| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/00040/э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг, улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Эрдэнэбатын Алтангэрэлд холбогдох эрүүгийн “1711013640352” дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржгон овогт Эрдэнэбатын Алтангэрэл /РД:ГД88101970/,
Холбогдсон хэргийн талаар
Э.А нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын тойрогт байрлах “Приус” центр төвийн завсарын газраас импакт маркийн загварын боолт чангалаж, сулалдаг, багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 420.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цөгийн үед Хөрзан худалдааны төвөөс юм авчихаад явж байсан. Машины урд юм дуугараад байхаар нь засварын газар оруулахад цайндаа орчихаад үзье гэсэн. Тэгээд хүлээгээд зогсож байсан чинь пааран дээр багаж байсан. Тэрийг аваад куртканыхаа энгэртээ хийгээд машиныхаа хойд талд тавьсан. Засварын газрын хүмүүс цайнаасаа гарж ирэхээр нь үзүүлчихээд гараад явсан. Тухайн өдрөөс хойш 3 хоногийн дараа 1 дэх өдөр цагдаагийн байгууллагаас утасдаад та ийм юм авсан байна. Цагдаагийн байгууллага дээр авчирч агна үү гэхээр нь айсандаа нөгөө багажийг нь 32-ын автобусны буудал дээр хүүхэд гуйж оруулаад өгөөч гэж байгаад өгсөн. Дараа нь цагдаагийн байгууллага дээр 3 дахь өдөр нь очсон гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Хохирогч Г.Буянхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:..компаний өмчийг надад хариуцуулж өгсөн багаж хэрэгсэл юм. Алдсан гээсэн хаяж үрэгдүүлсэн тохиолдолд би өөрөө хариуцлага хүлээх ёстой учраас миний багаж хэрэгсэл гэж бодож явдаг. Салбар хариуцсан захирал мэдэж байгаа манай салбараас намайг төлөөлж очоод хэрэгт хохирогчоор оролц гэсэн, миний хариуцсан ажлын багаж байсан болохоор тэгсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-16/,
2.2. Г.Буянхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ:..Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 32-ын тойрогт байдаг “Приус” центрт засварчин ажил хийдэг. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13 цаг 30 минутын үед машин үзэж дуусаад боолт чангалж сулалдаг Импакт гэх нэртэй, багажаа машин засдаг том өрөөний сухарт байсан паран дээр түр орхиод өдрийн цайндаа гарчихаад эргээд хүрээд ирсэн чинь багаж алга болсон байсан. Тэгээд камер шүүж үзсэн чинь манай засвараар үйлчлүүлж гарсан 29-76 УНБ улсын дугаартай машины жолооч аваад машиндаа хийж байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх 07-08/,
2.3. Гэрч Б.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:..Миний нөхөр 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, цэцэрлэгт хүмүүжснийг би мэдэхгүй, тус сумынхаа сургуульд 8 анги төгсөөд бүрэн дунд боловсрол эзэмшээд улмаар Улаанбаатар хотод орж ирээд Техник технилогийн коллежид нарийн бичиг, компьютерийн ангид сурч төгссөн. Бид хоёр багаасаа бие биенийгээ мэддэг, түүний ээж, манай ээж хоёр 10 жилийн нэг ангийн найзууд учраас мэддэг болсон. Албан ёсоор 2006 оноос хойш үерхэж нөхөрлөж байгаад 2009 оны 09 дүгээр сараас хойш хамт амьдарч эхлээд 2011 онд хүүхдээ төрүүлсэн. Тогтвор суурьшилтай ажил хийж байгаагүй, барилгын бригадаар мужааны ажил төрөл улирлын чанартай ажил хийгээд өвөлдөө гэр зуураа хүүхдээ хичээл сургуульд нь зөөгөөд байж байдаг. Ажилсаг, хөдөлмөрч, аливаа зүйлийг удирдан зохион байгуулахдаа сайн, даруу төлөв, зан ааштай, үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлж байгаа гэх мэдүүлэг. /хх-21/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-12/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 35-36/, хөрөнгийн үнэлгээ /хх-18/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.А нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын тойрогт байрлах “Приус” центр төвийн завсарын газраас “Импакт” маркийн засварын боолт чангалаж сулалдаг, багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 420.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Буянхүүгийн....2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13 цаг 30 минутын үед машин үзэж дуусаад боолт чангалж сулалдаг Импакт гэх нэртэй, багажаа машин засдаг том өрөөний сухарт байсан паран дээр түр орхиод өдрийн цайндаа гарчихаад эргээд хүрээд ирсэн чинь багаж алга болсон байсан. Тэгээд камер шүүж үзсэн чинь манай засвараар үйлчлүүлж гарсан 29-76 УНБ улсын дугаартай машины жолооч аваад машиндаа хийж байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх 07-08/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-12/, хөрөнгийн үнэлгээ /хх-17/, Э.Аийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Э.А нь бусдад учруулсан хохирлыг биет байдлаар нь бүрэн хүлээлгэн өгсөн, энэ талаар хохирогч Г.Буянхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлтээ бичиж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржгон овогт Эрдэнэбатын Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Ад мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
2018-01-23 13 цаг 30 минут