| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0473/э |
| Дугаар | 482 |
| Огноо | 2017-11-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
хохирогч Д.Гантөмөр,
гэрч Д.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Мягмардоржийн Өнөрмөнхөд холбогдох эрүүгийн 1711000000033 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Мягмардоржийн Өнөрмөнх,1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, 3-6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 6-48 тоотод түр оршин суух хаягтай, регистрийн дугаар МА83080109.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.Ө нь 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 6-48 тоотод байрлах нийтийн байранд иргэн М.Гантөмөртэй маргалдан банз шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Манай дүү болох Түмэнцэцэг угаадас асгах гэж явж байгаад шатан дээрээс унаж хөлөө гэмтээсэн. Би манай дүү гэмтчихлээ гэж хохирогчид хэлэхэд хохирогч хүүхэдтэйгээ орж ирсэн. Орж ирээд намайг хэл амаар доромжилсон. Би та хүнийг тэгж болохгүй гэж хэлэхэд одоо зайл гэж хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн. ...Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Гэрт хэвтэж байхад нь 300.000 төгрөг өгсөн. Тэгэхэд та миний өгсөн мөнгийг голоод би урьд нь хүнд цохиулаад хөмсгөө сэтлүүлэхэд 500.000 төгрөг авч байсан гэж хэлж байсан...” гэв.
Хохирогч Д.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгчийн гэрт орж битгий архи уугаад бай гэдэг шаардлага тавьсан. Шүүгдэгч манай дүү шатнаас унасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би түргэн дуудъя гэхэд над руу гэнэт банз аваад шидсэн. Намайг эмчид үзүүлэхэд хоёр судас нь тасарсан байна гэж хэлсэн...” гэв.
Гэрч Д.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр би орон нутгаас ирээд Өнөрмөнхийн гэрт очсон. Тэр өдөр их тэнгэрийн аманд гол дээр байж байгаад орой нь гэртээ орсон. Өнөрмөнх толгой угаасан усаа эмэгтэй дүүгээрээ асгуулах гээд гаргасан. Эмэгтэй дүү нь орж ирэхдээ мөлхөж орж ирээд шатны банз мултраад хөлөө гэмтээчихлээ гэж хэлсэн. Байрных нь эзнийг дууд гэхэд хохирогч их халамцуу орж ирсэн. Орж ирээд та нар шиг гуйлгачид байрныхаа мөнгийг өгөөгүй байж одоо гарч зайл гэж хэлсэн. Тэгээд маргаж байхад хохирогчийн эхнэр нь орж ирээд мөнгөө өгөхгүй бол зайл гэж хэлсэн. Би хэрэлдээд байхаар нь гарч шатан дээр суусан. Өнөрмөнх хохирогчтой гичий нохой дээрээ тулаад байрнаас гараад ирсэн. Өнөрмөнх 2 давхрын шатан дээр харин хохирогч доод талд байсан. Хохирогч Өнөрмөнхийг чи муу аятайхан байгаарай гичий минь гэж хэлээд Өнөрмөнхийг мангасдсан. Би тэгэхээр нь ахаа та эмэгтэй хүнийг болиоч гэж хэлсэн. Тэгээд хохирогч нь Өнөрмөнх намайг банзаар цохичихлоо гэж нүдээ дараад гараад ирсэн. Тэгээд цагдаа ирээд Өнөрмөнх хохирогч хоёрыг аваад явсан...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Гантөмөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 6-48 тоотод байрлах нийтийн байранд жижүүрээр ажилладаг юм. 2017 оны 8 дугаар сарын 8-ны орой 21 цаг өнгөрч байхад уг байрны 7 тоотод хүмүүс архи дарс уугаад байх шиг байсан. Тэгэхээр нь очоод архиа болиоч байрны мөнгө төгрөгөө өгөөч гэсэн шаардлага тавчихаад гараад явсан. Тэгэхэд түрээслэгч Өнөрмөнх гэх эмэгтэй “чи мэддэг юм уу” гээд уурлаад байсан ба тэр эмэгтэй гэнэт банз шидчихсэн юм. Тэгээд миний биед гэмтэл учруулсан. Гомдолтой байна. Өнөрмөнхөөс 51.000 төгрөгийг хохирлын мөнгөнд авсан байгаа. Би 500.000 төгрөг нэхэмжилнэ...” гэжээ /хх-7, 10-11/.
Гэрч Ц.Өлзийбат мэдүүлэхдээ: “...Гантөмөр ах бид хоёр шатыг янзлах гээд байж байхад тэр эмэгтэй хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь за болъё дараа засъя гэж хэлээд доошоо бууж байхдаа эргээд харахад тэр эмэгтэй Гантөмөр ах руу шатны модыг аваад шидэхээр нь би “Төмөрөө ах аа мод” гээд хэлэхэд л нөгөө шидсэн мод нь Гантөмөр ахын толгойг оносон. Гантөмөр ахын нүдний хэсэгт гэмтэл учирсан байсан ингээд эмнэлэг орсон юм...” гэжээ /хх-20/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 10201 дугаартай дүгнэлтэд:
“1. Д.Гантөмөрийн биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, зовхинд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-25/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35, 37/, хохирогч С.Цэрэнбатын эмчилгээний зардлын баримтууд /хх-45/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Ө нь 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 6-48 тоотод байрлах нийтийн байранд иргэн М.Гантөмөртэй маргалдан банз шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Гантөмөрийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 10201 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Өийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Өийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Гантөмөр нь “...Өнөрмөнхөөс 51.000 төгрөг авсан байгаа. Би 500.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн байх боловч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна. Иймд хохирогч Д.Гантөмөр нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Мягмардоржийн Өнөрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.Гантөмөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өөд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН