| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2023/0007/Э/203/2023/0014 |
| Дугаар | 2023/ДШМ/20 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Ган-Эрдэнэ |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ДШМ/20
Г.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал /цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* /цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.*******д холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
.....овогт ......... *******, ........оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийнхээ хамт амьдардаг, ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг ,******* ..... гудамжны 10 тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар:......./,
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 3 дахь километрт байрлах “Тэс петролиум" шатахуун түгээх станцын өмнө талд ........... улсын дугаар бүхий чиргүүлтэй ...... улсын дугаартай Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж зогсоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.3.ж-д заасан “Тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд ослын дохионы гэрэл хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгслээ зам дээр зогсоосны улмаас 76-60 ӨМЭ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.*******ын араас нь мөргөж, улмаар Б.*******ын амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь Г.*******ын үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Г.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12.280.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэг болон оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас “Тоёота Аллион” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 14.280.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.*******д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн зардалд 5.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д олгохоор тус тус шийдвэрлэсэн ба шүүгдэгч завсарлага авсан хугацаанд гэм хорын хохиролд 7.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлсөн тул шүүгдэгч Г.*******аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болон өмгөөллийн зардалд нийт 12.280.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******д олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “оршуулгын зардалд 25,000,000 төгрөг гаргуулах, охин Ж.Монголжингоод тэтгэмж тогтоолгох, сэтгэл санааны хохирол гаргуулах” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.*******ын В,С,СЕ ангиллын №........ дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,
шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.******* миний бие ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй. Мөн хэт өндөр ял өгсөнд гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.
Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоон шийдвэрлэсэн шийдвэр байх учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* гэдэг хүний замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд, тээврийн хэрэгсэл жолоодох аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний амь нас хохирсон. Тийм учраас энэ нь гэмт хэрэг болоод байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оршуулгын зардал 25,000,000 төгрөгийг үндэслэлгүй гээд авч хэлэлцэлгүй хаячихсан. Түүнийгээ гаргуулж авмаар байна. Бүхэл бүтэн хүнээ алдчихаад юу юу ч үгүй тал дээр хоосон хоцормооргүй байна. Хоёр хүүхдийнхээ ирээдүйд цааш нь хадгалмаар байна. Оюутан болоход нь хэрэглэмээр байна. Ийм л гомдол хүсэлтэй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг харгалзаж үзэж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 3 дахь километрт байрлах “Тэс петролиум" шатахуун түгээх станцын өмнө талд тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж зогсоно”, мөн дүрмийн 9.3.ж-д “Тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд ослын дохионы гэрэл хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгслээ зам дээр зогсоосны улмаас тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.******* араас нь мөргөж улмаар Б.*******ын амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед ******* сумын төвд байдаг гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад манай нөхрийн төрсөн ах , манай ах , манай ах Батбаатар, төрсөн эгч Оюунтуул нар гэрт орж ирээд "******* осол гаргачихсан машин доогуур машинтайгаа орсон байна, сэхээнд байгаа" гэж хэлэхээр би юу болсон юм бэ" гэж асуухад миний төрсөн ах Батбаатар "машинтайгаа осолд орсон” гэж хэлсэн.
Би тэгээд осол болсон газар луу хамт явахад нүүрс тээврийн 3 дахь километрт байдаг нүүрс тээврийн зам дээр том тэрэгний араас орчихсон байдалтай байхаар би очиж үзэх гэхэд цагдаа нар ирчихсэн дотогш нь оруулахгүй байсан. Би тэгээд машиныг нь харчихаад манай нөхөр осолд ороод нас барчихсан гэж бодсон.
......... улсын дугаартай аллион маркийн жижиг машинтайгаа явж байсан. ...тэр машин нь замаа бүрэн чөлөөлж зогсоогүй байсан...” /1 хх-30/ гэх,
Гэрч Т...........ийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-нд хоолны газар байж байхад гаднаас нэг таксины жолооч эмэгтэй орж ирээд "нүүрс тээврийн засмал зам дээр осол гарсан байна, цагдаа нар ирчихсэн зам хаачихсан байхаар тойроод ирлээ” гэхээр бид хоёр ямар машин байна гэхэд тэр эмэгтэй “цагаан өнгийн Аллион маркийн машин байна” гэж хэлсэн.
Хоолны гэрээс зүүн зүгт 700-800 метр орчим засмал зам дээр цагаан өнгийн ..... улсын дугаартай Тоёота аллион маркийн машин Норд бенз маркийн улаан толгойтой нүүрс тээврийн машины араас орчихсон байдалтай байсан.” /1 хх 37- 38/ гэх,
Гэрч ....мын “...хоолны газарт байж байхад гаднаас нэг таксины жолооч эмэгтэй орж ирээд нүүрс тээврийн засмал зам дээр осол гарсан байна, цагдаа нар ирчихсэн зам хаачихсан байхаар тойроод ирлээ” гэхээр би ямар машин байна” гэхэд тэр эмэгтэй жолооч “цагаан өнгийн Аллион маркийн машин байна" гэж хэлсэн. ...зүүн зүгт 700-800 метр орчим яваад засмал зам дээр осол болсон байсан.
...Цагаан өнгийн ........ улсын дугаартай Аллион маркийн машин Норд бенз маркийн нүүрс тээврийн машины араас орчихсон байсан.” /1 хх 40-41/ гэх,
Гэрч Ч.гийн “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг машиндаа унтаж байхад -Эрдэнэ, хоёр хүрч ирээд андыгаа алдчихлаа гээд уйлаад байхаар би юу болсон талаар асуухад *******ыг машинтайгаа явж байгаад том тэрэгний араас очиж мөргөөд машин дотроо нас барсан гэж хэлсэн.
...Цагаан өнгийн ...... улсын дугаартай Тоёота Аллион машин засмал зам дээр норд бенз маркийн улаан толгойтой нүүрс тээврийн машины араас орчихсон байдалтай байсан.” /1 хх 43-44/ гэх,
Гэрч ийн “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед байх ******* сумын нүүрс тээврийн 3 дахь км-т байдаг “Тэс петровлиум” шатахуун түгээх станцын хойд талд байдаг хашаан дотор будаг хийж байхад гэнэт л тас түс гэсэн чимээ гарахаар би дээшээ шатаар гарч харахад манай клонкийн өмнө талын засмал зам дээр том, жижиг хоёр машин мөргөлдсөн байдалтай утаа гарсан байсан.
Нүүрс тээврийн том тэрэгний машины чиргүүлийн ар талаас нь жижиг машин мөргөсөн байдалтай байсан. Жижиг машины өмнө тал нь чиргүүлийн доогуур орчихсон машины дээвэр хэсэг нь арагшаа болчихсон байсан.
Том тэрэг нь зүүн тийшээ явж байгаа бололтой толгой хэсэг зүүн тийш замын урд талын зорчих хэсэг дээр байгаа харагдсан.” /1 хх-46/ гэх,
Гэрч Б.Солонгын “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын нүүрс тээврийн 3 дахь км-т байдаг “Тэс Петровлиум” шатахуун түгээх станц дээрээ гарч байсан юм.
Тэгээд орой 19 цаг 32 минутад ..... улсын дугаартай Норд бенз маркийн нүүрс тээврийн том машин ирээд түлш авах гэж түгээгүүрийн хажууд ирээд ...машины банканд нь 40 л түлшийг хийж байхад машинаасаа бууж ирээд “би мөнгөө дансаар шилжүүлнэ, дансаа өгөө гэж” хэлэхээр нь би байгууллагын дансыг өгсөн.
Тэгээд 40 л түлшийг хийчихээд байж байтал том тэрэгний жолооч машинаа асаагаад баруун тийшээ явж засмал зам руу ороод зүүн тийшээ явсан. Би тэгээд дансаа шалгатал түлш авсан мөнгө нь дутуу орчихсон байхаар нь би явган яваад засмал замын хойд талын хөвөө хэсэгт очоод тэр жолоочийг зогсоох гээд гараараа дохисон.
Тэгтэл тэр жолооч колонкийн урд талд ирээд зогсохоор би “та мөнгөө дутуу хийсэн байна” гэж хэлтэл жолооч кабины цонхоо доош буулгачихаад “мөнгө орчихсон байхаа” гэж хэлэхээр утсаа үзэх гээд байж байтал гэнэт л аймаар чимээ гарсан. Тэгээд би хартал нүүрс тээврийн машины араас нь нэг жижиг цагаан өнгийн машин ирээд мөргөчихсөн утаа гарч байсан.” /1 хх 48-49/ гэх,
Гэрч П.ы “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед байх ******* сумын нүүрс тээврийн 3 дахь км-т байдаг гийн дэлгүүрийн хажууд машиндаа байж байхад жолооч ******* над руу утсаараа залгаад “Тэс Петровлиум” шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр осол болчихлоо.
Мөргөсөн машины жолооч нь нас барчихлаа. Намайг хүрээд ир гэж хэлэхээр би явган алхаад колонк дээр очиход ..... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл засмал зам дээр зүүн тийшээ хараад зогсчихсон, араас нь жижиг машин ирээд мөргөчихсөн байдалтай байсан.
...Би жолооч *******ыг утсаар дуудаж уулзаад юу болсон талаар асуухад “би энэ колонкоос түлш авсан чинь 40 литр түлш хийчихсэн. Би уг нь 40000 төгрөгөөр түлш авах гэж байсан юм. Би тэгээд түлшээ авчихаад засмал зам явж байхад колонкийн хүмүүс дуудаад түр зогстол ийм зүйл болчихлоо гэж хэлсэн.” /1 хх-51/ гэх,
Яллагдагч Г.*******ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 19 цаг 30 минутад ******* аймгийн ******* сумын урд байдаг нүүрс тээврийн 3 дахь км-т байдаг гагнуур хийдэг засварын газраас өөрийн эзэмшлийн улсын дугаартай Норд бенз маркийн машинаар явж нүүрс тээврийн авто замаар орж баруун тийшээ яваад “Тэс Петровлиум” шатахуун түгээх колонк дээр очоод 40000 төгрөгт түлш хийнэ гэж хэлээд зогссон.
Тэгээд би түлшээ аваад эхнэр Зандан-Эрх рүү залгаж түлшний 40000 төгрөг шилжүүл гэж хэлчихээд буцаад засмал ороод зүүн тийшээ эргэх хөдөлгөөн хийж байхад колонкоос нэг хүн гараараа даллаад зогс гээд байхаар би машинаа зам дээрээ зогсоосон.
Эрэгтэй хүн хүрч ирээд түлш авсан мөнгө чинь ороогүй байна гэж хэлэхээр нь би гар утсаа аваад эхнэр лүүгээ залгах гээд байж байтал машины ард талд чимээ гараад машин доргиж хөдлөхөөр би машинаас буугаад очиход ар хэсэг рүү цагаан өнгийн жижиг машин орчихсон байсан.
Би тэгээд машины зөв талаар очоод харсан чинь жолооч нь харагдахгүй байхаар өнгийгөөд хартал машины буруу талд нь жолооч доошоо болчихсон байдалтай байхаар би машины буруу талаар очоод хаалгыг татсан чинь хаалга нь онгойхгүй байхаар би буцаж яваад машинаасаа лоом авчираад хаалгыг хөшөөд онгойлгоход жолооч огт хөдлөхгүй байхаар би баруун гараас нь татсан чинь бие нь хөдлөхгүй байсан.
Тэгээд сумын эмнэлгийн түргэний эмч хүрч ирээд машинд байгаа жолоочийг үзчихээд “энэ жолооч нас барсан байна” гэж хэлээд явсан
Миний буруу би замаа бүрэн чөлөөлж зогсоогүй. Би аваарын гэрлээ татаагүй, осол болсны дараа аваарын гэрлээ татсан” /1 хх 115-116/ гэх мэдүүлгүүд,
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “Б.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр гавалын суурин дунд-арын хонхрыг хамарсан хугарал, доод эрүүний хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун талын II-V, зүүн талын II хавирганы хоёрлосон хугарал, голтын цус хуралт, доод уруул, баруун бугалга, тохой дахь шарх, баруун чамархайн хуйх, дух, 2 хацар, баруун бугалга, цээжний баруун хэсэг, зүүн эгэм, зүүн гарын өмнө болон гадна гадаргуу дахь зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын тухайн хэргийн нөхцөлд үүсгэгджээ. Нас барсан тохиолдлын гэмтлийн зэргийг тогтоох нь ач холбогдолгүй. Б.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй.
Б.******* нь гавал-тархины гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр Б.*******ын цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” /1 хх 82-85/ гэх,
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/03 дугаартай шинжээчийн “.... улсын дугаар бүхий чиргүүлтэй ......... улсын дугаартай “Нордбенз” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-р заалт буюу “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...хэрэглэнэ”, 14.1-р заалт буюу “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж,... зогсооно...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а’’-р заалт буюу “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа,...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 3.4 “б”-р заалт буюу “Жолооч дараах үүргийг хүлээнэ, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх...;” гэснийг тус тус зөрчсөн байна.
..... чиргүүлтэй, Норд бенз маркийн 3......М улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-р заалт, 76-60 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн ослын шалтгаан болсон байна.
Харин жолооч Б.******* нь 3.4 “б”-р заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн байна.
Уг зам тээврийн осолд замын зохион байгуулалтын нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй байна. Тухайн осол болсон газар нь нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарагдана” /2 хх 2-3/ гэх дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1 хх 12-22/, камерын бичлэгт үзлэг хийн хураан авсан тэмдэглэл /1 хх-26/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 86-92/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.*******ыг
автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зав хэрэглэсэн байна.
Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.******* нь “шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул “шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай” шүүгдэгч Г.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д 3000000 /гурван сая/ төгрөг төлсөн болох нь Г.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.*******ын “шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1.. дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Г.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д 3000000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
М.МӨНХДАВАА