| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0515/э |
| Дугаар | 474 |
| Огноо | 2017-10-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Б.Б,
хохирогч Ж.Цэрэндэндэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батбаатарын Бат-Амгаланд холбогдох эрүүгийн 201725030706 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Батбаатарын Бат-Амгалан, 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 34 дүгээр байрны 43 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХМ86061319.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11-300В тоотод оршин суух иргэн Ц.Даваацэрэнгийн авдраас их гарын 1 ширхэг, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, гаансны мөнгөн цохилуур 1 ширхэг, мөнгөн сэтлүүр 1 ширхэг, цагаан өнгийн хаш хөөрөг зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хаш хөөргийг би хулгайлаагүй. Цохилуур, сэтлүүр, торго, мөнгөн аяга зэргийг би хулгайлж авсанаа хүлээн зөвшөөрч байна. Би ял авахгүй бол ажил төрөл хийж байгаад хохирлыг барагдуулна…” гэв.
Хохирогч Ж.Цэрэндэндэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зүгээр байсан зүйлийг авсанд гомдолтой байна. Өөрийнхөө хүүхэд шиг санаад гэртээ байлгаж хоол ундын бэлдээд, унааны мөнгө өгдөг байсан. Намайг хөдөө мал руу яваад ирэх хойгуур хөгшинийг минь элэг бариад эд зүйлийг маань авсан байна. Хөөрөг аваагүй гэж байх шиг байна. Хөөрөг, түлхүүр хоёр дэрэн доор хоёулаа цуг байсан. Манайхаар өөр хүн орж гардаггүй. Үнэлгээг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэтлүүр, цохилуур 2 их үнэтэй зүйл, одоо бол мөнгө үнэтэй болсон цаг өндөр үнээр үнэлэгдэх зүйл байсан. Эд зүйлээ алдсанаас болж их хямарсан...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Ц.Даваарагчаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бат-Амгалан нь манай хүүтэй хамт барилгын компанид ажиллаж байсан ба ажилд сайн хүүхэд байсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр манай аав Төв аймаг руу мал дээрээ очихоор явсан хойгуур Бат-Амгалан нь манай ээжтэй амьдарч байсан ба 2016 оны 6 дүгээр сарын 15-ны өдөр манай гэрээс эд зүйл хулгайлаад өглөө нь явсан байсан. Тухайн өдөр бороо орж байхаар нь гэрийн өрхөө бүтээгээд гал түлээд, авдраас архи авч уугаад дотор нь харсан чинь авдрын урьд суучихсан юм үзээд байсан гэсэн. Тэгээд өглөө нь цүнхтэй юм аваад явсан гэсэн...” гэжээ /хх-24, 34/.
Гэрч Н.Цэрэндулам нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед намайг хэвтэж байхад орж гараад явж байхдаа авдар дотор байсан хоёр мөнгөн аяга, гаансны цохилуур, сэтлүүр, мөнгөн бүс, торго, хаш хөөрөг байсныг аваад явсныг сүүлд мэдсэн...” гэжээ /хх-33/.
Гэрч Л.Гаваа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хашаанд машин оруулж тавих боломжгүй учраас урд талын Наранбаатар гэх айлын хашаанд машинаа гуйж тавьдаг юм. Наранбаатарын эхнэрийг Даваарагчаа гэдэг, тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 15, 16-ны үед байхаа машинаа авахаар ороход Наранбаатарынд байсан Бат-Амгалан гэх залууг унтаж байхад нь машинаа яаж халаадгыг нь асуух гээд сэрээхэд, нөгөө залуу чинь манай нөхөр бид хоёртой хамт явъя, Бөмбөгөр худалдааны төв орж найзуудтайгаа уулзана гээд хамт явж байгаад Тэнгис кино театрын зүүн талын Шударга өрсөлдөөний газрын ойролцоо буусан. Тухайн үед манай машинд сууж явахдаа улаан хар алаг үүргэвч үүрсэн байсан. Үүргэвчээ түнтийтэл нь үүрээд явж байхаар нь би хувцсаа үүрээд явж байгаа юм болов уу гэж бодсон…” гэжээ /хх-30/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81, 84/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-39-40/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11-300В тоотод оршин суух иргэн Ц.Даваацэрэнгийн авдраас их гарын 1 ширхэг, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, гаансны мөнгөн цохилуур 1 ширхэг, мөнгөн сэтлүүр 1 ширхэг, цагаан өнгийн хаш хөөрөг зэргийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч Б.Бгаас хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирол болох 8.790.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Цэрэндэндэвт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Батбаатарын Бат-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бгаас 8.790.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Цэрэндэндэвт олгосугай.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН