Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 0030

 

 

 

 

 

 

 

 

 

О.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Н.Д

Шүүгдэгч                                           С.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                О.С

Хохирогч                                           Б.М

Нарийн бичгийн дарга                 Ө.Оюумаа  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлоор О.О, Б.И, С.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овогт С-н Н,

 

Б овогт О-н О,

Б овогт Б-н И,

Б.И нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр          аймгийн       сумын     багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш бааранд хохирогч Ө.А-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн хацар, баруун гуянд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

О.О нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр        аймгийн       сумын       багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш бааранд хохирогч С.Ч-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын салстад шарх, дээд, доод урууланд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4-р хурууны дотор талд зах ирмэг тэгш шарх, баруун гарын 4 дүгээр хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

С.Н нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр         аймгийн       сумын        багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш бааранд хохирогч Б.Мийн нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: О.О, Б.И, С.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт О-н О, Б овогт Б-н И, М овогт С-н Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч Б.И, С.Н нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.И, С.Н нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Б.О, Б.И, С.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэс 256.473 төгрөг гаргуулан хохирогч Б.Мт олгуулж, хохирогч Б.М, С.Ч, Ө.А нар нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Н давж заалдах гомдолдоо:

 

... Миний хувьд үнэндээ М гэдэг эмэгтэйг нүүр рүү нь өшиглөөгүй тул хийгээгүй үйлдлийнхээ төлөө хийсэн гэж хэлж хэрэг хүлээх нь утгагүй санагдсан тул анхнаасаа үнэнээ хэлж байсан. Уг бааранд Н эхэлж бусад руу дайрч маргаан үймээнийг үүсгэсэн. Шүүх хуралд камерын бичлэгийг судлахад М-г би өшиглөж буй дүр зураг харагдаагүй бөгөөд прокурор Н өшиглөж байгаа мэт байна гэж таамаг дэвшүүлсэн.

 

Шүүх хуралд хэргийн материалд байгаа гэрч Н-н мэдүүлэгт намайг нүүр рүү нь өшиглөсөн тухай мэдүүлээгүй. М-н хэлснээр нүүр рүү нь өшиглөсөн бол нүүрэнд нь өшиглөсний ул мөр хөхөрсөн няцарсан байх ёстой. Мөн хамраас нь гарсан юм бол яагаад хажууд нь Бүсийн оношилгоо эмчилгээний төв байхад баяраа үргэлжлүүлэх гээд гэр рүүгээ явсан юм бол. Мөн цагдаагийн газар очиход нүүр нь ямар хөхрөлт няцарсан цус гарсан тухай огт яриагүй. Би яг үнэндээ нүүр болон толгой руу өшиглөөгүй тул өшиглөсөн гэж өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээх нь хэцүү байна.

 

Би шүүх хуралд гаргасан эмнэлгийн бичгийг нь хамар хоолойн эмчид үзүүлэхэд хуучин хамрын гайморын хөндийн архаг үрэвсэл өвчтэй байсан юм уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Иймд шүүхээс намайг М-т гэмтэл учруулсан гэм буруутай гэж тогтоосныг би зөвшөөрөхгүй байна. Шүүгч тогтоолоо танилцуулахдаа дотоод итгэлээрээ үнэллээ гэж тайлбарласныг би Н учруулсан гэж таамгаар дүгнэлээ гэж үзэж байна. Иймд уг тогтоолыг сайтар хянаж надад оногдуулсан ялыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

 

“...С.Н нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ш бааранд нөхөр болон нөхрийн найзуудын хамт орж чөлөөт цагаа өнгөрүүлсэн. Бааранд түүний нөхөр Ч-г Н гэгч заамдан авч, эрх чөлөөнд халдсан, О гэгч нөхөр Ч-г нь цохисон. Ч-тэй цуг бүжиглэж байсан Б гэдэг эмэгтэй Н, О нарыг Чингисийг цохисон тул цохисон. Н-н эхнэр М гэгч эмэгтэй Б гэдэг эмэгтэйг үсдэж унаган, жийж тавихгүй байх үед нь С.Н М-г үснээс нь зулгаасан.

Энэ үед баарны хамгаалагч болон Нтэй цуг явж байсан Г нар үс зулгаах үед хажууд нь байсан. М-н цуг явж байсан Н-н мэдүүлэгт Н-г М-н үснээс зулгаасныг хэлсэн байдаг. Харин хохирогчийн нүүр лүү болон ар дагз руу өшиглөсөн гэдгийг гэрчлээгүй. Уг үйл явдал болсны дараа М нь эмнэлэгт очоогүй шууд гэр лүүгээ баяраа тэмдэглэхээр явсан гэдэг. Харин С.Н, Ч, Б нар эмнэлэг болон Цагдаагийн газар руу хандсан байдаг.

Хохирогч гэх М-н мэдүүлгээр нүүр лүү, ар дагз руу нь өшиглөөд хамраас нь цус гаргасан гэдэг боловч нүүр лүү өшиглөсөн талаар бусад хөндлөнгийн гэрчүүд гэрчилсэн зүйл, баримт тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан сиди бичлэгээр С.Н М-г өшиглөж буй үйлдэл бүхий дүрс тогтоогдохгүй байгаа.

Улсын яллагч уг бичлэгийг үзээд үснээс зулгаасны дараа өшиглөж байна гэж үздэг. Гэтэл хохирогчийн нүүр лүү өшиглөж буй үйлдэл бүхий дүрсийг шүүх хурал дээр бичлэгээс бид харж тогтоогоогүй, хангалттай байхгүй байгаа юм. Шүүхээс Н-г М-н нүүр хэсэг рүү өшиглөж хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл хохирол учруулсан гэж дүгнээд хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, бичлэг зэргийг үндэслэсэн.

Хохирогчийн мэдүүлэгт дурдсан нүүр лүү өшиглөсөн гэдгийг камерын бичлэг болон эмнэлэгт үзүүлсэн болон шүүх эмнэлгийн үзлэгт дагз орчмоор өшиглүүлсэн ул мөр, хөхрөлт гэх мэт шинж тогтоогдоогүй. Мөн хамраас цус гарсан гэдгийг шалгаж тогтоогдоогүй. Цус гарсан үйл баримт СД бичлэгт байхгүй байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан 36.7.2.3-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заахдаа ... идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа нь харагдаж байх ба энэ үед өшиглөсөн гэх хохирогчийн мэдүүлгийг няцаах баримт тогтоогдсонгүй гэжээ.

Идэвхтэй хөдөлгөөн гэдэг нь ямар хөдөлгөөн, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэж буйг тодорхой заагаагүй. Хохирогчийн мэдүүлэг туйлын үнэн гэж үзэж байгаа бол яагаад нүүр, толгой руу нь өшиглөсөн, хамраас цус гарсныг бусад хөндлөнгийн гэрч болох баарны хамгаалагч болон хажууд нь байсан хүмүүсээс яагаад мэдүүлэг авч тогтоож болоогүй юм бол. Энэ нь тухайн үйл баримтыг хангалтай тогтоогоогүйг харуулж байна.

М-н КТГ шинжилгээнд хамрын бусад дайвар хөндийнүүд агааржилт хэвийн, хамрын таславч зүүн талын мурийлттай гэсэн. Хувийн эмнэлгийн үзлэгийн бичлэгт амьсгалын бус саадтай гэсэн зөрүүтэй. Хамрын таславч тухайн үед мурийх хэмжээний хүч үйлчилсэн тохиолдолд хамраас цус гарсан байх юм бол бичлэгт хамраас цус гарсан дүрс яагаад үлдсэнгүй вэ, мөн хамраас нь цус гараад хүнд цохиулсан юм бол хажууханд нь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв эмнэлэг байхад яагаад Ч шиг очоод үзүүлэн тусламж аваагүй вэ.

Эдгээр бүх байдлуудад шүүх нотлох баримтыг бүрчлэн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэнгүй. М-н мэдүүлгийг нөхөр Н-н мэдүүлгээр нотлогдож байна гэсэн. Гэтэл Н М өшиглүүлсэн үйлдлийг хараагүй гэдэг тэгээд ч нөхөр нь тул М-н эсрэг мэдүүлэхгүй байх боломжтой. Хамрын таславчийн муруйлт нь урьд өмнө нь үүссэн байхыг үгүйсгэхгүй. Иймээс хүүхэд байхгүй үедээ тоглоом, гулсуураас унах ч юм уу, өөр бусад хүчнээс үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хамрын хөндийд гиперденс голомтот өөрчлөлттэй гэдэг нь хуучин гэмтлийн үр дагавар байсан байх магадлалтай.

Энэ нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөгүй тул энэ баримттай холбоотой шалгах ажиллагаа хийгдэх боломжгүй байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15.3-т заасан ... нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана гэсэн үнэлэх журам хангалттай хэрэгжсэнгүй.

С.Н хөнгөн хохирол учруулсан обьектив талын үйлдэл болох өшиглөсөн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар түүнийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байна. Иймд шийтгэх тогтоолд С.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Н тайлбартаа: Би М-г өшиглөөгүй. Түүний хамарт гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй байгаа. Хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа:  Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгээр Н нь хохирогч М-г өшиглөж байгаа дүрс тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт шаардлага хангаагүй тул Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.М тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

              Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

             

              Шүүгдэгч Б.И, О.О, С.Н нар нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр       аймгийн     сумын        багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас нэр бүхий иргэдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ө.А, С.Ч, Б.М, гэрч Х.О, Б.Б, Э.Н, Б.М, Б.Н нарын мэдүүлгүүд, тус газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогч нарын биед учирсан гэмтлүүдийг тогтоосон шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49, 53 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

        

              Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч О.С нар нь “...Б.Мийг өшиглөөгүй ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд хохирогч Ө.А, гэрч Б.Б, Б.М нар “... Н М-г зодсоныг хараагүй” гэж мэдүүлсэн байх боловч

 

              хохирогч Б.Мийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүнийг газарт унасан байхад удаа дараа өшиглөсөн шүүгдэгч С.Н-н гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь

 

              мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Мийн... Манай нөхөр Ч-тэй заамдалцаад авсан байсныг салгаж байхад Б гэдэг эмэгтэй манай нөхрийн ар нуруу луу нь 2 удаа өшиглөсөн. Би тухайн эмэгтэйн үснээс нь зулгааж хамт газар унасан. Намайг газар унасан байхад Н миний нүүр лүү болон толгойн арын дагз руу гутлаараа гурван удаа өшиглөсөн. Миний хамарнаас цус гарч толгойн оройн хэсэгт хавдсан ... Шөнө дунд Цагдаагийн газраас залгаж дуудсан. Цагдаагийн газрын нэг давхрын үүдний коридорт Н бид хоёр үсдэлцсэн. Н гэдэг эмэгтэй миний нүүр болон толгой руу 3 удаа өшиглөж хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтлийг учруулсан ...” гэсэн мэдүүлэг /хх 23/,

 

              гэрч Э.Н-н ... эргээд харахад М газар хэвтчихсэн Н гэдэг эмэгтэй үснээс нь зулгаасан байдалтай байхаар нь очиж салгасан. ...баарнаас гарах үед М, А нар хамар нэг л биш болчихлоо сая хамар луу цохичихлоо гээд байсан ... М-г Н гэх эмэгтэй бааранд үсдэж унагаагаад хамар луу нь өшиглөсөн, А бааранд дээгүүрээ цагаан өнгийн цамцтай залуу хамар луу нь цохисон талаар бид нарт хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 34/,

 

              гэрч Б.Н-н ... Ч-н эхнэр Н болон түүний найз Ж нар нь манай найз нар луу дайран хэрүүл маргаан зодоон гаргаж бөөн юм болж байгаад салаад найзуудын хамт баарнаас гарахад А, эхнэр М хоёр хоёулаа хамар сонин болчихлоо гээд хамарнаас нь цус гараад байсан ... М болохоор бааран дотор бүжгийн талбай дээр нэг эмэгтэй зууралдаж байгаад хальтраад шалан дээр унасан байхад нь хар өнгийн түрийтэй гуталтай дээгүүрээ хар өнгийн хувцастай, үсээ шараар будсан эмэгтэй үсдэж татаж чирж байгаад нүүр болон хамар луу нь 2 удаа өшиглөсөн гэсэн ...”  гэсэн мэдүүлэг /хх 38/,

 

              хохирогч Ө.А-н ... шөнө цагдаа дээр ирэхэд Б.М өөрийнхөө хамар луу С.Н-г өшиглөсөн гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 26/,

 

              хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн тогтоосон шинжээчийн 53 дугаартай “... Б.Мийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй...” гэсэн дүгнэлт /хх 57/,

 

              хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан авсан “S” бааранд болсон үйл явдлыг бичсэн хяналтын камерт бичигдсэн дуу дүрсний бичлэгт ... С.Н нь цагаан пудволкны гадуур цээж хэсгээрээ хар өнгийн цамцыг ханцуйгаар нь холбож уясан эрэгтэй хүний цаана зогсож байх үедээ Б.Мийг өшиглөж байгаа үйлдэл 22:59:36 секундэд бичигдсэн, мөн хүмүүсийн наагуур тойрч очиж Б.Мийг дахин өшиглөж байгаа үйлдэл 22:59:49 секундэд тус тус бичигдсэн,

 

              энэ талаар хяналтын камерт үзлэг хийсэн тухай ... Б.М Э.Б-н үснээс үсдэж газар унагааж хөлөөрөө Э.Б-н бие рүү жийж байх үед С.Н Б.Мийн үснээс үсдэж хажуу тийш болгож 22:59:49 секундэд Б.Мийг өшиглөж байгаа үйлдэл гаргаж байна ... гэсэн тэмдэглэл,

             

              анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Мийн өгсөн ... би сайн санаж байна. Миний толгой руу өшиглөсөн. Толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Эргүүлээд нүүр хэсэг рүү өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

              Дээрх үйл баримтын талаар хохирогч Б.М нь анх Цагдаагийн байгууллагад 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “... газарт унатал Н гэх охин толгой руу маань удаа дараа өшиглөж хамар толгой хэсэгт гэмтэл учруулсан ...” гэсэн өргөдөл гаргасан /хх 03/-аас гадна мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан, хохирогчийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг няцаан үгүйсгэх, өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Н-г гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           

              Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.И, С.Н, О.О нарт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н болон түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                             С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                С.ЦЭЦЭГМАА