| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2023/0024/Э/203/2023/0015 |
| Дугаар | 2023/ДШМ/21 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ДШМ/21
Д.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Д.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/. дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.*******д холбогдох 2228000000.... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
А..........., 1.... оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* хот, ******* дүүрэг, ........ дүгээр хороо, .........а тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар ....../,
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ...... аймгийн .......сумын ...... дугаар багийн нутаг .......ны урд талын хүүхдийн тоглоомын талбайд талийгаач Н.*******тэй маргалдан, машины цонх хагалсан гэх шалтгаанаар ....... улсын дугаартай Тоёота Премио маркийн тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Д.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж,
Шүүгдэгч Д.******* нь оршуулгын зардалд 10.000.000 /арван сая/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөг нийт 25.000.000 /хорин таван сая/ төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.*******т төлсөн болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.*******ийн эзэмшлийн ...... арлын дугаартай Тоёота Премио маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг №.....06 дугаартай гэрчилгээний хамт хураан авч худалдан борлуулж үнийг улсын төсөвт оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.5 литрийн Сэнгүр, Сэрүүн нэртэй задлаагүй пиво, ARKHI нэртэй 0.75 литрийн архины шил, Сэрүүн нэртэй таггүй бор өнгийн шингэн зүйлтэй 2.5 литрийн савлагаатай пивоны сав, Fanta нэртэй 2 литрийн савлагаатай ундааны сав, голоор нь хуваасан пивоны төмөр лаазыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, цогцосны үзлэг бэхжүүлсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.******* нь өөрийн гэм буруугаа хүлээн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд ажил амьдралаа залгуулан өөрийн чадах ажлаа хийхээр нагац ах ******* дүү нарынхаа хамтаар ажиллаж байсан. Тэр орой талийгаач дүү нь хүмүүстэй маргалдаж хэрүүл зодоон болоод байгаа талаар хэлсэн учир тэр газар луу нь очиж салгаж авах санаатай очсон. Талийгаач дүүтэйгээ үл ойлголцож улмаар орхиод явах гээд машиндаа суугаад хөдлөх үед машины 3 цонхыг хагалсанд гэнэт тэрхэн зуурын уур бухимдалаа барьж хянаж чадаагүйгээс буруу үйлдэл хийсэндээ маш их харамсаж гашуудаж юугаар ч сольж баршгүй гарз хохирол учруулсан түмэн буруугаа ухамсарлан ойлгож байгаа.
Д.******* болон ар гэрийнхэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний ар гэрийнхэнтэй уулзаж бие биенээ ойлголцож ярилцсан бөгөөд Д.*******ийн ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй байна гэдгээ хэлж ярилцсан болно.
Иймээс шүүгдэгч Д.*******д Өмнөговь аймаг сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦ/.. тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хэргийн нөхцөл байдал, гэм хорын хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн ахуй байдлыг харгалзан үзэж хорих ялыг хуульд заасан ялын доод хэмжээгээр хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн хорих ял оногдуулахаар заасан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Д.*******д анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн үзэх үндэслэл буюу гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлүүд, хохирогчийн ёс зүй, үйл ажиллагаа нөлөөлсөн байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэр, амьдралын байдлыг нь харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хорих ялыг доош нь татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд .... аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг .......ы урд талын хүүхдийн тоглоомын талбайд талийгаач Н.Бат-Эрдэнийг машины цонх хагалсан гэх шалтгаанаар тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******н “...Би тухайн үед юу болсныг мэдээгүй. Би өглөө сэрээд талийгаачийг гэртээ байхгүй байхаар нь урд шөнө гадуур архи уугаад нэг газарт хоночихсон юм байхдаа гэж бодсон.
Тэгээд хамт байсан хүмүүс мөн байхгүй байж байгаад нас барсан талаар нь өдөр мэдсэн. 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 00 цаг 52 минутад тын дугаараас над руу залгаад 1 минут 2 секунд ярьсан байсан.
Ажил явдлын үед *******ийн ээж ******* 500000 төгрөг өгснөөс өөр хохирол төлбөр төлөөгүй. Бид нараас уучлалт гуйгаагүй болохоор бид нар их гомдолтой байна.
...Бид нар оршуулгын зардал, хоног хураах зардалд нийт 18 сая орчим зардал гарсан. Ээж, аав маань хөдөөний малчин хүмүүс. Хүүгээсээ хойш ухаан санаа нь орон гаран уймраад байгаа болохоор баримтаа сайн бүрдүүлж чадаагүй байна.” /1 хх 42-43, 46-47, 49-50/ гэх,
Гэрч Б.*******ын “...талийгаач ******* *******ийн машины зөв талын урд цонхыг гараараа цохиод хагалсан...ард нэг юм пит гэсэн чимээ гарахаар нь эргээд харахад талийгаач ******* *******ийн машины цонхыг өшиглөж байгаа харагдсан.
...Тэгсэн араас ******* хүрч ирээд бие биенийгээ алчихлаа гээд байсан. Би юу болсныг ойлгоогүй. Тэгээд ******* унтаад өгөхөөр нь би нэг нэгийгээ алсан бол юу гэж тайван унтхав дээ гэж бодоод сэрүүн нөгөө хэдийг хүлээгээд хэвтэж байсан чинь т нар хүрээд ирсэн. Тэгээд ******* Бат-Эрдэнийг дайраад алчихсан гэж хэлсэн.” /1 хх 55-57/ гэх,
Гэрч А.гийн “...******* Бат-Эрдэнийг загинаад уурлаад архи дарс уулаа хүнтэй маргалдлаа гээд зогсож байсан. Тэгээд ******* Бат-Эрдэнийг цохиод байсан. Тэгсэн чинь талийгаач ******* уурлаад *******тэй барилцаж аваад хавсарч унагаад нэг цохисон.
Бид нар салгасан чинь ******* зүүн тийшээ гүйгээд банз мод хайгаад байх шиг байсан. Тэр үед талийгаач ******* *******ийн машины цонхыг гараараа цохиод хагалчихсан.
******* хар хурдаараа машиндаа гүйж орж ирж суугаад машинаа асаагаад хойшоо ухарсан. Тэр үед талийгаач бид нарын сууж байсан газарт ирэх гээд уг тоглоомын талбайн хашааны баруун хойд талын булан хэсэгт явж байсан ба ******* машинаа ухрааж зогсоод шууд чигээрээ урагшаа хөдөлж талийгаач Бат-Эрдэнийг чиглэн явж очоод тоглоомын талбайн хашаатай хамт хавсарч дайраад машин нь талийгаач Бат-Эрдэнийн дээр гараад зогсчихсон.
Тэгээд бид гурав хэрэг болсон газарт очиход талийгаач Бат-Эрдэнийн цээж хэсэг нь машины урд тэнхлэг доогуур дарагдсан байдалтай хөдлөхгүй байсан. Бид гурав талийгаачийг дуудаад татсан боловч огт хөдөлгөөн хийгээгүй ямар нэгэн хариу өгөхгүй байсан.” /1 хх 59-61/ гэх,
Гэрч Т.*******ын “...******* зүүн тийшээ яваад өгсөн чинь талийгаач Бат-эрдэнэ *******ийн машины цонхыг нь хагалчихсан...******* машиндаа гүйж ирээд суусан.
Тухайн үед талийгаач тоглоомын талбайн хашааны баруун хойд талын хэсэгт зогсож байсан. ******* машинаа асаагаад баруун дараад ухарсан тэгэхээр нь бид нарыг хаяад явж байгаа юм байна гэж бодож байтал талийгаачийн зогсож байсан газрыг чиглээд зогсоод шууд урагшаа ухаж хөдлөөд маш хурдтай явж очоод талийгаачийг мөргөсөн.
Бид нар очоод хартал талийгаач машины урд тэнхлэг дор цээж хэсэг нь дарагдсан байдалтай доошоо хараад хэвтэж байсан. Татаад дуудсан чинь ямар нэгэн хариу өгөхгүй байсан.” /1 хх 63-65/, гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх 14-20, 110-115/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “Талийгаач Н.Бат-Эрдэнийн цогцост толгойн хуйхны доорх цус хуралт, хүзүүний нугалмын мултрал, харалдаа нугасны тасрал, цээжний баруун талын 3, 5, 6-р хавирганы хугарал, баруун дунд чөмөгний хугарал, баруун чамархай, зүүн хацар, эрүү, хамар, зүүн, баруун мөр, баруун тохой, зүүн шуу, зүүн сарвуу, цээж, хэвлий, баруун шуу, баруун сарвуу, баруун, зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ. /1 хх 107-109/ гэх,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “Н.Бат-Эрдэнийн цогцост хуйхан доорх цус хуралт, хүзүүний нугалмын мултрал, харалдаа нугасны тасрал, цээжний баруун талын III, V, VI хавирганы хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун чамархай, хамар, зүүн хацар, эрүү, баруун мөр, тохой, шуу, сарвуу, өвдөг шагай, зүүн мөр, шуу, сарвуу, өвдөг, цээж, хэвлий дэх зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
Хүзүүний нугалмын мултрал, нугасны тасрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.7 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба уг гэмтлийн улмаас Н.******* нас барсан байх боломжтой. Баруун талын III, V, VI хавирганы хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал гэмтлүүд нь 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын /машинд дайрагдах/ улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. /1 хх 118-120/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.*******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Д.******* нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр амь хохирогч Н.Бат-Эрдэнийг дайрч буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжтой байсан хэдий ч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу тээврийн хэрэгслээ асааж хүнийг чиглүүлэн дайран хүний амь насыг хохироосон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.”гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлд нийцсэн байна.
Шүүгдэгч Д.*******д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.*******ийн цагдан хоригдсон 93 /ерэн гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 /ерин гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
М.МӨНХДАВАА