Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0325/з |
Дугаар | 22 |
Огноо | 2019-01-28 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 22
Н.А-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрх Н.А-д шилжүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.А-д бичиж өгөхийг Нийслэлийн Газрын албанд даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0642 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.А нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч Н.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-ын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийг Н.А-д шилжүүлэхийг даалгах”, Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.А-д бичиж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0642 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0642 магадлалд хууль зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.
4. Н.А миний бие Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...газар эзэмшүүлэх эрхийг Н.А-д шилжүүлэхийг даалгах”, Нийслэлийн газрын албанд холбогдуулан “... Н.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг даалгах” агуулгатай нэхэмжлэл гаргасан.
5. Үүнээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...газар эзэмшүүлэх эрхийг Н.А-д шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д заасны дагуу хэсэгчлэн татгалзаж байна.
6. Нийслэлийн газрын албанд холбогдуулан “Н.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг даалгах” агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Н.А миний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
7. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн ... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.
8. Иргэний хуулийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан.
9. Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана: 13.5.4.газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;” /хүчингүй болсон/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2018/ 10.3-т “Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд дараах мэдээллийг тусгана: 10.3.1.газрын эрх олгосон шийдвэрийн он, cap, өдөр, дугаар, хугацаа” гэж заасан.
10. Өөрөөр хэлбэл Н.А миний бие иргэний гүйлгээнээс хасагдаагүй хөрөнгө буюу Баянгол дүүргийн 18-р хороонд баригдсан автогражийг худалдаж авсан боловч Газрын тухай хуульд заасны дагуу “газар эзэмших эрхийн гэрчилгээг” Нийслэлийн газрын албанаас бичиж өгөхгүй байгаагийн улмаас өмчилж чадахгүй буюу үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүйд хүрээд байна.
11. Энэ нь миний үл хөдлөх олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иргэн Н.А миний бие Нийслэлийн газрын албанд хандан Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр баригдсан граж худалдаж авсан.
12. Тодруулбал, Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны А/39 захирамжийг үндэслэн баригдсан барилга /граж/-ийг миний бие худалдаж авсан. Ийнхүү худалдаж авахаасаа өмнө Баянгол дүүргийн Газрын албанаас урьдчилж асуусан. Тэндээс газрын төлбөрөө төлөөд явж байгаа гражийг худалдаж авч болно гэсний дагуу худалдаж авсан болно. Үүний дараа нэрийн шилжилт хийлгэж, одоо жил тутам 96000 орчим төгрөгийн төлбөр төлж байна.
13. Уг гражид 1994 оноос хойш огт газрын гэрчилгээ олгоогүй байсан тул уг барилга /граж/-ийг худалдаж авсан миний бие газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгөхийг Нийслэлийн газрын албанаас хүссэн. Учир нь анх шийдвэр гаргасан захиргааны байгууллага нь Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа буюу одоогийнхоор Нийслэлийн Засаг дарга байсан.
14. Уг шийдвэрээр “Б ү Б” компанид гражийн зориулалтаар граж барих эрхийг олгосон, барьсан гражаас нэгийг О.Ч худалдаж авсан, О.Ч-ээс миний бие худалдаж авсан болно.
15. Нэгэнт “Б ү Б” компанийн бий болгосон өмчийг О.Ч, О.Ч-ээс миний бие худалдаж авсан тул уг өмчтэй холбоотойгоор захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээ шаардах “Б ү Б” компанийн шаардах эрх иргэн Н.А надад шилжсэн гэж үзнэ. Энэ ч утгаараа миний бие Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрийг үндэслэн газрын гэрчилгээ бичиж өгөхийг хүссэн болно.
16. Газрын тухай хуулийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан. Гэсэн хэдий ч Нийслэлийн газрын алба гэрчилгээ өгөхөөс татгалзсан, татгалзлыг шүүх зөв гэж үзсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.
17. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0642 дугаар магадлалыг хүчингүй болгоно уу.
18. “Баянгол дүүргийн 18-р хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 мкв, 4 дугаартай граж баригдсан газар, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг Нийслэлийн газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Нэхэмжлэгч Н.А нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргахдаа Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...газар эзэмшүүлэх эрхийг Н.А-д шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.
20. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь болон хэсэгчлэн татгалзаж болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
21. Харин нэхэмжлэлийн Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.А-д бичиж өгөхийг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах урьдач нөхцөл нь захиргааны хууль бус эс үйлдэхүй, эсхүл хууль бус татгалзал байх учиртай.
23. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.А нь иргэн О.Ч-ээс “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах №4 тоот автогражийн зориулалттай, 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө”-ийг шилжүүлж авсан, тус автограж нь газар эзэмших эрхийг гэрчилгээгүй болох нь тогтоогдож байна.
24. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:” гээд 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж тус тус заасан. Тухайн тохиолдолд, газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ байхгүй этгээдээс худалдан авсан автогражд оногдох газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх болон эрхийн гэрчилгээ бичиж өгөх хуулийн боломжгүй юм.
25. Нөгөөтэйгүүр, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Орон сууцны хороолол орчмын гаражуудыг журамлах тухай” 397 дугаар захирамжаар “...Орон сууцны хорооллын орчимд төлөвлөлт, зураг төсөлгүй, эмх замбараагүй баригдсан төмөр болон тоосгон гаражуудыг буулган газар эзэмшил, ашиглалтын нягтралыг сайжруулах замаар ...газар доогуур давхар авто машины гараж барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Нийслэлийн бүх дүүргүүдийн орон сууцны хорооллын орчимд баригдсан авто машины гараж ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмших эрх олгох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг...түр хугацаагаар зогсоосон...” байна.
26. Дээрх хүчин төгөлдөр захирамжийн хэрэгжилтийг хангуулж нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй тул Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.
27. Иймд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0645 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0642 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.А-д бичиж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийг Н.А-д шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн “2” дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийг Н.А-д шилжүүлэхийг даалгах” тухай асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН