Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

 

Ө.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Д.Ган-Эрдэнэ/цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/.. дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ө.*******т холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

.................., ......... оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймаг, ******* сум, ******* багт оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, /регистрийн дугаар ......../,

Яллагдагч Ө.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд байх иргэн С.*******гийн гэрт О.*******г эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдан, эрүүл мэндэд нь зүүн шилбэний хутгалсан шарх, цус хуралт, шөрмөсний гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь Ө.*******ын үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Ө.*******т холбогдох эрүүгийн 232900000000.. дугаартай хэргийг нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодруулах, хүнийг алахаар завдах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодруулах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол Ө.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах үүрэгтэй бөгөөд хэрэв мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин биелүүлээгүй бол уг зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох хуулийн зохицуулалттай.

Шүүх шүүх хуралдааны үед Ө.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн гүйцэд харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаагүй, хэрэгт цугларсан яллах баримтуудыг нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй няцаан үгүйсгээгүй, үнэлэлт, дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй буюу мөн хуульд заасан “...хүнийг алахаар завдах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодруулах” гэж шийдвэртээ бичиж, хэргийг прокурорт буцаах шийдвэрийн үндэслэл болгосон.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүх хэргийн бодит байдлыг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчим, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх заалтууд болон шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглох талаар мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус ноцтой зөрчиж байна.

Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь гадны нөлөөллөөр таслан зогсоогдсон байдгаараа төгссөн гэмт хэргээс ялгагдах нь шүүхийн практикт тогтсон ойлголт.

Эрүүгийн 232900000... дугаартай хэргийн хохирогч О.*******гаас шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлт, хэргийн материалтай танилцахгүй талаараа амаар болон бичгээр удаа дараа илэрхийлсэн ба энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан, мөн мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрх дээрх байдлаар хангагдаагүй талаарх гомдлыг шүүх шийдвэрлэх нөхцөлд хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан тул хэргийг прокурорт буцаасан дээрх асуудлыг энэхүү хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой.

Түүнчлэн Ө.*******т холбогдох хэрэгт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох боломжтой гэж үзэж, прокурор яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулахаар хуульд нэмэлт, өөрчлөлт орсныг шүүх анхаараагүй болохыг дурдаж байна.

Шүүх тус хэрэгт хийгдвэл зохих ажиллагааны хүрээг хэт өргөжүүлж, шүүхийн шийдвэрт дурдаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотолбол зохих ямар асуудалд мөрдөн байцаалт явуулахыг шийдвэртээ тодорхой заагаагүй, ямар нотлох баримт нь аль нотлох баримтаас зөрүүтэй, мөн эргэлзээтэй эсэхийг заагаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон мөн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийх зохицуулалт байхгүй атал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүхийн гаргасан шийдвэрт гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг оролцогчдод тайлбарласан нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж заасныг тус тус зөрчсөн.

Анхан шатны шүүх нь дээр дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргаснаар оролцогчдын эрх хязгаарлагдаж, хэргийг прокурорт буцаасан илтэд үндэслэлгүй шийдвэр хүчин төгөлдөр болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, оролцогчдод чирэгдэл учруулах, шударга ёсны зарчим алдагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөл бүрдэхээр байна.

Шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчлүүд нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байх тул ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЭ/39 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шилжүүлсэн хэрэг дээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр шийдвэр гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газарт хохирогч О.******* “...нийт эмчилгээний төлбөр болох 650000 төгрөг Ө.******* надад өгч хохиролгүй болсон. Цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-94/,  яллагдагч Ө.******* нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөрт 650000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр түүний дүү С.*******гийн дансанд шилжүүлсэн. Надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-95/ гэсэн хүсэлтүүдийг гаргажээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь яллагдагчийн хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг гаргасан байна. /хх-97-98/

Прокуророос яллагдагч Ө.*******ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд иргэн С.*******гийн гэрт О.*******г эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдан, эрүүл мэндэд нь зүүн шилбэний хутгалсан шарх, цус хуралт, шөрмөсний гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /хх-99-102/

Анхан шатны шүүх нь Ө.*******т холбогдох эрүүгийн 232900000000.. дугаартай хэрэгт нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодруулах, хүнийг алахаар завдах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодруулах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасан давж заалдах шатны шүүхээс гаргах шийдвэрийн талаар заасан ...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон”. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээ олгогдоогүй байна.

Шүүгчийн захирамжийг хянахад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/.. дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                     М.МӨНХДАВАА