| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2023/0067/Э |
| Дугаар | 0029 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 0029
Б.Дод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдлоор Б.Дод холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овогт Б-н Д,
Б.Д нь Г.П, Б.М нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сумын багийн тоот хашаанаас иргэн Б.М-н хоёр шүдлэн үхэр буюу олон тооны малыг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ц овогт Б-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан бүлэглэж бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б-н Дыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дод оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 172 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доос 10.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д олгож, Шийтгэх тогтоол нь уншин сонгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо:
... Болсон хэргийн тухайд Б.Д нь Г.П, Б.М нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.М-н 2 тооны шүдлэн үхрийг хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэргийг шалгах явцад Шанд багийн 41-10 тоот хашаанаас аваагүй болох нь тогтоогдсон.
Мөн хэргийг шалган явцад тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдээгүй завдах шатандаа илэрсэн бөгөөд дээрх этгээдүүд 2 тооны үхрийг захиран зарцуулах боломж бүрдээгүй атал төгс үйлдсэн гэмт хэргийн хэмжээнд нотлох баримтыг үнэлэн ял шийтгэл оногдуулсан. Түүнчлэн Б.Д үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж болох боломжтой байгааг харуулж байна. Тухайн хэргийн гэм хор, хохирлын тухайд хохирогч 2 тооны үхрээ авсан. Түүний нэхэмжилсэн нэхэмжлэл 30.000 төгрөг төлөгдсөн тул түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: Д нь боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, юу болж байгааг ч мэддэггүй. 2 тооны шүдлэн үхрийг шүүгдэгч нь бэлчээрээс хулгайлсан байхад хашаанаас хулгайлсан гэж дүгнэсэн. Үхрийг хашаанаас гаргасан хүний мэдүүлэг байдаг. Бугат сумын нутагт бэлчээрээс нь туусан үйлдэл байгаа. Хохирогчид 10.000 төгрөг төлсөн байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: Давж заалдах гомдолдоо шүүгдэгчийн өмгөөлөгч завдалт гэж үзсэн байсан. Шүүх хуралдаан дээр зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хашаанд байсан үхэр гэдэг нь тогтоогддог. Мал хулгайлах гэмт хэргийн хувьд онцлогтой, малыг туугаад явж байгаа үйлдэл нь төгс үйлдэгдсэнд тооцогддог. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Дод холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь Г.П, Б.М нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.М-н ухаа халзан, хар халзан зүсмийн 2 тооны шүдлэн үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгч дээрх гэмт хэргийг Б.М, Г.П нартай бүлэглэн үйлдсэн боловч Б.Д нь прокурорын хяналтын шатанд оргон зайлж, хаа байгаа болох нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг прокурорын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор тусгаарласан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т нь ... гэмт хэрэг төгс үйлдэгдээгүй хулгайлсан хоёр үхрээ захиран зарцуулах боломж олдоогүй, тухайн хэргийн гэм хор хохирлын хувьд хохирогч үхрүүдээ авсан. Түүний нэхэмжилсэн 30.000 төгрөгийн 10.000 төгрөгийг Б.Д төлсөн тул хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан хохирогч Б.М-н ... 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үхэрнүүдээ аймгийн сумын багийн тоот эзэнгүй өвс ихтэй хашаанд оруулаад хаалгыг нь төмөр утсаар бэхлээд бэлтгэлдээ явсан. Орой нь найз Б-д үхэр хашсан хашаагаа зааж өгөөд гаргаж аваарай гэж хэлсэн. Б багийн тоот хашаанд очоод үхэрнүүдээ гаргаж авах гэхэд хашааны хаалга нь онгорхой үхэрнүүд нь байхгүй байсан гэсэн. Б үхрээ гэр хорооллоор хайгаад олоогүй ... Шанд багийн хажуугийн хастай уулын баруун талд буюу морь барианы талын хэсэгт явж байтал уулан дээр бараан өнгийн зүйл харагдахаар нь яваад очтол манай хоёр шүдлэнг ногтолж уясан байдалтай хоёр залуу машины гэрэлд харагдаад манай найзыг хараад шууд зугтаад цаад талд нь байсан саарал өнгийн “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад зугтахаар нь араас нь машинтайгаа хөөх замдаа цагдаад болон надад мэдэгдэж шахаж зогсоон цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн ... Сүүлд нь тухайн ойр орчмын айлуудаас асууж сураглахад багийн тоотын хажуу айлынх хүн нь манай үхэрнүүдийг хашаанаас нь гаргаж явуулсан талаар надад хэлсэн. Тэгэхээр манай үхэрнүүдийг бэлчээрээс нь хулгайлж явсан байж таарна ... гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.Б-н ... Үхрээ хайгаад олдохгүй болохоор нь гэр лүүгээ явж байдаг юм байх даа гээд гэр хорооллоос гараад морь барианы газар луу явж байхад гэр хорооллын цаад талд байдаг хас тэмдэгтэй уулын цаад талд явж байхад манай найз Э энэ урд талын энгэр дээр хоёр гурван хар юм байна, энд байшин байсан юм уу гэж хэлсэн. Харуй бүрий болоод холын юм харагдахгүй байсан. Бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явж байхад хоёр эрэгтэй хүн үхэр хөтлөөд уяагаар уячихсан явж байсан. Цаад талд нь Тоёота приус-11 маркийн саарал өнгийн машин зогсож байсан. Хөтөлж явсан үхрээ хоёр залуу хаяад цаашаа гүйгээд зогсож байсан машинд суугаад хөдлөөд явсан. Бид нар урдуур нь ороод зогсоосон ... Машины гэрэлд нэг нь цоохор дээлтэй дээгүүрээ саарал өнгийн ноосон цамцтай эрэгтэй хүн байсан... гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Б-н ... Хас тэмдэгтэй уулын цаад талд явж байхад замын урд талын энгэр дээр 2-3 юм хөдлөөд байх шиг харагдсан. Би Б-с энд байшин байдаг юм уу гэхэд үгүй гэсэн. Тэгэхээр нь бид нар замаас гараад яваад очиход машины гэрэлд хоёр эрэгтэй хүн хоёр үхэр холбоод нэг нэг талаас нь хөтлөөд чирээд байгаа юм уу чирэгдээд байгаа юм уу мэдэхгүй, ямар ч байсан уяагаар уячихсан хөтлөөд явж байсан. Манай найз Б үхрийг хараад манай үхэр байна, хурдан яваарай гэсэн. Үхэр хөтөлж явсан хоёр залуу үхрээ хаяад машинд суугаад зугтаасан ... гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Э-н ... 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өглөө босчихоод байж байтал барагцаагаар 13 цагийн үед шиг санагдаж байна багийн тоотод хашаанд нь 10 гаран тооны үхэр оруулчихсан байсан. Тэгэхээр нь би хүү М-г туугаад гарга гэж хэлсэн. Жижиг хаалгыг нь төмөр утсаар бэхэлсэн байсныг нь онгойлгож үхэрнүүдийг хашаанаас гаргасан ... гэсэн мэдүүлэг,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл болон уяанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
шинжээчийн 31 дугаартай “...харьцуулах загварт ирүүлсэн Б.М гэсэн шошготой гутлын баруун хөлийн гутлын улны хээтэй хээний хэлбэр хэмжээ, өсгийн хэсэгт байх шруфны байрлал зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна... харьцуулах загварт ирүүлсэн Б.Д гэсэн шошготой гутлын улны хээтэй хээний хэлбэр хэмжээ, өсгий, өлмий болон нум хэсгийн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Д нь Г.П, Б.М нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.М-н хоёр тооны шүдлэн үхрийг бэлчээрээс нь хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан олон тооны мал бүлэглэж хулгайлсан гэмт хэргийн шинжийг хангасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд дахин хамруулах боломжгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд энэ гэмт хэргийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаарддаггүй онцлогтой.
Мөн олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүнд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан, өөрөөр хэлбэл уг зүйл, хэсэг, заалтад хорихоос өөр төрлийн ял хуульчлагдаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдолд дурдсан ... гэмт хэрэг төгс үйлдэгдээгүй , ... хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү... гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Харин хохирогч Б.М нь хулгайлагдсан үхрээ биет байдлаар нь буцаан авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн 30.000 төгрөгөөс өөрт оногдох 10.000 төгрөгийг шүүгдэгч Б.Д нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны орлогын мэдүүлэг /2 дугаар хх 182/-ээр нотлогдож байхад анхан шатны шүүх түүнээс дахин гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан энэ хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тухайн үйл баримт 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон, мөн хохирогчийн үхэрнүүдийг тухайн өдөр багийн тоот хашаанаас тууж гаргасан байсан болох нь гэрч Б.Э-н мэдүүлгээр тогтоогддог атал прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн огноог “2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр” гэж, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг “... багийн хашаанаас ...” гэж тус тус зөрүүтэй тусгасан байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэснийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдолд дурдсан ... 10.000 төгрөг төлөгдсөн ... гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА