| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2025/00025/И |
| Дугаар | 314/ШШ2025/00024 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 314/ШШ2025/00024
| 2025 01 15 | 314/ШШ2025/00024 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ............... сумын ................. дүгээр багт оршин суух, П..................н Я.....................н хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Я, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Я......................... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний бие 1988 онд цэргийн албанд татагдсан ч 1989 онд ээж минь хас бараад, би ар гэрийн гачигдлаар цэргээс халагдаж байсан. Цэргээс ирээд аавтайгаа хамт мал малласан. 1990 оноос эхлэн нэгдлийн үхэр малласан ч хөдөлмөрийн дэвтэрт бичилт байхгүй, нотлох баримт байхгүй учраас 1991 оноос эхлэн ажилласан байдлаа тогтоолгоно. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох баримт бичиг дутуугаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/182 дугаартай тодорхойлолтод: Тус сумын Засаг даргын Тамгын газрын архивт Эмгэд 1 дүгээр багийн иргэн П..............н Я.................н 1991-1992 оны мал тооллогын А данс байхгүй нь үнэн болно гэсэн,
Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138 дугаартай лавлагаанд: 1992 оны 01 дүгээр сараас эхлэн 5 дугаар сар хүртэл цалингийн хүснэгт бичигдсэн,
№............... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
№................. дугаартай баталгаажилтын хуудас,
1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: П..............н Я............., ........... боловсролтой, ............., 1991 оны 01 сараас эхлэн 1992 оны 08 дугаар сар хүртэл цалингийн бичилттэй,
№............... дугаартай баталгаажилтын хуудас,
Тагнуулын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 08/2909 дугаартай тусгай архивын лавлагаанд: П...........н Я............... нь Өвөрхангай аймгийн НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0131 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын штабын даргын 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаар мэдэгдлээр П..............н Я.............г мөн өдрөөс гачигдлын улмаас цэргийн албанаас халжээ гэсэн,
Гэрч Д.Т /РД:..................../-ийн мэдүүлэгт: 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд 1988 онд цэрэгт яваад, 1989 оны сүүлээр ар гэрийн гачигдлаар цэргээс халагдаж ирээд тэрнээс хойш Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэсэн,
Гэрч Т.Б /РД:............../-ын мэдүүлэгт: 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд 1988 онд цэрэгт яваад, 1989 оны сүүлээр ар гэрийн гачигдлаар цэргээс халагдаж ирсэн. Түүнээс хойш Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэсэн зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Я...................... нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
4. Б................. овгийн П..............н Я............../РД:................../ нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138 дугаартай лавлагаа, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 08/2909 дугаартай тусгай архивын лавлагаа, гэрч Д.Т /РД:............/, Т.Б /РД................/ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б..............овгийн П...............н Я................ /РД:................../-г Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА