| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2024/0048/З |
| Дугаар | 123/ШШ2024/0056 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 123/ШШ2024/0056
|
2024 07 26 123/ШШ2024/0056
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын дүгнэлтээр Чингис хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Л.Цэндсүрэнд холбогдох прокурорын дүгнэлтээр үүссэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Л.Цэндсүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Лхагваа овогтой Цэндсүрэн миний бие Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Хорио цээрийн албанд Эм, биобэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажилладаг.
0091246 дугаартай шийтгэлийн хуудас (маягт 2) холбогдогч Г.Оюунтунгалагын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд хуулийн заалтны бичиглэлийн алдаа гаргаж бичсэнээ хүлээн зөвшөөрч байна.
Тиймээс шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно. Тухайн захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж хариу тайлбар гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Л.Цэндсүрэн нь 2024 оны 04 дугээр сарын 19-ний өдрийн холбогдогч Г.Оюунтунгалагт шийтгэл оногдуулсан 0091246 дугаартай шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан хуулийн зүйл заалтыг 6 дугаар зүйлийн 6.6.2 гэж бичсэн байна.
Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор дээрх хуулийн заалтыг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт бичжээ.
Хариуцагч Л.Цэндсүрэн нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрлийн дүгнэлттэй Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Л.Цэндсүрэнд холбогдох захиргааны хэргийн прокурорын дүгнэлтийн шаардлага болох Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны Эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0091246 дугаартай шийтгэлийн хуудсанд 6 дугаар зүйлийн 6.6.2 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР