| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2023/0030/Э/203/2023/0017 |
| Дугаар | 2023/ДШМ/18 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ДШМ/18
Б.*******ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор О.Батнасан,
Шүүгдэгч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ид холбогдох 2228002890.... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Өмнөговь аймгийн Ханхонгор суманд ..оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ......... аймаг, ..... сум, 2 дугаар баг, ......... тоотод оршин суух, /регистрийн дугаар ........../,
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэр, Төрийн банкны ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах дөрвөн замын уулзвар хэсэгт.......... улсын дугаартай “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.5 дугаар зүйл. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин осол гаргаж, ......... улсын дугаартай “Тоёота Витз” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Б.*******ын амь насыг хохироож, зорчигч Н.Болдбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Б.*******ийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж,
шүүгдэгч Б.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Болдбаатарт хохирол төлбөрт 940,000 /есөн зуун дөчин мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******д 28,200,000 /хорин найман сая хоёр зуун мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******гийн иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олох байсан орлого болон зээлийн төлбөр нийт 144,644,745 /нэг зуун дөчин дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн Даланзадгад ....., ......... ресторан зэрэг 3 байгууллагын хяналтын камерын бичлэгийг агуулсан DVD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, “Тоёота кровн” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн ...... дугаартай гэрчилгээг шүүгдэгч Б.*******ид буцаан олгож,
Шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ......... регистрийн дугаартай, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон №...... дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,
Шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ... Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл амь хохирогч Б.******* нь 2017 онд мод, модон эдлэл үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах "******* ******* *******” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр автомашинаар ачаа тээвэрлэх, таксины үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны төрлийг шинээр нэмж бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү хуулийн этгээдийн Татварын газарт гаргасан аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2021 онд 2.830.000 төгрөг, 2022 онд 2.100.000 төгрөгийг орлогыг тус тус олсон ба харин 2020 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй байх тул 2020 онд хэдэн төгрөгийн орлого олсныг тодорхойлох боломжгүй байна. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сүүлийн 3 жилийн олох байсан орлого гэх 104.150.667 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Талийгаач Б.******* нь 1981 онд төрсөн, 41-хэн насандаа бусдын буруутай үйлдлээс болж амь насаа алдаж, эхнэр, 3 хүүхэдэд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Талийгаач Б.******* нь маш хөдөлмөрч, гэр бүл үр хүүдийнхээ төлөө цаг наргүй, маш олон төрлийн ажил хөдөлмөрийг эрхэлж, ашиг орлого олж байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогддог.
Хүний амь нас хохирох гэдэг бол хамгийн хүнд төрлийн хохирол, Үндсэн хуулиар олгосон амьд явах эрх зөрчигдөж улмаар тухайн этгээдийн ирээдүй, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго, итгэл найдвар дуусгавар болж, гэр бүл, ойр дотныхонд нь нөхөж баршгүй хохирол учирдаг. Мэдээж хүний амь нас юугаар ч хэмжигдэшгүй үнэ цэнэтэй хэдий ч амь нас хохирсон үед түүний ар гэр, үр хүүхэд, өв залгамжлагчид учирсан хохирол, гэм хор, хор уршгийг гэм буруутай этгээдээр төлүүлэх нь төрийн үүрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-т “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулах нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн нэг болох бөгөөд 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэсэн зохицуулалттай.
Талийгаач Б.******* нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 41-хэн насандаа амь насаа алдаагүй бол монгол хүний дундаж наслалтаар доод тал нь 67 наслах байсан. Энэ хугацаанд хөдөлмөрлөж цалин хөлс.орлого олох байсан. Иймээс талийгаачийн олох ёстой байсан орлогыг монголчуудын дундаж наслалтын зөрүү 67 нас-41 нас хасч, 26 жилээр тооцож, олох ёстой байсан орлогын тодорхой хэсгийг нь Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжилсэн. Энэ нь ямар нэгэн хийсвэр нэхэмжлэл биш бөгөөд гэмт хэргийн улмаас амь хохирогчийн ар гэрийнхэн нь олох ёстой байсан ашиг орлогыг нь шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэргийн улмаас амь хохирогч нас барсан учраас түүнд учирсан гэм хорыг өв залгамжлагч нь шаардах эрхтэй.
Иймд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн 104.086.667 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Анхан шатны шүүхээс амь хохирогчийн олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн энэхүү хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэхдээ зөвхөн "2020 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй байх тул 2020 онд хэдэн төгрөгийн орлого олсныг тодорхойлох боломжгүй байна” гэж үзсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******гаас гаргаж өгсөн аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2021 оны “******* ******* *******” ХХК-ний орлогын дэлгэрэнгүй тайланд тайлант үеийн цэвэр ашиг 7.080.000 төгрөг, 2020 оны орлогыг нийт дүн 7.080.000 төгрөг болох нь тодорхой харагдаж байгаа. Санхүүгийн тайланг зөв уншиж, дүгнэлт хийсэн тохиолдолд компанийн 2020 оны орлого тодорхой байгаа юм. Ийм байхад дээрх баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Анхан шатны шүүхээс зээлтэй холбоотой хохирол, нэхэмжлэлд дээрх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Ё.*******г мөрдөгчийн тогтоолоор амь хохирогч Б.*******ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.
Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахыг зохицуулсан Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “ Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хохирогч нас барсан бол ...түүний эхнэрийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохоор, мөн зүйлийн 4 дэх хэсэгт хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, 8.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 2-т “ Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ... холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.******* хуульд заасан энэхүү нэхэмжлэх эрхийнхээ дагуу гэм хорын хохирол болох талийгаачийн бусдад төлөх зээлийн гэрээний үүргийн төлөлтийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Амь хохирогч Б.******* нь дээрх иргэн болон банк, ББСБ-д зээлийн төлбөртэй, энэхүү төлбөр төлөгдөөгүй болох нь хавтаст хэргийн 206, 227, 233-235, 239-240 дүгээр талуудад авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байгаа.
Эдгээр зээлийн барьцаанд талийгаачийн амьдардаг гэр орон, газар барьцаанд тавигдсан. Банк болон ББСБ-аас зээлсэн энэ зээлийг төлөхгүй бол талийгаачийн гэр бүл, үр хүүхэд амьдарч буй гэр орноо зээлийн төлбөрт хураалгах ийм нөхцөл байдалд хүрнэ.
Шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдээгүй бол, талийгаач нас бараагүй бол бусдад төлөх зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээд явах боломжтой байсан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй байсан бол, гэм хор учруулаагүй байсан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид зээлийн гэрээний үүрэгт 40 сая төгрөгийн хохирол, хор уршиг учрахгүй байсан.
Дээрх хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно", 2-т “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-т бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах, 238 дугаар зүйлийн 238.8.3-т хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон гэм хорыг арилгах үүрэг үүссэн, 497 дугаар зүйлийн 497.1-д... гэм хорыг хариуцан арилгах үүргийг тус тус хүлээсэн.
Ийм байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******д дээрх зээлдүүлэгч нарыг төлөөлж зээлийн гэрээнд заасан мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй, эрх үүрэг шилжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэх үндэслэлээр энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм буруутай этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Шүүгдэгч Б.******* гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул талийгаачийн бусдад төлөх зээлийн үлдэгдэл 40.494.745 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ё.******* миний бие нь хохирогч Б.*******тай 17 жил амьдарсан 12-15 насны 3 хүүхдийн эцэг, эх, ам бул 5-уулаа амьдарч байсан. Гэрлэлтийн баталгаатай албан ёсны гэр бүл байсан.
Б.*******ид холбогдох хэрэгт амь хохирогч Б.*******ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Миний хань Б.******* нь ид хийж бүтээх насандаа 41- хэн насандаа бусдын буруутай үйлдлээс болж 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр амь насаа алдаж, хань, үр хүүхдүүд бидэнд эргэж хэзээ ч нөхөгдөх боломжгүй хор хохирол учирсан.
Миний хань 2005 оноос хойш Даланзадгад суманд хувиараа такси үйлчилгээ эрхэлж, түүний хажуугаар хийж болох бүх л төрлийн бизнесийг эрхэлж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, үр хүүхдээ асран өсгөж, хүмүүжүүлж, сургах мэдлэг чадварыг дээшлүүлэхэд маш их анхаардаг ажилч хичээнгүй, цэвэрч нямбай хөдөлмөрч хүн байсныг өөрийн ахан дүүс, найз нөхөд, миний ажлын хамт олон гэх мэт хүрээллийн хүн бүхэн мэднэ. Миний том хүү ******* нь Даланзадгад сумын ЕБ-ын 5 дугаар сургуульд ....анги хүртэл сурахын хажуугаар аймгийн ганданд 3 жил шавилан сууж, 2019 онд 6 дугаар анги төгсөж бага боловсрол эзэмшиж төгсөөд 2019 оноос Энэтхэг улсад шашны чиглэлээр 8 жил суралцах зорилготой яваад Энэтхэг улсын Жүмэ хотод 3 жил суралцаад 2022 оны 6 дугаар сард зуны амралтаараа ирсэн 10 дугаар сарын 30-нд буцахаар амарч байх хугацаанд энд хэрэг гарч, буцаж чадаагүй, буцаж явах боломж хайхад 1 дүгээрт миний хувьд хүүхдээ явуулах санхүүгийн боломжгүй болж, би нэг удаа зардал аргалаад хүүхдээ явуулсан ч хүүхдэдээ байнгын мөнгө төгрөг явуулах санхүүгийн асуудал гардаг учир энэ боломж надад байхгүй болсон.
Хоёрдугаарт хүү насанд хүрээгүй одоо 5 дугаар сард 16 нас хүрэх учир хамт ирсэн итгэмжлэлтэй насанд хүрсэн хамт суралцагчид нь буцсан зэрэг шалтгаануудаас болоод үргэлжлүүлэн өөрийнхөө сонирхлоор сурах боломжгүй болсон учир Монголд Шашны дээд сургуульд сургах боломж хайсан боловч бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх шаардлагатай гэсэн хариу авч 12 дугаар ангийн боловсрол эзэмших талаар бүхий л арга замыг хайж, сурч байсан сургууль, аймгийн Боловсрол соёлын газар, Аймгийн Засаг дарга бүх шатанд хүсэлт гаргасан боловч төгссөн 6 дугаар ангиас эхлэн суралцахаас өөр боломжгүй гэдэг хариуг авч цаашид хүүгээ сургах боломж бүрдэхгүй миний хүүгийн сурах нөхцөл хангагдахгүй болсон. Одоо аймгийн хийдэд өдөр тутмын хуралд сууж байгаа боловч өөрийн хүсч мөрөөдөж, өөрийн зорилго болгож шашны дээд цол Аграмба болно гэж суралцаж байсан. Монголд сурсан ч энэ зорилгодоо хүрч чадахгүй гэж сэтгэлзүйн хувьд хямарч байна. Мөн 2 бага хүүхдийн хувьд сурах идэвхи эрс буурсан. Бага охин маань аавын нандин хүүхэд. Одоо шөнө унтаж чадахгүй нойргүйдэх, баяр ёслол болохоор маш их хямрах, фэйсбүүк, сошиол орчинд аавынхаа болоод аавын тухай пост мэдээлэл оруулж маш их сэтгэл санаа тогтворгүй байгаа нь миний хүүхдүүдэд ямар ч эрсдэл үүсэх хүнд нөхцөл байдалтай байгаа. Иймд 3 хүүхдэдээ мэргэжлийн байгууллагын сэтгэлзүйн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Өдөр ирэх тусам хор хохирол нэмэгдэж байна.
Ийм нөхцөл байдалтай байгааг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт би өөрөө мэдүүлсэн, гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******ийг 3 жилийн хорих ялаар шийтгэх нь миний хувьд хөнгөдсөн гэж үзэж байгаа. Яагаад миний үр хүүхэд ийм нөхцөл байдалд байхад шүүгдэгч талын ялыг хөнгөрүүлэх санал судлагдаад байгаад гомдолтой байна.
Ял шийтгэл цаг хугацаатай, би цаг хугацаагүй хүнээ явуулсан. Бидний амьдрал эргэж хэзээ ч сэргэхгүй, хор хохиролтой байгаа. Мөн хүний амь, насыг мөнгөөр хэмжих боломжгүй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******д 28.200.000 төгрөгийг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсоныг эс зөвшөөрч байна. Энэ төлөгдсөн 28.200.000 төгрөг нь хууль ёсны төлөөлөгч надаас оршуулах үйл ажиллагаанд гарсан зардал нөхөж олгогдсон болохоос миний амьдралд учирсан хор хохирол цаашид үр хүүхдээ тэжээн тэтгэх, амьдрах боломж нөхцөлд тооцогдох төлбөр гэж үзэхгүй байна.
Миний хань 2017 онд “******* ******* *******” XXК-ийг байгуулан гэрийн тавилга, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж мужаан цех ажиллуулж байгаад, 2018 онд хувиараа эрхэлж байсан такси үйлчилгээг аж ахуй нэгж дээр нэмж Аймгийн автотээврийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулан 100 ширхэг суудлын автомашин бүртгэн гэрээ байгуулан татвар авч Даланзадгад суман дотор явах такси үйлчилгээг эрхлэн гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байгаад 2020 онд ковид гарч хөл хорио тогтсоноос хойш гэрээг цуцлан такси үйлчилгээг зогсоож, 2021 оноос хашаандаа дэлгүүрийн барилга барьж 8 нэрийн хүнсний дэлгүүр ажилуулж, өөрөө худалдагчаар ажиллаж, хажуугаар нь өөрийн хийж чадах бүх л ажил үйлчилгээг эрхэлж байсан учир өөрийн олж байсан орлогын эх үүсвэр аж ахуй нэгжийн сүүлийн 3 жил буюу 2020 он, 2021 он, 2022 оны олсон орлогоор нэхэмжлэл гаргасан байхад шүүх хангаж шийдвэрлээгүй. 2020 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй байх туп 2020 онд хэдэн төгрөгийн орлого олсныг тодорхойлох боломжгүй гэсэн. Энэ нь тайлан дээр өмнөх оны үлдэгдэл хэсэгт байх санхүүгийн анхан шатны баримтыг уншиж, дүгнэхгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Орлогыг заавал 3 жилийн орлогоор тооцно ч гэсэн юм байхгүй.
Хууль ёсны төлөөлөгч миний бие бусдад төлөх зээлийг Б.*******ын Ц.*******тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 16.000.000 төгрөг, Төрийн банктай байгуулсан зээлийн үлдэгдэл 18.333.333 төгрөг, Шийдэл финакас ББСБ-тай байгуулсан зээлийн үлдэгдэл 2.890.745 төгрөг, О.тай байгуулсан зээлийн үлдэгдэл 3.270.000 төгрөг, нийт 40.494.078 төгрөг нэхэмжилсэн.
Гэтэл анхан шатны шүүхээс хууль ёсны төлөөлөгч Ё.*******д дээрх зээлдүүлэгч нарыг төлөөлж зээлийн гэрээнд заасан мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөрдөгчийн тогтоолоор амь хохирогч Б.*******ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр хууль ёсны эхнэр Ё.******* намайг тогтоосон байдаг. Гэтэл шийдвэр гаргахад яагаад би төлөөлөх, нэхэмжлэх эрхгүй болсныг зөвшөөрөхгүй байна.
Одоо зээлийн барьцаанд манай зах зээлийн үнэлгээгээр үнэлж болох бүх эд, хөрөнгө байдаг. Үүнд бидний амьдарч байгаа хашаа, газар, дэлгүүрийн барилга, тээврийн хэрэгсэл, өмчлөлийн газрууд тавигдсан байдаг. Банк болон ББСБ-аас зээлсэн энэ зээлийг төлөхгүй бол би 3 хүүхдийнхээ хамт орон гэргүй болох ч нөхцөл байдал үүсэж зээлийн төлбөрт хураалгах ийм нөхцөл байдалд хүрэхэд бэлэн байна.
Иймээс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ё.******* миний нэхэмжлэлийг бүрэн хангаж, шүүгдэгч 3.*******оос хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.
Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.******* болон түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам нараас гаргасан давж заалдах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хохирол, хор уршигт нэхэмжлээд байгаа мөнгөнүүдийг Иргэний хуулийн 229, 498, 238 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэм буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэтхэгт сурч байсан хүүхдээ явуулж чадаагүй. Монголд сурах ямар ч боломжгүй. Арван жилийн боловсрол буюу суурь боловсрол эзэмших боломжгүй. Суурь боловсролгүй болохоор цаашаа сурах боломжгүй болсон. Ийм байдлаар хохироод явж байна. Ийм асуудлууд байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй учир давж заалдах гомдлыг гаргасан гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн зүйлийн 1.1-д зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр хүлээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэр, .........ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах дөрвөн замын уулзвар хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.5 дугаар зүйл. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин осол гаргаж, ....... улсын дугаартай “Тоёота Витз” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Б.*******ын амь насыг хохироож, зорчигч Н.Болдбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******гийн “...Тэр үед Болдбаатарыг хүргэж өгөх гэж явж байсан. Талийгаачид өвчин байхгүй, толгойн духны хэсэгт 2011 онд автомашины ослын улмаас үүсээд эдгэсэн хөндлөн сорвитой, өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх байдаггүй байсан. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл маш их байна.” /1 хх 47-49 дэх тал/ гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Болдбаатарын “...Нисэхээс урагшаа явж байгаад Төрийн банкны уулзвар дээр очоод ногоон гэрлээр ороход гэнэт хажуу талаас машин мөргөсөн. Тэрнээс хойш би юм санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт байсан.” /1 хх 53-54, 58-59/ гэх,
Гэрч Б.ын “...3 дугаар сургуулийн хойноос машин ирж байхаар нь Мөнгөншагайг наад машинаа шалгаарай гэж хэлэхэд Мөнгөншагай тэр машиныг зогсоохоор дохих үед нөгөө машин нь зүүн тийш эргэж Төрийн банкны уулзвар руу нийлдэг туслах замаар зугтсан.
Тухайн машин нь цагаан өнгийн “Тоёота кроун” загварын машин байсан бөгөөд арын гүүпэр байхгүй байсан. Тэгээд номер нь харагдаагүй учир бид хоёр ......... улсын дугаартай албаны “Тоёота Приус” загварын машинтай номерыг нь харах зорилгоор араас нь хөдөлсөн.
Араас нь явахад тухайн машин хаазаа нэмээд байсан. Тэгээд би станцаар постуудад "Зохицуулагчийн зогс гэсэн шаардлагыг биелүүлээгүй, хурд хэтрүүлсэн, ар талын гүүпэр байхгүй, цагаан өнгийн кроун машин явсан, зогсоож шалгаарай" гэж мэдэгдээд бид 2 машиныхаа дуут гэрлэн дохиогоо унтраагаад буцаад эргэсэн.
Тэгэхэд Төрийн банкны уулзварын ойролцоо машин мөргөлдөх дуу чимээ гарсан. Тэгэхээр нь бид 2 араас нь маш хурдан очоод харахад зугтсан цагаан өнгийн кроун загварын машин Төрийн банкны уулзвар дээр “Тоёота Витз” загварын машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан." /1 хх 66-67/ гэх,
Гэрч М.ийн “2022 оны 08 дугаар сарын 26-ны 22 цаг 54 минутын үед манай тасагт 103 утсанд авто осол болсон гэх дуудлага ирсэн. Тэгээд 23 цагт осол болсон газарт очиход 2 машин мөргөлдсөн байсан.
Саарал жижиг машинд жолооч, зорчигчийн хамт байсан. Жолоочийн талаас орох боломжгүй байсан болохоор жолоочийн эсрэг талын хаалгаар очиж зорчигчийг үзээд тээвэрлээд дараа нь жолоочийг үзээд тээвэрлэсэн.
Зорчигч Болдбаатарын амин үзүүлэлтүүд тогтвортой, цээжээ дарсан байдалтай байсан. Харин жолооч ******* нь ухаангүй биеийн байдал нь маш хүнд байсан. Тээвэрлээд эмнэлэг рүү эрчимт болон гэмтлийн жижүүрийн эмч нарыг хүлээн авах тасагт бэлэн байж байгаарай гээд дуудлага өгсөн.” /1 хх 78-79/,
Гэрч Д.ийн “Би тухайн үед гэмтлийн эмнэлэгт 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагаас 2022 оны 08 дугаар сарын 27-ны 09 цаг хүртэл жижүүрт гарсан. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 07 минутад хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 103 эмч өвчтөнийг нацилкан дээр түрж орж ирсэн. Тухайн үед өвчтөн арьс цонхийсон, 2 нүдний хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, ухаангүй хариу урвалгүй, шоконд орсон байдалтай байсан.
Хагалгааны ширээн дээр өвчтөнийг гаргаад бид нар гараа цэвэрлээд халаад өмсөөд хагалгаа эхлэх гэтэл өвчтөний зүрх зогссон. Сэргээн амилуулах лавшруулсан суурь тусламж үзүүлэхэд амьсгал, зүрх судасны цохилт орж ирэхгүй байсан учир буцаад эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн.” /1 хх 82-83/ гэх,
Гэрч Э.ын “2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад ...Төрийн банкны уулзвар дээр зүүнээс баруун тийш явах талын зам дээр улаан өнгийн гэрлэн дохио дээр машинтайгаа зогсож байхад тус уулзварын баруунаас зүүн тийш явах замаас тухайн уулзвар руу цагаан өнгийн жижиг машин хурдтай ирж байгаад Төрийн банкны уулзварын хойноос урагш чиглэлд явах саарал өнгийн витз загварын жижиг машинтай уулзварын төв хэсэг дээр мөргөлдөж зүүн урд талын хашлагыг мөргөж зогссон.
Би шууд эмнэлгийн байгууллага руу залгаж яаралтай түргэн тусламж дуудсан. Тэгээд байж байгаад мөргөсөн цагаан өнгийн кроун машинаас жолооч нь гарч ирсэн. Араас нь замын цагдаа, удалгүй эмнэлгийн машин ирсэн.” /1 хх 90-91/ гэх мэдүүлгүүд,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай “Б.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр баруун талын 1-4-р хавирга, зүүн талын 3-7-р хавирганы хугарал, уушгины эдийн гэмтэл, элэг, дэлүү, нойр булчирхайн урагдал, язрал, няцрал, сэмж, чацархайн урагдал, цус хуралт, хуйхан доорх цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн сүвээний өнгөц эсгэгдсэн шарх, зулгаралт, зүүн гуяны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгджээ.
Б.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Б.******* нь оношинд дурдсан олон гэмтлийн улмаас нас баржээ.” /1 хх 104-107/ гэх,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийн ....дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Болдбаатарын биед баруун талын II-V хавирганы хугарал, сээрний 3-5-р нугалмын шахагдсан хугарал, 2 талын уушгины доргилт гэмтэл үүсчээ.
Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /1 хх 114-115/ гэх,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай “Тоёота кровн” загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно; мөн 15.5.Упаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад “Тоёота кровн” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.5-д заасныг зөрчсөний улмаас тухайн осол гарсан.” /1 хх-132/ гэсэн дүгнэлтүүд, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1122 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1 хх 155-163/, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлагаа /1 хх 167-168/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 34-36/, эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах прокурорын тогтоол /2 хх 37-38/, Б.*******ид драгер багаж үлээлгэсэн гэрэл зураг /2 хх-63/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 15-22/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 24-30/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 31-42/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлд нийцсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам нар нь “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хүндрүүлэх, зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 40494745 төгрөг, олох ёстой байсан орлого 104150667 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд хуульчлан тогтоожээ.
Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан тохиолдолд олох ёстой байсан орлогыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.
“Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс амь хохирогч Б.*******ын Ц.*******тай байгуулсан зээлийн үлдэгдэл 16000000 төгрөг, Төрийн банктай байгуулсан зээлийн үлдэгдэл 18333333 төгрөг, Шийдэл финанас ББСБ-тай байгуулсан зээлийн үлдэгдэл 2890745 төгрөг, О.тай байгуулсан зээлийн үлдэгдэл 3270000 төгрөг нийт 40494078 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 206, 227, 233-235, 239-240 дахь талд авагдсан 4 зээлийн гэрээнээс үзвэл зээлдэгч амь хохирогч Б.*******, зээлдүүлэгч Төрийн банк, Шийдэл финанс ББСБ, О., Ц.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр зээлдүүлэгчийн шилжүүлсэн мөнгийг зээлдэгч тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******д дээрх зээлдүүлэгч нарыг төлөөлж зээлийн гэрээнд заасан мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй, эрх үүрэг шилжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.” гэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Болдбаатарт хохирол төлбөрт 940000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******д 28200000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******гийн иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 3000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олох байсан орлого болон зээлийн төлбөр нийт 144644745 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрхийг олгоогүй байна.
Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хүндрүүлэх, шүүгдэгчээс хохирлыг гаргуулах тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам нарын “хорих ялыг хүндрүүлэх, шүүгдэгчээс хохирлыг гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
М.МӨНХДАВАА