б.Эрдэнэхуяг, Жижүүрийн шуурхай удирдлага хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Батмөнх нарыг шинжээчээр томилсон боловч дээрх шинжээчид иргэний хэргийн материалд авагдсан баримттай танилцаад эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, төрийн үйлчилгээ үзүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулах бусад байгууллагын үйл ажиллагаанд хамаарах асуултууд байгаа тул дүгнэлт гаргах боломжгүй талаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хүсэлт хүргүүлсэн байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШЗ20320/03308 дугаар захирамжаар дахин шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шинжээчээр мэргэшсэн инженер Б.Даваажаргалыг томилсон. Шинжээч Б.Даваажаргал 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шинжээчийн дүгнэлтээ хүргүүлсэн байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргасан мэргэшсэн инженер Б.Даваажаргалд Авто тээврийн удирдлага, зохион байгуулалтын хүрээнд төсөл, хөтөлбөрт үнэлгээ өгөх, зөвлөмж боловсруулах, мөн чиглэлээр холбогдох зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй 17/65 дугаар гэрчилгээг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл олгогдсон. Үүнээс харахад Б.Даваажаргал нь шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй байх ба мэргэшсэн инженерийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон үед шинжээчийн дүгнэлт гаргаж, анхан шатны шүүхээс тус шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон байна. Тиймээс анхан шатны шүүх энэ бүхнийг анхааралгүй хэрэгт бодит дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 Нэхэмжлэгч “НЛ” ХХК нь хариуцагч “ПД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 27 450 000 төгрөг, алданги 13 725 000 төгрөг, үнэлгээний зардал 982 400 төгрөг нийт 42 157 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч даатгалын гэрээний 7.6, 7.9-д заасан нөхцөлд хамаарахгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

  Даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.6, 7.9-д заасанчлан техникийн шаардлага хангаагүй, бүрэн бус хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, хууль болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эсхүл олгосон зөвшөөрлийг зөрчсөн байдлаар буюу стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэсэн, 7.9-т заасан усны татлага, түрлэгээс үүдсэн газрын хэсэгчилсэн эсхүл бүтэн суултаас шалтгаалсан эвдрэл хохирол үүссэн эсэх асуудал нь зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл болсон байна

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлүүдээ “...даатгалын тохиолдол бий болсон газар даатгалын ажилтан очиж үзэхэд уг газар борооны усны улмаас хөрсний суулттай, эвдэрч, гуу жалга үүссэн газар байсан. Жалгыг өнгөрөхөөр замаар бус замын хажуугаар гарах оролдлого хийснээр чиргүүл хугарсан нь тухайн үеийн фото зургаар тогтоогдоно,  “ПД” ХХК 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 18-01/2065 тоот мэдэгдлээр “Авто чиргүүл дээр экскаватор ачихдаа Монгол улсын МNS5345:2003 стандартын 5.3.1, 6.5, МNS4598:2003 стандартын 5.8.1.1, Зам тээвэр барилга хот байгуулалтын Сайдын 2019 оны 201 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 5.5.2-д заасныг тус тус зөрчсөн” гэж тайлбарлаж нөхөн төлбөр олгохгүй гэж татгалзжээ.   

Зохигчдын хооронд 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр №ХДТХ 30С18104242 тоот даатгалын гэрээ байгуулагдсан, даатгуулагч хүнд даацын тээврийн хэрэгслийг гэрээнд заасан даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалаар хангахаар харилцан тохиролцсон байна. Даатгуулагч “НЛ” ХХК нь 10 хүнд даацын тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай 725 000 000 төгрөгөөр даатгуулж, даатгалын хураамжид 14 500 000 төгрөг төлсөн байна. /1хх.4-10/

 Талууд даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулсан ба зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

  Нэхэмжлэгч “НЛ” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 36-28 ӨМҮ улсын дугаартай автомашины 53-11 ТЧ улсын дугаартай чиргүүлээр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү Hyundai 2900 LC-3 маркийн экскаватор тээвэрлэн явж байхдаа чиргүүлийн хөндлөн травис, чиргүүлийн тавцан хугарч 30 000 000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.  

 Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч дээрх ослын талаар цагдаагийн газраар шалгуулаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 Зохигчдын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдэлийн улмаас эд хөрөнгөнд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.6-д заасны дагуу даатгалын эрсдэлийн төрлийг тодорхойлно, гэрээний 7.1.7-7.1.18 хүртэлх заалтаар даатгалд нөхцөлүүд буюу нөхөн төлбөр олгохгүй үндэслэлийг заажээ.

Харин талууд гэрээндээ “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах, стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл ачиж тээвэрлэсэн” гэсэн ерөнхий заалт оруулсан байгаа боловч тухайн тохиолдлыг нарийвчлан тохироогүй, уг ослыг гэрээний 7.6, 7.9 дэх заалтад хамааруулан үзэх боломжгүй байна.  

Хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн мэргэшсэн инженер Б.Даваажаргалын шинжээчийн дүгнэлтүүд авагджээ./1хх.179-181,2хх.1-3/

“НЛ” ХХК, “Обма” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 53-11 ТЧ чиргүүлийн зардалд 30 000 000 төгрөг төлсөн. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар чиргүүлийн засварт 30 800 000 төгрөгийн төлбөр гарсан гэх үнэлгээ авагдсан байна. /1хх.22-24/

Нэхэмжлэгч талаас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад тус хорооноос “ПД” ХХК нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй гэсэн хариуг өгчээ.

Тээвэрлэлтийн явцад чиргүүлийн хөндлөн травис, чиргүүлийн тавцан хугарч даатгалын тохиолдол бий болсонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “ПД” ХХК-иас 42 157 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “НЛ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. 

 Иймд хариуцагч “ПД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 27 450 000 төгрөг, алданги 13 725 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “НЛ” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Энэ талаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.