| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0052/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Д.Уянга,
хохирогч Э.Бямбацэцэг,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 1706033160416 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, Өвөрхангай аймаг, Арвайхээр 8-р баг, Рашаант 14 дүгээр гудамж, 120 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24-60 тоотод түр оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЙЮ95082236/ Э.Э.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” баарны угтагч ажилтай Э.Э нь зэрэгцээ орших “Банана” баарны бармен Э.Бямбацэцэгтэй “ажлаас” болж маргалдан улмаар гарыг мушгиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Бямбацэцэгийн: “...Би 2017 оны 11 сарын 12-ны оройн 23:45 цаг орчим өөрийн ажилладаг “Банана” баарны гадаа тамхи татаад зогсож байхад “Моника” баарны угтагч Эрка гэгч нь ирээд надтай юм ярьж зогссон юм. Тэгээд хоорондоо ажлаасаа болж маргалдсан. Би эхлээд Эркаг цамцнаас нь бариад түлхэхэд, намайг зөрүүлээд гарыг маань мушгисан. Тэгээд ажилдаа ороод ажлаа хийж байтал гар өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт орж үзүүлэхэд, зүүн гарны эрхий хурууны нэгдүгээр үе нь хугарсан байна гэсэн. Тэгээд тэр эмч нь хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Ажлаа хийгээгүй байх хугацааны хохирол болон эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Тухайн хүнд гомдолтой байна. ...Тухайн үед гэмтсэн хуруу зүгээр болсон болохоор одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7/,
Мөрдөн байцаалтад гэрч Ш.Пүрэвсүрэнгийн: “...2017 оны 10 сарын 12-ны өдрөөс хойш өдөр бүр 19:00-04:00 цагийн хооронд хамгаалагчаар ажиллаж байна. Өдөрт 1 бармен, 1 ди жэй, 2 зөөгч, 3 хамгаалагч ажилладаг. ...Ням гариг байсан учир үйлчлүүлэгч бараг байхгүй байсан. 00:00 цагийн үед бармен Бямбацэцэг, хамгаалагч Багабанди, Амарбаатар, бид нар баарны гадаа зогсож байхад “Моника” баарны угтагч банди манай баарны гадаа ирээд үйлчлүүлэгч нарыг өөрийн баар руугаа оруулах гээд байхаар нь би “чи өөрийн баарны үүднээсээ очиж хүмүүс оруул” гэхэд өөдөөс “чадахгүй” гэсэн зүйл хэлэхээр нь би түлхсэн. Тэгэхэд “Моника” баарны зөөгч Эрка гэх залуу гүйж ирээд надтай маргах гэж байхад Бямбацэцэг Эркаг холдуулах гээд түлхэх үед Эрка Бямбацэцэгийн гарыг барьсан. Тэгэхэд Бямбацэцэг гарын эрхий хуруу эвгүй болчихлоо гэсэн. ...Түүнээс хойш Бямбаа хуруундаа хамгаалах төмөр 2-3 хоног зүүсэн байсан харагдсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Сувдын: “...2017.11.12-ны өдөр Ням гариг үйлчлүүлэгч маш бага байсан. Ажлаа хийж байгаад 00:00 цагийн үед агаар амьсгалах гээд баарнаас гарахад бармен Бямбаа сонин царайтай болчихсон “эгчийнхээ утсыг хурдан аваад ир” гэж хэлэхээр нь би текэн дээрээс утсыг нь аваад гаргаж өгсөн. ...Дараа нь Бямбаа эгч орж ирээд “гар эвгүй болчихлоо, эмнэлэг явж үзүүллээ” гээд явсан. Тэр өдрөөс хойш 10 орчим хоног эрхий хуруундаа хамгаалалтын төмөр зүүж явсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,
Мөрдөн байцаалтад Э.Э-н яллагдагчаар: “...Манай баарны угтагч Мөнхүүлэй “Банана” баарны Пүүжээтэй маргасан. Би очоод салгах гэж байхад Бямбацэцэг урдуур орж маргаан үүсгээд намайг заамдсан. Би 2-3 удаа “тавь” гэж хэлэхэд тавихгүй байхаар нь өөрийгөө тавиулах гэж Бямбацэцэгийн зүүн гарын эрхий хурууг нь хойш нь дарж мушгиад тавиулсан. ...Маргааш нь Банана баарны дижэй Ариука “Бямбацэцэгийн хуруу нь гэмтсэн байсан, цагдаад өргөдөл өгсөн байгаа” гэж хэлсэн. ...Би Бямбацэцэгийн бие махбодид гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №14269 тоот:
Э.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бямбацэцэг: “Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний мэдүүлэг үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Энэ хүнээр өөрөөсөө уучлалт гуйлгамаар байна” гэж мэдүүлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банана” баарны бармен Э.Бямбацэцэгтэй “ажлаас” болж маргалдан улмаар гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Бямбацэцэгийн: “...Би эхлээд Эркаг цамцнаас нь бариад түлхэхэд намайг зөрүүлээд гарыг маань мушгисан. Тэгээд ажилдаа ороод ажлаа хийж байтал гар өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт орж үзүүлэхэд зүүн гарны эрхий хурууны нэгдүгээр үе нь хугарсан байна гэсэн. Тэгээд тэр эмч нь хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Ажлаа хийгээгүй байх хугацааны хохирол болон эмчилгээний зардлаа төлүүлмээр байна....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7/,
Мөрдөн байцаалтад гэрч Ш.Пүрэвсүрэнгийн: “...Бид нар баарны гадаа зогсож байхад “Моника” баарны угтагч банди манай баарны гадаа ирээд үйлчлүүлэгч нарыг өөрийн баар руугаа оруулах гээд байхаар нь би “чи өөрийн баарны үүднээсээ очиж хүмүүс оруул” гэхэд өөдөөс “чадахгүй” гэсэн зүйл хэлэхээр нь би түлхсэн. Тэгэхэд “Моника” баарны зөөгч Эрка гэх залуу гүйж ирээд надтай маргах гэж байхад Бямбацэцэг Эркаг холдуулах гээд түлхэх үед Эрка Бямбацэцэгийн гарыг барьсан. Тэгэхэд Бямбацэцэг гарын эрхий хуруу эвгүй болчихлоо гэсэн. ...Түүнээс хойш Бямбаа хуруундаа хамгаалах төмөр 2-3 хоног зүүсэн байсан харагдсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Сувдын: “...Бармен Бямбаа сонин царайтай болчихсон “эгчийнхээ утсыг хурдан аваад ир” гэж хэлэхээр нь би текэн дээрээс утсыг нь аваад гаргаж өгсөн. ...Дараа нь Бямбаа эгч орж ирээд “гар эвгүй болчихлоо, эмнэлэг явж үзүүллээ” гээд явсан. Тэр өдрөөс хойш 10 орчим хоног эрхий хуруундаа хамгаалалтын төмөр зүүж явсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,
Мөрдөн байцаалтад Э.Э-н яллагдагчаар: “...Би очоод салгах гэж байхад Бямбацэцэг урдуур орж маргаан үүсгээд намайг заамдсан. Би 2-3 удаа “тавь” гэж хэлэхэд тавихгүй байхаар нь өөрийгөө тавиулах гэж Бямбацэцэгийн зүүн гарын эрхий хурууг нь хойш нь дарж мушгиад тавиулсан. ...Маргааш нь Банана баарны дижэй Ариука “Бямбацэцэгийн хуруу нь гэмтсэн байсан, цагдаад өргөдөл өгсөн байгаа” гэж хэлсэн. ...Би Бямбацэцэгийн бие махбодид гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №14269 тоот: Бямбацэцэгийн биед зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүдэ байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-14/ зэрэг болно.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Э.Э нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг “тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1706033160416 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД