Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/450

 

 

 

 

      2023           4            25                                        2023/ДШМ/450          

    

 Д.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

хохирогч С.Г,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2108010161769 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ийн .., 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжил.., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ....-ийн хамт .... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хэсэг, .......... гудамжны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................./.

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт захад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн С.Г-д “...та 25 ямаагаа надад зарчих, т  а надад 100.000 төгрөг өгч Лүн сум руу ачуулахаар зардал, чирэгдэл л нэмэгдэнэ, тохироод надад өгчихөөч, би зам ангид ажилладаг, 1 ямааг 150.000 төгрөгөөр тооцож ажилдаа өгдөг юм, би таны мөнгийг 3 хоногийн дотор өгчихнө” гэж хэлэн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж С.Г-ын өмчлөлийн 25 тооны ямааг өөртөө авч, бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг нэг жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Баас 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г-д олгож, Эрүүгийн 2108010161769 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны 2023/ШЦТ/369 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дугардоржийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдал бүрдүүлж, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, хүний өмчлөх эрхэд халдаж, гэм буруугүйн шууд санаатай үйлдлээр хохирогч С.Г-ын 25 тооны ямааг зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг хангажээ гэж дүгнэсэн нь энэ хэргийн үйл баримт бодит байдалтай нийцээгүй болно.

Хэрэгт авагдсан бодит байдал:

Хохирогч гэх С.Г нь 2020 онд Баянхонгор аймгаас олон тооны ямаа худалдан авч Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг 61-ийн гарамын орчимд байршилтай “БӨЖТ” ХХК-ийн Зум нядалгааны газарт нийлүүлэхэд 25 ширхэг ямаа туранхай эцэнхий, цагаан өнгөтэй гэх шалтгаанаар гологддог.

Д.Б эдгээр 25 ямааг 1 бүрийг 40.000 төгрөгөөр тохирч 2020 оны 11 дүгээр  сарын 02-ны өдөр С.Г-оос зээлээр худалдан авдаг үйл баримт хангалттай эргэлзээгүй нотлогдсон байдаг. Мөнгийг өгөөгүй байгаа талаар Д.Б “Хорио цээр гарсан, 1.000.000 төгрөгөө ирж ав гэхэд ирээгүй, ямаанууд нь мал болж чадаагүй үхсэн. Одоо болохоор 2.000.000 төгрөг нэхдэг үүнийг зөвшөөрөхгүй, 1.000.000 төгрөгийг одоо ч өгөхөд бэлэн” гэж анхнаасаа мэдүүлж ирсэн.

Эдгээрээс үзэхэд дээрх үйл баримт нь иргэд хооронд үүссэн хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах харилцаа, үүнээс үүдэлтэй хөрөнгийн чанар байдал, 1.000.000 төгрөгийг өгнө, 2.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх иргэний хэргийн шинжтэй маргаан болох нь тодорхой байна. Тухайн үед талууд 25 ямааг нийтэд нь 1.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон бодит байдал нотлогдсон байна. Энэхүү бодит нөхцөл байдал хэрэгт ямаа хүлээлцсэн баримт хх 20, хохирогч С.Г-ын мэдүүлэг хх 25, гэрч Д.Б-ы мэдүүлэг хх 27, гэрч Түмэнгийн мэдүүлэг хх 58, зэргээр бүрэн нотлогдсон байна.

Энэ хэрэгт бусдын өмчийг залилж хувьдаа завших, зохиомол байдлыг зориудаар бий болгох, хуурч төөрөгдөлд оруулах гэмт хэргийн шууд сэдэл санаа, зорилго огт нотлогдоогүй, прокурор, мөрдөгч нар ч нотолбол зохих эдгээр нөхцөл байдлыг шалгаж нотлоогүй байдаг.

Шүүгдэгч Д.Б нь төрөлхийн тал биеийн саажилттай, энэхүү саажилт нь тархинд нь орсон, байнга ухаан алдаж унаж татдаг хүнд өвчтэй, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн болох нь түүний мэдүүлэг, хэрэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдож байдаг. Бодит байдал ийм байхад шүүх дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийж гэм буруутайд тооцож зорчих эрх хязгаарлах ял оноосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бодитой үндэстэй байх хуулийн зарчим агуулгад нийцээгүй гэж үзнэ.

Хэрэгт “Тэнцвэр инвест” гэх нэртэй үнэлгээний компани 25 ямааг үнэлж дүгнэлт гаргахдаа үнэлгээ хийх олон улсын стандарт, үнэлгээ тогтоох хууль, түүний заалтад нийцүүлж аргачлал судалгаа, цаг үеийн үнэ ханш, харьцуулалт зэрэгт тулгуурлалгүй техникийн байдал, 25 ямаа нэг бүр нь 80.000 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байдаг. Шүүх энэхүү үндэслэлгүй үнэлгээг үндэслэж дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь бүр ч үндэслэлгүй байгаа юм.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Д.Б-д холбогдох хэргийг цагаатгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Б саажилттай гэж байна. Тухайн үед ухаан санаа нь эрүүл, тээврийн хэрэгсэл жолооддог хүн байсан. Хоёр хүнийг залилж мөнгө авсан. Уулзах гэхээр ...хорио цээртэй үед чаддаг юм бол цагдаа сэргийлэхээр яваарай... гэдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг. Д.Б нь зөвхөн портер машин хөлслөх гээд очсон хүн буюу С.Г-д ...дэмий 100.000 төгрөг зарлагадаж байхаар надад ямаагаа зарчих... гэж хэлж авсан байдаг. Одоо хүртэл хохирол, төлбөр төлөөгүй, гэм буруу дээрээ маргадаг. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримталж, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Улсын яллагчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд 1 жилийн хорих ялын санал гаргасан. Өмгөөлөгчийн хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үед талууд шинжээчийн дүгнэлттэй танилцахад санал, хүсэлт гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт захад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн С.Г-д “...та 25 ямаагаа надад зарчих, та надад 100.000 төгрөг өгч Лүн сум руу ачуулахаар зардал, чирэгдэл л нэмэгдэнэ, тохироод надад өгчихөөч, би зам ангид ажилладаг, 1 ямааг 150.000 төгрөгөөр тооцож ажилдаа өгдөг юм, би таны мөнгийг 3 хоногийн дотор өгчихнө” гэж хэлэн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж С.Г-ын өмчлөлийн 25 тооны ямааг өөртөө авч, бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Г-ын “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөдөөнөөс авч ирсэн 25 ямааг Төв аймгийн Лүн суманд байх манай хамаатан Дэлгэр гэгчийнд аваачиж маллуулах гэж байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд байх амьд малын захын зүүн талд зогсож байсан портер машинууд дээр очсон. 63-42 УБГ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай Б гэх залуутай уулзаад Төв аймгийн Лүн сум руу 25 тооны ямаа ачиж явах гэсэн юм зардлын 100.000 төгрөг өгье гэж тохиролцсон. Тэгсэн Б “энэ 25 тооны ямааг чинь би нэгийг нь 40.000 төгрөгөөр бодож авъя. Мөнгийг нь 3 хоногийн дараа өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Бд 25 тооны ямааг өгсөн. Б нь одоог хүртэл 25 тооны ямааны мөнгө болох 1.000.000 төгрөгийг өгөхгүй байна. Би Б-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Тэр залууд итгээд 25 тооны ямаагаа өгсөн. Тухайн үед Бат-Эрдэнэ гэх манай танил хажууд байсан. Дээрх 25 тооны ямааг би Баянхонгор аймгаас худалдаж авсан. ...” /хх 25/,

гэрч Д.Б-ийн “...Танил ах Гын хамт 2020 оны 10 дугаар сард Баянхонгор аймгаас ямаа худалдаж авч ирээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх махны үйлдвэрт өгсөн. Махны үйлдвэр цагаан ямаа авахгүй гээд 25 тооны ямааг буцааж өгсөн. Ингээд Г ах хөлсний машин олж ирээд 25 тооны ямааг ачаад Төв аймаг явах гэсэн чинь хөлсний машины жолооч Б гэх бүдүүн хүн “би хувиараа мал малладаг, наад 25 тооны ямааг чинь худалдаж авна” гэж хэлсэн. Г ах ямаагаа 1.000.000 төгрөгөөр бодож өгсөн. ...Б нь Гоос ямаа авахдаа 3 хоногийн дараа 1.000.000 төгрөг өгнө. Ямаануудаа зам ангийн хүмүүст зарна гэж хэлж авсан. ...” /хх 56-57/,

гэрч Л.Т-гийн “...Г, Б-ийн хамт 2.000 орчим ямаа авч ирээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 61-р гармын ойролцоо манай махны үйлдвэрт нийлүүлсэн. Үүнээс 25 тооны амьд ямааг туранхай, цагаан өнгөтэй гээд буцаасан. Тэр хоёр Б гэх махлагдуу залууд 25 тооны ямаагаа өгөөд явуулсан. Тухайн үед бүх тооцоог Г хийсэн. Гын ямаа байсан. ...” /хх 59-60/ гэх мэдүүлгүүд,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 531 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд “...Мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч Л.Ууганбаярын тогтоолын дагуу мэргэшсэн үнэлгээчин Д.Амгалан шинжээчээр томилогдож, зохих судалгаа явуулсны үндсэн дээр иргэн С.Г-ын 25 тооны ямаа алдагдсан хэрэгт эд зүйлийн үнэлгээг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зах зээлийн үнийг тогтоох зорилготой, зэх зээлийн харьцуулан зэрэгцүүлэх аргыг хэрэглсэн. Ямаа 25 тоо, нэгж үнэ 80.000 төгрөг, нийт хохирлын дүн 2.000.000 төгрөг . ...” гэх дүгнэлт /хх 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Б-ыг хохирогч С.Г-ын 25 тооны ямааг залилаж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг 1 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөс “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тус хэрэг нь иргэний шинжтэй маргаан, мөрдөгч, прокурор нотолбол зохих нөхцөл байдлыг шалгаж нотлоогүй, “Тэнцвэр инвест” ХХК-ийн дүгнэлт нь олон улсын стандарт, үнэлгээ тогтоох хууль, түүний заалтад нийцүүлж аргачлал, цаг үеийн үнэ ханш, харьцуулалт зэрэгт тулгуурлаагүй. Иймд Д.Б-д холбогдох хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж Д.Б-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд өмгөөлөгчийн гомдолд дурдсан “Тэнцвэр инвест” ХХК нь ямааны нэг бүрийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх аргыг хэрэглэж гаргасан байх тул 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 531 дугаар хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэх үндэслэлтэй.  

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс үнэлгээний талаар гомдол, хүсэлт гаргаагүй байна.

Мөн шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх явцад үүссэн эрүүл мэндтэй холбоотой асуудалд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтанд эрүүл мэндийнхээ нөхцөл байдлын талаар санал, хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                             ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

                             ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР