Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02155

 

“Д” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02105 дугаар шийдвэртэй

“Д” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч П.С, Ч.Б нарт холбогдох СӨХ-ны төлбөр 5 759 694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч П.Сэлэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дүгэрсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” СӨХ нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 1-8 хүртэл орон сууцны байрны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Тус хотхоны 7-2 тоотод оршин суудаг П.С, Ч.Б нар нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2 876 392 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 онд 4 284 398 төгрөг бүтэн төлөөгүй, 2016 онд 187 996 төгрөгийн илүү төлөлттэй, 2017 он бүрэн төлөлттэйгээр, 2018 онд 310 340 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019 онд 522 180 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 5 759 694 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Илүү төлөлт хийгдсэн гэх баримтуудын зарим нь юнивишн, цахилгаан болон орон сууцны конторт төлөгдсөн байхыг шүүх анхаарах хэрэгтэй. Түүнчлэн энэ СӨХ нь 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ба 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дангаараа төлбөрөө авдаг болсон. СӨХ-ны төлбөр тогтмол 300 000 төгрөг байдаг ба дээр нь хувьсах зардал, мөн томоохон зардлууд нийт айлуудад хуваагдаж зарим сард өөр өөр байдлаар үнийн дүн гардаг. Хараат бус аудитын тайлан болоод манай шүүхэд гаргаж өгсөн шаардлагаа тодруулснаас сар бүрийн задаргаа харагдана, хариуцагч нар ашиглалтын зардлаа төлөхгүй байгаа тул шүүх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч П.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдөр л шүүх хуралдаан дээр тодорхой байдлаар сонсож байна. 2014 оны үлдэгдэл 296 711 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд 2015 онд 8 удаагийн төлөлтөөр 10 228 885 төгрөгийг, 2016 онд 9 631 802 төгрөгийг, 2017 онд 3 920 539 төгрөгийг, 2018 онд 4 452 747 төгрөг нэхэмжилснээс 3 309 138 төгрөгийг төлсөн, шүүхэд интернет банкаар төлсөн төлөлтөө гаргаж өгөхөө мартсан байна, 2019 онд 4 307 141 төгрөг нэхэмжилснээс 3 785 000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Ингээд 26 240 133 төгрөгийн төлөлт хийснээс нэхэмжлэгчийн тооцоолсныг би шударгаар хүлээн зөвшөөрч 7 141 000 төгрөгийг цахилгаан, юнивишн, конторт төлсөн гэж үзээд хасахад 1 1915 261 төгрөг илүү төлчхөөд байна.  Нэхэмжлэгч үндсэндээ шаардлагаа тодорхойлж чадахгүй байна, СӨХ-ны төлбөр өөрчлөгдөөд байна гээд л байдаг мөртлөө баримт байхгүй, харин ч хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар илүү төлөлт байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн тул шүүх шийдвэртээ илүү төлөлтийг гаргуулахаар шийдвэрлэх юм уу ирээдүйд гарах зардалд шингээж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т  зааснаар хариуцагч П.С, Ч.Б нараас  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд  832 520 /найман зуун гучин хоёр мянга таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 24 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д СӨХ-нд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч П.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хэргийн бодит нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн санхүүгийн холбогдох баримт, хариуцагч талаас гаргаж өгсөн банкны төлбөр төлсөн баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэнгүй. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хариуцагч нь СӨХ-ны илүү төлөлттэй байтал 832 520 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь 2018-2019 оны хэд хэдэн сард төлбөр төлөөгүй талаарх санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй, санхүүгийн тайланд авлагаар тусгасан эсэх нь тодорхой бус байтал 2018, 2019 оны төлбөр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Д” СӨХ нь хариуцагч П.С, Ч.Б нарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 5 759 694 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүргийг хуулиар хүлээдэг тул нэхэмжлэгч “Д” СӨХ хариуцагч П.С, Ч.Б нараас СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “Д” СӨХ-ны 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны тогтмол төлбөр 350 000 төгрөг гэж тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. /1хх.15/

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус заасан байна.

            Анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон хэргийн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 12 дугаар сараас өмнөх хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин 2018 оны төлбөр төлөөгүй гэж нэхэмжилсэн 3 619 478 төгрөгнөөс гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтаар 3 309 138 төгрөг төлөгдсөн, хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар 1 334 500 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Иймд хариуцагч нараас 2019 оны төлбөр 522 180 төгрөг, 2018 оны төлбөр 310 340 төгрөг нийт 832 520 төгрөгийг хариуцагч П.С, Ч.Б нараас  гаргуулан нэхэмжлэгч “Д” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 927 174 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг хэвээр үлдээв.  

            Хариуцагч П.С давж заалдах гомдолдоо “...СӨХ-ны төлбөрийн илүү төлөлттэй байхад 832 500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой” гэсэн үндэслэл заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч П.С хариуцагч нь СӨХ-ны илүү төлөлттэй байтал 832 520 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.