Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 472

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Ж.А, Ц.У,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овгийн Сумъяагийн Алтансүх, Сартуул овгийн Жадамбаагийн Аюурзана, Боржин овгийн Цогтбаатарын Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 1711004080071 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Өөлд овгийн Сумъяагийн Алтансүх, 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, КТМС-ийн Бизнесийн удирдлагын 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4 ээж эгч ахын хамт, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Яргайтын 16 дугаар гудамж 229 тоотод оршин суух хаягтай,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 200а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, регистрийн дугаар ВЮ90012910.   

   2. Сартуул овгийн Жадамбаагийн Аюурзана , 1991 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “Шилэн хийц” ХХК-д шилчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Бэлхийн 10 дугаар гудамж 196 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар НА91110914.  

   3. Боржин овгийн Цогтбаатарын Ууганбаяр, 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Дамбадаржаа 13 дугаар гудамж 79 тоотод оршин суух хаягтай,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 200а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  2015 оны 11 сарын 5-ны өдөр Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан, регистрийн дугаар УШ91020191.   

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.А, С.А, Ц.У нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 14-ний шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Гончигсумлаатай “С.Аийн найз охиныг мөрөллөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд нь зулайн няцарсан шарх, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, хүзүү, цээж, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.А, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Тухайн үедээ хийсэн хэргээ ойлгоод тэр дор нь хохирогчид 500.000 төгрөг өгсөн. Хохирогч гомдолгүй талаар өргөдлөө бичиж өгсөн боловч цагдаа рапортонд орсон учраас өргөдөл авахгүй гээд аваагүй. Үүний дараа хохирогч дахиад мөнгө өг гэсэн учраас дахин 1 сая төгрөгийг бид нийлж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна …” гэв.

Шүүгдэгч Ж.А, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, урьд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна…” гэв.

Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

    Хохирогч Э.Гончигсумлаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн үед үл таних 3 залууд зодуулсан. Тухайн үед шар царайтай залуу эхэлж намайг зүгээр явж байхад цохисон. Тэгээд яаж байгаа юм бэ гэж асуухад гурван залуу нийлж байгаад зодсон. Тэгээд эхлээд гараараа цохиж байгаад чулуугаар толгой руу 1 удаа цохиж, уруул руу 1 удаа өшиглөсөн, зодоон болсны дараа миний зүүн хацар хөхөрч, баруун гарын тохой шалбарч, толгой хагарсан байсан...” гэжээ /хх-11/.

Гэрч А.Алтанзул мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 14-ний шөнө 00 цагт 7-н буудал уруудаад найз залуу Гончигсумлаа, найз Алтантулга нартай хамт явж байтал урдаас гурван залуу, нэг эмэгтэй ирж байсан. Бид гурав хоорондоо юм яриад явж байтал бүдүүн залуу нь хойноос татаад нүүр рүү нь цохисон. Тэгээд би яагаад байгаа юм бэ гэтэл манай найз залууг яагаад муухай хараад байна гээд бөөнөөрөө нийлээд зодсон. Алтантулга гэр рүүгээ ахыгаа авчирах гээд явсны дараа хоёр залуу нь цаанаас чулуу авчираад өндөр нүдний шилтэй залуу нь манай найз бандийг чулуугаар нуруу руу нь цохисон. Нөгөө цагаан футболктой залуу нь толгой руу нь чулуугаар цохисон. Бүгдээрээ нийлээд татаж унагаагаад дээрээс нь цохиод байсан. Би тэр үед салгах гээд дийлээгүй. Манай найз залуу хамт явж байсан залууг барьж авсан...” гэжээ /хх-13/.

Ж.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед 7-н буудлын эцэс дээр дэлгүүрээс 2.5 литрийн Нийслэл нэртэй хуванцар савтай пиво аваад гудамжинд Ууганбаярын хамт уусан. Ууж байхад Алтансүхийг дуудаж бид гурав цуг уусан. Орой 20 цагийн үед Мишка гээд Алтансүхийн найз охиныг дуудсан. Тэгээд бид дөрөв нөгөө савтай пиво ууж, юм ярьж суусаар байтал шөнийн 23 цаг өнгөрч байхаар нь 17-р автобусны буудал орж “Наят клаб”-д суухаар ярилцаад Яргайтын гудамжнаас гараад Хайлааст чиглэл рүү зам дагуу алхаад явсан. 7-н буудал руу ертөнцийн зүгээр замынхаа баруун талд зам дагуу явж  7-н буудлын замын гэрлэн дохионы хойд талд явж байтал Мишка гэх эмэгтэйг нэг туранхай, дунд зэргийн нуруутай залуу мөрлөчихсөн. Тэр залуу өөрөөсөө гадна нэг эмэгтэй, эрэгтэйн хамт явж байсан. Тухайн үед Алтансүх бид хоёр урд талд яриад явж байхад нь тэр залуу Мишкаг мөрлөсөн, Ууганбаяр яагаад эмэгтэй хүн мөрлөөд байгаа юм бэ гэж хэлэхээр нь эргээд хартал Ууганбаяр Мишкаг өмөөрч тэр залуутай барьцалдаад алгадсан. Тэгэхлээр нь Алтансүх бид хоёр эргээд гүйж очсон. Би тэр залууг 2-3 удаа цохисон, хаашаа цохьсныг хэлж мэдэхгүй байна...” гэжээ /хх-39/.

С.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 дугаар сарын 13-ны оройн 18 цаг өнгөрч байхад 7-н буудлын хойд талд байдаг найз Ц.Уын гэрийнх нь ойролцоо очоод Ц.У, Ж.А нарыг дуудаж гаргаж ирсэн. Тухайн үед Ц.Уын гэрт нь Ж.А ирчихсэн байсан. Тэгээд бид нар ойрд уулзалдаагүй гээд пиво уухаар болсон. Ц.Уын гэрийнх нь ойролцоо дэлгүүрээс 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво гурван ширхэгийг худалдаж авсан. Бид гурав дундаасаа мөнгөө нийлүүлж байгаад авсан. Бид гурав Ц.Уын гэрийнх нь ойролцоо гудамжинд уусан. Ууж сууж байгаад  би найз охин Мишээл рүү залгахад 6-н буудалд найзындаа байна гэхээр нь хүрээд ир гэж хэлээд дуудсан. Мишээл удалгүй ирсэн, Ц.У, Ж.А бид гурав ч пивоо ууж дуусгасан. Мишээл пивоноос огт уугаагүй ээ. Тэгээд бид нар 17-ын автобусны буудал дээр байдаг бааранд суухаар зам дагуу алхаад явсан. Ж.А бид хоёр хоорондоо юм яриад, бид хоёрын ард Мишээл, Ц.У нар нь хоорондоо юм яриад явж байтал өөдөөс 2 эрэгтэй 1 эмэгтэй ирж явсан. Ж.А бид хоёртой хажуугаар зүгээр зөрсөн, тэгтэл хойно явж байсан манай найз охин Мишээлийг нэг залуу нь мөрлөчихсөн юм. Ууганбаяр тэр залууг барьж аваад чи яагаад эмэгтэй хүн мөрлөж байгаа юм бэ? гээд тэр залууг алгадаад авахаар нь Аюурзана бид хоёр очсон. Аюурзана очоод шууд хавираад унагаах шиг болсон, би нөгөө залуутай цуг явж байсан залуутай уулзах гэхэд тэр залуу нь хойд зүг рүү нь зугтаагаад байхаар нь Ж.А, Ц.У нар дээр очоод Мишээлийг мөрлөсөн залуугийн цээж хэсэг рүү нь 2 удаа баруун гараараа цохисон. Тэгтэл нөгөө залуу орилоод цагдаа дуудна гээд газраас чулуу авахаар нь бид хэд больё  гээд тэр залуугаас салаад явсан. Харин нөгөө залуу чинь Мишээлийн гараас барьчихаад тавихгүй байхаар нь Ц.У, Ж.А бид гурав очоод Мишээлийг салгаад авах гэтэл нөгөө залуу тавихгүй, цагдаа дуудчихсан гээд байхаар нь бид гурав яваад өгсөн...” гэжээ /хх-43-44/.

Ц.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “... Манай гэр 7-н буудлын хойд талд байдаг юм. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Ж.А манай гэрт ирсэн. Удалгүй араас нь С.А ганцаараа ирсэн. Тэгээд бид нар ойрд уулзалдаагүй юм чинь гээд гарч пиво уухаар болоод манай гэрийн ойролцоох дэлгүүрээс 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво 3 ширхэгийг аваад би яг ямар нэртэй гудамж гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Манай тэр хавийн оршин суугч нар нарийн гудамж гэж нэрлэдэг юм. Тэр гудамжинд С.А, Ж.А бид гурав авсан пивоо хувааж уусан. Тэгээд  Алтансүхийн найз охин болох Мишээлийг дуудсан. Мишээл тухайн үед 6-н буудалд Найзындаа байна гэхээр нь С.А дуудсан. Мишээл ирээд бид нарын авсан пивоноос бараг уугаагүй шиг санагдаж байна. Тэгээд бид 4 хоорондоо юм ярьж байгаад гадаа нилээн харанхуй болсон шөнийн 23 цаг өнгөрч байхад 17-р автобусны буудал дээр байдаг баар орохоор төв зам дагуу алхаад явсан. Тэгтэл 7-н буудлын гэрлэн дохиотой уулзварын хойд талд явж байтал бид нарын өөдөөс 2 залуу, 1 эмэгтэй ирж яваа харагдсан. Би мишээлтэй юм яриад Ж.А, С.А нар бид хоёрын урд талд явж байсан. Ж.А, С.А нартай хажуугаараа зөрөхдөө зүгээр зөрсөн, тэгтэл Мишээл бид хоёртой зөрөхдөө Мишээлийг хүчтэй мөрлөхөөр нь би мөрлөсөн залууг нь барьж аваад барьцалдаад “чи яагаад эмэгтэй хүн мөрлөөд байгаа юм бэ?” гэж хэлээд зүүн талын хацар руу нь алгадсан. Тэгтэл урд явж байсан Ж.А, С.А хоёр бид нар дээр ирээд нөгөө залууг Ж.А 2-3 удаа хавсарч унагаасан, С.А болохоор нөгөө нэг залуутай нь муудалцаад байсан. Тэр залуу нь зугтаах шинжтэй арагш яваад байхаар нь С.А надтай заамдалцсан залууг ирж хөл руу нь 1-2 удаа өшиглөсөн...” гэжээ /хх-47-48/.

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 1065 дугаар дүгнэлтэд: 

“1. Э.Гончигсумлаагийн биед зулайн хуйханд няцарсан шарх, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, хацарт цус хуралт, хүзүү цээж, тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/. 

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55-57, 65-67, 76-77/, хохирогч Э.Гончигсумлаа нь “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ж.А, С.А нараас хохиролд 500.000 төгрөг хүлээн авсан гомдолгүй, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ц.Уаас 500.000 төгрөг хүлээн авсан гомдолгүй...” гэх тэмдэглэл /хх-100-101/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.А, С.А, Ц.У нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 14-ний шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Гончигсумлаатай “С.Аийн найз охиныг мөрөллөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд нь зулайн няцарсан шарх, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, хүзүү, цээж, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.А, С.А, Ц.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.А, С.А, Ц.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Э.Гончигсумлаа нь гомдол, саналгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн дээрх байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгэх боломжтой гэж дүгнэв.

Тэдгээрт оногдуулсан торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт Сумъяагийн Алтансүх, Сартуул овогт Жадамбаагийн Аюурзана, Боржин овогт Цогтбаатарын Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, С.А, Ц.У нарыг 500 тус бүр (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.А, С.А, Ц.У нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А, С.А, Ц.У нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН