Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 892

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /ҮД:2156/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 1706026690432 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Дэнжийн задгайд оршин суудаг, Ж.Б.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “АНУ” худалдааны төвийн 1 давхарт хохирогч С.Уртнасангийн халааснаас самсунг нөт 5 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Уртнасангийн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “АНУ” худалдааны төвийн 1 давхарт явж байхад хаалгаар орох гэхэд хажуугаар архи үнэртүүлсэн залуу зөрсөн. Тэгээд миний халаас нэг сонин оргиод байхаар нь гар утсаа шалгаад үзсэн чинь гар утас алга болсон байсан. Тэгээд буцаж очоод нөгөө залууг барьж аваад нэгжээд үзэхэд биед нь миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаа дуудаад нэгжүүлтэл миний гар утсыг сугандаа хавчуулсан байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4-6/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнгөнтулгын: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Сонор-2 нэгдсэн арга хэмжээний үед үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо АНУ худалдааны төвийн үүднээс сэжиг бүхий хүн гараад гүйхэд нь барьж авч шалгахад тус газрын гүйцэтгэх захирал гэх С.Уртнасангийн самсунг галакси нөт-5 загварын гар утсыг нь хулгайлан авч зугтаж байхад нь барьж халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Гантулгын: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би дэслэгч Мөнгөнтулгын хамт Сонор-2 нэгдсэн арга хэмжээний үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо АНУ худалдааны төвөөс сэжиг бүхий нэг хүн гараад гүйж байхад нь араас нь очиж барьж аваад биед нь үзлэг хийхэд суганаас нь “Самсунг галакси-5” загварын шаргал өнгийн гар утас гарч ирсэн. Тэр гар утас нь “АНУ” худалдааны төвийн ажилтан Уртнасангийн гар утас болох нь тогтоогдсон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/,

 

Мөрдөн байцаалтад Ж.Б-ийн яллагдагчаар: “...2017 оны 10 сарын 16-ны өдөр 16-17 цагийн орчим Дарь-Эхэд байдаг “Ану” гэх нэртэй худалдааны төв рүү дөнгөж үүдээр нь орох гэж байхад нэг эмэгтэй хажуугаар зөрөхөд гадуур хувцасны халаасанд цагаан өнгөтэй гар утас харагдаад байхаар нь зөрөхдөө бараан өнгийн богино куртикны баруун талын халааснаас нь уг утсыг суйлж аваад баруун талын сугандаа хавчуулаад уг худалдааны төв дотор байдаг ногоо зардаг хэсгийн ойролцоо явж байхад утсаа алдсан эгч ирээд намайг нэгжсэн чинь суганд хавчуулсан байсан байсан утас нь уначихсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд намайг бариад авсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-58-60/,

 

   Эд зүйлийн үнэлгээ /хх-14-15/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16-17/, Ж.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “АНУ” худалдааны төвийн 1 давхарт хохирогч С.Уртнасангийн халааснаас самсунг нөт 5 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Уртнасангийн: “... Тэгээд миний халаас нэг сонин оргиод байхаар нь гар утсаа шалгаад үзсэн чинь гар утас алга болсон байсан. Тэгээд буцаж очоод нөгөө залууг барьж аваад нэгжээд үзэхэд биед нь миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаа дуудаад нэгжүүлтэл миний гар утсыг сугандаа хавчуулсан байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4-6/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнгөнтулгын: “...АНУ худалдааны төвийн үүднээс сэжиг бүхий хүн гараад гүйхэд нь барьж авч шалгахад тус газрын гүйцэтгэх захирал гэх С.Уртнасангийн самсунг галакси нөт-5 загварын гар утсыг нь хулгайлан авч зугтаж байхад нь барьж халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Гантулгын: “...АНУ худалдааны төвөөс сэжиг бүхий нэг хүн гараад гүйж байхад нь араас нь очиж барьж аваад биед нь үзлэг хийхэд суганаас нь самсунг галакси нөт 5 загварын шаргал өнгийн гар утас гарч ирсэн. Тэр гар утас нь АНУ худалдааны төвийн ажилтан Уртнасангийн гар утас болох нь тогтоогдсон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/,

 

Мөрдөн байцаалтад Ж.Б-ийн яллагдагчаар: “...2017 оны 10 сарын 16-ны өдөр 16-17 цагийн орчим Дарь-Эхэд байдаг “Ану” гэх нэртэй худалдааны төв рүү дөнгөж үүдээр нь орох гэж байхад нэг эмэгтэй хажуугаар зөрөхөд гадуур хувцасны халаасанд цагаан өнгөтэй гар утас харагдаад байхаар нь зөрөхдөө бараан өнгийн богино куртикны баруун талын халааснаас нь уг утсыг суйлж аваад баруун талын сугандаа хавчуулаад уг худалдааны төв дотор байдаг ногоо зардаг хэсгийн ойролцоо явж байхад утсаа алдсан эгч ирээд намайг нэгжсэн чинь суганд хавчуулсан байсан байсан утас нь уначихсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд намайг бариад авсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-58-60/ зэрэг болно.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ял оногдуулах саналыг шүүхэд ирүүлсэн байх ба шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Ж.Б-ийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийн хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагаар тооцон, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 704 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1706026690432 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 48 цаг баривчлагдсан, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ж.Б-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Ж.Б-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг 8 цагт тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 704 /долоон зуун дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД