Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/17  

 

 

Г.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

        ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Прокурор Т.Солонго /цахимаар/,

        Яллагдагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү,

        Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наран,

        Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох,

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

        Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/.. дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.*******т холбогдох 2229000000..... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

  ....., ........оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* аймгийн******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, .......ХХК-д механикч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, Шинэ хотхоны ........тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******т 01 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, эцэг Л.*******ын хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан, /регистрийн дугаар ......../,

Яллагдагч Г.******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах төмөр замын дагуу сайжруулсан шороон замын 70 дахь километрт Тоёота ланд круйзер 76 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн ослыг гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх: ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яллагдагч Г.*******т холбогдох эрүүгийн .........дугаартай хэргийг оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, нотолбол зохих байдлыг нотлоогүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14-т заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан талаар дурдахад Эрүүгийн 22290000000.... дугаартай Г.*******т холбогдох эрүүгийн хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай прокурорын яллах дүгнэлтийг үйлдсэн.

Иргэний нэхэмжлэгч Д.Нарантай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр утсаар холбогдож тээврийн хэрэгслийн даатгал, Хаан банкны автомашин ашиглах журмыг ирүүлэхийг прокурорын зүгээс хүссэн. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгал, автомашин ашиглах журамтай хамт хүсэлт ирсэн...Хүсэлтийг прокурор бүртгэлээр оруулж хариу мэдэгдэх хуудсаар хариуг гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж, мөн оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны ажилтан Сонинбаатар гэгч нь гардаж авсан байдаг.

Оролцогчдыг гомдол гаргах эрхээр нь хангасан буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүлээж шүүхэд хэргийг шилжүүлсэн. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр канондсон хуулбар гомдлыг Хаан банкны ажилтан хүргэж ирснийг хүлээн авах боломжгүй, хэрэг шүүхэд шилжсэн гэх албан бичгээр хариуг хүргүүлсэн болно.

Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж нотолбол зохих байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоосон болох нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс мөрдөгч, прокурор нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянах, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж чадаагүй байна гэж дүгнэв. Өөрөө хэлбэл дээрх үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа ямар үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар шүүх тодорхойлж дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалт, хэрхэн зөрчигдсөнийг, мөн уг ажиллагааг ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Дээрх байдлуудаас дүгнэж шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад дээрх заалтыг зөрчин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наран, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох нараас Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татуулах талаар прокурорт хүсэлт гаргасныг хүлээн авч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 7 дугаар зүйлд заасан “ Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийн шинж нь өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан идэвхтэй үйлдэл байдаг. Гэрч буюу ******* аймгийн Хаан банкны салбарын эрхлэгч Г. нь тоёота ланд крузер 76 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг албан хэрэгцээнд эзэмшиж ашигладаг, түүнийг эзэмших эрхтэй тул гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл тоёота ланд крузер 76 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг албан ажлын хэрэгцээнд ашиглахдаа Г. нь замын хуудсыг бөглөж зөвшөөрөл олгодог эрх бүхий албан тушаалтан мөн болох нь автомашин ашиглах журмаар нотлогдож байна.

Мөн тээврийн хэрэгслийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан үйлдэлд Хаан банк нь Г.т 2016 оны Хаан банкны автомашин ашиглах аюулгүй ажиллагааны журмын арав дугаар зүйлд хяналт хариуцлагыг зохицуулсан бөгөөд энэ журмын дагуу хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Иймд ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/... дугаар захирамжид заагдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан бөгөөд хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх болон шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бүрэн хангагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил илэрсэн буюу үүнийг зөвтгүүлэх буюу арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгохыг зохицуулсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж  өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наран давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Прокуророос яллагдагч Г.*******ийг 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах төмөр замын дагуу сайжруулсан шороон замын 70 дахь километрт Тоёота ланд круйзер 76 маркийн 1.... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн ослыг гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.ын амь насыг хохироосон гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газарт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наран, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох нар нь “...******* банк ХХК-ийн ******* салбарын зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул уг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулахаар хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг ирүүлээгүй атлаа ******* банк ХХК-ийг иргэний хариуцагчаар давхар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэхүү осол гарахад Г.*******ийн жолоодож явсан Тоёота ланд круйзер 76 маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ******* банк ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд уг авто машиныг 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ******* салбарын ******* тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б. ямар нэгэн завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч ******* салбарын захирал Д.гийн зөвшөөрөлгүйгээр авч явсан байдаг.

******* банк ХХК-ийн авто машин ашиглах аюулгүй ажиллагааны журмын 2.9 дэх заалтад банкны автомашиныг бусад байгууллагад түрээсээр болон бусад хэлбэрээр ашиглуулахыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд төв банкны хувьд Өмчийн харилцааны газрын захирал, салбар тооцооны төвийн хувьд салбарын захиралд танилцуулж зөвшөөрөл авна гэж зохицуулсан.

Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хэн хариуцах талаар шүүхээс нарийвчлан тогтооход Б.ын үйлдлийг энэ хэрэгт нэгтгэн шалгаж ...хохирогчийн хохирол төлбөрийг хэн хариуцах болон шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг анхаар үзнэ үү.” гэсэн хүсэлтийг гаргажээ. /2 хх-64-65/

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор”...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн гэмт хэргийн шинж нь бусдын өмчлөх эрх байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “ Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.

Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан буюу ******* аймгийн ******* сумын ******* банкны тооцооны төвийн эрхлэгч Б. нь Тоёота ланд крузер 76 маркын ....... улсын дугаартай ******* банкны өмчлөлийн тээврийн хэрэгслийг эзэмших эрх бүхий албан тушаалтан байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн 2016 оны ******* банкны автомашин ашиглах аюулгүй ажиллагааны журмын 10 дугаар зүйлд хяналт, хариуцлагыг зохицуулсан бөгөөд журмын дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наран, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох нараас гаргасан “...Б.ын гэмт үйлдлийг хуульд заасны дагуу шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэжээ” /2 хх-85-86/,

Хүсэлтийг шийдвэрлэсэн прокурорын тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана.” гэсэн заалтуудыг тусгаагүй, прокуророос гаргасан шийдвэрийг оролцогч нарт гардуулан өгөөгүй нь оролцогчийн хуульд зааснаар дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь зөрчиж хязгаарласан байна.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наран, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох нар нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 29/853 дугаартай хүсэлтдээ “...Б.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Г.*******т холбогдох эрүүгийн хэрэгт Б.ын үйлдлийг нэгтгэн шалгуулахаар прокурорын хяналтын шатанд хүсэлт гаргасан боловч ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн бөгөөд уг мэдэгдэх хуудсанд дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарлан хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү.” гэжээ. /2 хх-102/

Анхан шатны шүүх нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14-т заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэсэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчдийн гаргасан хүсэлт үндэслэлтэй байна.” гэж дүгнээд Г.*******т холбогдох эрүүгийн хэргийг  прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хяналтын прокурорын гаргасан шийдвэрийг оролцогч эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тул анхан шатны шүүх нь хяналтын прокурорын гаргасан шийдвэрийг хянаж шийдвэрлэх эрхгүй болно.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасан давж заалдах шатны шүүхээс гаргах шийдвэрийн талаар заасан ...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн заалтыг хүчингүй болгосон. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээ олгогдоогүй байна.

Шүүгчийн захирамжийг хянахад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын прокурор Т.Солонгын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                         Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                        М.МӨНХДАВАА