Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2025/00028

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2025/00028

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн .... дүгээр хороо, ******* ....... дугаар гудамжны ....... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1992 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Архуст сумын Шунхлай хувьцаат компанид тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1992 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Архуст сумын Шунхлай хувьцаат компанид ажиллаж байгаад 1995 оны 4 дүгээр сарын 25-нд ажлаасаа гарсан. Иймд намайг 1992 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Архуст сумын Шунхлай хувьцаат компанид ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хэрэгт авагдсан тушаалд 1995 оны 03 дугаар сарын 01-нд ажлаас чөлөөлсөн гэж бичигдсэн байна. Би бичиг үсэгт жаахан тааруухан, тэгээд тушаалаа сайн ойлгож хараагүй болохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1995.04.25-нд халагдсан гэж буруу бичсэн байна. Ажлаас халагдсан тушаалд бичигдсэн огноогоор тогтоолгоно. Энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Шунхлай ХК тэр үед газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Одоо энэ компани байхгүй, татан буугдсан. Захирал нь Базардорж гэдэг хүн байсан бөгөөд тухайн үед 40-50 ажилтантай байсан. Зөвхөн тариа тариалдаг компани байсан. Би Эрдэнэ суманд 1988 онд 45 хоногийн курсэд сурч тракторчин мэргэжил эзэмшсэн. Мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр бусад бичиг баримт байсан боловч залуудаа хаячихсан юм. Би одоо ажиллаж байсан байдлаа тогтоолгоод группэд орох гэсэн юм. 2024 оны 10 сард хөлийн уланд юм гараад, сүүлдээ ясандаа хүртэл үрэвсээд гэмтсэн. Тэгээд 1 хөлөө тайруулсан. Өөрийн гэсэн гэр оронгүй байхгүйгээс хамаг бичиг баримт, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Ийм учраас хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Архивын тасгийн албан бичиг, Төв аймгийн Архуст сумын Шунхлай ХК-ийн 06, 22, 54 дугаартай захирлын тушаал, тушаалын хавсралтууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

/хх-ийн 4-10 дугаар тал/

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

1.Ж.******* нь 1971 оны 3 дугаар сарын 21-ны өдөр төрсөн бөгөөд 53 настай, хөгжлийн бэрхшээлтэй буюу өрөөсөн хөлөө тайруулсан одоо группэд гарахад зарим ажилд орсон, гарсан тушаалууд олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр бусад бичиг баримтууд нь үрэгдсэн зэрэг шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

2.Хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

3.Хүсэлт гаргагч Ж.******* 1992 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Архуст сумын Шунхлай хувьцаат компанид тракторын жолоочоор ажиллаж байсан бөгөөд 1994 оны архивын баримтад Ж.*******д холбогдох тушаалд гараагүй, мөн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдсэн болох нь Төв аймгийн Төрийн архивын тасгийн албан бичиг, болон Ж.******* тайлбараар тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

4.Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа Би 1995.04.25-ны өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ажлаас чөлөөлсөн тушаалд 1995.03.1-ний өдөр гэж бичигдсэнийг бичиг үсэг муу учраас анзаарч сайн уншсангүй. Иймд тушаалд бичигдсэн огноогоор ажлаас чөлөөлөгдсөн хугацааг тогтоолгоно гэв.

5.Хүсэлт гаргагч Ж.******* нь 1992 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Архуст сумын Шунхлай ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,

-Төв аймгийн Архуст сумын Шунхлай ХК-ийн захирлын 1992.5.03-ны өдрийн 22 дугаартай ажилд түр хугацаагаар томилох тухай тушаал, уг тушаалд ******* *******г түр хугацаагаар тариалалтын үед тракторчинаар томилсугай гэжээ.

-Төв аймгийн Архуст сумын Шунхлай ХК-ийн захирлын 1993.12.08-ны өдрийн 54 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын 1-рт ...нэр бүхий хүмүүст 1993 оны ээлжийн амралтыг олгосугай. Нэрс.. 13 дугаарт Ж.*******, үндсэн амралт 21 хоног, нийт амрах хоног 21, амралт эхлэх хугацаа 12.01-ний өдрөөс, дарга Ч.Базардорж гэсэн байв,

-Төв аймгийн Архуст сумын Шунхлай ХК-ийн захирлын 1995.04.15-ны өдрийн 06 дугаартай орон тооны цомхотгол хийх, ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай тушаал, уг тушаалд Компанийн тариалах талбайн хэмжээ, нэг суурьт байх малын тоо зэргийг харгалзан орон тооны цомхотгол хийх, Хөдөлмөрийн хуулийн 21-р зүйлийг тус тус үндэслэн тушаах нь, орон тооны цомхотголд орсон ...тракторчин ......Ж.******* нарыг 3 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

6.Хүсэлт гаргагч Ж.******* нь 1992 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс Төв аймгийн Архуст сумын Шунхлай ХК-д тракторын жолоочоор ажиллаж байгаад орон тооны цомхотголоор 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдсөн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан үйл баримтыг тогтоон шийдвэрлэв.

7.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэсэн болно.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г 1992 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Архуст сумын Шунхлай хувьцаат компанид тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА