Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 6

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1706029890366 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 13-1138 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УХ68120511/ Б.А

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 13-1138 тоотод хамтран амьдрагч Д.Гэрэлмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Гэрэлмаагийн:” ...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 13т-1138 тоотод нөхөр А, хүргэн Төгсөө нарын хамт гэртээ архи уусан. Тэгээд би тасарчихсан байсан. Нөхөртэйгөө муудалцсан юм шиг байна лээ. 00 цагийн үед гэрээсээ гарах гэтэл нөхөр намайг цохиж унагаасан. Тэгээд дээрээс дэвсэлж зодсон... 2007 оноос нөхөр Атэй хамтран амьдарч эхэлсэн. Одоо 10 жил болж байна. ...А нь 2010 онд намайг зодсон. Тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан. Жаахан маргалдахаар шууд зоддог. Тухайн үед би гомдол гаргаагүй. 2013 онд мөн адил А нь өөрийн төрсөн дүү Алтанзулын гэрт эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд би цуг архи уусан. Намайг согтуу унтаж байхад зодсон. Би өөрөө согтуу байсан болохоор цагдаад мэдэгдээгүй. Салаад явахаар араас гуйж ирээд эргээд нийлдэг. ...Би чамаас сална гэхээр ямар хүнтэйгээ явах гээд байгаа юм гэж хэл амаар доромжилж “салах юм бол ална шүү” гэж сүрдүүлдэг. Миний зүүн нүд хөхөрсөн, хүзүү шалбарсан, 2 гарын булчин дээр хөхөрсөн, зүүн гар даагдахгүй байгаа, зүүн талын бөөрөн дээр хөхөрч шалбарсан... ...Одоо хамт амьдарч байгаа. Ер нь бол харилцаа хэвийн биш байгаа...” гэсэн мэдүүлсэн мэдүүлэг /хх-7, 9/,

 

Мөрдөн байцаалтад Б.А-ийн яллагдагчаар: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед хүргэн Төгсөө манайд ирсэн. Тэгээд би эхнэр Гэрэлмаа, Төгсөө бид гурав 2 шил архи уусан. Тэгээд 19 цагийн үед байх цагаа сайн санахгүй байна. Гэрэлмаа согтуу гарч явах гээд би гаргахгүй гээд муудалцаж ноцолдсон. Тэгээд дийлэхгүй болохоор нь Гэрэлмаагийн нүд рүү цохисон. Тэгээд орон дээр хэвтүүлэх гээд татаж ноцолдсон. Гэхдээ би бас согтуу байсан болохоор сайн санахгүй байна... Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн шинжээчийн №13256 тоот:

  1. Д.Гэрэлмаагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, доод эрүү, хоолой, баруун мөр, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хөх, зүүн сүврэгдэс, баруун өвдөгний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт /хх-12/,

 

   Б.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-32/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А: “Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй” гэж мэдүүлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 13-1138 тоотод хамтран амьдрагч Д.Гэрэлмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Гэрэлмаагийн: “...2017 оны 10 сарын 19-ний өдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 13т-1138 тоотод нөхөр А, хүргэн Төгсөө нарын хамт гэртээ архи уусан. Тэгээд би тасарчихсан байсан, нөхөртэйгөө муудалцсан юм шиг байна лээ. 00 цагийн үед гэрээсээ гарах гэтэл нөхөр намайг цохиж унагаасан тэгээд дээрээс дэвсэлж зодсон... Миний зүүн нүд хөхөрсөн, хүзүү шалбарсан, 2 гарын булчин дээр хөхөрсөн, зүүн гар даагдахгүй байгаа, зүүн талын бөөрөн дээр хөхөрч шалбарсан... ...Одоо хамт амьдарч байгаа. Ер нь бол харилцаа хэвийн биш байгаа... гэсэн мэдүүлсэн мэдүүлэг /хх-7, 9/,

 

Мөрдөн байцаалтад Б.А-ийн яллагдагчаар: ...2017 оны 10 сарын 19-ний өдөр 15 цагийн үед хүргэн Төгсөө манайд ирсэн. Тэгээд би эхнэр Гэрэлмаа, Төгсөө бид гурав 2 шил архи уусан. Тэгээд 19 цагийн үед байх цагаа сайн санахгүй байна. Гэрэлмаа согтуу гарч явах гээд би гаргахгүй гээд муудалцаж ноцолдсон. Тэгээд дийлэхгүй болохоор нь Гэрэлмаагийн нүд рүү цохисон. Тэгээд орон дээр хэвтүүлэх гээд татаж ноцолдсон. Гэхдээ би бас согтуу байсан болохоор сайн санахгүй байна... Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн шинжээчийн №13256 тоот: “Д.Гэрэлмаагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, доод эрүү, хоолой, баруун мөр, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хөх, зүүн сүврэгдэс, баруун өвдөгний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-12/,

 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн хувьд маргаагүй, харин тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйлдэл байсан. Б.А-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарагдаж байгаа. Тийм болохоор миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1706029890366 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

  1. Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД