Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 02187

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01997 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч “Э” ХХК-ийн

хариуцагч “Ж” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 55 686 270.54 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Б.Лхагважаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Ж” ХХК нь манай байгууллагатай ЗГ/041-2018 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, 40 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 318 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, хоёр өрөө байрыг барьцаалсан. Гэрээний дагуу ийг 2018 оны 11 сарын 22-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр, үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд cap бүр зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх зэрэг нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Мөн зээлийн гэрээний хугацааг 9 сараар сунгаж, 2019 оны 11 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт гэрээний хугацааг 12 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч “Ж” ХХК нь дээрх зээлийн гэрээний хугацаа, нөхцөл, зээл төлөх графикийн дагуу төлбөр төлөөгүйн дээр гэрээний хугацаа дууссанаас хойш ч төлбөр төлөөгүй байна. Өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаагаар дээрх ЗГ/041-2018 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийг тооцвол дараах байдалтай байна. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 16 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөр 40 000 000 төгрөг, нийт хүүний төлбөр 14 570 676.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 475 594.38 төгрөг, зээлийн шимтгэл 640 000 төгрөг, нийт 55 686 270.54 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шимтгэлийн төлбөрийг төлөөгүй байна. Хариуцагч талаас гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байх шиг байна. Иргэний хуульд төлөөллийн асуудлыг заахдаа төлөөллийг амаар болон бичгээр хийх боломжтой гэж тусгасан байдаг. Иргэний хуулийн 64.1 дэх хэсэгт төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан. Мөн манай гаргаж өгсөн нотлох баримтаар С.Бүүвэйбаатар гэх хүн гүйцэтгэх захиралд томилогдсон байсан. Иймд “Ж” ХХК-иас 55 686 270.54 төгрөгийн төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 1 байр 318 тоот 30 м2 талбайтай хоёр өрөө орон сууцыг худапдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/041-2018 дугаартай зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний үндсэн дээр 40 000 000 төгрөгийн зээлийг сарын 4.0 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаагаар олгосон байна. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БГ/041-2018 дугаартай барьцааны гэрээг хариуцагч “Ж” ХХК-тай байгуулж, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 318 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Дээр дурдсан гэрээнүүдэд нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Бүүвэйбаатар гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгчийн нотлох баримт болгон гаргаж өгсөн тухайн компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнээс нь харахад тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд нь 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш гүйцэтгэх гахирал Б.Лхагважаргал байсан нь харагдаж байна. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс бусад этгээд нь хэлцэл байгуулахад зохих этгээдийн зөвшөөрлийг авах ёстой байтал гүйцэтгэх захирал С.Бүүвэйбаатар нь итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг өрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан учир 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/041-2018 дугаартай зээлийн гэрээ болон 1018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн БГ/041-2018 дугаартай барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч тал С.Бүүвэйбаатарын нийгмийн даатгал төлсөн баримтыг хавсаргаж өгсөн боловч эдгээр гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэр хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэгдэж, гэрчилгээний хойд талд тэмдэглэгдсэнээр хүчин төгөлдөр болох ёстой байдаг. Ингэж тэмдэглэгээ хийгээгүй учраас С.Бүүвэйбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсон гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар итгэмжлэлгүй этгээд хэлцэл хийсэн учраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/041-2018 зээлийн гэрээ болон үүнийг үндэслэж хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүүд хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Манай талаас нийт 2 удаа төлбөрийг төлсөн байдаг. Энэ төлбөрийн нийт дүн 11 467 680 төгрөг байдаг. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох нөхцөлд харилцан авсан, өгсөн зүйлүүдээ буцаах шаардлага тулгардаг. Авсан 40 000 000 төгрөгөөс төлсөн 11 467 680 төгрөгийг хасахаар 28 532 320 төгрөг болж байгаа. Энэ дүнг төлөөгүй нь үнэн учраас татгалзах зүйл байхгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжилж байгаа зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрт 54 686 270.54 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас нийт 48 181 449.87 /дөчин найман сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, үлдсэн 7 504 820.67/долоон сая таван зуун дөрвөн мянга найман зуун хорин төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 318 тоот, 30 метр квадрат талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 506 590 төгрөгөөс 506 581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 9 төгрөгийг, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 469 057 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/041-2018 дугаартай “Зээлийн гэрээ”-г хариуцагч “Ж” ХХК-тай байгуулж, зээлийн гэрээний үндсэн дээр 40 000 000 төгрөгийн зээлийг сарын 4.0 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаагаар олгосон байна. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БГ/041-2018 дугаартай “Барьцааны гэрээ”-г хариуцагч “Ж” ХХК-тай байгуулж, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр. 318 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Дээр дурдсан гэрээнүүдэд нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Бүүвэйбаатар гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгчийн нотлох баримт болгон гаргаж өгсөн тухайн компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнээс нь харахад тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд нь 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш гүйцэтгэх захирал Б.Лхагважаргал байсан нь харагдаж байна. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс бусад этгээд нь хэлцэл байгуулахад зохих этгээдийн зөвшөөрлийг авах ёстой байтал гүйцэтгэх захирал С.Бүүвэйбаатар нь итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-т заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/041-2018 дугаартай “Зээлийн гэрээ” болон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн БГ/041-2018 дугаартай “Барьцааны гэрээ”-үүд нь хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжилж байгаа зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 686 270.54 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх.1-2, 31/

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/041-2018 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч талаас “Э” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Бүүвэйбаатар, зээлийн эдийн засагч Д.Цэнд-Аюуш, зээлдэгч талаас “Ж” ХХК-ийн төлөөлж М.Адилбиш нар гарын үсгээ зурж, “Э” ХХК-аас 40 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн байна. /хх.11-14/

Мөн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/041-2018 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл зээлийн гэрээг сунгажээ. /хх.16-17/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан заалттай нийцсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “Ж”  ХХК 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 5 207 680 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6 260 000 төгрөг нийт 11 467 680 төгрөг төлсөн. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний төлөлт, тооцоолол, зээлийн төлбөрийн хэмжээг үгүйсгэж маргаагүй байна. /хх.15/

Шүүх зээлдүүлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцоололд үндэслэж хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 48 181 449.87 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс бусад этгээд гарын үсэг зурж хэлцэл хийсэн” гэсэн үндэслэл зааж байгаа боловч нэхэмжлэгч байгууллагын өөрийгөө төлөөлүүлсэн этгээдийн төлөөлүүлэх эрхийн асуудлаар маргаагүй, түүнчлэн уг асуудал нь хариуцагчийн эрх ашгийг хөндөөгүй байх тул уг үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.