Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/461

 

                2023             04             27                                   2023/ДШМ/461

Г.Аэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ш.Бямбадорж,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/402 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч Г.Аэд холбогдох 2202007620039 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

****************** овгийн Г.А, 19** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Намъяанжү гудамж, **** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: **0000000/;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн;

Г.А нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны **** байрны ** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт сав болон уутны хамт 668,9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Аийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аэд 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа АҮ8443754 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа үзүүр хэсгээр цэнхэр канттай, өнгөгүй жижиг цэвэр усны сав 1 ширхэг, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай “өвс” гэх нэршилтэй 205,5 грамм ургамал, №3 гэж дугаарласан улаан өнгийн Соса Соlа-гийн лого бүхий ундааны савтай “өвс” гэх нэршилтэй 314,8 грамм ургамал, №94 гэж дугаарласан \/оуаgе гэсэн цэнхэр усны савтай “өвс” гэх нэршилтэй 48,7 грамм ургамал, №5 гэж дугаарласан цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай “өвс” гэх нэршилтэй 99,9 грамм ургамал зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Хэдийгээр шүүгдэгч Г.Аэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд” оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Нийслэлийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/402 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай.” гэж өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичлээ. ...” гэжээ.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нь мансууруулах бодисыг хууль бусаар гэртээ хадгалсан үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон боловч шүүгдэгчийн хувийн байдлыг дурдаж түүнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоож шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж оногдуулахыг хуульд тусгасан. Шүүгдэгч нь бодисыг хадгалсан, биедээ авч явсан, нуун далдалсан зэрэг нөхцөл байдлууд байгаа. Иймд шүүгдэгчийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах нь Эрүүгийн хуулийн зорилтод нийцнэ гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өмнө нь сурч байгаад сургалтын төлбөрөө төлөх чадамжгүйгээс болоод сургуулиасаа чөлөө авсан байсан. Энэ зун ажил хийж сургуульдаа буцаж ороод үргэлжлүүлэн сурах хүсэлтэй. Иймд сургуулийнхаа төлбөрийг олохын тулд ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бямбадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Улаанбаатар хотоос гарах эрхийг нь 2 жил хугацаагаар хязгаарлаж шийдвэрлэсэн. Шүүх тухайн шийдвэрийг гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч Г.А нь бага насандаа эцэг, эхээ өвчний улмаас алдаж эмээгийнхээ асрамжид өссөн. Г.А нь Баянгол дүүрэгт байрлах “Хөх Богд” нэртэй компанид будагчны туслахаар ажилладаг. Цаашдаа Хөдөө аж ахуйн их сургуульд суралцах сонирхолтой байгаа гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа нь сурч боловсрох хүсэлтэй гэдгээ илэрхийлж байна. Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан Улаанбаатар хотоос гарахыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ялд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдэнэ гэж заасан. Зорчих эрхийг хязгаарлах ялын 5.5 дугаар зүйлд тодорхой оршин суух газраас гарахыг хязгаарлах болон шүүхээс тогтоосон маршрутаар хязгаарлахыг зохицуулсан. Иймд миний үйлчлүүлэгчийн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх байдлыг харгалзаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны ****** байрны ** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт сав болон уутны хамт 668,9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Б.Тий сэжигтнээр өгсөн “...Намайг Хүслэнгийн /Г.Аийг Хүслэн гэж дууддаг гэх/ гэрт орж ирэхэд хуванцар сав болон хуванцар ууттай өвсийг ширээний хажууд байрлуулсан байсан. Тухайн өвсийг Хн, Бн хоёр татаж үзэх үү гэхээр нь би шохоорхоод татаж үзье гэсэн. Ингээд хуванцар саванд ус хийгээд саваа цоолоод мөнгөн дэвсгэрт цоорсон газраа хийгээд мөнгөлөг цаасандаа өвсөө хийгээд хийсэн өвсөө асаагаад сорсон. ...Хүслэн хамт цахим тоглоомын газар орьё гэхээр нь хамт явж байхад энгийн хувцастай хоёр цагдаа ирээд бид хоёрыг барьж авсан. Тэгтэл Хүслэнгийн цүнхнээс урд орой татаж байсан өвс гарч ирсэн. ...” /хх 32/,

шүүгдэгч Г.Аийн яллагдагчаар өгсөн “...Тэр өвснөөс түүгээд Улаанбаатар хот руу явахдаа цүнхэндээ хийгээд аваад явсан байсан юм. Би өвс түүхдээ зүгээр гялгар цэнхэр өнгийн уутанд хийгээд түүсэн байсан. Улаанбаатар хотод ирээд өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 170б-59 тоод гэртээ орхиод байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ ганцаараа байсан чинь орой найз Т хаана байгаа юм, уулзах уу гэж ярьсан. Надтай ярихдаа хонох газар байхгүй байна гэхээр нь манай гэрт хүрээд ир, би гэртээ ганцаараа байна гэж дуудсан. ...22 цагийн үед Т ирсэн. Бид хоёр юм ярьж сууж байгаад би нөгөө Дарханаас түүж ирсэн өвсөө үзүүлээд хэрэглэж үзэх үү гээд бид хоёр ундааны саванд бонго хийгээд сорж хэрэглэсэн. ...” /хх 142/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5945 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Г.А” гэж хаягласан шээсний дээж, “Б.Т **0000000” гэж хаягласан шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. ...” /хх 67/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-15/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 17-25/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 55-56/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Аийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Аийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Прокурор Г.Ууганбаатар “... Зорчих эрх хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоох ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасан.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” гэж заасныг харгалзан үздэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтоохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэж хэт өргөн хүрээнд тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.  

Шүүгдэгч Г.А нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй бөгөөд шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд түүний сурч боловсрох, ажил хөдөлмөрийг эрхлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэх байдлаар уг ялын хүрээ хязгаарыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх прокурор Г.Ууганбаатарын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/402 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүхээс Г.Аэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээнд өөрчлөлт оруулалгүйгээр зөвхөн хүрээ хязгаарыг багасгасан өөрчлөлт оруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/402 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аэд 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аийг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, түүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР