Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2024/0059

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын гомдлоор Чингис хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагч Д.Мөнхсайханд холбогдох гомдлоор үүссэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Д.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Даваадорж овогтой Мөнхсайхан миний бие Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хорио цээрийн албанд Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажилладаг.

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0091237 дугаартай шийтгэлийн хуудас (маягт 2) холбогдогч Вьетнам улсын иргэн HO HOANG THANG - ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулахдаа хуулийн заалтын бичиглэлийн алдаа гаргаж бичсэнээ хүлээн зөвшөөрч байна.

Тиймээс шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно. Тухайн захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэж хариу тайлбар гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагч Д.Мөнхсайхан нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн холбогдогч Вьетнам улсын иргэн HO HOANG THANG-д шийтгэл оногдуулсан 0091237 дугаартай шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан хуулийн зүйл заалтыг Зөрчлийн тухай хуулийн 11.21.5 гэж бичсэн байна.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор дээрх хуулийн заалтыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт бичжээ.

Хариуцагч нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Батдэлгэрийн гомдолтой Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагч Д.Мөнхсайханд холбогдох захиргааны хэргийн гомдлын шаардлага болох Чингис Хаан олон улсын нисэх буудал, Гаалийн газрын Хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0091237 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.21.5 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ