| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01259/И |
| Дугаар | 320/ШШ2025/00055 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2025/00055
| 2025 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 320/ШШ2025/00055 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01259/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.С даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: М.С
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: М.С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жавзанпагма.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.С нь шүүхэд Х аймгийн А сумын Хүн эмнэлэгт 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл лаборант, хүүхдийн сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би сургуулиа төгсөөд Х аймгийн А суманд 1989 онд очиж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 1992, 1994 онуудад хүүхэд төрүүлж өсгөсөн. Энэ хугацааны ажилд орсон болон ажлаас гарсан тушаалууд байхгүй. Тэтгэвэрт орох гэтэл Х аймгийн А сумын Хүн эмнэлэгт 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл лаборант, хүүхдийн сувилагчаар ажиллаж байсан жил тасарч хохироход хүрээд байна...гэв.
Хүсэлт гаргагч М.С нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, УБ хот АУДунд сургуулиас 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М.С д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 331553 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/1026 дугаар албан бичиг, Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/132 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр, Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 13-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Х аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дүгээр албан бичиг, Б.Т ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б.Б ын Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр К.Ш , Ж.Ц нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би сургуулиа төгсөөд Х аймгийн А суманд 1989 онд очиж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 1992, 1994 онуудад хүүхэд төрүүлж өсгөсөн. Энэ хугацааны ажилд орсон болон ажлаас гарсан тушаалууд байхгүй. Тэтгэвэрт орох гэтэл Х аймгийн А сумын Хүн эмнэлэгт 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл лаборант, хүүхдийн сувилагчаар ажиллаж байсан жил тасарч хохироход хүрээд байна...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн УБ хот АУДунд сургуулиас 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М.С д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 331553 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 11-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн А сумын хүний эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар: ...3...хүүхдийн сувилагч М.С нарыг тухайэ сард хасах оноогүй ажиллаж, ажлын амжилт гаргасан учир болзол ёсоор цалингийн 20%-иар шагнаж урамшуулсугай... гэсэн бичвэр бүхий Зарим ажилтныг шагнах урамшуулах ба сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал,
Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/132 дугаар албан бичгээр ирүүлсэн: 1993 он 3 сар 27 хоног, 2700, 4 сар 26 хоног, 2700, 5 сар 26 хоног, 2700, 6 сар 20 хоног, 2117.6, 7 сар 25 хоног, 2700, 8 сар 18 хоног, 1906, 9 сар 7 хоног, 2200, 10 сар 27 хоног, 2700, 11 сар 32 хоног, 3388, 12 сар 21 хоног, 2223, 1994 он 1 сар 26 хоног, 6580, 1995 он 9 сар 26 хоног, 14200, 10 сар 26 хоног, 14200, 11 сар 26 хоног, 14200, 12 сар 26 хоног, 142006 гэсэн түүвэр бүхий Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагчийн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны цалин хөлсний тодорхойлолт, Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 13-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгт, Б.Т ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б.Б ын Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч М.С нь Х аймгийн А сумын Хүн эмнэлэгт 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл лаборант, хүүхдийн сувилагчаар ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа хүүхэд төрүүлж, цалинтай чөлөө авч байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч К.Ш ын: ...М.С нь Х аймгийн А сумын Хүн эмнэлэгт 1989 оноос надтай хамт ажилд орж, лаборантаар ажиллаж байгаад 1996 оны үед өөр ажилд шилжсэн, би тухайн үед нярав хийж байсан учраас цалин хөлсийг нь бэлнээр олгодог байсан... гэх,
Гэрч Ж.Ц ын: ...М.С нь Х аймгийн А сумын Хүн эмнэлэгт намайг ажилд ороход сургуулиа төгсөж ирсэн шинэ төгсөгч лаборантаар ажилд орж байсан, дараа нь Х аймгийн Р сум руу шилжсэн... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч М.С гийн Х аймгийн А сумын Хүн эмнэлэгт 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл лаборант, хүүхдийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн11/1026 дугаар: Х аймгийн А сумын сумын Хүний эмнэлгийн эрхлэгчийн 1993-1995 оны тушаал шүүж үзэхэд М.С г ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,
Х аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дүгээр: М.С нь А сумын Хүн эмнэлэгт 1989-1996 он хүртэл лаборантаар ажиллаж байсан ба 1992, 1994 онуудад хүүхэд төрүүлсэн. Тухайн үед ажилд орсон болон гарсан тушаал төрөлтийн түүх тус эмнэлгийн архивт хадгалагдаагүй болохыг тодорхойлов. гэх албан бичгүүдээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бумбат М.С гийн Х аймгийн А сумын Хүний эмнэлэгт 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл лаборант, хүүхдийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.С