Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 189/ШШ2024/00055

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******, *******, *******од байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, 02 дугаар хороо, *******од байрлах, “*******” ХХК /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага, алданги 5,295,310 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд төлөх ёстой билээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлүийн 10.17.3 хэсэг нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасанд нийцүүлэн тооцсон. Иймд нийт 5,295,310 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж  4,245,000 төгрөг болгон багасгасан байна.

Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Б., шүүхэд гаргасан тайлбартаа: “...Бид 2024 оноос тус компани дээр үйл ажиллагаа явуулаагүй ба үүнтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлтийн хүсэлтийг 2024 оны 2-р сард тус газар илэрхийлж  байсан ба тухайн үед нийгмийн даатгалын системийн шинэчлэлтэй холбоотойгоор аливаа шинэчилсэн бүртгэл 2024 оны 4-р сар хүртэл хийгдээгүй учир бид ажилчдын эрх ашгийг бодон нийгмийн даатгалын тайланг  илгээж байсан. Мөн түүнчлэн дээр дурдсан үүссэн өр төлбөрийг бидэнд нэг ч удаа мэдэгдэж байгаагүй ба энэ тухай танай шүүхээс ирсэн мэдэгдлээс мэдсэн.

Ийнхүү бидний нөхцөл байдлыг хүлээн авч нийгмийн даатгалын үндсэн шимтгэлээ төлөхөд хүнд байгаа тул 2,645,310 төгрөгийн алдангид холбогдох хэсгээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэлийн алдангийн тооцоолол, итгэмжлэл, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, “албан тушаалаас чөлөөлж, томилох тухай”, нийгмийн даатгалын шимтгэлийн алдангийн тооцоолол зэрэг нотлох баримтууд, хариуцагч итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбарыг шүүхэд өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага, алданги 5,295,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,245,000 төгрөг болгож багасгажээ.

Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, хариуцагч “*******” ХХК нь 4,245,000 төгрөгийг 2024 оны 12 сард 707,500 төгрөг, 2025 оны 01 сард 707,500 төгрөг, 2025 оны 02 сард 707,500 төгрөг, 2025 оны 3 сард 707,500 төгрөг, 2025 оны 4 сард 707,500 төгрөг, 2025 оны 5 сард 707,500 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны хариуцагч “*******” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 82,870 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1,106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага, алданги 5,295,310 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа 4,245,000 төгрөг болгон багасгаж хариуцагч нь 4,245,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 сард 707,500 төгрөг, 2025 оны 01 сард 707,500 төгрөг, 2025 оны 02 сард 707,500 төгрөг, 2025 оны 3 сард 707,500 төгрөг, 2025 оны 4 сард 707,500 төгрөг, 2025 оны 5 сард 707,500 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-аас 4,245,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 82,870 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Хариуцагч “*******” ХХК шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ